• Өнөөдөр 2024-03-19

Б.Мөнх-Амин: Зохиолч нь тийм гоё бичсэн байхад би буруу орчуулчихвал яана гэж байнга бодож, хичээсэн

2020-09-28,   3824

10 настай хүүхэд Рейна Телгемайерийн бүтээл “Эгч дүүс” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, хэвлүүлж, уншигчдад хүргэсэн гэвэл та итгэх үү. Тэгвэл бид нийслэлийн “Сэлбэ” сургуулийн зургадугаар ангийн сурагч, “Эгч дүүс” номын орчуулагч Б.Мөнх-Аминтай ярилцлаа.

-Сайн уу. Манай мэдээллийн сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн уу, намайг Баярмагнайгийн Мөнх-Амин гэдэг. Нийслэлийн “Сэлбэ” дунд сургуулийн зургадугаар ангид сурдаг, арван настай. Багаасаа англи хэл сурсан. Ном уншиж, дуулж, бүжиглэх дуртай. Аав, ээж, хоёр ах, дүүтэйгээ амьдардаг.

-Англи хэл дээрх олон зуун номноос яагаад заавал энэ номыг сонгож, орчуулсан юм бэ?
-Миний хамгийн дуртай номнуудын нэг нь Рейна Телгемайерийн “Эгч дүүс”. Энэ номыг ээжийн маань найз АНУ-аас надад зориулж, бэлэг болгон явуулж байсан юм. Үнэнийг хэлэхэд би энэ номоо бараг 50 удаа уншсан. Унших тусам гоё санагдаад дахин дахин уншдаг байсан. Гэтэл нэг өдөр надад аав маань “Хэрвээ миний охин энэ номоо монгол хэл рүү хөрвүүлчихвэл англи хэл мэдэхгүй олон хүүхэд уншаад, чам шиг баярлах байх даа” гэсэн. Тэр оройноосоо л би орчуулж эхэлсэн.  

-Орчуулга хийхэд хамгийн хэцүү бөгөөд чухал зүйл нь юу байсан бэ?
-Англиас Монгол руу орчуулахад миний хувьд туршлагаас гадна эх хэлээ сайн мэдэхгүй байгаа минь нэлээд хүнд сорилт байсан гэх үү дээ. Үгийн сонголт, зөв найруулгыг энгийн, сонирхогч англи хэлтэй хүн хийдэггүйг мэдэрсэн. Одоо миний хамгийн сайн сурах ёстой зүйл бол монгол хэл, үгийн утга, үндсээ сайн мэдэх, сурах. Мөн надад номын маань авиануудыг монголчилоход тусласан шог зураач Цогтбаяр ахдаа талархаж байгаа. 

-Гадаад хэлийг бие дааж сурсан уу. Сурахад хүндрэлтэй зүйл юу байв? 
-Англи асрагчтай байсан учраас хүндрэл гарч байгаагүй. 

-Номоо орчуулаад гаргасны дараа чамд ямар мэдрэмж төрсөн бэ? 
-Би маш их баяртай байсан. Номоо уншиж дуусгахад тийм ч их цаг зарцуулахгүй мөртлөө орчуулж дуусахад нэг жилийн хугацаа шаардсан. Өгүүлбэр бүрээ дахин дахин унших, тулгах гэх мэтээр маш хянамгай хандахыг хичээсэн. Учир нь, зохиолч нь тийм гоё бичсэн байхад би буруу орчуулаад, хүүхдүүдэд буруу ойлгуулчихвал яана гэж байнга бодож байсан. Тийм ч учраас хэвлэлтээс гарсных нь дараа өөрөөрөө бахархсан. Үеийн найзууд, хүмүүс “Эгч дүүс”-ийг эх хэлээрээ унших боломжтой боллоо, түүнийг нь би хөрвүүллээ гэж бодох гоё байсан. 

-Номоо хэчнээн хувь хэвлүүлсэн бэ? 
-500 хувь хэвлүүлсэн.

-Орлогоор нь юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Номноосоо олсон орлогынхоо талаар нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусална. Үлдсэнийг нь хадгаламжиндаа хийнэ. 

-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
-Багш болно гэж боддог. Одоохондоо юуны багш болохоо шийдээгүй байна. Бүжиглэх, дуулах дуртай. Мөн англи хэлэндээ сайн болохоор аль нэгнийх нь багш болно доо.

-Үеийн хүүхэд багачууд, найзууддаа зөвлөх, хэлэх зүйл бий юү?
-Гадаад хэл сурах тал дээр нь бяцхан зөвлөгөө өгье гэж бодлоо. Англи, ер нь гадаад хэл сурахдаа бусдаас ерөөсөө ичиж болохгүй. Өөрт тохиолдсон сайхан үйл явдал болгоноо аль болох англиар илэрхийлж, бусадтай хуваалцаж байгаарай. Энэ нь бусдаас ичих занг хамгийн богино хугацаанд арилгадаг сайн арга шүү. 

-Цаг гарган ярилцлага өгсөнд баярлалаа. 
-Баярлаа, танай хамт олон болон уншигчдад миний ярилцлагыг уншсанд баярлалаа гэж хэлье.  


Б.Мөнх-Амин: Зохиолч нь тийм гоё бичсэн байхад би буруу орчуулчихвал яана гэж байнга бодож, хичээсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-31 11:02:47
    zochin: xoorxon umaa duudee ulam ich amjilt chusei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-15 17:18:01
    jargal: mash goy surwaljlaga bna taalagdla amjilt 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-07 09:56:11
    Энхээ: Яасан мундаг юм бэ улам их амжилт хүсье бүгдэд нь
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 16:36:03
    unubold: mundag huuhd bnaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188