Нэгдүгээр хэсгийг ЭНД дарж уншина уу.
Хоёрдугаар хэсгийг ЭНД дарж уншина уу.
Цаст Отгонтэнгэр хайрханд цасан шуурга үргэлжилсээр. Ойр орчим сааралтаж, бууралтсаар газар, тэнгэр нийлсэн юм шиг юу ч үл үзэгдэнэ. Нар үүлний аясаар цоорч, орчин тойрон заримдаа болор шигтгээ шиг гялалзан гялтганана. Бид яг л өвлийн өвгөн шиг цан хүүрэг савсуулан урагшилж, нэгнийхээ мөр, нуруун дээрх цас, мөсийг арилгах гэж чадлынхаа хэрээр оролдоно. Үнэндээ хөлдөж үхэх шахсан бидэнд хөдлөх хүч тэнхээ үлдээгүй ч хөдлөхгүй л бол үхнэ гэдгээ мэдэж байгаа болохоор хөл, гар, бугуйгаа чадах чинээгээрээ эргүүлж, биеийнхээ чилээг гаргаж байлаа. Бид Отгонтэнгэрийн цасан шуурганд босоогоороо хонохдоо нар гарахыг л хүлээж, өөртөө "Жаахан л тэвччих, одоо жаахан хүлээчих. Нар гарах нь л үнэн" гэж дахин дахин хэлж, хүлээсээр тэссэн тулдаа л амьд гарсан байх. Хэрвээ тодорхойгүй зүйлийг тэгтлээ хүлээсэн бол цөхрөнгөө барж, уулсын хажууд уул болсон байхыг үгүйсгэхийн аргагүй.
Би уулын оргилоос мандахын улаан нарыг харах дуртай. Гэхдээ тэр өглөө наранд дуртай гэдгээ бүр ч илүү мэдэрсэн шиг санагдана. Хүлээх тусам үүр цайчихаад нар гарахгүй улам удаад ч байх шиг санагдаж билээ. Отгонтэнгэр хайрхны өглөө яг л үлгэрт гардаг өвөл шиг болохоор сонирхсон хүмүүсийг дагуулж очоод өвөл, цаст оргил, эргэн тойронд сүндэрлэх уулсын орой, далавчаа дэлгэхийн өмнөх жигүүртний мэдрэмжийг дээрээс нь харуулмаар ч юм шиг санагддаг. Хүүхэд байхдаа хорвоогийн хамгийн урт зүйлийг аавынхаа адуунд мордохдоо барьдаг уургыг гэж боддог байлаа. Аав, ах нарын уургыг давхарлан дээш, дээш нь өрвөл тэнгэрт хүрчих юм шиг санадаг гэнэн, цайлган хүүхдийнх шиг бодол өдгөө ч 51 настай надад төрнө. Яагаад гэж үү. Эх сайхан орны минь зүг зүгийн өндөр сүрлэг ноён оргилууд нарыг илүү ойроос, илүү тод, томоор харахад тусалдаг ч байж болох юм. Алтайн уулс болоод жижигхэн бор толгодоос өдөр өдрийн нарыг харсан, харсаар ч байх болно. Ингэж л би хан тэнгэр, хайрхан уулс, алтан нартай хүртэл ойр явдаг юм. Уулын оргилоос мандахын улаан нар харах дуртай маань уулчин болоход нөлөөлсөн. Гэхдээ яг тэр мөчид энэ тухай огт бодогдоогүй, бодох ч сөхөө байгаагүй дээ. Харин орчлонд байж болмооргүй, хэн ч итгэмээргүй, итгэж болохгүй уй гашуу, харуусал үзээд галзуурах дөхсөн намайг ослын тухай л бодол дийлж, бие, сэтгэл минь “Арай үгүй байлгүй дээ” гэх итгэхийн аргагүй шархандаа улам бүр зовиурлаж, урагш биш арагшаа буцаад гүйчихмээр, тэнд цастай хамт нурсан нөхөд рүүгээ очмоор бодогдоод үнэхээр хэцүү байсан.
Гунигт автсан бид олигтой ам нээж чадахгүй, ярих ч сонирхолгүй байсан. Гэхдээ заавал нэгнийхээ бодол санааг өөрчилж, хором ч болтугай сатааруулахын тулд хэрхэн яаж буух тухай, хүйтний тухай, цасны тухай, бусад ахуй зүйлсийн тухай үе үе ам нээж байлаа. Хааяахан “Чи миний бодож байгааг бодож байна уу” гэж нэгнээсээ асууна. Бүгд ижилхэн “Тийм ээ” гэж хариулах нь өөрсдийгөө аргацаасан, аргадсан өрөвдөлтэй асуулт хариулт байсан даа.
Яг л намрын шувууд буцахдаа нисэж чадахгүй нэгэндээ хорогдон хорогдож, эргэлдэн эргэлдэж байгаад байгалийн шалгарлаар орхиод нисдэг шиг бид 17 нөхдөөсөө алхам алхмаар холдож байгаадаа итгэж чадахгүй араас цувраад, биднийг дуудсаар гараа даллаад л гараад ирэх юм шиг санаж, эргэн эргэн, байн байн харсаар уулаас бууж явлаа. Би багаа ахалж үлдсэн болохоор улам хариуцлагатай байх ёстойг өөртөө сануулж, цаг агаарын нөхцөл байдлыг харсаар уулнаас буух гэдэг амаргүй давааг үргэлжлүүлэхээр зүрх, зориг шулуудсан даа. Ингээд бид байрнаасаа хөдөлж, цасан дээгүүр алхах, мөлхөхдөө өмнөх хүнийхээ гишгэсэн мөр, тохойлдсон хэсэг, өвдөглөсөн ормыг нэг сантиметр ч алдалгүй дагаж явсан юм. Уулчид уулсын оргилд байхдаа бие засдаггүй, бүр цээрлэдэг, тэвчдэг юм. Бид ёс жаягаа алдахгүйн тулд тэвчсээр уулын бэл буюу нам дор газарт хүрээд тохиромжтой газар олж бие зассан. Тийм болохоор идэж, уух зүйлсээ хүртэл тохируулж багахан хүнстэй уул руу мацдаг учир идэх зүйл ч байгаагүй. Байсан ч хоолойгоор давахгүй байсан биз.
Ингээд бид 14:00 цагийн үед жолооч нар дээрээ эсэн мэнд хүрсэн. Бид буух ёстой цагтаа буугаагүй учир тэд бидний барааг хараад "Юу болов, яачихсан юм бэ" хэмээн орилж, өөдөөс гүйцгээсэн. Тэд осол гарч, хэн нь хэнээсээ салсан бэ гэдгийг биднийг хараад зөнгөөрөө мэдсэн байх. Уулнаас буугаад л манай клубын уулчин эхнэр лүү минь утсаар залгаж “Насаа ах бид хоёр амьд” гэж хэл хүргэсэн байгаа юм. Тэгээд манай эхнэр Онцгой байдлын ерөнхий газар мэдэгдэж, албаныхан хэвлэлийн хурал хийж, аврах бүлгийнхэн онгоцоор ирж, ослын газарт ажиллаж, улс даяар үймж, гашуудсан даа. Зарим нь гашуудахаасаа илүү биднийг баалсан байх. Бид Эрлийн ажиллагаа дуустал Отгонтэнгэр хайрхны өвөрт Байгаль хамгаалагч Ш.Батмэндийнд байсан. Тэднийд хөл, гар нь хөлдсөн уулчдаа эмчилж, ослын хямралаас гарч чадахгүй байж сууж ядан, гэрт орж гарсаар гэмтэн шиг толгойгоо унжуулцгааж, унжуулах ч гэж эрхгүй унжийцгааж, уйлцгааж, хэнийх нь ч амнаас үг унахгүй, яаж ч чадахгүй, ийм байгаадаа бачимдсан улс л байсан. Тэр үед байгаль хамгаалагч Ш.Батмэнд “Осол гарсан шөнө ууланд гал гарсан” гэж ярьсан. Итгэхийн аргагүй байгаа биз.
Гурав хоног эрэн хайх ажиллагаа үргэлжилж, алга болсон уулчдын цогцсыг хадан хавцал, цасан доороос олсон. Тухайн үед орон нутагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа эрлийн баг нэмэлтээр нэн шаардлагатай хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг шуурхай хүргэх, тухайн нөхцөл байдлыг үнэлэн газартай танилцах шийдвэр гаргах, удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан мэргэжлийн уулчид, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин аврагчдаас бүрдсэн шуурхай бүлэг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймагт ажиллаж, 17 уулчны цогцсыг гаргаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэн өгсөн юм билээ.
Тухайн үед металл хайгч ашиглан дөрвөн цогцос, гурав дахь өдөр цооног ухаж явсаар үлдсэн хүмүүсийг гаргасан. Осолдсон 17 уулчин үхлийн гэмтлийг уулнаас унахдаа л авсан гэж болно. Цогцсууд үнэхээр нүд халтирам байсан гэдэг нь үнэн. Гэхдээ тасарсан гар, хөл байгаагүй. Дөрвөн мөч нь хэд хэд хугарсан, бие нь мушгирсан, эргэсэн, нүд, ам нь цөмөрсөн, хэвлийн хөндий нь бяцарсан, хурц үзүүртэй мөснүүд биед нь жад шиг зоогдсон, нүцгэн цогцсууд ч гарч ирсэн. Үерт урссан хүний хувцас тайлагдчихдаг шиг хавтангийн гулсалтын үед үүргэвч, гадуур хувцас, гутал нь сугардаг юм билээ. Өмд нь шилбээ, цамц нь сугаа хүртэл шувтарсан байсан. Тэр бүү хэл мөсний сүх, ган алх нь хугарсан байсан гээд бод. Хувцасгүй цогцсыг харсан ар гэрийнхэнд нь ямар олиг байх вэ дээ. Гэхдээ л ар гэрийнхэн нь амьд үлдсэн биднийг буруутгаж, хэл амаар доромжилж, сэтгэлийн шархыг минь улам бүр сэдрээж, байж суухын аргагүй болгож, амьдраад ч яах билээ гэж бодоход хүргэж байсан нь үнэн. Тэр бүхнийг бодох төдийд л сэтгэл харанхуйлж, өөрийн эрхгүй уйтгар гунигт автаж, өнөөдрийг хүртэл шаналж явна.
2017 оны аравдугаар сарын 24-ний 10:40 цагт сүүлийн цогцсыг олж, Бид Улаанбаатар руу явахаар болов. Тухайн үед Шадар сайд байсан Ө.Энхтүвшин бидэнтэй уулзаж “Та бүхнийг онгоцоор авч явна. Улсын Онцгой байдлын газраас хүсэх зүйл байна уу” гэж асуусан. Хүнээ алдсан бидэнд хүсэх зүйл байгаагүй. “Дүүрэн хүнтэй ирсэн гурван автомашинаа яаж хоосон буцаах билээ дээ. Жолооч нарт маань эвгүй шүү дээ, тэдэндээ хань болж явъя. Та харин шатахууныг нь дүүргээд өгчих” гэж хэлсэн. Ингээд бид хөдлөхөөр зэхэхдээ хан тэнгэр, хайрхан уулсын хүнд хэцүү гүвээ давааг бидэнтэй хамт сонгож, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас хайрхан ууланд амиа өгсөн тэдэндээ эмгэнэн гашуудаж, элэг зүрхнээсээ шархиран, харууслын хар нулимс унагаж уулын бэлд тэдэндээ зориулж зул өргөж, хангай дэлхийдээ цай, сүүний дээж өргөж, сүсэглэн залбираад хөдөлцгөөсөн.
Отгонтэнгэр хайрхны бэлд дуу хөгжим болж, инээлдэж, хөөрөлдөж ирсэн бид хоосон автомашин донхогнуулж, уй гашууд автан, нүдэндээ нулимстай уулсын орой харахад л аймшигтай санагдаж байлаа. Биднийг Бүрд сумын Элсэн тасархайд ар гэрийнхэн минь тосож авсан. Улаанбаатар руу биднийг фургон автомашинтай хөдөлсөн гэдгийг улс даяараа мэдэж байсан болохоор 22-ын товчоон дээр хэвлэлийнхэн болоод бусад хүмүүс отож байж болзошгүй учир бид машинаа сольж суухаар болсон нь тэр.
Тэр үед эхнэр бид хоёр бие биеэ хараад асгартал уйлж, тэврэлдсэн. Тэр үед өөрийгөө амьд явах эрхгүй хэмээн бодож, шаналж явснаа түр зуур мартаж, эхнэрийнхээ “Эсэн мэнд ирсэнд чинь баярлалаа” гэхийг сонсоод "Охиныхоо төлөө, гэр бүлийнхээ төлөө амьдрах ёстой юм байна" гэх өөртөө хүч хайрлах бодол төрсөн, анх удаа.
Ингээд биднийг 22-ын товчооноос СЭМҮТ-ийн эмч нар тосож, эмнэлэгт хэвтүүлэхээр авч явсан. Отгонтэнгэр хайрхнаас ирэх замдаа шаналал бачуурлаа зөвхөн архиар дарж явсан болохоор согтуугаараа эмнэлэгт хүргэгдсэн. Тэнд би долоо хоносон. Осол болсныг, хамтдаа явсан хэдийгээ ууланд үлдээгээд бууснаа, олсноо, ямар дүр төрхтэй болчихсон байсанд нь гээд олон зүйлийг мартаж, санаж, орон гаран юм шиг л байсан болохоор өөрийгөө галзуурсан хэмээн бодож, миний амьдрал зүүд шиг санагдаж байлаа. Цонхоор хараад зогсоход хүртэл тэд нүдэнд харагдаж, дуу нь сонсогдож, надад байж суух газар үнэндээ олддоггүй байсан. Нэг өдөр гар утсаа асааж үзтэл хүмүүсээс бараан утгатай илгээмжүүд ирсэн байлаа. Түүний дотор надад амьдрах итгэл найдвар бэлэглэсэн ганцхан илгээмж байсан. Тэр бол миний охины “Ааваа, та өвөө болсон. Баяр хүргэе” гэх ганц л өгүүлбэр байсан. Бусад нь дандаа амьд үлдсэн уулчдыг, биднийг буруутгасан, үзэн ядсан мессэжүүд байсан. Гэхдээ "Осол болох үед охин минь надад энэ тухай хэлсэн шүү дээ" гэж бодоод асгартал уйлж, зээ охиныхоо төлөө амьдрах сэтгэлийн хүч авсан гэж болно. Өнөөдрийг хүртэл түүний төлөө амьдарч байна. Тэр намайг ослоос аварсан цорын ганц бурхан.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ ШИМШРҮҮЛСЭН ОТГОНТЭНГЭРИЙН ОСОЛ БУЮУ 17 ЗҮРХ ЗОГССОН НЬ-III |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |