• Өнөөдөр 2024-05-07

ГААЛИЙН БАЙЦААГЧИЙН ХАХУУЛИЙН СХЕМ

2023-11-30,   1327

         Гааль, татварын байцаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэдээс авлига авсан хэргийг баримттайгаар хүргэж байна. Тодруулбал, Замын-Үүдийн гаалийн газрын н нэр бүхий байцаагчид шүүгдэгч З.Баярсайн удаа дараагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан нь нотлох баримтаар тогтоогдож, хуулийн хариуцлага хүлээжээ.

ХОЛБОГДСОН ХЭРГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:

     Шүүгдэгч З.Баярсайн нь БНХАУ-аас орж ирсэн 09-73 ДГА улсын дугаартай автомашинд ачсан “Баруунсуу гүн” компанийн 54.920 кг ачаа барааг гаальд мэдүүлэхдээ гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгт Ө.Бямбадоржоор зуучлуулан 200.000 төгрөгийн хахууль өгсөн.

Мөн 41-29 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.885.652 төгрөгийн татвар ноогдох 15 нэр төрлийн ачаа барааны тоо хэмжээг бууруулан 6.759.236 төгрөгийн татвар төлж,  гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэгт 500.000 төгрөгийн авлига өгсөн. Үүнээс гадна 98-02 ДГО улсын дугаартай автомашинд бараа ачин БНХАУ-аас оруулж ирэхдээ 7.736.715 төгрөгийн татвар ноогдох 63 нэр төрлийн ачаа барааны чанар байдлыг өөрчлөн мэдүүлж 4.689.679 төгрөгийн татвар төлж, И.Наранцэцэгт дахин 500.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

МЭДҮҮЛЭГ

Шүүгдэгч З.Баярсайн “2016 оны гуравдугаар сарын 20-нд 49-21 ДГО улсын дугаартай өөрийн машины ачааны бүрдүүлэлтийг хийсэн. Бүрдүүлэлтээ 100 хувь хийж хяналтын байцаагчид үзүүлэхэд таарч байсан. Тэр үед н.Өнөрбат гэх таньдаг залуу таарч, “Би завгүй явж байгаа тул чи миний машины бүрдүүлэлтийг хийгээд өгөөч” гэхээр нь би бүрдүүлэлтийг хийгээд, хяналтын байцаагчид үзүүлэхэд асуудал гараагүй. Тэгээд хоёр машины бичгээ аваад гаалийн улсын ахлах байцаагч И.Наранцэцэг рүү орсон. Гэтэл И.Наранцэцэг байцаагч “Чи бүрдүүлэлтээ 10 хувь хийсэн эсэх чинь хамаагүй, өгөх ёстой юмаа өг. Машин тутамд 500 мянган төгрөг өгөөрэй” гэж хэлсэн. Би “Нэг машинд 200 мянган төгрөг өгье” гэж гуйсан боловч зөвшөөрөөгүй. Тэгээд хоёр машины хахуулийн төлбөр болох сая төгрөгийг өгөөд, зөвшөөрлөө авсан. Зөвшөөрлөө аваад хяналтын талбай дээр очиход хоёр машиныг минь зогсоож, шалгана гэсэн. Дөрөв хоногийн дараа комиссоос ирж шалгахад 49-21 ДГО улсын дугаартай машинд ачсан төмөр зөрж, нэмж 1.1 сая төгрөг төлсөн. Мөн миний гаалийн бүрдүүлэлт хийсэн н.Өнөрбатын 98-02 ДГО улсын дугаартай машинд ачсан цахилгаан бараа, чулуун хавтангаас жингийн зөрүү гарч, 3.1 сая төгрөгийг нэмж төлсөн. Мөн 2016 оны нэгдүгээр сарын 11-нд машины бүрдүүлэлтээ хийгээд н.Цэцэгсүрэн байцаагчид үзүүлэхэд 100 хувь таарч байсан. Би тухайн үед ажилтай байсан учраас танил Ө.Бямбадоржийг гаалийн улсын ахлах байцаагч Б.Оюунчимэг байцаагч руу оруулахад сүлжээний 200 мянган төгрөг нэхсэн байна лээ. Би нэхсэн мөнгийг Ө.Бямбадоржид бэлнээр өгөөд, албан өрөө рүү дахиад оруулсан. Би өөрийн биеэр улсын ахлах байцаагч Б.Оюунчимэгтэй уулзаж байгаагүй” гэж мэдүүлжээ.

Гэрч “Баруунсуу гүн” компанийн захирал Б.Тамирзориг “... 2016 оны нэгдүгээр сарын 12-нд би компанийхаа нэр дээр олон нэр төрлийн бараа импортоор оруулж ирсэн. Гаалийн бүрдүүлэлтийг З.Баярсайнаар хийлгэж, бэлэнээр 5.0 сая төгрөг өгсөн. Гаалийн мэдүүлэгийг харахад манай захисан зарим бараанаас зөрүүтэй, барааг дутуу мэдүүлсэн байна лээ” гэжээ.

Гэрч Б.Өнөрбат “... Эрээн хотод Монгол Улс руу илгээх ачааг хүлээн авч, ачааны машинд ачуулдаг Хөгжил гэж монгол нэртэй хүн байдаг. Хятад нэрийг нь бол мэдэхгүй. Хөгжил ачаагаа ачуулчихаад миний гар утас руу залгаад “Тийм улсын дугаартай, тийм ачааны машинд ачаа ачуулсан. Чи гаалийн татварыг нь төлөөд Монгол Улсын хилээр оруулаарай” гэж хэлдэг. Ачаа ачсан УАЗ-469 дугаартай автомашины жолоочоор ачааны тоо ширхэг бичсэн цаас, татварт төлөх мөнгийг ирүүлдэг. Машин Монгол Улсын хилээр ороод ирэхээр нь би хүлээн авч, гаалийн бүрдүүлэлт хийгээд Хөгжилийн мөнгөөр татвар төлөөд машиныг Монгол Улсын хилээр оруулдаг. Машин ачаагаа Улаанбаатар хотод ирээд эздэд нь тараагаад өгсний дараа Хөгжил надад 1000-1500 юанийн цалин өгдөг. 2016 оны гуравдугаар сарын 20-нд БНХАУ-аас Хөгжил утсаар яриад “98-02 УБИ улсын дугаартай автомашин явууллаа” гэж хэлсэн. Надад 5.5 сая төгрөгийг хилээр орж ирж байсан, зүс үзээгүй, танихгүй залуугаар явуулсан байсан. Бичиг баримтыг нь аваад гаальд мэдүүлэх гэтэл зургадугаар сард болох Азийн аваргад орох хүүхдийн бэлтгэл хийлгэх болоод зав гарахгүй болохоор нь 5.5 сая төгрөг, ачааны тоо ширхэг бичсэн цаасыг гаалийн бүрдүүлэлт хийдэг З.Баярсайнд өгсөн. З.Баярсайн “Гаалийн бүрдүүлэлт хийлгээд, машиныг гаалийн хяналтын талбайгаас гаргана” гэж хэлсэн. Хөгжил 20 орчим нэр төрлийн байгаа гэсэн бичиг ирүүлсэн байсан. Тэгээд З.Баярсайнг чимээгүй болчихоор нь “Юу болсон бэ” гэхэд “5.0 сая төгрөгийн татвар төлөөд хил, гаалийн хяналтын бүсээс гарсан чинь хотоос Гаалийн байцаагч нар ирээд дахин шалгаж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй “2.0 сая төгрөгийн бараа гаальд дутуу мэдүүлсэн байна” гээд гаалийн болон бусад татварыг төлөх шаардлагатай талаар хэлсэн. Хөгжилд утсаар нь холбогдон хэлэхэд хилээр гарч байгаа эмэгтэйгээр 2.2 сая төгрөг надад явуулсан. Хөгжилийн явуулсан мөнгийг аваад, З.Баярсанд өгсөн. Тэгээд хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхлэхэд барааны нэр төрлийг дутуу мэдүүлсэн нь илэрч, 900 мянган төгрөг нэмж төлсөн. Энэ мөнгийг Хөгжил урдаас хүнээр явуулсан” гэж мэдүүлжээ.

Шүүхээс З.Баярсайныг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ялаар шийтгэжээ.  

 


ГААЛИЙН БАЙЦААГЧИЙН ХАХУУЛИЙН СХЕМ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-02 18:06:04
    Иргэн: Бүр мөсөн албанаас нь чөлөөлөж чаддаг хүмүүсээр нь сэлгээд ажилуулах хэрэгтэй ш дээ юун 2 жил больж үз авилга авдаг архаг болсон хулгайч нар засрахгүй бдаг бгаа шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-01 05:15:29
    АВЛИГЫН аймшиг хэргүүд байгаа: Ерөнхий прокурор агсан Дорлигжав, Энхамгалан нарын гадны хөрөнгө оруулагчдыг дээрэмдсэн хэргийн хажууд хэрэг биш. Монголын хуулийнхан дотор тэдний хэргийг хаацайлсан үйлдэл гарч, хэрэг хүлээгдэж байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 14:26:45
    Зочин: Юү ч биш
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 10:41:49
    Зочин: Монгол улс 1990 оноос хойш авилга хээл хахуулдаа живсэн. Хүн амын 30% болох их бага гарын хулгайч авилгачид баяжиж үлдсэн 70% нь ядуурч өлсгөлөн үхлийн аман дээр байна. Үүнийг одоо л зогсоохгүй бол монгол улс дампуурч устах аюул ойрхон байна. !!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-30 10:41:49
    Зочин: Монгол улс 1990 оноос хойш авилга хээл хахуулдаа живсэн. Хүн амын 30% болох их бага гарын хулгайч авилгачид баяжиж үлдсэн 70% нь ядуурч өлсгөлөн үхлийн аман дээр байна. Үүнийг одоо л зогсоохгүй бол монгол улс дампуурч устах аюул ойрхон байна. !!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188