• Өнөөдөр 2024-04-26

Wasabies хамтлагийн Буяндулам: "Зөв зүйл рүү үлгэрлэж байгаа нь ажлын маань хамгийн сайхан нь"

2020-09-23,   1538

Өсвөр залуучуудын дунд өөрсдийн өвөрмөц хэв маягаараа танигдаад буй “Wasabies” хамтлагийн ахлагч Э. Буяндуламтай ярилцлаа. Тус хамтлагийн “Ү-гүй” дуу нь 5.6 сая хүнд хүрсэн агаад Ази болон олон оронд хүртэл танигдаж эхлээд буй хамтлаг билээ.

Танай хамтлаг шинэ цомгоо гаргах гэж байгаад баяр хүргэе. Сүүлийн үеийн уран бүтээлүүдийнхээ талаар яривал?

- Есдүгээр сарын сарын 24-нд шинэ цомгийнхоо хоёр дахь дууг дүрсжүүлж, олон нийтэд цацахад бэлэн боллоо. Долоон сараас хойш клипний төсөл дээр ажилласаар олны хүртээл болгох гэж байна. Манай хамтлагийн хоёр дахь цомог болох “Time Machine” –ны бэлтгэл ажил дууссан. Дүрсжүүлэх болон бусад олон нийтэд түгээх ажлууд үлдээд байна.

-Өмнө нь танай хамтлаг “Girls Generation” хэмээх цомгоо гаргаж байсан. Шинэ цомгийн онцлог нь юу вэ?

-Манай хамтлагийн хоёр цомогт хоёуланд нь сайн баг ажилласан. Хөгжмийн найруулга, дуу зохиогч, рекординг студи, микс мастер гээд бүгдийг чанарын өндөр түвшинд хийхийг эрмэлзсэн юм. “Girls Generation” цомог маань охидын эрин үе гэдгээрээ илүү эрч хүчтэй өсвөр насны охидын цомог байлаа. Харин “Time machine цомог маань илүү сегментэд хүрэх зорилготой.  Дуулах ур чадварын хувьд хүнд поп, R&B цомог байгаа. Энэ цомог дээр их ур чадвар шаардсан, маш ахицтай цомог болсон гэж дүгнэж байна.

-Танай хамтлагийн гишүүн бүрээр хүүхдэд зориулсан ном гаргаж байгаа. Буякагийн зохиолыг миний бие бичсэн. Энэ номынхоо талаар ярьж өгөөч?

- Энэ номын ажил таван сараас яригдаж эхэлсэн. Анх “Wasabies” хамтлагийн гишүүдэд тохиолдсон хэцүү явдал, болсон явдлаас сэдэвлэн тус тусад нь зурагт ном гаргая гэсэн санаатай байлаа. Энэ ном биеллээ олоод ажилласан чинь илүү гоё боломж нээгдсэн нь Монголын дауны холбоотой нэгдэж, элч дуучид нь болсон. Энэ номынхоо орлогын гурван хувийг “Монголын дауны холбоо”-нд хандивлана. Өсвөр үеийн хүүхдүүд, дүү нартаа болон ахлах ангийнхан уншихад урам зориг болно гэж бодож байна.

-Цаашдаа танай хамтлаг юу хийхийг зорьж байна вэ?

-Бид уран бүтээлээрээ дамжуулаад онлайн орчинд Монгол Улсыг таниулах, хүүхэд, залуучуудад уран бүтээлээ зориулахыг хүсдэг. Ойрын хугацаанд  “Time Machine” цомгоо дижитал болон биет хэлбэрээр худалдаанд гаргах зорилготой байна. Мөн 2021 онд  анхны бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэж байна.

-Танай хамтлаг “Оддын академи” гэж шоунаас төрөн гарсан. Тэр үеэс одоо хэр өссөн гэж бодож байна вэ?

-Цагийн менежментийн хувьд ялгаа гарсан гэж бодохгүй байна. Өмнө нь ч бүжигтээ яваад л, бэлтгэлээ хийгээд завгүй байсан. Харин хамтлагт орсноосоо хойш хариуцлага илүү нэмэгдсэн. Мөн хамтлагийн ахлагч гэдэг утгаараа өөр өөр ертөнцтэй энэ таван хүүхдийг яаж нэгтгэх вэ, яаж хариуцлага алдахгүй ажлаа явуулах вэ, урлагийнхан цаг барьдаггүй гэсэн ойлголтыг хэрхэн эвдэх вэ, яаж шинээр өөрсдийгөө харуулах вэ, охидын цоо шинэ хамтлаг ямар байх ёстой вэ гэдгийг бодож төлөвлөхөөс эхлээд хариуцлага маш их нэмэгдсэн. Шинэ зүйлсийн эрэл хайгуул, уран бүтээлийн судалгаа хийж, өөрсдийгөө хөгжүүлэхийг эрмэлзэж байна.

- “Оддын акедеми”-д орохдоо дуулж байгаагүй гэсэн. Бүжиглэдэг охин дуулахад хэр хүндрэлтэй байв?

-“Оддын акедеми”-д орохоосоо өмнө огтоос дуулж үзээгүй байлаа. Нэг удаа дууны багш намайг гамм уншуулахад “Хүүе ээ, би чиний хажууд ирэхээрээ солгойроод байх юм” гэж хэлэхэд нь засаршгүй солгой юм байна, хэзээ ч дуулахгүй гэж итгээд явж байсан. Анх нэвтрүүлэгт орж байхдаа юутай ч чаддагаа үзүүлье гэж шийдсэнээс хойш өдөр ирэх тусам суралцаж байна. Одоо нэвтрүүлгийн бичлэгийг үзэхээр “Яана аа, ямар ичдэггүй юм бэ” гэмээр санагддаг.

-Танай хамтлаг олон улсад фентэй гэж сонссон. Олон улсын сонсогчдоо нэмээд Азид гарах бодол байгаа юу?

-Сонсогчоо нэмэх нь миний дээр хэлсэн онлайн орчинд хамтлагаа сурталчилна гэсэн зорилго маань шүү дээ. Сошиалаар дамжуулаад сонсогчид нэмэгдэж байгаа. Онлайн орчинд тавигдсан дуунуудын маань хандалт нэмэгдэх тусам бид баярлаж байна. Монголчуудаас гадна олон орны хүмүүс биднийг мэддэг, бидний уран бүтээлийг хүлээдэг, гарсан даруйд нь сонсдог байна гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг.

- Ер нь од байна, олны танил байна гэдэг ямар вэ. Монголд хэр нөлөөтэй байна?

- Монголын хувьд хүүхэд, залуучууд биднийг харж байна гэдгээрээ буруу үйлдэл хийх эрх байхгүй. Буруу зүйл үлгэрлэх эрхгүй. Энэ хамтлагийн нэр хүндийг дагаад нийгмээ зөв зүйл рүү үлгэрлэх маш том хариуцлага ирж байгаа. Тэр ч утгаараа “Монголын Дауны холбоо”-ны элч төлөөлөгч болсонд баяртай байна. Магадгүй заримд маань олны танил байх тээртэй санагддаг байж магадгүй л дээ. Гудамжинд явахад хүмүүс шивнэлдэнэ, алхаж явахад нь хамт зургаа авахуулъя гэдэг ч юм уу төвөгтэй санагддаг байж мэднэ. Гэхдээ бид нийгмийг зөв зүйл рүү үлгэрлэж байгаа нь хийж буй ажлын маань хамгийн сайхан нь гэж боддог.  

-Охидын хамтлагийн онцлог юу вэ?

-Хөвгүүдийн хамтлаг ч биш, охид гэхээр хэцүү. Бид  ерөөсөө муудалцдаггүй гэж худлаа хэлэхгүй (инээв). Мэдээж охид л болсон хойно янз бүрийн асуудал байна. Хүсэл зорилгоор өөрсдөө нийлье гээд нийлсэн охид биш, шоунд оролцоод шалгарсан охид хүчээр нийлсэн шүү дээ. Өөр ертөнцийн, өөр хүмүүжилтэй хүүхдүүд цугларсан болохоор олон асуудал гарна. Хүмүүжлээсээ болж таарч тохирохгүй, санал зөрөлдөх ч зүйлс бий. Мөн охидын хамтлаг хүнтэй суугаад л тарчихдаг гэсэн яриа одоог хүртэл байдаг. Тийм биш гэдгийг харуулахыг хичээдэг.

-Анх эхлэхдээ тавуулаа байгаад одоо дөрвүүлээ болсон. Ангелинаг гарсны дараа танай хамтлагт хэр их өөрчлөлт гарсан бэ?

-Таван хоолой нийлж нэг өнгө дуугаргаж байсан бол нэг хоолой нь дутчихаар уран бүтээлийн хувьд өөрчлөлт гарна. Нэг хоолойгоо дутаахгүй нөхөхийн тулд дөрвүүлээ илүү хичээх хэрэгтэй. Миний хувьд илүү хичээх хэрэгтэй болж, зөвхөн реп хэсгийг нь л авдаг байсан бол давхар дуулдаг болсон. Ангелинаг гэнэт чөлөө авахаар боллоо гэхэд бүгдэд нь хэцүү л байсан. Чөлөө авах болсон шалтгааныг нь ойлгож байгаа ч цаашдаа бид яана гэдэг л хэцүү санагдсан. Бүгдээрээ нэгнийгээ ойлгоод хамтдаа хөдөлмөрлөж байгаа болохоор даваад гарч байна.

-Наранзун продюсер та нарыг уран бүтээлээс гадна сэтгэл санаагаар хэрхэн дэмжиж байна вэ?

-Миний мэдэхгүй асуудал манай хамтлагийн охидод тулгарлаа гэхэд заавал бидэнд хэлэх шаардлагагүй шийддэг. Шаардлагатай үед уулзаад, зөвлөгөө өгөөд, хоол авч өгдөг ч юм уу олон аргаар шийддэг. Ангелинаг хамтлагаас гарахад “Бүдэрсэн ч гэсэн тоосоо гөвөөд цааш явдаг байх хэрэгтэй” гэж урмын үг хэлж байсан. Зөвхөн манай хоёр цомгийг биш бүхэл бүтэн гурван үе Наранзун ахын дууг сонсож өссөн байна. Энэ мундаг хүнтэй ажиллах аз завшаан тохиосонд баяртай байдаг.

-Наранзун продюсер Буякаг энэ цомгийн дуулалт дээр илт сайжирсан гэж магтсан. Чамд хэр мэдрэгдэж байгаа вэ?

-Миний хувьд хоолойнд орохдоо одоо ч айдастай байдаг шүү.  Бичлэгийн өрөөнд орохоор хоолой гарахаа больчихдог (инээв). Дуулахдаа  шинээр суралцаж байгаа болохоор тэр байх. Наранзун ах биднийг өөрсдийгөө үргэлж хөгжүүлж бай гэж зөвлөдөг юм. Цомгийн хоолой бичлэг дуусахад “Буяка битгий айж бай. Удаан ч гэсэн тасралтгүйгээр өсөж байна гэдэг сайн” гэж магтсан.

-Дуулах хүсэлтэй өсвөр насны хүүхдүүд хөөрхөн, дуулж чаддаг л бол од болчихно гэсэн бодолтой байдаг юм шиг. Энэ бодит байдалтай хэр зөрүүтэй вэ?

-Өсвөр насныхан зөвхөн дуучин болохыг хүсэхээс гадна, инстаграмын гоё сайхан амьдралыг бодит амьдрал гэж итгэдэг юм шиг байгаа юм.  Юм болгон харж байгаа шигээ гоё байдаггүй. Монголд дуу, бүжгийн салбар асар хурдацтай өсөхөөс гадна маш өрсөлдөөнтэй салбар. Энэ өрсөлдөөнд дунд үлдэхийн тулд хөдөлмөрлөж, хичээх хэрэгтэй. Хэдий өөрийнхөө хэмжээнд хөдөлмөрлөсөн ч тэр нь хангалтгүй байх үе бий. Урлагийн салбарт хөлөө олсон хүмүүс, менторууд  чамайг хамгийн муугаар доромжилж ч болно, магтаж ч болно. Энэ болгонд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Од болно гэдэг бол ердөө л үр дүн. Тэр сайхан үр дүнд нь хуурталгүйгээр үйл явцад нь болох зовлонд ч бас дурлаж байж амжилтад хүрнэ гэж боддог.

-Монголоос дэлхий рүү манай урлаг гараасай гэж хүсдэг хүний хувиас ганц зүйл асууя. Монголоос гадаад руу гарахад юу саад болж байна?

-Гадаад руу гарахад зөвхөн авьяастай байгаад хангалтгүй. Маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хөдөлмөрлөснийхөө эцэст үр шимээ амсах нь ч амар биш. Зөв маркетинг, зөв менежмент зайлшгүй хэрэгтэй. Бид өөрсдөө л Монгол дотроо байгаагаараа болгож байна. Зөвхөн сайн уран бүтээлтэй байлаа гээд хангалттай биш. Уран бүтээлчдэд гадагшаа маркетинг хийхэд маш их мөнгө хэрэг болно. Хөрөнгө оруулагчид ирээдүйд хөрөнгө оруулдаг байгаасай гэж хүсдэг дээ. Бид шинэ цомгийнхоо хөрөнгийг босгох гэж “Шарк Танк” нэвтрүүлэгт орж байсан шүү дээ. Амжилттай оролцоод хоёр дахь цомгоо дуусгаад, дүрсжүүлээд явж байна. Энэ ташрамд Энхтүвшин ах, Оюунгэрэл эгч нартаа баярлалаа гэж хэлье.

-Танай хамтлагийн зарим дуунууд кпопоос илүү уянгалаг сонсогддог?

-К-поп бараг дэлхий дахиныг эзэлчихсэн соёл шүү дээ. Хэрэв ийм систем Монголд байсан бол монгол хүүхдүүд илүү чадварлаг байна гэж боддог. К поп маркетингийн систем шиг уран бүтээлчдээ шахвал манай хүүхдүүд илүү авьяастай, хурдан сурдаг болохоор амжилт гаргах илүү  боломжтой юм шиг санагддаг шүү. Гэтэл бид сургуульдаа яваад, бэлтгэлээ хийгээд явах нөхцөл бага. Ийм нөхцөлд урлагт өөрийгөө золиосолж чадах хүн хэд байгаа билээ. Зөвхөн урлагаараа амьдарч чадах уу, урлагаараа амьдаръя гэхэд нөхцөл боломж нь бий юу гээд олон асуулт  тулгарна. Өөрийгөө 100 хувь зольж чадна, золиосолж чадна гэсэн хүн л илүү амжилт олох байх.

-Өөрийг тань сонсож буй залууст юу хэлэх вэ?

-Өөрийнхөө дуртай, хүссэн зүйлээ л хийгээрэй гэж хэлэх байна. Хүн ямар ч сонирхолтой байж болно. Өөрийнхөө дуртай зүйлийг хийж амьдраарай л гэж хэлье даа. Энэ стресстэй нийгэмд гоё хоббитой болоорой. Урлагийн сайхан нь гунигтай үед гунигийг тань хуваалцана, жаргалтай үед жаргалаа хуваалцдаг болохоор урлагаар ч гэсэн суралцаарай гэж уриалмаар байна.

 


Wasabies хамтлагийн Буяндулам: "Зөв зүйл рүү үлгэрлэж байгаа нь ажлын маань хамгийн сайхан нь"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-21 09:56:37
    Kk: Bayandulam haha
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 18:56:33
    Нууц: wasabies Их гоё хамтлаг би wasabies шиг хамтлагтай болхийг хүсдэг тэр надад их хэцүү санагдаж буяка эгчийг хэлсний ачаар шантралтгүй байвал хүссэн үр дүндээ хүр ч болно гэдгийг мэдлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-11-23 18:56:33
    Нууц: wasabies Их гоё хамтлаг би wasabies шиг хамтлагтай болхийг хүсдэг тэр надад их хэцүү санагдаж буяка эгчийг хэлсний ачаар шантралтгүй байвал хүссэн үр дүндээ хүр ч болно гэдгийг мэдлээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-09-28 20:51:25
    BI: NAIRUULGADAA ANHAARAARAI
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188