• Өнөөдөр 2026-05-15

“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ

       Эргэлт.мн мэдээллийн сайт Монголын “Хавтаст хэрэг” булангаа долоо хоног бүрийн баасан гарагт уншигч танд хүргэдэг билээ. Энэ удаад “Миний сүлжээ” дэлгүүрийн ажилтан бусдыг хулгай хийчихээд, зугтаалаа гэх шалтгаанаар зодож, аминд нь хүрсэн хэргийн  хавтаст хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс тоймлон хүргэе.

Шүүгдэгч Н 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Миний сүлжээ” дэлгүүрийн хяналтын ажилтан ажилтай.

         Шүүгдэгч Э.Н нь 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Миний дэлгүүр” худалдааны төвд “Хулгай хийчихээд зугтаах гэлээ” гэх шалтгаанаар амь хохирогч С.Баярсайханыг хавсарч унагааж, пилтан дагзаар нь унагаажээ. Үүний улмаас Б амиа алджээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ  “...Талийгаач нь миний төрсөн хүү. Талийгаач нь 1989 оны арванэгдүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Наймдугаар ангиа төгсөөд хоёр жил болоод цэргийн алба хаасны дараа коллежид суралцаж гагнуурчин мэргэжлээр төгссөн. Өөд болох хүртлээ надтай хамт амьдарч байсан. Талийгаач байнга надтай хамт амьдардаг байсан. Талийгаач нь хэрэг болохын өмнө өдөр нь гэртээ байж байгаад гараад явсан байсан. Орой цагдаагийн байгууллагаас залгаад танай хүү гэмтэлд ухаангүй байна гэхээр нь гэмтэл эмнэлэгт очиход тархиндаа гэмтэл авсан байсан. Хагалгаанд орох, оруулах шаардлагагүй гэж хэлсэн бөгөөд тэгж хэлсний учир нь эмч нар хагалгаанд оруулах шаардлагагүй гэдэг нь талийгаач хагалгаанд орсон ч амь нас нь аврагдах ямар ч боломжгүй гэж хэлсэн байсан. Тэгээд манай гэрийн зөвшөөрлөөр юу ч гэсэн хагалгаанд оруулаад үзье гэж хэлээд хагалгаанд тухайн шөнө нь орсон. Хагалгаа амжилтгүй болсон учир дөрөв хоноод өөд болсон юм. Би хэрэг болох өдөр талийгаачтай ямар нэгэн байдлаар ярьж уулзаагүй бөгөөд өмнөх өдөр нь уулзсан байсан юм. Миний бие маш их гомдолтой байна” гэжээ.

    Гэрч Г.Жавхлан мэдүүлэхдээ: “...Би 2023 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ ажилтан Нямдаваагийн хамт хяналтын камераа хараад сууж байсан. Нэг хүн лангуунаас шил архи аваад сугандаа хавчуулаад явахаар би Нямдавааг “Бариад аваад ир” гээд явуулсан юм. Гэтэл камераар харахад дэлгүүрийн үүдэн дээр Нямдаваа нөгөө хүнтэй зууралдаад байхаар нь би гараад очсон. Өөдөөс Нямдаваа нөгөө хүнийг тэврээд өргөсөн байдалтай ирсэн. Тэгээд нөгөө хүнийг хяналтын өрөө рүү оруулан “Чи яагаад хулгай хийж байгаа юм, чи манайхаас өмнө нь хулгай хийж байсан уу” гэх зэрэг юм асуугаад дахин өөр зүйл хулгай хийсэн эсэхийг шалгахаар камер шүүх гэхэд нөгөө хүн зугтах оролдлого хийсэн. Энэ үеп Нямдаваа нөгөө хүнийг сугадсан маягтай хавсарч унагаасан. Гэтэл нөгөө хүн пилтан шалан дээр толгойн ар хэсгээрээ унасан. Тэгээд тэр дороо босож ирэхэд Нямдаваа тэр хүнээс овог нэрийг нь асуухад доошоо суугаад “Би унтмаар байна” гээд байсан. Тэгээд хажуу тийшээ шалан дээр хэвтэхээр нь би наадах чинь хулгай хийсэндээ бантаад худлаа тасарсан дүр үзүүлээд байна хойшоо авч гарч цасаар нүүрийг нь угааж сэргээе гээд Нямдаваа бид хоёр, хоёр талаас нь сугадаад дэлгүүрийн орлого авдаг хаалгаар гаргаад нүүрийг нь цасаар угаахад болиоч дээ гээд байсан. Тэгээд хажуу тал руу нь тоосго налуулаад суулгахад хурхираад унтаад өгөхөөр нь цагдаа дуудсан. Би тэр хүнд бол гар хүрээгүй, Нямдаваа хавсарч унагаасан” гэжээ.

       Шүүгдэгч Н мэдүүлэхдээ “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний дэлгүүр”-т хяналтын ажилтнаар ажилладаг. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Жавхлан гэх хяналтын ахлахын хамт ажил үүргээ гүйцэтгэж байсан. 15:00 цаг өнгөрч байхад манай дэлгүүрт хар өнгийн цамцтай, улбар шар, малгайтай, хар тамирын өмдтэй хүн орж ирээд дэлгүүрт хар өнгийн үнэ судалж байгаа юм шиг харж байгаад архины тасгаас виски аваад орох хэсгээр гараад явахаар нь би араас нь очиж зогсоогоод танаас юм тодруулчхаад буцаагаад явуулъя. Та надтай хамт дотогшоо орох хэрэгтэй байна гэж хэлэхэд тэр хүн миний тавьсан шаардлагыг биелүүлэлгүй, намайг хэл амаар доромжилсон. Би тэр хүний араас нь зүүн гараа суганы доод хэсэг рүү нь оруулаад баруун гараараа мөрийг нь давуулж тэврээд хяналтын өрөө рүү оруулах гээд явж байтал Жавхлан ах өөдөөс гарч ирээд бид хоёрын араас дагаад өрөө рүү явсан бөгөөд тэр үед талийгаачийн баруун сугандаа хийсэн байсан вискиг Жавхлан ах хяналтын өрөө рүү орохоос өмнө авсан. Тэгээд тэр хүнийг хяналтын өрөөнд тэвэрч оруулаад тэр хүнийг тавьсан. Тухайн үед тэр хүн миний баруун гар талд надтай зэрэгцээ байдалтай зогсож байсан. Ингээд зугтах гэхээр нь тэр хүний зүүн гарын бугалга хэсгээс нь сандарсандаа бариад зүүн талын өсгий хэсэг рүү нь өшиглөөд бөгсөөр нь газарт суулгах гэтэл тэр хүн хойшоо саваад пилтан шалан дээр унасан. Тухайн үед би тэгж унана гэж бодоогүй бөгөөд маш их гайхсан. Ингээд тэр хүн шалан дээр ар дагз хэсгээрээ унасны дараа ямар нэгэн зүйл дуугарахгүй гинших чимээ гаргаад байсан. Тэгээд би тэр ахыг яасан босоорой гэж хэлээд цамцнаас нь татаад босгох гээд айж сандраад татахад босохгүй байсан. Тэр үед Жавхлан ах бид хоёр өргөөд хана руу түшүүлээд зогсоох гэтэл огт сэрэхгүй байсан. Тэгээд доош хана түшүүлж суулгаад 10-15 минутын дараа өөрөө сэрээд овог нэрийг хэлээд би өмнө нь дэлгүүрээс виски хулгайлж байсан гэж хэлсэн. Тэгээд баруун талын хөл гар ямар нэгэн мэдээгүй болчих шиг боллоо. Би босож чадахгүй байна шүү дээ гэж хэлсэн. Тэр үед хяналтын ахлах тамхи татах гээд гарсан бөгөөд тэр үед тэр хүн хяналтын өрөөнд байсан. Би хараад байж байтал хаалга руу мөлхөх гээд оролдож байгаад би унтмаар байна гэж хэлээд хэвтээд өгсөн. Тэгтэл тэр үед хяналтын ахлах гаднаас орж ирээд босохгүй байна гэхэд цасаар нүүрийг нь угаагаад өгье гэж хэлээд би зүүн талын суганаас, Жавхлан ах баруун талын суганаас нь татаад Миний дэлгүүрийн орлогын буюу хойд талын хаалгаар гараад дэлгүүрийн арын талбай хэсэгт дээш харж хэвтүүлээд нүүрийг нь цасаар угаахад болиоч дээ гэж хэлэхээр нь гайгүй байгаа юм байна гэж бодоод тайвшраад би татаж байсан тамхиа өгөхөд нэг сороод дахиж сороогүй. Ингээд хяналтын өрөө эзгүй байсан учраас ахлах намайг ороод сууж бай гэхээр нь би хяналтын өрөө рүү орсон. Тэрнээс өмнө талийгаачийг дэлгүүрийн барилгын тоосгон хана түшүүлж тавиад орсон. Тэгээд би хяналтын өрөө рүү ороод санаа зовоод халуун бүлээн ус аваад очиход тэр хүн ууж чадахгүй байсан. Тэгэхээр нь би хяналтын өрөө рүү буцаж ороод Жавхлан ахлах руу залгаад яаж байгаа талаар асуухад цагдаа дуудсан. Одоо гайгүй байх гэж хэлсэн. Тэгээд тухайн үед ачаалал ихтэй байсан учраас би хяналтын өрөө рүүгээ орсон.Надад уншуулж байсан журам дээр хулгай хийсэн хүнийг барьсан тохиолдолд цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөх үүрэгтэй. Тухайн үед тэр хүнийг өрөөндөө оруулаад цагдаа дуудаж хүлээлгэж өгье гэж бодож байсан. Ер нь өмнө нь хулгай хийж байсан хүнийг дандаа өрөө рүүгээ оруулаад учир байдлыг нь тайлбарлаж хорооны байцаагч Дашням болон цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгдөг байсан” гэжээ.

Шүүгдэгч Н-д зургаан жилийн хорих ял оноожээ.

 


“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188