-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бие даасан тоглолтоо хийх тов гарсан шүү дээ. Тоглолтын бэлтгэлтэй тун завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна уу?
-Тогололтоо хийх шийдвэрээ богино хугацаанд гаргасан. Намайг дэмждэг сонсогчдоос маань уран бүтээл, тоглолт хийх хүсэлт ирсэн учраас тоглолтоо хийхээр шийдсэн. Ирэх жилийг хүлээх хэтэрхий хол санагдсан юм.
-Уран бүтээлдээ эргэн орж, дуунуудаа бэлдэж эхлэхээр ямар санагдаж байна?
-Анх эхэлж байх үед хийсэн дуунуудаа дахиж сонсоход “Би энэ дууг хийсэн билүү” гэж бодогдсон. Бясалгал хийж, багшилж байсан болохоор бүр ч өөр сонсогдсон байх. Тухайн үед шилжилтийн насны хүү байсан учраас тийм эмо хайрын дуу бичдэг байсан бололтой. Буцаад тайзан дээр гарна гэж бодохоор анх удаа юм шиг л сандарч, догдолж байна.
.jpeg)
-Дуу хөгжмөөс нэлээн удаан хөндийрлөө шүү дээ. Дахин тайзан дээрээс сонсогчидтойгоо уулзах гэж байна, хэр догдлолтой байна?
-Уран бүтээлч болсноосоо хойш нэлээн удаан хугацааны дараа дахин тайзан дээр гарахаар бэлдэж байгаа учраас бүгд сонирхолтой байна.
-Энэ удаагийн тоглолтынхоо хамгийн онцлог зүйлүүдийг юу байхаар төлөвлөж байгаа вэ?
-2020 оноос хойш бие даасан тоглолт хийгээгүй. Мөн удаан хугацааны завсарлагын дараа хийж байгаа тоглолт учраас онцлог болж байгаа байх. Энэ удаагийн тоглолтынхоо бүх дууг амьд хөгжимтэй дуулна, үүнээс гадна үнэхээр олон дуу дуулахаар төлөвлөж, бэлдэж байна.
-Завсарлага авч байх үедээ өөрийгөө өөрөөр харж, олж нээсэн байх. Таны хувьд завсарлага хэр үр дүнтэй байсан бэ?
-Залуу хүмүүст өөртэйгөө, ганцаараа байх хэсэг хугацаа хэрэгтэй, ядаж нэг жил. Учир нь, амьдрал үнэхээр хурдан, яаруу, түрэмгий. Бүх зүйл рүү урсаад орчихдог, яг л загас шиг. Одоо бол “Би юу хийж байсан билээ, одоо яах билээ” гэж бодогдоод амьдралаа удирдаж эхэлж байна. Хүн бүр хэлдэг шүү дээ “Өөрийгөө таних, олох хэрэгтэй” гэдэг. Бясалгал, багшаар ажиллаад амьдралыг харах үзэл нь өөр болдог юм билээ.
-“Өөрийгөө таних, олох” гэж ярилаа. Та энэ хугацаанд өөртэйгөө хэр сайн танилцав?
-Үгүйсгэлээр өөрийгөө цэнэглэчихсэн, бүх зүйлийг үгүйсгээд өөрийгөө зөвтгөөд байсан юм билээ. Гуравдагч нүднээс өөрийгөө харж үзсэн. Найзуудынхаа найз нь байж чадсан уу, гэр бүлийнхээ өмнө хүү нь, сонсогчдынхоо өмнө Sash нь байж чадсан уу гэдгээ бодож үзсэн. Тэгж болсны үндсэн дээр уран бүтээлдээ эргэн орохоор шийдсэн.
-Иогын багш болсон талаараа ярьж болох уу. Танаас огт өөр чадвар, хариуцлага шаардсан байх?
-Анх багш болно гэж бодоогүй ээ. Бясалгал хийх гэтэл зөвөөр зааж, зөвлөх хүн байгаагүй. Эгч маань иогийн багш, эмээ маань зургаан жил энэ спортоор хичээллэж байгаа. Гэр бүлийнхнийхээ зөвлөсний дагуу сургалтад очтол багшийн сургалт байж таарсан. Нийт хоёр сургалтад суусан, одоо бол багш болохоор бэлдэж байгаа хүмүүст хичээл заадаг багш болсон.
-Уран бүтээлийнхээ хажуугаар иогийн багшаар ажиллах уу?
-Аль алиныг нь хослуулах бодолтой байгаа. Өөрийгөө чадахаараа завгүй байлгана. Хүн тэгээд завтай байх үедээ элдэв зүйлийн талаар боддог болчихдог юм билээ.
-Анх яагаад уран бүтээлч болохоор шийдсэн юм бэ. Дуу хийх эхлэлийг хэзээ тавьсан бэ?
-Дуучин болно гэж бодож байгаагүй ээ. Тухайн үед хоёр найз маань дуу хийдэг байсан юм. Нэг удаа студи дээр нь хамт очоод дууных нь хэсэг дээр хамт дуулахаар болсон юм. Гэтэл найзуудынх маань сайхан сонсогдож байхад минийх миний төсөөлсөн хэмжээнд хүрээгүй. Тиймээс студийнх нь дугаарыг авч байгаад бүтэн дуу ганцаараа бичүүлсэн.
-Хүмүүс уран бүтээлч, иогийн багш гэдгийг нь мэднэ. Тэгвэл багаасаа дуу хөгжим дуртай хүүхэд байв уу, ямар мэргэжилтэй бэ?
-Би төгөлдөр хуур тоглодог байсан. Хуулийн чиглэлээр суралцсан. Өөр нээх сонирхолтой амьдрал байхгүй ээ. Sash л миний хамгийн сонирхолтой амьдрал. Одоо ч гэсэн боддог тэр үед уран бүтээл хийж эхлээгүй байсан бол юу хийж байх байсан бол гэж.
-Шинэ цомогтой эргэн ирж байгаа гэсэн. Тэгвэл анхны цомгоо гар дээрээ авч байх үед юу бодогдож байсан бэ?
-Цомгоо хийх үйл явц нь хурдан болж өнгөрсөн. Хэвлүүлж байгааг нь мэдэж байсан ч гар дээрээ авах үед хүүхэдтэй болж байгаа юм шиг санагдсан. “Энэ цомгийг би хийсэн, энэ дотор миний түүх байгаа” гэж бодохоор шинэ хүүхэд өлгийдөж авч байгаа мэт, хүүхэдтэй болж үзээгүй л дээ. Гэхдээ адилхан мэдрэмж.
-Уран бүтээл хийх үедээ тодорхой нэг сайхан мэдрэмж авдаг учраас дахин, дахин хийх хүсэл төрдөг байх. Таны хувьд дуу хөгжмөөс юу мэдэрдэг юм бэ?
-Догдлол л байдаг даа. Дуугаа бичүүлэхээсээ өмнө “Яг л ийм дуу болно, ингэж хийнэ” гээд төсөөлчихдөг. Дуугаа бэлэн болсны дараа өдөр, шөнөгүй сонсоно. Дараагийнхаа уран бүтээлийг хийхдээ өмнөхөө жаахан голж, үүнээсээ илүүг эсвэл илүү онцгой, шинэ зүйл оролдож дуу хийхийг хүсдэг. Ер нь тэр чигтээ догдлол байдаг даа.
-Та эхэнд “Олон эмо дуу хийжээ” гэсэн шүү дээ. Тэр үеийн өөрийгөө тэр сайн уран бүтээлч байж гэж бодсон бэ?
-Өсвөр насны эрэгтэй хүүхдүүдэд байдаг мэдрэмжээр дуугаа хийсэн санагдсан. Юмаа гаргаж ярьдаггүй дотогшоо хүүхэд байсан байх. Тийм учраас тэр үгнүүдийг бичсэн байх.
-Хүн бүрийн амьдралд эргэлтийн цэг гэж байдаг шүү дээ, сайн эсвэл муугаар тохиолддог ч тэр үед хийсэн сонголтоос шалтгаалаад амьдрал нь өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Таны хувьд тийм эргэлтийн цэг байсан уу?
-Багш болоод хоёрдох сургалтаа төгссөнийхөө дараа суугаад бодсон юм. Тэр үед студи руу дагуулж явсан найзынхаа дуудлагыг аваагүй бол эсвэл найзуудад маань намайг дуулуулах санаа төрөөгүй бол юу болох байсан бол гэж. Айлын ганц хүүхдийн хувьд хүрээлэл найзууд нь чухал үүрэг гүйцэтгэдэг юм шиг санагддаг. Үлгэр дуурайлал авах ах, эгч байхгүй учраас найзуудаасаа олон зүйл сурдаг. Найзууд маань тэр чигтээ миний эргэлтийн цэг байсан бололтой.
-Таны дараагийн зорилго, мөрөөдөл юу вэ?
-Сурсан зүйлсээ илүү сайжруулахыг хүсэж байна. Монголд өөрийнхөө сурсан зүйлсийг заах бодолтой байгаа. Намайг танихгүй ч надад итгэж, уран бүтээлийг минь сонсдогт баярлаж байгаа. Тийм хүмүүс байгаа учраас өөрийгөө хариуцлагатай байх ёстой гэж боддог болсон.
| SASH: УРАН БҮТЭЭЛЧ SASH БОЛ МИНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АМЬДРАЛ |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |