• Өнөөдөр 2024-04-19

П.И.Чайковскийтой ХӨӨРӨЛДСӨН НЬ

2020-12-25,   1082

  Жил болгоны өдийд дэлхий дахинаа П.И.Чайковскийн “Цөмөөхэй” балет тавигддаг билээ. Хөгжмийн суут зохиолч П.И.Чайковскийн өдгөөгөөс 128 жилийн өмнө өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийтой Санкт-Петербургийн Мариинский театрт “Цөмөөхэй” балетыг тавьж байх үед нь хөөрөлджээ. Эл ярилцлага 1892 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр “Петербургийн амьдрал” сонинд нийтлэгдсэн байна. Тэрбээр ажлын арга барил, Орос дахь хөгжмийн боловсрол хийгээд өөрийн дуртай Моцарт, Глинка, Серовийн дууриудын тухай, Германы хөгжим болон Вагнерийн нөлөө, түүний залгамж дутагдаж буй талаар, Франц, Скандинав, Чех хөгжмийн зохиолчдыг биширдэг тухай зэрэг олон зүйлийн талаар ярилцжээ.

            Хамгийн эхэнд дурдах хэрэгтэй зүйл бол тэрээр нийтэч биш, даруу нэгэн. Өөрийнхөө тухай ярихдаа товчхон ярих гэж хичээж, үргэлж тайван дөлгөөн байдаг ч хөгжмийн тухай сэдэв рүү ороход үгэнд нь жинхэнэ урам зоригийн гал асаж, мэдрэмж болон урлагт хязгааргүй өөрийгөө зориулсан байдал нь мэдрэгдэж байлаа. Түүнд тавих эхний асуулт ямар хүн юм бол гэж гайхшрахаас эхэлсэн.

ОНЦГОЙ АВЬЯАСТАЙ НЭГЭН Л УРЛАГТ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ

-Та ихэвчлэн хаана амьдардаг вэ?

-Би Клинтэй ойрхон хотод амьдардаг ч сүүлийн арван жилд миний амьдрал намайг нүүдэлчин нэгэн болгож байна даа.

-Та өдрийн хэдэн цагт ажилладаг вэ?

-Алс бөглүү Клинд амьдрах болсон нь намайг тусгаарлагдсан амьдрал руу хөтөлсөн. Өглөө 10:00-13:00 цаг, тэгээд үдээс хойш 17:00-20:00 цаг хүртэл ажилладаг. Би хэзээ ч шөнийн цагаар ажилладаггүй.

-Таны хөгжмийн санаа хэрхэн биеждэг талаар сонирхож болох уу?

-Миний ажлын систем дархны ажилтай төстэй. Энгийнээр ажиллахдаа өөр зүйл хийлгүй зөвхөн ажилдаа төвлөрдөг. Хөгжмийн санааг ихэвчлэн хийж буй ажлынхаа гадаад хүчин зүйлийг нарийн тооцоолж, ажилдаа төвлөрөхдөө олдог. Миний санааны ихэнх нь өдрийн алхалтаас төрдөг. Би маш муу, хөгжмийн ой санамжтай учраас тэмдэглэлийн дэвтрээ үргэлж авч явдаг даа.

/Цөмөөхэй балетын хэсэг. Мариинский театр/

-Зарим хүн бидний амьдарч буй цаг үед хөгжмийн зохиолчид шинэ зүйл бүтээх боломжгүй гэж үздэг. Хөгжмийн урлагийн гайхалтай мастеруудын аль хэдийн илэрхийлчихсэн байсан зүйлийг тодорхой хэмжээнд өргөсгөн давтаж байна гэж үздэг шүү дээ?

-Үгүй, огт тийм биш. Хөгжмийн материал, аялгуу, гармон, хэмнэл бол эргэлзээгүй дуусашгүй. Сая жилийн туршид ч гэсэн бидний мэддэг хөгжим оршсоор байлаа гэж бодоход нөгөө л нэг бидний бид мэдэх долоон хөг, тэдний аялгуулаг гармон бүхий нийлэмж, хэмнэл хөдөлгөөн нь шинэ хөгжмийн санааны эх үүсвэр байсаар л байх болно.

-Та хөгжмийн аль төрлийг илүүд үздэг вэ. Дуурь эсвэл симфони?

-Хөгжмийн бүх төрөл сайхан. Уйтгартайгаас бусад бүгд сайн. Таны асуусан хоёр төрөл хоёулаа тэнцүү гайхалтай. 

-Дуурийн хөгжмийн зохиомжийн дүрслэл, бүтэц, агуулга ямар байдаг вэ? Хөгжмийн санаа, үгтэй уусах тохиолдол хэрхэн бий болдог вэ?

-Хэлэхэд хэцүү л дээ. Бидний бүтээх үйл явцын үр дүнд үг болон хөгжим их, бага хэмжээгээр дотоод чанараараа холилдон, нэг нэгнээсээ хамааралгүйгээр үгээр илэрхийлэх, тодорхойлох боломжгүйгээр бүтдэг.

-Танд дуртай хөгжмийн зохиолч бий гэдэгт итгэлтэй байна. Тэдний тухай дурдвал?

-Би 16 настай байхдаа Моцартын “Дон Жуан”-ыг анх удаа сонсож билээ. Миний хувьд үгээр илэрхийлэмгүй хүчтэй мэдрэмж төрж байлаа. Тийм учраас Моцарт надад гүнзгий хайрын мэдрэмж төрүүлсэн хөгжмийн зохиолч юм. Залуу насандаа гоо зүйн өндөр таашаал авах нь үлдсэн амьдралынхаа туршид тэмдэг үлдээдэг юм шиг санагддаг. Хожуу үеийнх нь бүтээлүүдэд том хэмжээний нөлөө үзүүлдэг юм шиг санагддаг даа.

“Дон Жуан”-ны дараа гарсан бүхий л дуурийг харахад болно. Би Клинкагийн "Цард зориулсан амьдрал” болон Серовын “Юдит” -д дуурьт маш их дуртай. 1863 онд “Юдит” дуурь тайзнаа анх удаа тавигдсан тэр өдөр гайхалтай хаврын орой байж билээ. Энэхүү дууриас авсан таашаал үргэлж тэр л хаврын дулаан мэдрэмж, гэрэл, дахин төрөлтийг сануулдаг даа.

-Та барууны ертөнцийн хөгжим болон ирээдүйн тухай юу гэж боддогоо хэлээч?

-Баруун Европын хөгжим нь шилжилтийн үедээ явж байгаа санагддаг. Урт хугацааны турш Р. Вагнер Германы хөгжмийн сургуулийн цор ганц үндсэн хөгжмийн зохиолч байлаа. Тэрээр үнэхээр гоц авьяастан төдийгүй түүний нөлөө нь зөвхөн Европын хөгжмийн зохиолчдод биш XIX зууны хөгжмийн зохиолчдын дийлж чадахгүй өндөр оргил юм. Түүний амьдарч буй үед ч, одоо үед ч хэн ч түүнийг нөхөж чадахгүй. Германд Брамс хэмээх нэр хүндтэй хөгжмийн зохиолч бий. Тийм хэдий ч Брамс Вагнеризмийг хэтрүүлсэн, экстримийн эсрэг гаргаж ирсэн арга зам шиг санагддаг. Мөн үүн дээр Голдмарк, Брюкнер, Ричарт Страусс, Мортз, Московский зэрэг хэд хэдэн Герман хөгжмийн зохиолчдыг нэрлэж болно. Вагнерийн хөгжмийн талаар ямар ч хандлагатай байсан түүний хөгжмийн хүч, суурь ач холбогдол, орчин үеийн бүхий л хөгжим дэх нөлөөллийг нь үгүйсгэх боломжгүй.

/Хөгжмийн зохиолч Ричард Вагнер/

-Бусад улсын тухайд?

-Саяхныг хүртэл Италийн хөгжмийн урлаг уналттай байв. Гэхдээ бид энэхүү шинэ төрөлтийнх нь үүрийн туяаг гэрчлэх боломжтой үед амьдарч байна. Шинээр залуу зохиолчдын бүтэн арми гарч байгаа ч хамгийн их анхаарал татаж буй нь П.Масканьи юм. Зарим хүн энэхүү гайхалтай залуу хүний амжилтыг чадварлаг маркетингийн үр дүн гэж буруу бодож байна. Учир нь авьяасгүй хүний ач холбогдолгүй бүтээлийг сурталчилбал хэзээ ч хол явдаггүй. Ялангуяа Европ даяар бишрүүлэн түгээх ямар ч боломжгүй. Масканьи нь тийм ч билэгтэй хүн биш ч гэсэн маш ухаалаг нэгэн. Тэрээр өнөөдрийн реализмын амин сүнсийг ойлгосон мэт санагддаг. Тэр нь бүх газрын агаарт шингэж, урлаг болон амьдралын үнэн учрыг хамтад нь дүрсэлж, сонсогчдын оюун санаанд өрөвч нинжин сэтгэлийг сэргээж, хүний хүсэл тачаал, болзошгүй явдлыг ойлгох нь бурхад болон хагас бурхдыг ойлгохоос илүү гэдгийг ухаарсан. Түүний субъектийн сонголтыг шүүмжилбэл орчин үеийн сонсогчийн хэрэгцээнд үндэслэн бүтээлээ туурвидаг. Мөн тэрээр Италийн өмнөх үеийн хөгжмийн зохиолчийн замналаар яваагүй. Масканьи  өөрийгөө Герман хөгжмийн зохиолчдын бүтээлтэй төсөөтгөж буй нь эргээд төрөлх нутгийнхаа хүүхэд гэдгээс ичсэн мэт дүр зураг харагдсан л даа. Үнэндээ Масканьи жинхэнэ амьдралын уянгыг үзэхгүй байхын аргагүйгээр дэлгэн тавьдаг нь цэвэр Итали уян хатан чанар хийгээд сайн сайхан зүйл.

           Францын хөдөлгөөн нь маш их үйл явдлыг дагуулж байгааг харж байна. Бизет, Сен-Санс, Делиб, Массне зэрэг хөгжмийн зохиолчдыг дурдаж болно. Мөн Скандинавын хойгоос маш үнэ цэнтэй уран бүтээлчийг харж болно. Григийн нутгийн хөгжмийн зохиолч жинхэнэ утгаараа дахин давтагдашгүй, хэзээ ч байгаагүй шинэ, ухаалаг мастер Свенсеныг нэрлэж болно. Славекчүүдийн хувьд Чехийн Дворжак нь өөрийн авьяас чадвараар бусдаасаа ялгарч байна.

-Гайхалтай. Та одооны Оросын хөгжмийн урлагийн тухай бодлоо хуваалцаач. Олон хүн Оросын хөгжмийг маш муу нөхцөлд байна гэж байна?

-А.Г.Рубинштены алдарт номонд илэрхийлсэн шиг орчин үеийн хөгжмийн урлагийн тухай эргэлзээтэй гутранги үзлийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү. Миний бодлоор намайг бага байсан үеийг өнөөдөртэй харьцуулахад маш их гэрэлтсэн найдвар, талархах сэтгэл, баяр баяслыг мэдэрч байна. Тийм хэдий ч өөрсдийн үндсэн урлагийн түүхээ авч үзвэл бид хийсэн амжилтаараа бахархах нь зүйтэй.

Ирээдүйгээс хүлээж буй гэрэлтсэн найдварыг бид хөгширч буй хөгжимчид, залуу гарч ирж буй гайхалтай авьяастнууд гээд бүгдээс нь харж болно. Бидний үеийн хүмүүс хамгаас илүү азтай. Тэд хөгжмийн боловсролыг зөв цагт нь залуугаасаа эзэмшиж, залуу хөгжмийн боловсролтнууд өөрийгөө мэргэжилдээ бүрэн зориулах боломжийг аль хэдийн бэлтгэж, урлагийн суурийг залуугаасаа тавьж байна.

-Та Орос дахь шүүмжийн ач холбогдлын талаар ямар бодолтой байдаг вэ?

-Баруун Европтой харьцуулахад одоогоор хөгжим болон театрын шүүмж ихээхэн ач холбогдолтой. Сонин дахь гол нийтлэл улс төртэй холбоотой мэдээлэл хамгийн чухал байсан бол театр болон хөгжмийн шүүмж нь уншигчдад маш чухал болсон. Ихэнх уншигчдад шүүмж тогтмол уншдаг мэдээ мэдээллийн нэг болжээ. Баруун Европт урлагийн шүүмжийг урлагийн тухайлсан хүмүүс бичдэг. Харин сонин тухайн сэдвийг сонирхдоггүй. Харин манай сонингийн төв цэг нь театр болон урлагийн мэдээ болж солигдсон нь уншигчдыг урлаг руу татдаг учраас утга зохиол, театр, хөгжмийн үйл ажиллагаанд өөрсдийн хүслээр очих боломжийг бүрдүүлсэн талтай.

Урлаг шүүмжлэгч нь урлагийн бүтээлийг сонгох, урлагийн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх болон үнэн зүйл хүссэн уншигчдад өөрийгөө зориулдаг шүү дээ. Тийм хэдий ч хөгжмийн хувьд арай өөрөөр эргээд байдаг юм. Сониуч зандаа хөтлөгдсөн хэн нэгний аманд хөгжмийн ертөнцийнхөн орж буй нь эхэндээ олны уурыг хүргэж байсан бол одоо гуниг төрүүлж байна. Заримдаа тэднийг доромжилсон мэт мэдрэмж төрүүлдэг. Орос дахь хөгжмийн шүүмжлэгчид нь хөгжмийн салбараас гараа татаж чаддаггүй, бага зэрэг хөгжим зохиодог, шүүмж бичихдээ өөрийгөө гаргаж ирэхийн тулд бичдэг хүмүүс бий.

-Таны бодлоор Оросын хөгжмийн амьдралын хөгжилд юу амин чухал вэ?

-Энэ урлагт маш их зүйл хийгдсэн. Гэхдээ илүү их зүйлс хийх хэрэгтэй. Хөгжмийн боловсролыг зөв цагт нь авьяаслаг хүмүүст хүртээмжтэйгээр хүргэх боломжийг олгох хэрэгтэй. Боловсролтой анги нийгэм хөгжмийг өндрөөр таашаах болсон учир энэ салбар зайлшгүй урагшлах ёстой болж байна. Дараах замаар явбал болно гэж боддог юм. Нийслэл, хот, аймаг, томоохон дүүрэг, сургуулиудад бие тамирын хэрэгсэл хүртээмжтэй байдаг шиг урлагийг хүртээмжтэй, залуу хүмүүсийг дээд боловсролын институтийн шалгалт, консерватороор бэлтгэж эхлэх хэрэгтэй. Гэхдээ консерваторт байгаа хүүхдүүдээ чадварын холимог ангид байлгахгүйн тулд чадварын түвшинг авч үзэн, хэн үнэхээр хөгжимд татагдсан байна гэдгээс шалтгаалан дунд сургуулийн сурагчдаас шалгаруулах нь зүйтэй. Онцгой авьяастай нэгэн л урлагт үйлчлэх ёстой. Миний бодлоор Засгийн газар урлагийн бүх салбарт зэрэг анхаарлаа хандуулж ажиллах нь зүйтэй. Засгийн газар эх үүсвэр, нөөцөө ашиглан урлагийн институцийн хоорондын холбоог нэмэгдүүлснээр бүх урлагийн салбарыг нийтэд нь уялдаа холбоотой ажиллах, цаашид хөгжих нөхцөлийг бүрдүүлэх юм.

/Хунт нуур балетын хэсэг/


П.И.Чайковскийтой ХӨӨРӨЛДСӨН НЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-25 10:29:36
    Zochin: Merry Christmas
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-25 10:28:53
    Zochin: thank youuu
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188