• Өнөөдөр 2026-06-10

“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА

2026-06-10,   134

     Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кимбаб Чонгүг” солонгос хоолны газар 15 настай хүү барилгын засвар хийж байхдаа даацын хананд даруулж, амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 18-нд гарсан. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр талийгаач хүү толгойн хэсэгтээ хүнд зүйлд цохиулсны улмаас газар дээрээ нас барсан нь тогтоогджээ.Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн “Кимбаб чонгүг” хоолны газар болон “Самшил” зуулчлалын төвийнхөнд гомдолтой байгаагаа эсэх талаар тодрууллаа.

-Танай гэр бүлийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.

     -Дүүгийн минь буяны ажил дуусаад өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт шүүх шинжилгээний дүгнэлт гарсан. Дүгнэлтээр тархиндаа хүнд гэмтэл авч, барилгын хананд даруулсан болох нь тогтоогдсон. Бид тухайн хэргийг яаралтай үнэн, зөвөөр шалгаж өгөх хүсэлтээ Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан бичгээр хүргүүлсэн. Би талийгаач дүүгийнхээ хууль ёсны төлөөлөгч учраас байцаагч нар надаас мэдүүлэг авсан. Харин Кимбаб чонгүг болон Самшил зуучлалын төвийн хүмүүсээс байцаалт аваагүй байгаа.

-Та бүхэн өмгөөлөгч авсан уу. Өчигдөр Ерөнхий сайдад ямар шаардлага хүргүүлсэн бэ?

     -Бид албан ёсны өмгөөлөгч авч, Ерөнхий сайдад хүсэлт гаргасан. Дүүгийн минь амийг авсан газруудыг татан буулгаж чаддаггүй юм аа гэхэд тэднийг хуулийн дагуу ажиллуулах, бусад айлын хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирохгүй байх нөхцөлөөр хангаж өгөхийг шаардсан хүсэлт хүргүүлсэн. Аливаа байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал чухал болсныг ээлж дараалан гарч байгаа жишээнүүдээс харж байна. Гэтэл холбогдох байгууллагынхан болон төрийн удирдлагууд анхааралдаа авахгүй байсаар байгаа нь асуудал үүсгэж байгаа. Бид дүүгийнхээ амь насыг Ерөнхий сайдаас нэхээгүй ч байгууллагуудын аюулгүй байдалд хяналт тавихыг Ерөнхий сайдаас хүссэн.

-Та “Кибаб чонгүг” болон Самшил зуучлалын төвийнхөнтэй холбогдсон уу. Тэд та бүхэнд ямар тайлбар хэлсэн бэ?

     -Би тухай хоёр байгууллын удирдлагуудтай уулзсан. “Кимбаб чонгүг” хоолны газрынхан бидэнд эмгэнэл илэрхийлсэн. Харин “Самшил” зуучлалын газрынхан насанд хүрээгүй дүүг минь барилгын хана нураах хүнд хүчир ажилд томилж, амийг нь авчихаад юу ч болоогүй юм шиг үл тоомсорлосон байдалтай хүлээж авсанд бид гомдолтой байгаа. Тэд “Манайхаар зуучлагдаж ажилд орсон 4-5 хүнд амиа алдсан тохиолдол гарч байсан” гээд дүүгийн минь асуудлыг тоохгүй өнгөрүүлж байгаа.

-Талийгаач ажилд орохоосоо өмнө ээжийгээ асарч байсан гэсэн. Ээжийнх нь биеийн байдал ямар байгаа вэ. “Кибаб чонгүг” болон “Самшил” зуучлалын төвийнхөн эгчид нь тусламж үзүүлсэн үү?

     -Эгч минь гэрээрээ эмчлүүлж байгаа. Хүүгээсээ хойш сэтгэл санааны гүн хямралд орж, хоол ундаа ч идэхээ больсон. Тухайн хоёр компани эгчид минь нэг ч төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлээгүй. Бид ч тэднээс мөнгө гуйгаагүй.

-Та насанд хүрээгүй дүүгээр нь барилгын хана нураалгасан хэрэгт холбогдоод байгаа хоёр компанид гомдолтой байгаагаа хуулийн байгууллагад мэдэгдсэн үү?

    -Бид саяхан албан ёсны өмгөөлөгчтэй болсон. Мөн тухайн хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөх хүсэлтээ албан бичгээр гаргаж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байцаагчдаа хэлсэн. Асуудал удахгүй үнэн, зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаа. Үүнд манай өмгөөлөгч туслах байх.


“КИМБАБ ЧОНГҮГ“ ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛАЖ БАЙГААД ХАНАНД ДАРАГДАЖ, АМИА АЛДСАН 15 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭГЧ: ДҮҮГЭЭР МИНЬ ХОГ ЦЭВЭРЛҮҮЛНЭ ГЭЧИХЭЭД ХАНА НУРААЛГАЖ, АМИЙГ НЬ АВСАН ХҮМҮҮСТ ГОМДОЛТОЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188