• Өнөөдөр 2024-12-12

ЖЭЙМС КАМЕРОН: МИНИЙ ТУУЛСАН АМЬДРАЛ, БҮТЭЭСЭН КИНО БҮГД ХАЙРЫН ТҮҮХ ШҮҮ ДЭЭ

2024-11-08,   188

Кино урлагийн шилдэг бүтээлд олгодог “Оскар”-ын шагналыг 18 удаа хүртсэн энэ цагийн шилдэг найруулагчдын нэг Жэймс Камероны нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.

  Өдгөө 69 настай Канадын нэрт кино зохиолч, найруулагч Жэймс Камерон амьдралдаа ердөө долоон кино найруулж, үзэгчдийн хүртээл болгосон байдаг. Үүнээс таван кино нь “Оскар”-ын шагнал гардуулах наадам өрсөлдөж, дөрвөн кино нь нийт 18 “Оскар”-ын шагнал хүртэж байжээ.

-Ноён Камерон, таны дэлгэцийн бүтээлүүдэд инновацын хязгаарыг давсан зүйл их ажиглагддаг. Таныг бүтээлийнхээ инновацын хязгаарыг тэгтлээ их шахахад юу нөлөөлдөг юм бэ?

-Би хүүхэд байхаасаа хүмүүсийн гайхширлыг төрүүлэхүйц уран сайхны бүтээл хийх юм сан гэж боддог байлаа. Тэр үед ч Стэнли Кубрикийн “Сансар огторгуйн түүх”, Рэй Харрихаузены кинонууд миний гайхширлыг төрүүлж, надад түлхэц өгсөн. Тиймээс л би тэднээс дутахгүй, бүр илүү ч байх кино хийхийг хүссэн юм. Хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй, төсөөлөөгүй зүйлсийг нээж, шинээр гаргаж ирэх хүсэл.

-Тэгэхээр Стэнли Кубрик, Рэй Харрихаузены кинонуудад хөглөгдсөн хүү анх кино урлагт хөл тавихаар шийдэж байжээ?

-Мэдээж, багаасаа л картон хайрцгаас робот бүтээхээс эхлээд шинэ зүйлс туршиж, ирээдүйд ашиглах юмнуудаа бодож байсан хэрэг л дээ. Бага байхаас л миний толгойд нэг галзуу гэмээр санаа байсан. 10 настай байхдаа хөршийнхөө хашаанаас хэдэн фанер олж аваад найзуудтайгаа нийлж, онгоц хийж байлаа. Гэхдээ тэр онгоц маань нисээгүй л дээ. Харин хэзээ ч нисээгүй онгоцоо модноос өлгөсөн нь надад өөр зүйлийг харуулж, ойлгоход хүргэсэн. Тэгээд л би ахлах ангиасаа л Шинжлэх ухааны клубийн ерөнхийлөгч болсон. Ерөнхийлөгч болсон анхны клуб маань англи хэл ч мэддэггүй охин, би гэсэн хоёр гишүүнтэй байв (инээв).

-Бага наснаас тань эхэлсэн шинжлэх ухаан, робот технологи гэсэн санаа одоо ч таны дотор амьд байна шүү дээ. Харин та бага байх үеийн өөрийнхөө мөрөөдлөөр амьдарсан гэдэгтэй санал нийлэх үү?

 -Би одоо ч дотроо бяцхан шинжлэх ухаанч хэвээрээ шүү. Кино урлагт дуртай болсон минь хожим хойно тохиосон хэрэг. Харин шинжлэх ухаан бол миний бага наснаас л хамгийн дуртай зүйл байсаар ирсэн. Сургуулийн сурагч экспедицэд явж байхдаа ч, “Титаник”-ийг судалж байхдаа ч, дэлхийн хамгийн гүнд хүрэх шумбагч онгоцонд сууж явахдаа ч би зөвхөн шинжлэх ухааны тухай бодож байсан. Би өөртөө техникийн сорилт тулгаж, асуудлыг шийдвэрлэх дуртай нэгэн. Эрс тэс орчинд төхөөрөмж зохион бүтээж, бүтээснээ эвдэлж, бүтэлгүйтэж суух миний хувьд хамгийн сэтгэл хөдөлгөм мөч.

-Кино урлаг, эрэл хайгуул хоёр хоорондоо мөргөлдөж, нэгдэж нийлэх ч бас л сайхан зүйл биз?

-Бүх зүйл нэг дор бүрдэхэд сэтгэл хангалуун байдаг хүн дээ, би. Шууд утгаар нь хэлэхэд, би аав, ээж хоёрын бүтээсэн холимог бүтээл. Аав минь инженер, ээж минь зураач байсан. Хоёул маш ухаалаг, юмсыг үргэлж логиктой бодож санадаг байлаа. Би багаасаа кино урлаг бол цэвэр урлагийн төрөл биш гэдгийг ойлгосон. Харин энэ зүйл техникийн урлагийн төрөл юм. Кино урлаг бүхэлдээ нарийн, төвөгтэй тоног, төхөөрөмжтэй холбоотой. Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хэлэх үгийг илэрхийлэх техник юм л даа. Тиймээс кино, дэлгэцийн бүтээлийг урлаг гэж харахаасаа илүүтэй шинжлэх ухаан, технологийн бүтээл гэж харвал илүү сайн ойлгоно.

-Тийм учраас л таны шинжлэх ухааны зөгнөлт кинонууд бусдынхаа илүү онцлог, ялгаатай байдаг байх нь ээ?

-Яг тийм. Би хийх гэж буй зүйлээ шинжлэх ухаан, технологийн бүтээл гэж бодож хийдгийн учир үзэгчдэд ч өөрөөр тусдаг байж мэднэ. Харин инээдтэй нь, би шинжлэх ухааны талаар кино хийвэл өөрөө зардлыг нь төлөх болно. Тиймээс л шинжлэх ухааны кино хийж, дуртай зүйлээ хүмүүст үзүүлэхийн тулд Холливудад кино хийж, дуртай киногоо хийх мөнгө олдог. Үнэн хэрэгтээ хүмүүсийг тайз, дэлгэцийн бүтээлээр зугаацуулахаас илүүтэй мэдэхгүй зүйлийг нь мэдэх гэрэл болж, өгөгдөл өгч байх ёстой урлаг юм л даа.

-Шинжлэх ухаан судлаач байсан нь таныг кино урлагийн сайн найруулагч болоход хэр их нөлөөлсөн бэ?

 -Бодит ертөнцөд аялагчийн хувиар ажиллах надад маш хүндэтгэлтэй байдаг. Багийнхныхаа нэг хэсэг болж ажиллаж, тэднээр хүндлүүлэх надад далайн гүнийг үзсэн мэт сэтгэл ханамж өгдөг. Кино баг, үзэгчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хийх ёстой ажлаа хийснийхээ төлөө хамтран зүтгэгчдийнхээ хүндлэлийг хүлээж байгаа нь сайхан. Миний багийнхан, үзэгчид намайг илүү сайн найруулагч болгосон гэж боддог. Кино бүтээхэд дан ганц найруулагч байгаад бүтчихгүй шүү дээ. Түүний цаана хэдэн зуу, хэдэн мянган хүн ажиллаж, маш том төсөл хэрэгжүүлдэг. Харин тэдний дунд намайг найруулагч гэхээсээ шинжлэх ухаанч гээд хэлчихвэл надад амар.

-Ерөнхийд нь авч үзвэл, хүн төрөлхтний түүхэн технологийн дэвшлүүд сайн кинонууд бий болоход нөлөөлсөн гэсэн үг үү?

-Технологи лав миний хүүхэд байсан үеэс хамаагүй дээр болсон. Гэхдээ технологийн дэвшил сайн зохиол би болгодог гэвэл би санал нийлэхгүй. Сайн зохиол гэдэг сайн л зохиол байдаг. Тиймээс технологид автахгүй зохиолоо гаргах ёстой. Харин кино бүтээх үйл явц хоёулангаас шалтгаалдаг шүү дээ.

-Таны амьдралдаа бүтээсэн хамгийн сайн зохиол аль киноных тань байв?

 

 -Сайн зохиолыг орчин, дүрийн хөгжүүлэлт, дүрүүдийн хоорондын харилцан яриагаар нь дүгнэж болно. Гэхдээ би аль нэгийг нь муу хийснээ санахгүй байна. Миний амьдрал, кино бүгд л хайрын түүх шүү дээ.

 

-30 гаруй жил дэлгэцийн урлагт амжилттай яваа ч үзэгчдийн хүртээл болгосон таны долоон л бүтээл байдаг. Та бүтээлдээ асар болгоомжтой ханддаг хүн үү. Эсвэл таны бүтээх хугацаа тэгж уддаг юм уу?-Сонирхолтой л асуулт байна. Кино бүтээхээс өмнө би олон янзын сонирхолтой сэдвүүдээр тоглолт хийдэг л дээ. Зураг, техник, технологи... Зарим үед ахин дахин давтсаар байгаад эхнээс засах үе ч байна. Тэр үгээр хэлж чадамгүй зүйл хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй юм. Би “The Abyss” киног 1968 онд ахлах сургуулийн сурагч байхдаа бичиж эхлээд 20 жилийн дараа нь 1988 онд кино болгосон. “Avatar” ч энэ зургаар л бүтсэн. Хэрэв би 200 наслах байсан бол 200 насныхаа ойгоор ч одоо бодож байгаа санаагаа кино болгон гаргаж мэднэ шүү.

 


ЖЭЙМС КАМЕРОН: МИНИЙ ТУУЛСАН АМЬДРАЛ, БҮТЭЭСЭН КИНО БҮГД ХАЙРЫН ТҮҮХ ШҮҮ ДЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188