• Өнөөдөр 2024-04-25

Х.БАЯРМАА: "Гэм зэм" пост драмын жүжигт сонгогдсон минь том хувь завшаан

     Монголын кино урлагийн ертөнцөд Ц.Хүсэлбаатар хэмээх айл үүрээ засаж, өөрсдийн бүтээлээ туурвиж буй. Нэгэн цагт "Өнгөт инээд" хошин урлагийн салбарыг өнгөлж байсан бол өдгөө өөрсдийн гэсэн өнгө аястай киног үйлдвэрлэж буй. Үүнийг уншигч та "Аюултай харилцаа", "Нинжин сэтгэл" зэрэг уран бүтээлээс харж болно.Тэгвэл тэд ээлжит цоо шинэ "Хиртээгүй сарнай" уран бүтээлээ хоёр хоногийн дараа үзэгчдийн хүртээл болгохоор зэхэж сууна. МУГЖ С.Өлзийхүү бол кино урлагийн нэгэн том од. Тэгвэл түүний охин Х.Баярмаа бол орчин цагийн залуу Өлзийхүү. Ерөөс ээжийгээ царай болон авьяасаараа давтаж төрсөн нэгэн. Бүр Монголчуудын ярьдгаар "өвчсөн" гэмээр адилхан. Гэхдээ ээжээсээ тэс өөр нь тэр орчин цагийн сэтгэлгээ, өөр түвшний сэтгэгч. АНУ-д таван жил зохиолч, найруулагч мэргэжлээр сурсан нь түүнд ирээдүйн чамгүй найруулагч, уран бүтээлч болох суурь болжээ. Өөрөөр хэлбэл, Х.Баярмаа бол төрмөл авьяастай, түүнийгээ хөгжүүлж буй нэгэн. 

    Аав ээжийгээ дагаж кино натурт явдаг байсан бага наснаасаа тэр урлагт дурлаж,  өссөн ахуй орчин нь түүний эхлэл байсан бол "Би жүжигчин, найруулагч болно" гэж эрс шийдсэнээс хойш чамгүй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон. Найруулагч аавдаа ч чамгүй өмөг түшиг болж байгаа. Түүний ийм л аливаад чин сэтгэлээсээ, урлагт хайртайг нь найруулагч М.Батболд олж харан түүнийг "Гэм зэм" пост драм жүжгийн Дунягийн дүрд сонгосон мэт. Тэр яах аргагүй өнөөдрийн болон маргаашийн урлагт сүүн зам татуулагч мөн. Ингээд түүнтэй шинэ уран бүтээл болон "Гэм зэм" жүжгийнх нь талаар ийн ярилцлаа.

-ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ ТОГЛОСОН ДӨРӨВ ДЭХ УРАН БҮТЭЭЛ-

-Хоёр хоногийн дараа "Хиртээгүй сарнай" кино үзэгчдэд хүрэх нь. Энэ уран бүтээлийг талаар яриагаа эхэлье?

-"Хиртээгүй сарнай" киноны хувьд найруулагч Ц.Хүсэлбаатар буюу аав маань зохиолоо бичиж, найруулсан ээлжит уран бүтээл. Энэ уран бүтээлээрээ бид нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг хөндөхийг хичээсэн. Сэдвийн хувьд зарим зүйлийг нууц хэвээр үлдээе. Энэхүү кино маань хоёр жилийн хугацаанд хийгдсэн. Тэгээд үзэгчид өөрсдийнхөөрөө киногоо үзээд шүүн тунгаах байх. Киноны урьдчилсан үзлэг гэж болдог. Одоогоор манай кино урьдчилсан үзлэгээрээ сайн дүгнэлт авсан. Мэдээж бид киноноос киноны хооронд ахиж, дэвшиж, өмнөх уран бүтээлийнхээ алдааг давтахгүйг хичээж, хэлэх санаа, үзэгчдэд өгөх мессежийн хувьд сайн байх гэж цаг ямагт хичээж байна.

-Энэ удаагийн кинонд гэр бүлээрээ тоглосноороо онцлог санагдсан. Ц.Хүсэлбаатар найруулагч охин, эхнэр гэхгүйгээр жүжигчний хувьд шаардлага тавьдаг байх?

-Энэхүү уран бүтээлд бид анхнаасаа гэр бүлээрээ тоглоно гэж төлөвлөөгүй. Зохиол бэлэн болоод тухайн киноны дүрд тохирох хүмүүсийг хайж эхэлсэн. Ээжийн тоглосон дүрийн жүжигчинг сонгох гэж  их удсан. Киногоо эхлэхээс өмнө олон дүрийн сонгон шалгаруулалтын зураг авалт авсан. Тэр дундаас "Ямар жүжигчдийг авах вэ" гэж ярилцаж байгаад  тухайн дүрд ээжийн төрх байдал илүү тохирно гэж үзээд сонгосон. Дүү маань театр урлагийн факультадад жүжигчнээр сурдаг. Тэгээд дүрийн шалгаруулалт өгснөөр тэнцэж, тоглосон. Тэгээд дараа нь харсан чинь гэр бүлийн застав бүрдсэн байсан. Аав уран бүтээлдээ орж,  зургийн талбайд гарахаараа хатуу болдог. Бусад жүжигчинд тавих шаардлагаас илүү шаардлага тавьдаг. Мэдээж тэр нь зөв байх. Гэр бүлийнхээ харилцаагаар харилцвал бусад уран бүтээлчид таатай сэтгэгдэл төрөхгүй байх. Миний хувьд  "Хиртээгүй сарнай" киноны  зохиолын задаргаа болон бусад зүйлд аавтайгаа хамтарч оролцсон.

-Ээжтэйгээ хамт тоглосон хэд дэх кино вэ. Ээжтэйгээ ээж, охин хоёр болж тоглох өөр мэдрэмж байх?

-Киноны нэгэн гэнэтийн бэлэг бол ээжтэйгээ ээж, охин хоёр болж тоглож байгаа. Гэхдээ үзэгчдэд постер болон киноны богино бичлэгээс ойлгомжтой харагдаж байгаа байх. Ингээд ээжтэйгээ тоглосон дөрөв дэх бүтээл. "Хиртээгүй сарнай" киноноос амьдрал дээрээ ямар харилцаатай ээж, охин хоёр вэ гэдэг нь харагдах байх.  Их сонирхолтой өнцгийг харуулахыг зорьсон. Ээжтэйгээ уран бүтээлд тоглох хамгийн сайхан. Энэ мэдээж хүн бүрт олдох хувь завшаан биш байх. Үүгээрээ би их бахархаж, ээжээсээ их суралцдаг.

-Таны хувьд  АНУ-д кино зохиолч, найруулагчаар суралцаад ирсэн болохоор өрөө бие даан зохиол бичиж, кино болгох бодол байдаг болов уу?

-Мэдээж бодол бий. Гэхдээ юм бүхэн цаг хугацаатай. Одоогоор бол би жүжигчнийхээ ажлыг түлхүү хийж, энэ чиглэлдээ өөрийгөө илүү хөгжүүлж, сайжруулж, өөрт оногдсон дүр бүхэндээ амжилттай оролцохыг хүсэж байна. Ингээд явж байхад мэдээж нэг өдөр бусдад жаахан ч болов сурсан мэдсэн зүйлээ хуваалцах боломж гарах байх. Түүнээс айхтар зохиол бичье, кино найруулна гэж яарахгүй байна. Цаг хугацаа бүх зүйлийг харуулдаг шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны эрхээр бүх зүйл биелэлээ олно гэж найдаж байна. Жүжигчний  мэргэжил их богинохон настай. Тодорхой цаг хугацаанд баригддаг мэргэжил. Тэгэхээр миний хувьд тодорхой цаг хугацаа үлдчихсэн. Энэ хугацаанд амжиж өөрийнхөө бодож байгаа жүжигчин мэргэжлээ ахиулж, тэр тал руу илүү хөгжүүлэх ёстой гэж харж байна.

-АНХ УДАА СОНГОДОГ ЖҮЖИГТ ТОГЛОЖ БАЙНА-

-Дараагийн нэг онцлох уран бүтээл бол "Гэм зэм" жүжгийн дүрд сонгогдсон. Анх хэрхэн сонгогдох болсон бэ?

-Анх удаа сонгодог жүжигт тоглож байгаа. Сонгодог бүтээл гэдэг өөрөө том цар хүрээтэй. Оросын агуу зохиолч Ф.М.Достоевский 200 жилийн өмнө "Гэм зэм" романаас сэдэвлэсэн "Гэм зэм" пост драм жүжиг анх удаа Монголд тавигдах гэж байгаа. Энэ суут бүтээлийн нэгэн дүрд нь тоглож байгаа минь их том боломж. Энэ бол уран бүтээлчид олдох хамгийн том аз завшаан. Миний хувьд мөрөөдөж явсан мөрөөдлийн минь нэг. Маш их хүндэтгэж, сүсэглэж байгаа. Өөрт байгаа бүх л хүч хөдөлмөрөө зориулж ард нь гарах юм сан гэсэн залбирал байна. Тэгээд аль болох найруулагч болон баг хамт олныхоо итгэлийг алдахгүй ард нь гарахыг бодож байна. Тайз гэдэг бол маш том зүйл. Жүжигчний хувьд өсөх, дэвших боломжийг театр, тайз олгодог. Кино бол техник технологи, өнгө, сайн найруулагчийн ур ухаанаар засаж залруулж, алдаагаа засаж болдог зүйл. Харин тайзан дээр бол тухайн жүжигчин л тоглоно. Үзэгч тэнд өөрийнхөө хувиралыг шууд үзүүлнэ. Үнэхээр сайхан бол алга ташна, муу бол муу байна гээд орхиод гараад явна. Үүгээр тайз, дэлгэцийн бүтээл хоёр ялгаатай. Иймээс тайз жүжигчнээс илүү хариуцлага, чадварыг шаарддаг. Тэр ч утгаараа хичээж байна.

 

-Анх жүжигт тоглох мэдрэмж аваад эмээж байсан уу. Тайзны бэлтгэл хийж байхдаа театрын сайханд дурлаж, цаашид энэ салбарт орно гэсэн хүсэл төрсөн болов уу?

     -Мэдээж тэгэлгүй яах вэ. Баярлахынхаа хажуугаар маш их хариуцлага хэмээн хүлээн авсан. Мөн том хувь заяа хэмээн дотроо ихэд хүндэтгэж, залбирч байсан. Тэгээд өөрөөсөө гарч болох бүх ур чадвар, бүх зүйлээ гаргаж, хүмүүсийн итгэлийг алдахгүй амжилттай тоглоно гэж бодсон. Нөгөө талаар надад маш том сургууль болох байх. Дараагийн олон уран бүтээлд амжилттай тоглох том үүд хаалга болох байх гэж харж байгаа. Мөн багийнхнаасаа их зүйлийг сурсан. Мэдээж цаашид бол жүжигт тоглох санал ирвэл тоглохыг хичээнэ. Учир нь тайз гэдэг бол уран бүтээлчийнхээ хувьд илүү хөгжиж, өөрийгөө сайжруулах газар.  Тамирчнаар зүйрлэвэл, тэмцээнд орж байгаатай адил. Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд илүү сайжраад явдаг бол тоглолтоос тоглолтын хооронд нэг их сургууль төгсөж байгаа мэт мэдрэмжийг авдаг. Тийм болохоор "Гэм зэм" жүжиг бол миний хувьд нэг тэмцээн. Энэ том тэмцээний ард амжилттай гарахыг бодож байна.

Тамирчин хүн тэмцээнээс тэмцээний хооронд илүү сайжраад явдаг бол тоглолтоос тоглолтын хооронд нэг их сургууль төгсөж байгаа мэт мэдрэмжийг авдаг

-Өндөр байх дүр сонголтод нөлөөлдөг үү. Таны хувьд ямар дүрд тоглохыг хүсдэг вэ?

     -Мэдээж нөлөөлнө. Ялангуяа, Монголд их нөлөөлдөг. Гэхдээ мэргэжлийн хэлээр бол жүжигчин бүр өөр өөр төрөл байдаг. Тухайлбал, өөрөөсөө намхан жүжигчинтэй хайр дурлалын холбоо үүсгээд тогловол үзэгчдийн нүдэнд зөвшөөрөгдөхгүй. Миний хувьд түүхэн кинонд тоглох мөрөөдөлтэй. Гэхдээ найруулагч нарын харж байгаа өнцөг нь монгол төрх биш гэдэг. 

-МЭДРЭМЖТЭЙ ХҮН ТААЛАГДДАГ-

-Одоо хоёул уран бүтээлээс өөр сэдэв рүү яриагаа хандуулья. Уншигчид таныг хайр сэтгэлтэйгээ учирсан болов уу гэж сонирхож байгаа байх?

-Одоогоор ганц бие байгаа. Мэдээж залуу хүн учир болзоонд явдаг. Одоогоор миний гол анхаарлаа хандуулж байгаа зүйл бол ажил. Урдах уран бүтээлдээ амжилттай оролцоод явахыг боддог. "Хүн өөрийгөө хөгжүүлээд ахиц, дэвшил гаргах тусам уулзах хүмүүсийнх нь байдал өөрчлөгддөг" гэж сонсож байсан. Тэгэхээр урдах ажлаа хийгээд явж байхад учрах ёстой хүнтэйгээ учрах байх гэж боддог.

-Танд ямар эрэгтэй хүн таалагддаг вэ?

-Мэдрэмжтэй хүн их таалагддаг. Энэ нь ганц гэр бүл болон хосын харилцаанд биш. Бүх л талбарт, ажил болон амьдрал дээрээ ч бүх зүйлд мэдрэмжтэй байвал сайхан санагддаг. Эмэгтэй хүн аав шиг ээ хүнд дурладаг гэдэг үг үнэн санагддаг. Би яагаад ингэж ярьдаг юм бол гэж гайхдаг байсан. Би энэ үгийг илүүтэй ойлгож байгаа. Манай аав бол маш оюунлаг хүн. Эд материал, ганган чамин зүйлээс илүү тархиа цэнэглэх хандлагатай. Өөрөөр хэлбэл, аав минь их дотооод гоо сайхантай хүн. Маш их боддог, уншдаг. Би аав шиг ээ хүнтэй одоогоор учраагүй байна.

Мэдрэмжтэй хүн их таалагддаг. Энэ нь ганц гэр бүл болон хосын харилцаанд биш. Бүх л талбарт, ажил болон амьдрал дээрээ ч бүх зүйлд мэдрэмжтэй байвал сайхан санагддаг. 

-Манай уншигчдад кино болон жүжгийнхээ мэдээллийг хүргээд яриагаа өндөрлөе?

         -"Хиртээгүй сарнай" кино энэ сарын 19-нөөс нээлтээ хийж, бүх кино театраар гарна. Бидний хоёр жил шахам хөдөлмөрлө уран бүтээлийг маань ирж үзэн, өөрсдийнхөөрөө тунгаагаасай гэж хүсье. Мөн арваннэгдүгээр сарын 25-нд "Гэм зэм" жүжиг нээлтээ хийнэ. Үзэгчид их хүлээлттэй байх шиг байна. Монголд анх удаа Ф.М.Достоевскийн уран бүтээл тавигдаж байгаа гэдгээрээ онцлог учир үзээрэй. Нэг жүжиг үзэхэд нэг ном уншсан мэт мэдлэг, ухаарлыг өгдөг.


Х.БАЯРМАА: "Гэм зэм" пост драмын жүжигт сонгогдсон минь том хувь завшаан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188