• Өнөөдөр 2026-06-09

Б.Дэлгэрсайханд орд газраа алдсан Төмөрлөгийн үйлдвэр дэлхийн жишиг үйлдвэр болох гэнэ

2026-06-09,   144

     Дарханы Төмөрлөгийн үйлдвэр дэлхийн жишигт хүрсэн уул уурхай, металлургийн цогцолборыг хөгжүүлнэ гэж яриад 30 гаруй жил боллоо. Дэлхийн жишигт хүрсэн уул уурхай, металлургийн цогцолборыг хөгжүүлнэ гэж байнга л шахуу ярьж ард түмнийг хошгоруулсаар байгаа билээ. Япончууд анх барьж өгөхдөө хаягдал төмөр хайлуулах зуухтайгаар барьсан байдаг. Үйлдвэрийн хэтийн төлөв ирээдүй нь Төмөртолгой, Төмөртэй, Баянгол, Хуст-Уулын төмрийн орд газрыг түшиглэн хөгжих ёстой байлаа. Гэтэл яагаад ч юм байнга шахуу л орд газраа эрх мэдэлтэн, сайд дарга нарт алдчихаад байх юм.

   Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийн гадна хаягдал төмөр тушаах машинууд урт цуваа үүсгэн, олон хоног сараар хонож, өнждөг байсан нь саяхан. Гэтэл өнөөдөр төмөр ачсан нэг ч машин алга. Хашаанд нь уул, нуруу шиг овоорсон хаягдал төмөр багассан харагдана. Хаягдал төмрийн нөөц шавхагдаж үйлдвэр хэзээ мөдгүй зогсож мэдэх аюул, ажилгүй болох түгшүүр нүүрлэж байгаа бололтой.  Тус үйлдвэр хаягдал төмөр багасаж үйлдвэр зогсох гээд байна. Тийм учраас хүдрээ Хятад руу гаргаж хөл дээрээ босно гээд 20 гаруй жилийн нүүрийг үзлээ.

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт орших 25 миллиард тонн нөөцтэй Төмөртолгой, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших 299 миллиард тонн нөөц бүхий Төмөртэй, 200 миллиард тонн нөөцтэй Хуст-Уул, дөрвөн миллиард тонн нөөцтэй Баянголын орд газрыг түшиглэн Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг Монгол, Японы Засгийн газрын хоорондын гэрээгээр жилд 100 мянган тонн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр тооцоолон 1999 онд бүрэн ашиглалтад оруулж байв.

     Гэтэл төрийн мэдэлд орших улсын үйлдвэрийн газрын төмрийн хүдрийн нөөц бүхий орд газруудын лицензийг Ашигт малтмалын Хэрэг эрхлэх газрын эрх мэдэл бүхий хүмүүс тус үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Л.Нацагдорж нар бүлэглэн дур мэдэн бусдад худалдсан байдаг юм. Тухайн үед иргэний нийгмийн хөдөлгөөний залуус өдөр, шөнөгүй тэмцэж байж төмрийн хүдрийн ордуудын лицензийг цуцлуулж чадсан билээ. 1999 онд тус үйлдвэрийн дарга асан Л.Нацагдорж орд газруудын лицензүүдийг өөрийн төрсөн дүү “BLT” компанийн захирал Л.Туяад болон бусад аж ахуйн нэгж компаниудад зарж ашигласан зөрчил гаргасан билээ. 

      Хаягдал төмрийн нөөц шавхагдаж байгаа. Дарханы Хар Төмөрлөгийн үйлдвэр хаягдал төмрийн нөөц дууссаны дараа хаалгаа барьж бүрэн зогсох нь тодорхой юм. Орд газруудыг ашиглахаас өөр гарц, арга зам байхгүй. Хүдэр боловсруулж, баяжуулсан хүдрээ хайлуулж төмөр ган гарган авах нь тус үйлдвэрийн болон Монгол Улсын хөгжлийг хурдасгах түлхүүр яах аргагүй мөн.  Тийм учраас улсаас хөрөнгө оруулалт хийж хүдэр боловсруулах, гангийн үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа билээ.

       Төмрийн хүдэр хайлуулах үйлдвэр байгуулах юм бол тус үйлдвэрийг дагсан төмөр эдлэлийн жижиг, дунд үйлдвэрийн салбар, машин механизмын үйлдвэрлэл болон бусад хүнд үйлдвэр хөгжинө. Энэ бүхэн нь Монголын металиургийн салбарыг дэлхийн түвшинд ойртуулах улсын хөгжилд асар том түлхэц болно. Цаг хугацааг хойш тавих нь улс орны хөгжлийг удаашруулж сааруулна. Эдийн засагт ч савалгаа үүсгэж төмөрийн үйлдвэрийн амьсгалыг таслах нэг нөхцөл болох юм.

        Энэ бүхний цаана эсрэг үзэл бодолтой бизнесийн бүлэглэл, улстөрчид байгаа болоод тус үйлдвэр өнөө хүртэл ган хайлуулах цогцолбороо ашиглалтад оруулахгүй 1999 оноос хойш 27 жилийн нүүрийг үзэж байна. Ган хайлуулах цогцолбор байгуулахыг ажлын явцыг удаашруулж, зогсоосоор байгаа. Ган хайлуулах үйлдвэрийг ажлыг гацааж буй хүмүүс Баянголын орд газруудыг Б.Дэлгэрсайханд бэлэглэж, хятад руу төмрийн хүдрийг зөөсөөр л байх шиг байна. Хар төмөрлөгийн үйлдвэрийг манай улс төрчид УИХ-ын гишүүд менежментийн хувьчлалаар хувийн хэвшэлд шилжүүлж, хөгжлийн үйл явцыг нь удаашруулан зогсоосон.

     Гэтэл гэнэтхэн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг Засгийн газрын шийдвэрээр цуцалж, төрийн өмчид буцаагаад авсан. “Кью Эс Си” ХХК тус үйлдвэрийн сүүлийн арваад жил концессын гэрээгээр эзэмшиж байсан. Харин төрд очсоны дараа үйлдвэрийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, ингэхдээ улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс томилогдон очсон. Төр хамгийн муу менежер гэдэг. Энэ үг яах аргагүй үнэн бололтой. Төрийн өөрийн гаргасан шийдвэр менежментийн хувьчлал нь булхай луйвар болж таарсан. Буцаагаад хар төмөрлөгийн үйлдвэрийг төрийн мэдэлд авах нь зөв гээд булаагаад авчихсан. Одоо дахиад хүдэр баяжуулах, ган хайлуулах цогцолбор байгуулна гээд 30 жилийн өмнөх үлгэрээ яриад эхэллээ. Үл бүтэх үргэлжилсэн үлгэрээ үнэн бодит ажил хэрэг болгон ган хайлуулах цогцолбортой болоосой билээ.

    Монгол Улсын болон  ард түмний маань өмч болсон, 100 миллиардын хөрөнгөөр боссон улсын үйлдвэрийн газар түүхий эд байхгүй. Төмрийн орд газруудынхаа хүдрийг ашиглаж чадахгүй байвал өөрөө хаягдал төмөр болон газрын хөрснөөс арчигдан хятад руу агчигдахаас өөр аргагүй болно.  Дарханы Хар Төмөрлөгийн үйлдвэр устах ёсгүй. Улсын хөрөнгөөр “Гараа угаан” баяжиж буй улс төр, эдийн засгийн бүлэглэл, гадаадын гар хөл болсон этгээдүүд Монголд хүнд үйлдвэр хөгжүүлэх бодлогод тээг саад учруулан асуудлыг сунжруулан цаг хугацаа хожиж сууна.

     Монгол Улс буурай хөгжилтэй эдийн засгийн хувьд гадны улсын хараат байх нь бидний байгалийн баялагийг түүхийгээр нь хямд үнээр зөөх том боломж болж байгаа. Ийм боломжийг улстөрчид хэмээх УИХ-ын гишүүд, эрх мэдэл бүхий яам тамгын газрын сайд, дарга нар гадныханд гаргаж өгдөг юм. Үүний хариуд тэд баяжиж хөлжинө. Харин улс эх орон элгээрээ хэвтэж эдийн засгийн хямрал гэгч тэр зохиомол  зохион байгуулалттай бүлэглэлийн боловсруулсан авлига, хөрөнгө , мөнгө угаах эргүүлгэнд орж байна. Улстөрчид улс орноо хөгжүүлэх гэхээр хөрөнгө мөнгө алга гэнэ. Хөрөнгө мөнгө нь бий болохоор манай улс өрөнд орчихлоо гэнэ. Монгол Улс хөгжих, олон улсын жишигт хүрсэн том үйлдвэр байгуулах цаг хугацаа нь арай л болоогүй гэж  ард түмнийг хуурсаар байгаа. Тэд УИХ-ын зөөлөн суудалд шигдэн, эрх мэдэлдээ улам шунан дурласаар байна.

   Иргэний нийгмийнхэн Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн орд газруудын линцензийг тус үйлдвэрийн дарга асан Л.Нацагдорж, түүний төрсөн дүү “BLT” компанийн захирал Л.Туяа болон бусад аж ахуйн нэгж компаниудад буцааж авсан билээ. Гэтэл Сэлэнгэ аймгийн Ерөө суманд орших стратегийн ач холбогдол бүхий Баянголын хүдрийн ордыг ашиглах МV-008888, MV-017607 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Болдтөмөр Ерөө гол” ХХК нэр дээр шилжсэн байдаг. Яаж яваад түүний гарт очсон бэ гэдгийг хянаж, шалгах байгууллага гэж алга. “Болдтөмөр ерөө гол” ХХК нь Монголын баялгийг Хятад руу зөөж, маш их хэмжээний ашиг олж байгаа.

     УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа 400 сая ам.доллар гаргаж,  “Монголиан транс лайн” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК гэх компаниудаараа төмөр зам бариулсан гэдэг. Яг үнэндээ цаад эзэд, хөрөнгө оруулагч нь хятадууд л байгаа болов уу. Ван хэмээх Хятад олон жил төмрийн хүдрийг машинаар зөөж байсан. Тэр Хятадын хувийн хөрөнгөөр 226 км урттай төмөр зам боссон байх магадлалтай. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан зун, намрын улирал буюу наймхан сарын дотор өөрийн хөрөнгөөр төмөр замыг барьж дуусгасан гээд өөрийгөө магтах болсон. Төрийн ажил яагаад  ийм хурдтай өрнөж болдоггүй вэ.

 


 

 


Б.Дэлгэрсайханд орд газраа алдсан Төмөрлөгийн үйлдвэр дэлхийн жишиг үйлдвэр болох гэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188