“Монгол оором мэнгэ” буюу “Тэнгэрийн хөх толбо”-той Унгарчууд
Герман Улсын Франкфурт хотын нисэх буудлаас, хот, хоорондын автобусанд сууж Унгар Улсын Будапешт хотыг зорин хөдөллөө. Европ тивд анх удаа хөл тавьж буй надад юм бүхэн нь шинэ, сонин содон, сонирхолтой байлаа. Франкфуртээс Будапешт хүрэх 16 цагийн урт аялал над тийм урт удаан санагдаагүй. Герман, Австри, Унгарын хот суурин, хөдөө тосгодыг автобусны цонхоор сонирхон, сонжиж явтал Будапешт хотод ирсэн байв. Харин манайхан урт аян замд жаахан алжаасан. Онгоцоор, автобусаар олон цаг явж ирсэн, энэ их уудам орон зайг монгол морины шандас, хүчээр туулан дэлхий дахинд амар, амгаланг тогтоож явсан өвөг, дээдсээрээ бахархаж явлаа.
.jpg)
Монгол моринд энэ дэлхийн буйдад хүрээгүй газар тун ховор. Норвегийн алдарт аялагч Руал Амундсен, Английн тэнгисийн цэргийн офицер Роберт Фалкон Скотт нар хүн төрөлхтний “Эцсийн хил хязгаар” Антарктидын мөсөн тал руу зориглон хөдөлсөн байжээ. Тэд 1910 онд Английн “Terra Nova” нэртэй судалгааны усан онгоцоор Лондонгоос хөдөлж, Өмнөд туйл руу хөвөхдөө 19 монгол адууг авч явсан байдаг. Монгол адуу, монгол хүний тэсвэр тэвчээрийг гайхаж бишрээд ч барамгүй.
Европ тивийн төвд орших Унгар Улс, монголчуудын зүрх сэтгэлд хамгийн ойр, дотно халуун дулаахан мэдрэмж төрүүлдэг үндэстэн билээ. Тэд өөрсдийгөө Мажар гэдэг. Харин хөрш зэргэлдээ улсууд нь “Hungary” буюу “Хүн гүрэн” гэх. Оросууд “Венгрия” гэж нэрлэх болсноор Монголчууд Унгар Улс гэж дуудах болсон билээ. Унгарчууд надад ойр дотно, хамаатан, төрөл садан мэт санагддаг. Намайг бага байхад Унгарчууд 1960-аад оны сүүлч, 1970-аад оны эхээр миний төрсөн нутагт Мах комбинатын үйлдвэрийг барьж өгсөн. Тус үйлдвэрт Унгар мэргэжилтэнгүүд ажилладаг байлаа. Тэр үед Мах комбинатын монгол ажилчид Унгар Улсад мэргэжил дээшлүүлэх дадлага хийж, өрнийн соёлыг Монголд дэлгэрүүлж байсан билээ.

Унгараас барууны алдартай хамтлаг, дуучдын пянз, плакат, гэрэл зураг, магнитфон, пянз тоглуулагч, хөзөр, жинсэн өмд, цамц, дарс, шүрчиг, тулааны урлаг, бодибилдинг, фитнесийн ном сэтгүүл, рубик шоо, хүүхдийн тоглоом, бохь, усанд уусдаг нолийн цаасыг хүртэл авчирна. Тэр үед Монголд хориотой байсан бүх зүйлийг монголчууд, унгараас зөөдөг байв. Өвгөд, хөгшид “Унгарчууд бол манай Хүннү гүрний ойрын холбоотон явсан улс. Тийм учраас “Хүннүчүүдийн үсэрсэн цус, тасарсан махны тасархай нь Унгарчууд юм. Унгарууд одоо хүртэл “Монгол оором мэнгэ” буюу “Тэнгэрийн хөх тамга”-тай төрдөг юм билээ” хэмээн хуучилдагсан.
Дэлхийн II дайны үед Германы хорих лагерт нэгэн Мажар бүсгүй төржээ. Гэтэл дөнгөж төрсөн нярай хүүхдийн хонго хөхөрсөн байхыг хорихын эмч хараад гайхжээ. “Хэн дөнгөж төрсөн нярай хүүхдүүдийг, яагаад цохив” гээд л хэрэгтнийг хайж эхэлсэн гэдэг. Ингэж л Европ дахинд Монгол угсаатны хүүхдүүдийг “Хөх толбо”-той төрдөг болохыг мэдэх болсон билээ. Монголчууд байгаль орчинтойгоо ойр, нягт уялдаа, холбоотой байдаг. Эрс тэс, цаг агаар, газар зүйн байрлал, нүүдлийн мал аж ахуйгаасаа шалтгаалан монгол угсаатны зөн билэг, далд ухамсар, хийсвэрлэх сэтгэлгээ, ургуулан бодох чадвар гойд хөгждөг. Байгаль, дэлхийтэйгээ ойрхон амьдардаг болохоор эерэг хүчтэй энерги, өвөрмөц гэрлэн бүрхүүлтэй төрдөг үндэстэн билээ.

Монголчуудын гэрлэн бүрхүүл аура, чакра нь хөх өнгийн туяатай байдаг. Монгол хүүхдүүдийн гурав мэлмий, зөн билэгийн зургаа дахь мэдрэхүй зургаан нас хүртэл нээлттэй байдаг юм. Энэ бүхэн нь чакра, гэрлэн бүрхүүлтэй шууд холбоотой. Энэхүү гэрлэн бүрхүүлийн хөх туяа нь хүүхдийг 0-6 нас хүртэл тод харагдаж байгаад аажмаар ахар сүүл, ууцнаас, нуруу рүү шингэн уусан бүдгэрдэг. Гэхдээ бүх Унгарчуудыг “Хөх толбо”-той төрдөг гэж явцуурхан ойлгож болохгүй. Хүннүчүүдийн генийг хадгалан тээж яваа хүмүүс л “Хөх толбо”-той төрөх боломжтой.
Харин зарим эрдэмтэд “Хөх толбо” бол монголчуудтай ямарч холбоо, хамааралгүй. Орчин үеийн шинжлэх ухааны тайлбараар бол “Меланин” хэмээх хар бараан өнгийн нөсөө меланоци эсийн арьсанд нийлэгжих явц гэж маргах нь бий. Үнэхээр “Хөх толбо” нөсөө юм бол тухайн хүний арьс насан туршид нь хөх толботой байсаар байх болно. Монгол угсаатантай холбоо, хамаарал бүхий хүмүүс “Хөх толбо”-той төрдөг нь үнэн. Гэхдээ зөн билгийн хөх өнгийн чакра өндөртэй ямар ч улсын иргэд “Хөх толбо”-той төрөх магадлалтай.
.jpg)
Өнөөгийн Туркууд өөрсдийн өвөг, дээдсийг Түрэг гэдэг. Гэтэл тэдэнд “Тэнгэрийн хөх толбо” байдаггүй. Магадгүй Туркэд үлдсэн Салжиук Түрэгүүдийн генийг хадгалан үлдсэн хүмүүс л “Хөх толботой” төрөх боломжтой байх. Яг үнэндээ Туркүүд бол нүүдэлчин Түрэг аймаг биш. Тэд бол Түрэг гэсэн хүчирхэг гүрний нэрийг зээлдэгчид юм. Туркууд Зүүн Ромын бүрэлдэхүүнд байсан Византи үндэстэн. Хөх Түрэгүүдтэй бүр, ямар ч хэлхээ, холбоо хамааралгүй. Салжиук Түрэгүүд Византийг эзлэн авч байсан. Оросын түүхчид түүхийг гуйвуулан, Туркуудыг Монгол нутагт төр улсаа байгуулж байсан мэтээр андуу ташаа бичсэн түүхтэй холбоотой. Хөх Түрэг Улсын Буман, Билгээ хааны хөшөөний дүр төрхийг сайн хараарай. Европ хүн биш, монгол төрхтөн хүн байгаа.
Туркууд хэзээ ч Алтай, Хангайн нуруунд ирж байгаагүй. Харин Алтай нурууг чиглэсэн өнөөгийн Перс, Иранчуудын өвөг дээдэс болох Аричуудын бага хэмжээний нүүдэл хийсэн ул мөр байдаг. Гэхдээ Монголын буган чулууны гэрэлт хөшөөг, Турк, Иран, Перс, Хорезмүүд босгоогүй юм. Хөх Тырык буюу өндөр тэрэгтэн хэмээх “Хөх толбо”-той нүүдэлчин Уйгар, Киргиз, Хөх Түрэгүүд босгосон юм шүү. Уйгар, Киргиз, Казах, Хазара, Хөх Түрэг нь Перс, Иран, Арабын соёлыг дэлгэрүүлж, лалын шашинтай болсон нь тэднийг Турк мэт харагдуулж байгаа билээ.
.jpg)
Өнөөгийн Унгар Улс 9.7 сая хүн амтай. Үүний 98.3 хувийг Мажар, 3.2 хувийг цыганууд, 1.8 хувийг австри, германууд, 0.4 хувийг румынчууд эзэлдэг гэсэн. Мажаруудын хэдэн хувь нь хүннүчүүдийг генийг өвлөн төрдөг талаарх албан ёсны судалгаа байдаггүй юм байна. Харин Ар Гүнт дэх Хүннүгийн булшинаас авсан дээж Хүннү гаралтай хэмээн өөрсдийгөө үздэг Унгарын Аба үндэстний “ДНК”-тай төстэй нь нотлогдсон байдаг аж. Энэ нь Азийн хүннүчүүд болон эртний унгарчуудын хооронд генетикийн холбоо, хэлхээ байна гэдгийг харуулж байгаа юм.
Энэ мэт Монгол, унгарчуудын хүйн холбоо, ураг төрлийн хэлхээ бүхий сонин, содон мэдээлэл, хүүхэд байх үед миний сонирхлыг их татдаг байв. Даанч социалист нийгмийн үед далд ухамсар, сүнс, энерги, дорно дахины гүн ухаан, зурхай, мэргэ төлөг, бөө мөргөл, тэнгэрийн үзэл, сургаал, Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгар, Кидан, Могол, Ил хаант улс, Хазара, Алтан ордны улс, Юань, Их Монголын эзэн гүрний түүхийн талаарх бүх мэдээлэл хаалттай, хориотой байсан юм. Түмэн Шаньюй, Модун Шаньюй, Атилла хаан, Чингис, Өгөдэй, Гүег, Мөнх, Хубилай, Хүлэгү, Өлзийт, Доголон Төмөр, Узбек, Моголын хаад Бабур, Акбар, Хумаюн, Жахангир, Ариунзэв нарыг дарангуйлагч харгис, хэрцгий, алуурчин хаад гэсэн Оросын үзэл сурталаар бидний “Тархийг угаадаг” байв.
.jpg)
Энэтхэгийн алдарт Таж Махалыг Моголын хаан Шагж хэмээх Шахангир хаан хайртай хатан Мумтаз Махалд зориулан бариулсан байдаг. Персийн уран барилгач Устад Ахмад Лахаури Таж Махалын ерөнхий дизайнераар ажиллажээ. Тэрбээр Монгол үндэсний хээ угалз, монгол нум, монгол гэр, монгол хаад, ноёдын малгайн хэлбэрийг Таж Махалд шингээн урласан байдаг билээ. Гэтэл оросууд Могол бол Монгол биш, Араб, Перс үндэстэн гэдэг байлаа. Араб, Персүүд Монгол гэж хэлж чадахгүй Мугал, Могол, Могул хэмээн дууддаг. Энэтхэгт оршин тогтнож байсан Моголын хаад, ноёд “Урду” буюу “Ордны” монгол хэлээр ярьдаг байсныг хүртэл нуудаг байв.
Харин нүүдэлчид ардын аман зохиол, хууч яриа, үлгэр, домог байдлаар үр хүүхдүүдэдээ түүхээ уламжлуулан ярьж хадгалуулдаг уламжлал хараахан баларч тасраагүй байсан. Үдшийн бүрийд зул, лааны бүдэг гэрэл дор тэр бүхнийг өвөө, эмээ, аав, ээжээсээ сонсож өссөндөө би баярлаж, талархдаг. 1990 оны ардчилсан хувьсгалын ач буянаар тэр бүх хаалттай, хориотой мэдээллүүд нээлттэй болсон. Миний сонсож, уншиж, дуулсан түүхийн мэдээлэлд Унгар хэлийг “Фин, Угор хэлний бүлэгт хамаарагддаг, урал хэлний овгийн нэг хэсэг юм” гэсэн байдаг. Фин, Угор бол өнө эртний цаатан нүүдэлчин, ой, тайгаар нутагладаг хүмүүс юм билээ. Угор гэдэг бол ойгоор, уйгар гэдэгтэй адил. Тэдний ахуй амьдрал, ёс заншил Монгол, Сибирийн цаатан овог аймагтай ижил төстэй . Угорууд бол тундараас гаралтай цаатан хүмүүс.
.jpg)
Хойд туйлын цас, мөсөн дээр туссан нарны гэрлийн хугарлын нөлөө, туйлын туяа, туйлын цагаан шөнө, чийглэг байдал гээд байгаль, цаг уурын онцлогоос болоод тэдний үс, нүдний өнгө өөрчлөгдсөн гэх. Угорууд үсний будагч бодис фегментээс шалтгаалан үс нь шар, шаргал, бор цайвар, саарал болж, нүдний өнгө нь цэнхэр болжээ. Туйлын хаски нохойн нүд хүртэл цэхэр, цэнхэр байдаг билээ. Хойд туйлын цагаан баавгай, үнэг, чоно, туулай хүртэл цагаан байдаг. Скандинавын хойгийн болон Умард Европын хойд хэсгийн Герман, Дани, Норвеги, Швед, Исланд, Эстон, Латив, Литав, Финландууд фин угор гаралтай гэдэг. Харин Уралын нуруунаас зүүн тийш орших Шивэрт буюу Сибир, Алтай, Хөвсгөл, Хар мөрөн, Агнуурын тэнгис, Сахалин, Аляска, Хойд Америк, Канадын цаатангуудын нүд ихэвчлэн хар, бор өнгөтэй байх боловч, тэдний дунд цэнхэр нүдтэй, шар үстэй Ази төрхтөн байх нь ч бий.
Хүннүчүүд Мажартай нэгдэх болсон шалтгаан
Хаан ширээ, эрх мэдлийн төлөө МЭ 48-216 оны үед Өмнөд Хүннү нар Хан гүрэнтэй хавсран Умард Хүннү рүү довтлон МЭ 220-316 оны хооронд Хүннү гүрэн олон жижиг хэсэг болон задарч бутарсан байдаг. Умард Хүннү нарын зарим овог, аймгууд дайн дажинаас дайжин Хималай, Дундад Ази, Ойрх Дорнод, Европын зүг нүүдлэн шилжилт хийсэн байдаг юм. Тэд Кангюй, Угор, Сармат, Алан, Скиф, Хорезм, , Парфян, Готууд, Ромчуудтай байлдан тулалдаж, Хар далай, Каспийн тэнгисийн хооронд Крым болон Ижил мөрний хөвөө, Уралын нурууны орчимыг эзэмшин суух болжээ. Харин Умард Хүннү нарын нөгөө нэг хэсэг нь Парфян, Маджапаны хойд хэсэг, Ойрх Дорнод, өнөөгийн Араб, Иран, Перс, Дундад Азийн улс орнуудыг буулган авч Хималайн нуруунд суурьших болсон аж. Тэднийг зарим түүхчид цагаан Хүннү, Кушан, Дарвид буюу Дөрвөд, Сүмбэр буюу Сүмэр хэмээн тэмдэглэсэн нь бий.
.jpg)
Крым болон, Ижил мөрөн рүү нүүдэлсэн Хүннүчүүдийн хамгийн том дайсан нь Ромын эзэнт гүрэн байжээ. Малын бэлчээр, газар нутгийн маргаанаас болж байнга Ромчуудтай их, бага хэмжээгээр дайтах болсон байна. Ромын эзэнт гүрнийг бүрэн сөнөөхгүйгээр Ижилийн Хүннүчүүд тайван амгалан, оршин тогтнох боломжгүй болжээ. Ромын эзэнт гүрэн руу довтлох хамгийн тохиромжтой бүс нутгаар Мажарыг сонгосон гэдэг. Карпатын нам дор газар нь чийг, намаг багатай, адуунд хамгийн тохиромжтой бэлчээртэй байж. Мажараас Альпын нурууг дамжин Ром руу дайрах газар зүйн ашигтай байрлал гэж үзжээ. Ийнхүү Хүннүчүүдийн холбоотон болсон Мажаруудыг хөрш, зэргэлдээх улс, орнууд нь “Hungary” буюу Хүн гүрэн хэмээн “Доромж” нэрээр дуудах болсон юм билээ.
.jpg)
Ийнхүү Мажарууд, Хүннү нарын холбоотон болж Ромын эзэнт гүрний мөхөөж, Европ дахь сонгодог боолын нийгмийг бүрэн устгаж, дэлхийн хүн төрөлхтний түүхэн үнэлж баршгүй гавьяа байгуулсан билээ. Атилла хааныг нас барсны дараа Баруун Европын Мажарт төвлөрч байсан Хүннүчүүд Ижил мөрөн рүүгээ нүүдэлжээ. Тэднээс цөөн отог, аймаг нь Мажарт үлдэж, хоцорсон гэдэг ч түүх, археологийн баттай баримт мэдээллийг бүрэн судалж амжаагүй байгаа. Дэлхийг дахиныг гайхшруулсан кубик шоогоо Рубик зохион бүтээхдээ Хүннү болон Угоруудын модон оньсон тоглоомоос санаа авч хийсэн гэх юм билээ.
Хүннүчүүдийг Баруун Европоос явснаас хойш 1000 жил өнгөрч түүх үлгэр, домог, хууч яриа болон замхрах тал руугаа явж байлаа. Манай эрины 1242 оны үед гэнэт л нэг өдөр тэнгэрээс буусан мэт урд өмнө огт үзэгдэх харагдаагүй нэхий дээлтэй, арьсан хуяг, дуулгатай навтгар жижиг морьтой аймшигтай дайчид гараад ирж. Тэд Зүүн Европын улс орнуудыг байлдан сөнөөж, Дунай мөрний зүүн эрэгт тулж ирсэн байна. Мажарууд нүүдэлчин, бүдүүлэг аймаг Дунай мөрнийг гаталж, баруун эрэгт гарч чадахгүй гэсэн бат итгэлтэй байсан гэдэг.
.jpg)
Гэтэл Монголын эзэн гүрний Бат хааны Сүбээдэй жанжинаар удирдуулсан их цэрэг Дунай мөрний зүүн эрэгт гурван шөнө дараалан олон түүдэг гал асааж, хэнгэрэг, цан нүдэн галаа тойрон бөөлж эхэлжээ. Мажарууд тэднийг дуулж, бүжиглэн, цэнгэж байна л гэж бодсон байна. Гурван өдрийн дараа гэнэтхэн тэнгэр бүрхэн, хүйтгэрч цасаар шуурч, Дунай мөрөн хөлджээ. Олон жил огт хөлдөж байгаагүй Дунай мөрөн хөлдсөн байхыг хараад Мажарууд цочирджээ. Ийнхүү Хүннү нарын залгамж, хойч үе Монголын Эзэн гүрний цэргүүд 1000 жилийн дараа дахин Мажарыг эзлэн авсан байдаг юм билээ.
"Дунай мөрний үзэсгэлэнт сувд" Будапешт
Биднийг Будапешт хотод буухад бүрхэг, үүлтэй нэг л бүүдгэр байсан хэдий ч удалгүй шиврээ бороо орлоо. Хувьтай хүн хур бороо дагуулж ирдэг гэдэг нүүдэлчдийн бэлгэдлийг бодож ихэд баярлав. Борооны дараа Будапешт хот “Нүүрээ угаасан хүүхэд шиг” цэмцийж, үүл, манан, будан дундаас Будапешт хот үлгэрийн үзэсгэлэн хот шиг гялалзаж байлаа. "Дунай мөрний үзэсгэлэнт сувд" нь яах аргагүй Будапешт хот мөн байв. 1873 онд онд Дунай мөрний баруун эргийн Буда, Обуда хэмээх хоёр сууринг, зүүн эргийн Пешт сууринтай нэгтгэснээр өнөөгийн Будапешт хот үүссэн байна. Будапешт хотын дэвжээ Монголын тамирчдад ээлтэй байдаг. Тус хотод болсон бокс, жүдо, чөлөөт бөхийн ДАШТ-ээс манай тамирчид олон медаль хүртсэн байдаг. Бидний өвөг, дээдсийн ариун шүншигтай газар болоод л тэр байх.
.jpg)
Унгарчууд олон зуун жилийн түүхтэй эртний барилга, байгууламжаа хадгалан яг л тэр хуучны хэв загвараар авч үлдэж чадсан нь үнэхээр гайхамшигтай байлаа. Сэргэн мандалтын үеийн Европ тивд ирсэн юм тийм нэг тааламжтай сэтгэдэл төрүүлнэ. Барилга, байшингийн уран чамин, архитектурын шийдэл, гоёмсог чимэглэл үнэхээр сайхан. Тэр бүх баримал, хөшөө, дурсгалыг үзэж, хараад ч ханамгүй. Уран барилга, уран баримлын донж, хэлбэр загвар, орчиндоо бүрэн ууссан байдлыг үзэж, хараад, урлагийн гоо сайхныг биширч, сэтгэлийн гүн тайвшралд автах юм билээ. Хамаг, стресс, бухимдлаа ор тас мартаж, тархи, толгой сэргэх шиг болсон.
Будапешт хотын гудамж бүхэн уран баримал, уран барилгын музей мэт санагдсан. Хотын том үйлчилгээний газрын ажилтан нар Францууд шиг мэндэлж хүндлээд байхгүй ч гэсэн найрсаг, дулаан энергитэй хүмүүс байв. Өөрийн улсын үйлчлүүлэгч нартай харьцдаг шигээ, бидэнтэй яг ижил түвшинд хандаж байлаа. Унгарчууд ер нь их тайван нам гүмхэн амьдралд дуртай хүмүүс юм шиг санагдсан. Жаахан шуугиж, инээлдэхээр оршин суугчид нь хаалга, үүдээ нээгээд чимээгүй байх шаардлага тавина. Төвлөрч сууж ажил хийдэг хүмүүст бол нам жим байх нь мэдээж тохиромжтой байх. Харин айл бүхэн, хүн бүр гэртээ ороод, өөр өөрсдийн өрөөнд орж хаалга, үүдээ түгжээд, утсаа маажаад чимээгүй болдог нэг л сонин санагдсан шүү. Ая тухтай, тайван орчин бүрдэж байгаа хэдий ч иргэд хоорондын амьд харилцаа зогссон мэт нэг л дүнсгэр уйтгартай мэдрэмжийг төрүүлсэн. Сөнөж сүйрсэн барилга дотор, дуу чимээ гаргахаас айж, түгшүүр дунд амьдраад ч байгаа юм шиг нэг л хачин, жигтэй.
.jpg)
Хүйтэн хөндий мэдрэмжийг Унгарчууд мэдэрдэггүй ч байж магад. Тэд тайван амгалан, ёс суртахуунтай, сэтгэл хангалуун , тав тухыг, аз жаргал гэж боддог байх. Унгарчуудыг ая тухгүй, эмх цэгцгүй байдал, дуу чимээ, шуугиан нь ядраадаг бололтой. Энэ байдал тэднийг заримдаа бүр аймшигтай ганцаардмал байдалд оруулдаг ч байхыг үгүйсгэх аргагүй. Нам гүм орчин, хэт баригдмал, ёс суртахуунд хүлэгдэн өсөх нь зарим талаараа бүр ганцаардмал байдал, сэтгэцийн өөрчлөлтөд хүнийг оруулах нь бий. Монголын нүүдэлчид орчлонгийн буйдад ганц гэрээр амьдардаг хэдий ч жижиг, дугуй гэртээ тулга, зуух тойроод халуун ам бүлээрээ ярилцаж суудаг. Нүүдлийн, бэлчээрийн мал, сүрэг, эрчимжсэн фермер аж ахуйд бүрэн шилжиж, малчид нь суурин соёлд уусах юм бол Монголын уламжлалт өвөрмөц ахуй, соёл устах болно.
.jpg)
Унгарчууд манай монголчууд шиг тасартлаа ууж, согтоно гэж байхгүй. Будапешт хотод гурав хоноход согтуу хүнтэй таарсангүй. Дарс, вино, пиво зардаг газрууд олон ч тааруулж их л соёлтой ууна. Будапештийн задгай зэс торхны пиво их зөөлөн, гоё амттай. Хоол нь монголчуудад их тохиромтой юм билээ. Унгар гуляш, махан цуглуулга нь гойд сайхан амттай байсан. Унгар Улс цагаач, дүрвэгчдийг хүлээж авдаггүй болохоор Будапешт хот их тайван амгалан. Хэдий тэд Европын холбооны гишүүн орон боловч, Украин, ОХУ-тай төвийг сахисан, харилцан ашигтай, энх тайванч харилцаатай. Энэ харилцаа нь Унгар Улсын ард түмний эрх ашигт, нийцэж байгаа.
Унгар Улсад Европ тивийн хамгийн том Монгол судлалын төв байх аж. Тийм болохоор Унгарт Монголд элэгтэй, монголч эрдэмтэд олон байна. Тэд монгол хэлээр бага зэрэг аялагтай хэдий ч ойлголжтой, уран яруу, тод ярина. Монгол бичгээр биднээс илүү сайн бичнэ. Гэтэл бид монгол бичгээр уншиж, бичиж чадахгүй. Кирил үсгээр бичээд, уншиж суух юм. Одоо бүр кирил ч үгүй, монгол ч үгүй, англи хэл, үсэг, бичгийг шүтэн бишрэх болжээ. Гадны хүмүүс бидний түүх, бичиг, соёлыг судалж, биднээс илүү монгол гэсэн сэтгэлтэй байхад бид англи, хятад хэлийг шүтэж, нүүдлийн монгол соёл, уламжлалаа мартаж байна.
.jpg)
Будапешт бол Унгар Улсын нийслэл бөгөөд хамгийн том хот нь юм. Тус хот 1.7 сая гаруй оршин суугчтай, боловч хотын гаднах дүүрэгтэйгээ нийлээд 3.3 сая хүн оршин суудаг гэнэ. Унгар Улс нь Карпатын нам дор газарт орших, далайд гарцгүй улс юм. 1990 оны эхээр социалист систем задарснаар Унгар Улсад ардчилал, шинэчлэлийн үйл явц тайван замаар өрнөж, ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжжээ. 1999 онд “НАТО”-д, 2004 онд Европын холбоонд, 2007 онд Шенгений гэрээнд нэгдэн оржээ. Будапешт бол Европын холбооны ес дэх том хот юм. Харин манай улсад ардчилсан хувьсгал 1990 онд гарсан хэдий ч ардчилсан нийгмийг коммунистууд байгуулах гэж зүдэрч явна. МАН төрийн эрхийг барьсан хэвээр. Тэд 30 гаруй жилийн турш ардчилал нэрийн дор Монгол Улсыг “Дампууруулж” социалист үзэл, суртлаасаа салж, чадахгүй явна. Намтай төвтэй хаадаг, боодог, торгодог, хорьдог, эрх чөлөөг хязгаарладаг, дарангуйлагч нийгмийг монголчууд хүсээгүй. Коммунист намыг хуулиар хорьж, татан буулгаж, хүнийг эрхийг дээдэлсэн, иргэн төвтэй иргэний ардчилсан нийгмийг цогцлоож байж л Монгол Улс хөгжинө.
УНГАР УЛС. БУДАПЕШТ ХОТ. 2025.11.12.
| МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР |
|
“Баялаг” клуб холимог багийн улсын аварга боллоо
2025-12-08 07:20:00
“ASIAN CHAMPIONSHIP” –ээс Б.Уянга мөнгө, Р.Дэмбэрэлням алтан медаль хүртэв
2025-12-08 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ц.СЭРГЭЛЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ХУТГАЛДСАНЫХАА “ШАН”-Д МОНГОЛ, ОРОСЫН ХИЛИЙГ ШАЛГАХ ХАМТАРСАН КОМИССЫН ДАРГЫН СУУДАЛД ТУХАЛЖЭЭ
2025-12-08 07:00:00
ЭГҮҮЛЭН ТАТУУЛАХ БОЛЗЛОО ХАНГАСАН ГИШҮҮДИЙН ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-08 07:00:00
МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛ ЗҮРХЭНД ОЙР ОРШИХ УНГАР
2025-12-08 07:00:00
SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ
2025-12-08 07:00:00
БАХДАЛ ДҮҮРЭН Б.ЭНХ-ОРГИЛД БАЯР ХҮРГЭЕ
2025-12-08 07:00:00
ТАНИЛЦ: ХУУЛЬ БУСААР ХЯТАДУУДЫГ ОРОГНУУЛСАН ГЭХ “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” КОМПАНИЙН ЭЗЭН УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТБАЯРЫН ЭЗЭМШДЭГ ОРДУУД
2025-12-08 07:00:00
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-аас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 17:04:20
О.Уранбаяр “Токио-2025 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-12-07 15:26:04
Мал, тэжээвэр амьтдын тооллого эхэллээ
2025-12-07 13:22:53
О.Уранбаяр, Л.Анхзаяа нар хэсгийн аваргын төлөө барилдана
2025-12-07 10:42:34
ШИНЭ ЖИЛИЙН ГОЁЛЫН ДААШИНЗ 69 МЯНГААС, НҮҮР БУДАЛТ, ҮС ЗАСАЛТ БАГЦААРАА 150 МЯНГАН ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ БАЙНА
2025-12-07 09:02:28
“Moon Dance” хамтлаг стандарт бүжгийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-07 09:00:17
ЖҮДО БӨХИЙН “ТОКИО-2025 ГРАНД СЛАМ” ӨНӨӨДӨР ӨНДӨРЛӨНӨ
2025-12-07 08:20:00
Я.Батжаргал пауэрлифтингийн Азийн аварга боллоо
2025-12-07 07:10:00
Э.Адьяатөмөр пауэрлифтингийн Азийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2025-12-07 07:00:00
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-07 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-07 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-07 07:00:00
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |