Монгол орны нисдэг тэргээр очдог цорын ганц заставын хилчдийн ажил, амьдралыг сурвалжлах томилолт өвөртлөн Хэнтий нурууны хойд, алс тайга дахь Минжийн застав руу хилчидтэй хамт нислээ. Төв аймгийн Мөнгөнморьт сумын хойхно талаас Цахарын голын эх эхэлдэг юм байна. Цахарын гол хөтөлж явсаар Минж, Цахарын бэлчирт хүрнэ. Тэндээсээ Номт, Цахар, Минж гол нийлж аваад, хойшоо хил давдаг ажээ. Ширэнгэн ойн дундуур урсах Минж голд Хэнтийн нурууны ам болгоноос урссан ус, рашаан цутгадаг юм байна. Минжийн хангайн үзэсгэлэнтэй байгалийг цас хучиж, ойн цоорхой ялгарч харагдана. Явган хүнд бол туулж хүрэмгүй энэ тайгад бид онгоцоор 50 гаруйхан минут нисээд буув аа. Бидэнтэй ахлах ахлагч Ц.Энхболд гэргийнхээ хамт хотоос ирсэн юм. Хилчин Ц.Энхболд Минжийн заставт зургаан жил ажиллаад, гурван сарын өмнө гавьяаныхаа амралтад гарахаар Улаанбаатар руу явжээ. Гэтэл ажилласан жил нь хүрэхгүй, 90 хоног сох дутсан тул гурван сар онгоц хүлээгээд, ийн заставтаа эргэн ирж байгаа нь энэ аж. Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас шилжин ирсэн залуухан хилчин, Дэд ахлагч Б.Даваажаргалын гэргий, ой гарантай хүү нь Минжийн заставт аав, ээжтэйгээ хамт үүрэг гүйцэтгэхээр “томилогдон” ирж байхтай нь бид хамт ирж таарсан юм. Онгоц буух чимээнээр заставынхаа хаалган дээр хилийн цэргүүд эгнэн жагсаад шинэхэн хилчдээ сүү, хадагтай угтлаа.
Минжийн застав гэдэг чинь Номт, Минж голын хөвөөн дээр, Баян Овоо хайрхны бараанд, ойн цоорхойд байрладаг юм байна. Хөвч тайгын “алга дарамхан” аглаг хөндийд байрлах улаан өнгөтэй, ногоон ирмэгтэй дүнзэн байшинтай хилчдийн суурин зузаан цасанд хучигджээ. Яндангаас нь хөх утаа аядуухан суунаглаж, тэнгэрийн өнгөнд уусаад яах ийхийн зуургүй алга болчих юм. Суурингийн гол цэгт байрлуулсан Монгол Улсын далбаа зогсолтгүй дэрвэж, Төрийн соёмботой шаргал модон хаалга нь дээрээсээ сүрлэг гэж жигтэйхэн харагдана. Ийм нам гүмхэн зураглалын дээгүүр ниссээр бид газардсан нь энэ.
Явган хүн үл хүрч чадах энэ тайгад хилчдээс өөр хэн ч байхгүй. Хамгийн ойрхон айл хэдэн зуун километрийн зайд бий гэнэ. Машинтай битгий хэл морьтой явахад ч бэрх, алс тайга ажээ. Минжийн заставын модон хаалгаар яваад орлоо. Заставын дарга, дэд хурандаа Б.Мөнхтүвшин хилийн манаагаа буулгаж, үүрэг өгчихөөд биднийг угтан авав. Суурингийн голын байшин руу алхаж байтал хүний бараа, техникийн чимээнээр хэдэн нохой нь боргоод сүйд, үнээний зэлэн дээр хилчин эмэгтэйчүүд саалиа авч байна. Арав гаруй дүнзэн байшин, хөрөөдөж, хагалаад өрсөн түлээ, шагайнаас дээгүүр татсан цас, төгсгөл нь үл харагдах уулсын орой, мод, ан амьтад, цасны мотоцикл, морь, монгол банхар, торох үүлгүй цэнхэр тэнгэр, сэвшээ салхи бүхэн энэ тайгын хилчдийн “өмч”. Цай унд болчихоод, төд удалгүй бид Заставын дарга Б.Мөнхтүвшинг дагаад Минжийн хангай орчмын байгалийг, хилчдийн ажлыг үзэхээр хөдөллөө. Улаанбаатар руу явах онгоц 16:30 цагт нисэх ёстой. Нисдэг тэргээсээ хоцорвол бид ирэх сар хүртэл буюу дараагийн онгоц иртэл Минжийн хангайд байхаас өөр сонголтгүй.
.jpg)
Өвлийн цагт хилчдийн гол унаа нь цасны мотоцикл. Зундаа завь, мориор хилээ хамгаална. Манайхны зарим нь цасны мотоцикл хөлөглөж, Заставын дарга Б.Мөнхтүвшин, зураглаач бид гурав морь унахаар зэхлээ. Цасны мотоциклтой хэд Номтын гол дагаад Баян-Овоо хайрхны хойгуур тойроод, Нартын энгэрт хүрнэ. Харин бид гурав Номт голыг хөндлөн туулаад товлосон газартаа очно. Дэд хурандаа Б.Мөнхтүвшин биднийг дагуулан шогшууллаа. Морины хатираан дунд “Саяхны нэг өглөө ихэр бамбаруушаа дагуулсан баавгайтай халз тулсан. Хэдэн биеэсээ цочоод өнгөрлөө. Турж эцсэн бөөрөнхий бор амьтан явж байна лээ. Хоёр бамбарууш нь модны араар ороод явчихсан. Баавгай хавар, намартаа хачин догшин байдаг юм. Намар голын эрэг, мод бутны дор идэш, тэжээлээ нуучихаад эргэлдэж байдаг. Тэгээд идэш, тэжээлийнх нь ойролцоо явсан юу руу ч дайрахад бэлэн. Харин хавар үр төлөө харамлаад сүйд болдог. Дөнгөж гурван сарын амсартай золгоод л бамбаруушаа дагуулаад ичээнээсээ гараад ирдэг юм даа. Өнгөрсөн намар Цахар, Минжийн бэлчирийн хойхно таарсан. Голын эрэг дор идшээ өмхийрүүлж, дарсан шиг байна лээ. Одоо ингээд хэсэгтээ махсаад, амьтны үр төлөөр хооллоно. Ногоо ургаж байж тэд аврагдана даа. Намартаа самар, жимсээр хооллодог юм. Халамцуу баавгай гэж сонсож л байсан биз дээ. Энэ хөвч тайгын улаан шоргоолжны үүрийг харин ч нэг дуусгах шиг болно доо. Улаан шоргоолжны үүр харахаараа хурдаараа очоод урд савраараа алгадаж, сүйтгэж аваад идээд суучихдаг юм. Идэш тэжээлээ дагаад энд, тэндгүй явна. Яах аргагүй энэ тайгын эзэн нь хөвчийн хүрэн дээ” гэв.
.jpg)
Минжийн заставын хилчид хилээ хамгаалахаас гадна Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын идэвхтэн байгаль хамгаалагчаар ажилладаг. Энэ тайгын амьтан, амьтай болгон тэдэнд хамаатай гэсэн үг. Тайгын жавар арилж амжаагүй байхад модны хаяагаар шогшуулсаар аглаг газар гараад ирлээ. Нар дөнгөж Соёлз уулын оройгоос өндийгөөд удаагүй байхад Нартын энгэрт буга, согоо идээшиж байна. Унаж явсан морьд янцгаагаад, хамар нь цоргиод жигтэйхэн. Нартын энгэрийн зүүн хаяанд цасны мотоциклтой манай хэд зогсож харагдана. Заставын дарга Б.Мөнхтүвшин бидэнд буга, согоо идээшиж, сүрэглэн байгааг харуулахаар энд авчирчээ. Тэрбээр баруун тийш заагаад “Тээр тэнд хэдэн буга сүргээ захлаад идээшилж байгааг харж байна уу. Бугын сүрэг ойн чөлөө, модны захаар байдаг юм. Нартын энгэрт нар мандах, жаргах үед буга, согоо хамгийн тааваараа идээшиж, сүрэглэн байдаг газар нь. Тун удахгүй таван сар гаргаад илийгээ дагуулсан согоо сүргийнхээ дунд давхилдана. Сүүндээ цацсан илий андашгүй. Ээжийнхээ хоёр бөөрөнд наалдчихаад, энд, тэнд нь гарч тонгочоод хэчнээн амгалан харагддаг гэж санана. Манай Минжийн хангай чинь амьтдын өлгий нутаг юм шүү дээ. Монгол орны бүх л ан амьтан энэ тайгад идээшиж, тааваараа амьдардаг. Энэ хөвч тайгыг бүрэн бүтнээр нь, амьтдыг амар амгалан байлгахын төлөө бид жилийн дөрвөн улирлын алинд ч нүд цавчихгүй харж, манаж байгаа хэрэг” гэлээ.
Нарт голын харзнаас хүртэж аваад бид цааш мордлоо. Булга, минж харзны ус руу шумбаад орсон бололтой мөсөн дээр тод мөр үлджээ. Заставын дарга Б.Мөнхтүвшин зургаан жилийн өмнө энд говиос томилогдон иржээ. Анх говиос ирэхэд тайга хачин сонин байсан гэнэ. Гэхдээ одоо хөвч тайгын хаана нь баавгайн үүр, аль хэсэг нь зэрлэг гахай, буга, хандгайн нутаг, хаана нь минж, булга, хүдэр, нохой зээх, аль уулын энгэрт хар чоно үүрлэж байгааг хүртэл гаргаахгүй болсон гэнэ. Дэд хурандаа Б.Мөнхтүвшин “Минжийн застав гэдэг чинь хилчин болгоны хүслийн газар. Амьдралынхаа зургаан жилийг энэ тайгад өнгөрүүлжээ. Улаанбаатар хот руу, нутаг руугаа жилдээ ганцхан удаа явна. Хэдхэн хоноод л тайгаа санаад эхэлнэ. Хэдийгээр хилчид, байгаль хамгаалагчид хэдэн талаас нь хамгаалж байгаа ч өөрөө эзгүй үедээ хэдэн амьтан, хөвч тайгадаа хачин их санаа зовно. Тэгээд бушуухан буцахын түүс болж, ээлжийн амралтын хугацаа, онгоцны хуваарийг хүлээж байгаа юм даа. Манайхан бүгдээрээ л адилхан зантай. Ажил цалгардана, хэн нэгэн чөлөө аваад ажилдаа ирэхгүй байна гэж байхгүй, амар газар шүү дээ. Харин хотын та нар яадаг билээ” гээд инээж байна. Заставын даргынх гурван хүүхэдтэй, хүүхдүүд нь Улаанбаатар хотод сургуульд сурч, эмээгийндээ амьдардаг. Харин эхнэр нь Минжийн заставт ажилладаг, ахлагч цолтой юм билээ.

Өнгөлжингийн даваа уруудаад, Хэнтийн нурууны хянгаар явж байтал унаж явсан морь нуруугаа хотойгоод, хүзүү, толгойгоо өндөрлөөд, догшроод эхэллээ. Хамар, самсаа нь томроод, туурайгаа товшоод нэг л биш. Урагшаа хөдөлдөггүй, арагшаа л зүтгээд байна. Гэтэл биднээс ердөө 20, 30 алхмын цаана тас хар нохой шиг амьтан зогсож байх ажээ. “Өө, танай нохой юу” гэж хэлэхийн завдалгүй өнөөх чинь чихээ сортолзуулаад тайгын гүн рүү цас манаруулаад яах ийхийн зуургүй довтолгочихлоо. Хол, хол харайсан мөр нь цасанд үлдэж, хараа үл гүйцэх зуурт алга болжээ. Айх, гайхах зэрэгцэж байх хойгуур нуруун дээр зөөлхөн цохиод, “Тайгын хар чонотой халз таардаг азтай байна шүү” гэв. Хэдхэн минутын өмнө “Минжийн заставын нохой энд дагаад иржээ” гэсэн бодол маань тайгын хар чоно болж хувирлаа. Минжийн хангайн бас нэг содон араатан бидэнд үзэгдээд өнгөрсөн нь энэ байж. Заставын дарга Б.Мөнхтүвшин “Тайгын хар чонотой олон удаа таарсан. Нэг удаа бүүр үүд, хоймрын зайтай тулж байлаа. Анх ирээд араатан болгоноос айдаг байлаа. Сүүлдээ ч дасаад, өдөж, хоргоохгүй л бол яах ч үгүй гэдгийг нь мэддэг болсон. Минжийн тайгын амьтан болгон хараа сайтай, мэдрэмж өндөртэй шүү дээ. Хар чоно сонин байгаа биз дээ. Нүд, шүд нь гялалзаад, сүрлэг амьтан. Сүргээрээ явж байгааг нь бол хараагүй. Харин саарал чоно бол сүрэг, сүргээрээ бий” гэсээр мориноосоо буулаа. Нар хэвийжээ. Хэдхэн хоногийн өмнө Заставын дарга Б.Мөнхтүвшин хилийн манаанд явж байхдаа Өнгөлжингийн давааны хойд хясаан дээрээс буга унагачихсан чонотой таарсан байна. Саарал чоно буга, согоог элдэж хөөгөөд, хадан хавцалд хашиж, унагадаг гэнэ.
.jpg)
Тайгын гүнд цас ханзрах хаа ч байсан юм. Зарим газартаа өвдөг давсан цастай байна. Дээшээ өгсөх тусам уулын ам нарийсаад байх ажээ. Минж голын эх Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Минжийн даваанаас эхэлнэ. Хэнтий нурууны ам болгоноос нь гол урсаж, Минж, Цахарын голд нийлдэг юм байна. Цас манаруулан давхиж, газар сэндийчих зэрлэг гахайн сүрэгтэй хэд хэдэн удаа туллаа. Хөвч тайгын ёроолоор сүрэг сүргээрээ давхилдаж байна лээ. Үнэг, хярс бол бишгүйдээ олон. Хандгайн цавчаа гэж айхтар эд байдаг гэнэ. Заставын дарга Б.Мөнхтүвшин “Хандгай руу хэр баргийн амьтан дайрахгүй. Хандгайн цавчаанд орсон ямар ч амьтан амьд үлдэхгүй. Тэр том амьтны хурц ирмэгтэй туурайнд өртвөл тас татуулах нь тодорхой биз. Амьтад хандгайн цавчаанаас л айж явдаг гэж ярих юм билээ. Хаа нэг хандгай дарчихсан баавгай таарч байсан гэж хүмүүс ярьдаг юм билээ. Тэгэхээр хандгайн гол дайсан нь хулгайн анчин, баавгай хоёр л байж таарна. Улаанбаатараас Зүүнхараагаар дамжиж, Минжийн даваагаар давж ирсэн машинтай дөрвөн нөхөр хандгай унагасан байгааг урд шөнө илрүүлсэн. Тийм сайхан сүрлэг амьтныг унагачихдаг мөн ч сэтгэлгүй, бөх зүрхтэй хүмүүс байна лээ. Хулгайн анчид “Алт хайж явсан” гэж байгаа юм. Бидний харснаар тоноглосон машинтай, сүрхий тооцоолж гарсан хүмүүс байсан. Хүдрийн заар л хайж явсан болов уу.
Хулгайн анчид тэрүүхний төлөө энэ хөвч тайгад дураараа явна. Хүдэр харахад гөрөөс шиг хэрнээ сүүл, бөгс нь арай өөр, хөөрхөн амьтан байдаг юм. Машин явж болдог хэсэг үнэндээ хэцүү шүү. Дуртай нь амьтан агнах гэж ирээд хэцүү” гээд толгой сэгсэрч байна. Хулгайн анчид Минжийн тайгын гүн рүү явж чадахгүй ч захаар нь эргэлдэж, багагүй зүггүйтдэг бололтой. Хилчдийн ганц хүсэл хэдэн амьтнаа бүрэн бүтнээр нь зуны дэлгэр цагтай золгуулах. Минжийн хангайн амьтад бүл нэмж, бүрэн бүтнээрээ зуны дэлгэр цагтай золгоод авбал бүх зүйл болно гэнэ. Заставын дарга Б.Мөнтүвшин “Улсынхаа хилийг бүрэн бүтэн байлгах нь бидний гол үүрэг. Сүүлийн жилүүдэд самар түүх нэрээр халхавчилж, янз бүрийн хүн явах болсон. Тэр бүгдээс л энэ тайгыг хамгаалж, ан амьтдыг эрсдэлд оруулахгүйн тулд бид хамгаалалтын захиргааныхантай хамжиж тэмцээд байгаа юм. Манай хилчид хилийн манаандаа явна, байгалиа хамгаална, заставынхаа ажлыг хийнэ, нохой, морио тэжээнэ, техник хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангана гээд яггүй ажилтай. Гэсэн ч залуус маань шантрахгүй, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж байгаа. Нэг үеэ бодвол хилчдийн хангалт, хангамж нэмэгдэж, цалин боломжийн болсон. Хилчин залуусын маань эхнэрүүд ч мөр зэрэгцэн зүтгэж, хамтдаа хөдөлмөрлөж байна. Хамгийн гол нь энэ сайхан байгалийг чин сэтгэлээрээ хамгаалж, албандаа чин үнэнчээр зүтгэж байгаа учраас тайгадаа хоргодоод байдаг байх. Ийм амгалан, аниргүй, байгалийн сайхан чинь манай Минжийн заставт л бий шүү дээ. Гэр бүл нь, өргөсөн тангараг нь, хийх ажил нь энд байхад ч түүртээд байх юу байх билээ. Хөдөөгийн бид чинь цалингаа хуримтлуулж байгаад л үр хүүхэд рүүгээ явуулна. Манай хилчдийн хүүхдүүд сурагчдын уртын амралтаараа заставтаа хүрээд ирдэг юм. Хүүхдүүд ирэхээр энэ тайга амь ороод, хэчнээн сайхан дуу шуутай, аз жаргалтай байдаг гэж санана. Улсынхаа хилийг манаж байна гэдэг ховорхон хувь тавилан шүү. Ямар азаар хилчин болоо вэ гэж боддог шүү дээ” гээд санаа алдаж байна.
Хэнтийн нурууны хяр дээрээс Заставын дарга Б.Мөнхтүвшин дуран тавьлаа. Эндээс Минжийн хангай хэчнээн сайхан харагдаж байна гэж санана. Тээр тэнд мөдхөн янзагалах гөрөөс сүргийнхээ хойно тааваараа алхалж, тайгын хаа нэгтээ хүрэн баавгай ихэр бамбаруушаасаа нүдээ ч салгахгүй, дэлхий цөмлөх нь холгүй эрхлэлдэж, чонын сүрэг нялх бэлтрэгээ дагуулаад, ан авын төлөө зогсолтгүй тэмцэж, бугын согоо сүргээсээ захлаад, илийгээ хүлээж ядаж, тэмээний эвэр “булаасан” буга эврээ хаяхаар яарч байгаа гэж бодохоор сэтгэл эрхгүй баясна. Минж рүү усны шувуудын цуваа удахгүй “зэл татна”. Ичээнээсээ гарах гэж яарсан тарвага нүхнийхээ шороог бага багаар зөөж, Минж, Цахарын бэлчирт тул загас ноёрхлоо тогтоож, заараа алдахгүйн тулд өндрөөс өндөрт, хурднаас хурдан давхих хүдрийн нутаг дэндүү амгалан байна. Тун удахгүй цас ханзарч, нялх ногоо хэнзэрч, цэцэг, навч тэнгэр тэмүүлэн ургана...
.jpg)
Цахар, Минжийн бэлчирээс бид цасны мотоцикл унаж аваад, Өвөржаргалантын рашаан руу хөдөллөө. Минж голын мөсөн дээгүүр цас манаруулан давхиж, онгоцныхоо цагт амжих гэж яарна. Шувуудын жиргээ, цасны шаржигнах чимээ, моддын мөчрийн гялбаа дэндүү тансаг ажээ. Нам гүм, аниргүй голын хөндий, ширэнгэн ой, уулс, уулсын хөндийн нугаар өдөржин явсаар Өвөржаргалантын рашаан дөхлөө. Заставын дарга Б.Мөнхтүвшин чарганыхаа хурдыг сааруулаад “Энэ хэсэгт өнгөрсөн хавар 40 эргэм насны гадаад явж байгааг дроноор илрүүлсэн. Турж, эцээд хачин болчихсон явж байсан. Хавар тулдаа хөлдчихөөгүй байна лээ. Олон хоног бэлэн гоймонгоор хооллож явсан байгаа юм. Украинаас Монголд ирээд, ОХУ-д байдаг хамаатан садан руугаа явахаар алхчихсан байгаа юм. Тайгын гүн рүү орж чадаагүй, машин явдаг замаар алхсан гэсэн үг. Магадгүй рашаан руу явж байсан машинд дайгдаад буусан ч байх магадлалтай. Тийм нэг хил зөрчигчийг илрүүлж, хуулийнханд өгөөд явуулсан. Бодоход хуулийн дагуу арга хэмжээ аваад, нутаг руу нь буцаасан байх. Яаж араатан амьтны хоол болчихоогүй юм. Хүний амь эрсдээгүй, хөвч тайга амгалан байгаад л үеийн үед баярлаж явах юм даа” гэв.
Цүнхнээс өөр ачаагүй украин эр хилчдээс “Хил давуулаад өгөөч” гээд дохио зангаар яриад, гараа хавсарчихаад гуйгаад байсан гэнэ. Бүүр “Буцаад явбал би үхнэ” гээд уйлж байсан гэнэ. Гэхдээ хуультай орон, хил хамгаалах байгууллагатай улс гэдэг өөр. Энэ мэт хил зөрчигчдийг дор нь илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авсаар байна.
Минж голыг уруудаж явсаар Өвөржаргалантын рашааны үзүүрт хүрээд ирлээ. Эндээс км хүрэхгүй газарт гэр барьсан хоёр ч машинтай отог харагдана. Харин рашааны хажуухан талд Урал загварын автомашин зогсож, утаа суунаглуулжээ. Өвөржаргалантын рашаанаас хүртэгсэд өвөл, хаврын эхэн сард олноороо ирдэг юм байна. Бүүр багадаа долоо хоног, ихдээ сараар отоглоод, өглөө болгон рашаан хүртдэг гэнэ. Рашааны ойролцоо байгаа хүмүүстэй мэнд мэдээд, дөхөөд очлоо. Машинаараа дүүрэн ундааны сав ачиж, зогсоо зайгүй л шанагаар юүлж, саваа дүүргэж байна. Тэд хоёр хоногийн өмнө энд иржээ. Жил болгон ирдэг, элэг, ходоод, дотор эрхтэнд тун сайн учраас рашаанаа уухаар ирсэн гэнэ. Тэгээд авч ирсэн савнуудаа дүүргэж аваад, маргааш буцах аж. Өвөржаргалантын рашаан гэж байгалиас гарсан ус хэрнээ суурин газрын хүнсний дэлгүүрийн лангуун дээр байдаг “Кука” шиг амттай юм.
.jpg)
Заставын дарга Б.Мөнхтүвшин “Рашааны ойролцоо хүний хөл хөдөлгөөн их. Ийм учраас өдөр, шөнөгүй л нүд салгахгүй харна. Өвөржаргалантын рашааны энэ хоолойгоос хуш модтой болоод эхэлнэ. Самарчид харин ч нэг цувна даа. Энэ жил харин самар ургаагүй сайхан амгалан байна. Таван жилийн өмнө буюу цар тахлын үед монголчууд Минжийн хангайд нүүгээд ирсэн шүү дээ. Хэдэн мянган хүн, зуу, зуун отог энэ тайгын баруун хэсгийг баллах дөхсөн. Сүүлдээ бүгдийг нь нэг дор байрлуулаад, онгоцоор хүртэл Улаанбаатар руу зөөсөн. Ёстой чанга юм байна лээ. Хүмүүсийн амьдрал үнэхээр туйлдсан учраас тийм олуулаа өвлийн хүйтэнд хэдэн сараар хөвч тайгад хүрээд ирсэн байх л даа. Гэхдээ нөгөө талаас энэ сайхан байгалийг чинь хайр, найргүй сүйтгэж байгаа юм чинь. Аль алиныг нь харах тун ч хэцүү байсан. Самарчидтай зэрэгцээд хулгайн анчид морилж байгаа юм. Гурван жилийн хугацаанд манай хилчид хоол цайгаа ууж, хувцсаа солих ч завгүй л “үзэлцлээ”. Одоо л нэг амсхийхтэйгээ болоод байж байна” гэв.
Нисдэг тэрэгний чимээ сонсогдохтой зэрэгцээд бид Минжийн заставын зүг хөдөллөө. Сүүлчийн нислэгээ үйлдэж байгаа нь бидний буцах цаг дөхсөнийг илтгэнэ. Явган хүн туулж барамгүй тайга, очиж үл чадам хөвчийн гүнийг харуулдан харуулдсаар Хэнтий нурууны хойд хормой руу бид давхилаа. Заставын үүдэнд нисдэг тэрэг биднийг хүлээж байна. Нисгэгч нь 50 орчим насны франц эр. Бугуйн цаг руугаа заагаад “Time time” гээд хашхирч байна. Заставын эмэгтэйчүүд бидэнд саванд хоол хийгээд бэлдчихжээ. Минжийн хилчид хаалганы хажууд эгнэж, жагсаад “Баяртай, дараа уулзъя. Манай нутагт намар ирээрэй. Хэчнээн тансаг, өнгө өнгийн байгаль угтана гэж санана” гэсээр биднийг үдлээ.
Хүн болгоны хүслэн болсон Минжийн хангайд нар жаргах дөхжээ. Өдийгөөс дөрвөн жилийн өмнө самар түүхээр яваад энэ тайгад 100 гаруй хоног төөрсөн Зүүнхараагийн нэгэн эмэгтэй, Сонгинохайрхан дүүргээс зарын дагуу машин барихаар явсан 58 настай эрэгтэй, Улиастайгаас хамт гарсан Уянга, Дорсмаа нарыг уншигч та санаж байгаа биз ээ. Бид тухайн үед “Хөвч тайгад төөрсөн Д.Дорсмаа бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” цуврал тэмдэглэлийг уншигч танд хүргэж байсан билээ. Тэд хөвч тайгад самар түүхээр дүн өвлийн хүйтэнд ирээд, зуны дэлгэр цаг хүртэл төөрч, тэмцэж явсаар арай гэж амьд үлдсэн байдаг. Шавилхан биетэй гурван эмэгтэй, тамир тэнхээ нь тасрах дөхсөн эр амьдрах, амьд гарахын төлөө хэчнээн тэмцэж, энэ балар тайгыг туулж барсан бол гэхээс сэтгэл хөндүүрлэнэ.
.jpg)
Тэртээ дор цасан шуургыг сөрж, хэнхдэг цээжээрээ цас туучин давхих хоёр хандгай хэчнээн сүрлэг харагдаж байна гэж санана. Онгоцны чимээнээр тайгын гүн рүүгээ хурдалсаар давхиж яваа нь сүрдэм гэж жигтэйхэн. Урдхан талд яваад өнгөрсөн саарал чонын сүргийн гэрэл зургийг нь дахин дахин харж дуу алдсаар явна. Хязгаар нь үл харагдах хөвч тайгын амьтан болгоны амар тайвны төлөө өдөр, шөнөгүй зүтгэх хилчдээр бахархаж сууна. Монгол Улсын хилийг ан амьтан, байгальтай нь бүрэн бүтэн байлгахын төлөө залуу халуун насаа зориулж, чимээгүйхэн атлаа шантралгүй төдийгөөс өдий хүртэл зүтгэж байгаа хилчиддээ талархаж байна. Монгол орны минь хойд хязгаарт ийм тансаг, яаруухан нутаг амьтан болгоныхоо үр төлийг “өлгийдөж” авах гээд жавраа “хөөгөөд” сэвэлзэж байна. Минжийн хангай гэдэг амьтан болгоны жаргалын, хүн болгоны хүслийн газар ажээ.
| МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС... |
|
Синдерелла мэс заслын эмнэлэг: Манайд нүдний сүв гэмтээсэн талаар ямар ч гомдол ирээгүй
2025-12-01 14:43:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан" жүжгийг дөрвөн өдөр дахин толилуулна
2025-12-01 14:16:34
Эрүүгийн 11 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2025-12-01 14:08:06
ТАНИЛЦ: Арван хоёрдугаар сард тоглогдох үзвэрийн хуваарь
2025-12-01 14:06:45
2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аваргын тэмцээн Монголд болно
2025-12-01 13:42:31
Өнөөдөр олон улсын ХДХВ, ДОХ-той тэмцэх өдөр тохиож байна
2025-12-01 13:31:43
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчин өндөр эрсдэлтэй түвшинд байна
2025-12-01 12:12:41
П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг тоглох хуваарь
2025-12-01 11:27:13
Он гарснаас хойш ХДХВ-ний халдварын тохиолдол 36-гаар нэмэгджээ
2025-12-01 11:13:24
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
2025-12-01 10:02:29
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлагаар ажиллаж, 31 хүний амь насыг авран хамгааллаа
2025-12-01 09:52:25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийхээр Итали Улсад хүрэлцэн ирлээ
2025-12-01 09:44:22
МИНЖИЙН ХАНГАЙН ХӨВЧ ТАЙГААС...
2025-12-01 08:00:00
ЧЕРНОБЫЛИЙН АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ДЭЛБЭРЭЛТЭД ӨРТСӨН 29 ХҮҮХДИЙГ ГҮҮНИЙ СААМ, ЧАЦАРГАНЫН ШҮҮСЭЭР ХООЛЛОЖ, АМИЙГ НЬ АВАРСАН Л.ПАГМАДУЛАМЫН ТҮҮХ
2025-12-01 07:00:29
ТӨВ БАНКАНД ҮҮРЛЭСЭН БИЗНЕСГҮЙ ТЭРБУМТНУУД, ТОМЧУУДЫН ТАВИУЛУУДЫГ С.НАРАНЦОГТ ЦЭГЦЛЭХ ҮҮ
2025-12-01 07:00:00
БАЯР НААДМЫН ХУУЛИАС ӨӨР УРДАА БАРИХ ХУУЛИЙН ТӨСӨЛГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮД ИЧИГ
2025-12-01 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ДҮР БҮХЭН СОРИЛТ БАЙДАГ
2025-12-01 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: ТРАУМА КИНОНЫ ХҮСЛЭНГИЙН ДҮР ГЭР БҮЛИЙН САЛАЛТ ХҮҮХДЭД ХЭРХЭН ХҮНД НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА
2025-12-01 07:00:00
Ж.ПҮРЭВСҮРЭН: Монгол эхнэрийн хувцас, үсийг дотоод бясалгалаас минь төрсөн хээтэй уялдуулан барималдаа шингээсэн
2025-12-01 07:00:00
Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Волейболын би биш, бид гэсэн зорилго нь амьдралд ч чухал
2025-12-01 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ЭРХТЭН ХУРЦ БОЛНО
2025-12-01 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -24 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-12-01 06:00:00
Б.ГОНЧИГСҮРЭН “АБУ ДАБИ-2025 ГРАНД СЛАМ”-ААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2025-12-01 00:12:53
Д.Номинзул “Абу Даби-2025”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2025-11-30 18:24:12
2025-11-30 18:19:31
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо
2025-11-30 14:55:28
Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 81 хувь нь томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй байна
2025-11-30 14:40:22
Гал түймэр унтраах, аврах 86 дугаар анги шинэ байртай боллоо
2025-11-30 13:30:38
Ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх арга замууд
2025-11-30 13:00:00
Томуу, томуу төст өвчний үед гэртээ хийх эмчилгээ
2025-11-30 12:05:32
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хохирол өсөн нэмэгдэж байна
2025-11-30 11:59:47
Өвлийн элсэлтийн шалгалт арванхоёрдугаар сарын 4-нд Монгол хэл бичгээр эхэлнэ
2025-11-30 11:57:12
ИРЭХ САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
2025-11-30 11:00:00
Х.Баттулга (IJF Executive Member & Education Director) боллоо
2025-11-30 09:56:10
Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл нар “Абу Даби-2025”-д өнөөдөр барилдана
2025-11-30 09:50:17
САЯХНЫГ ХҮРТЭЛ “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГ МОНГОЛЫН ДАЙСАН ЯВЛАА, ХАРИН ОДОО ХҮҮТЭЙГЭЭ, ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ТӨСӨЛТЭЙГӨӨ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД ОРЖЭЭ
2025-11-30 07:00:52
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-11-30 07:00:00
АН-ЫН ЭКС ДАРГА Л.ГАНТӨМӨР НАМЫНХАА “АЖИЛГҮЙЧҮҮД”-ИЙГ ТӨРД ИНГЭЖ ШАХЖЭЭ
2025-11-30 07:00:00
Э.ЭНХ-АМАР: ASIA PACIFIC CUP ТЭМЦЭЭНИЙ АВАРГА БОЛСОН АНХНЫ МОНГОЛ БАГИЙН ТАМИРЧИН ГЭДГЭЭРЭЭ БАХАРХАЖ БАЙНА
2025-11-30 07:00:00
БАЯРЛАЛАА, И.МИШЭЭЛ
2025-11-30 07:00:00
Д.ЖАМСРАН: НҮҮРНИЙ АРЬСАА БААВГАЙД ХУУЛУУЛЖ, 200 ГАРУЙ ОЁДОЛ ТАВИУЛЧИХААД АМЬД ҮЛДСЭН ГЭХЭЭР ХҮМҮҮС ГАЙХДАГ
2025-11-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |