• Өнөөдөр 2026-09-01

Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ

            Америкийн нэрт реппер Тупак Шакурын (Tupac Shakur) амийг 1996 онд хөнөөсөн хэрэг гараад 30 орчим жил өнгөрсний эцэст АНУ-ын Лас-Вегас хотын тангарагтны шүүхээс эцсийн шийдвэрийг гаргалаа. "South Side Compton Crips" гэмт бүлэглэлийн толгойлогч асан, өдгөө 63 настай Дуэйн "Кеффи Ди" Дэвисийг (Duane "Keffe D" Davis) Тупак Шакурын аллагыг зохион байгуулсан, онц хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүний амь нас хохироосон хэрэгт буруутайгаар тогтоов.

            Тангарагтны шүүх хэргийн хаалтын шатны мэтгэлцээний дараа гурван цаг хүрэхгүй хугацаанд зөвлөлдөөд уг шийдвэрийг гаргажээ.

ХЭРГИЙН СЭДЭЛ БА АЛЛАГА БОЛСОН ШӨНӨ

            Прокуроруудын зүгээс Дуэйн Дэвисийг уг хэргийг гардан гүйцэтгээгүй ч, аллагыг бүхэлд нь төлөвлөн удирдан чиглүүлсэн "шийдвэр гаргагч" (shot caller) байсныг шүүх хуралдааны үеэр нотолсон байна.

            1996 оны есдүгээр сарын 7-ны шөнө Лас-Вегасын "MGM Grand" казинод Майк Тайсоны боксын тоглолтын дараа Тупак Шакур болон "Death Row Records"-ын үүсгэн байгуулагч Шуг Найт (Suge Knight) нар Дуэйн Дэвисийн үеэл Орландо Андерсоныг (Orlando Anderson) бүлэглэн зодсон юм. Үүний хариуд Дэвис өшөө авахаар энэхүү аллагыг зохион байгуулжээ.

            Энэхүү мөргөлдөөн нь тухайн үед зартай байсан "South Side Compton Crips" (Дуэйн Дэвисийн бүлэглэл) болон Тупакийн талын "Mob Piru Bloods" гэх өрсөлдөгч бүлэглэлүүдийн дайсагнал, мөн тэдний ард байсан дуу бичлэгийн компаниудын ("Bad Boy Records" болон "Death Row Records") өрсөлдөөнөөс үүдэлтэй байв.

            Дэвис буу олж ирэн, цагаан өнгийн "Cadillac" машинд сууж Тупакийн явж байсан "BMW" машиныг гүйцэн ирээд, арын суудлаас үеэл Орландо Андерсон нь гох дарж Тупакийг хүнд шархдуулжээ. Реппер залуу уг явдлаас зургаан хоногийн дараа эмнэлэгт нас барсан юм.

ХЭРЭГТЭН ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛСЭН ҮҮ?

            Тупакийн аллагын хэрэг олон жилийн турш мухардалд ороод байсан ч Дуэйн Дэвис өөрөө хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага болон 2019 онд хэвлүүлсэн "Compton Street Legend" хэмээх дурсамж номдоо тухайн шөнө машинд байснаа, мөн бууг бусдад дамжуулж өгсөн тухайгаа дэлгэрэнгүй бичсэн нь түүнийг яллах гол баримт болжээ.

            Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч Майкл Санфт "Миний үйлчлүүлэгч номоо зарж мөнгө олохын тулд худал түүх зохиож ярьсан. Түүнийг хэрэг үйлдсэн гэх шууд нотлох баримт байхгүй" гэж өмгөөлсөн боловч шүүх үүнийг няцаав. Прокурор Бину Палал "Тэр өөрөө олон жилийн турш Тупакийг алсан гэдгээрээ бахархаж, ашиг олж байсан. Одоо үүнийхээ хариуцлагыг хүлээх цаг нь болсон" хэмээн хаалтын үгэндээ онцолжээ.

            Шүүгч Карли Киерни шүүхийн шийдвэрийг унших үед 63 настай Дуэйн Дэвис ямар нэгэн сэтгэл хөдлөл үзүүлэлгүй дуугүй зогссон бол түүний хүү танхимд нүүрээ гараараа даран сууж байв.

            Харин шүүхийн танхимд байсан Тупакийн төрсөн дүү Секъива "Сет" Шакур (Sekyiwa "Set" Shakur) болон гэр бүлийнхэн нь шийдвэрийг сонсоод бие биенээ тэврэн нулимс дуслуулж, прокурорын багийнханд талархал илэрхийлжээ.

ЯЛ ОНООЛТ

            Дуэйн Дэвист шүүхээс бүх насаар нь суллах эрхгүйгээр хорих ял оноох магадлал өндөр байна. Шүүгчийн зүгээс түүнд ял оноох албан ёсны хурлыг 2026 оны аравдугаар сарын 13-ны өдөр товлолоо.

            Шүүх хурал дуусахын өмнө Дуэйн Дэвис өөрийн биеэр шүүгчид хандан, хувийн эд зүйлсээ буцааж авахыг хүсэхийн зэрэгцээ энэхүү шийдвэрийг эсэргүүцэж албан ёсоор давж заалдахаа мэдэгдсэн байна.

            Ийнхүү хип хоп хөгжмийн түүхэн дэх хамгийн том, шийдэгдээгүй нууцуудын нэг байсан Тупак Шакурын аллагын хэрэг 30 орчим жилийн дараа анх удаа шүүхээр эцэслэгдэн буруутан нь ял сонсохоор боллоо.

Эх сурвалж: BBC


Тупак Шакурын 30 жил шийдэгдээгүй хэрэг эцэслэгдлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188