Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар багийн нутаг Минжийн хангай гэх газар нэр бүхий дөрвөн хүн самар түүхээр яваад сураггүй болсон тухай мэдээ монголчуудыг цочроосон. Улмаар сайхан сэтгэлт монголчууд эрвийх, дэрвийхээрээ хандив цуглуулж төрийн байгууллагын нисдэг тэргийг хөлслөн сураггүй болсон дөрвөн иргэнээ эсэн мэнд олж авсан байдаг. Харин тэднийг олдсоноос хойш бид өнөө л мартамхай зангаараа тэднийг ч мартаж орхисон. Харин миний толгойд “Тэд хэчнээн хоног, ямар урт замыг хоол, хүнсгүй, цөхөрч туулсан бол” гэх бодол эргэлдсээр байв. Учир нь, тэд дүн өвлийн хүйтэнд гарч, жимс боловсрох цагаар харьдаг мянга, мянган самарчдын төлөөлөл. Самарт явсан хүн бүхэн үзэж, туулснаа яриад байдаггүй нь цаанаа л нэг учиртай санагддаг юм. Минжийн хангай орчим хоёр сар хоол, хүнсгүй байж, сар гаруй хугацаанд төөрч, туйлдаж явсан Д.Төмөртогоогуайтай ярилцсанаа уншигч танд хүргэе. Өдгөө 58 настай түүний ярианд худал хуурмагаас илүүтэй ядарсан монгол түмний бодит амьдрал тодрох болно.
-Танаас сайн явж ирэв үү гэж асуух нь зохимжгүй байх. Эсэн мэнд ирсэнд тань баяртай байна?
-Тийм дээ. Өдий наслахдаа ийм зүйл үзнэ гэж зүүдлээч үгүй явлаа. Ах нь одоо 58 настай хүн. Ууланд төөрч, сар гаруй хугацаанд “сармагчин” шиг амьдарна гэж хэн ч бодохгүй шүү дээ.
-Самарт явсан дөрвөн иргэн сураггүй болоод 20 дахь хоногтоо олдлоо л гэж дуулсан. Тэгэхээр түүнээс ч урт хугацаа байх нь ээ?
-Эхлээд ч өдөр хоногоо тоолоод сүрхий л байсан. Өлөн ходоод, нойтон хувцастай, шигүү ой, эгц хавцал дунд хүн өдөр хоногоо ч алддаг юм байна. Гэхдээ тэнэг хүн биш хэдий удсанаа мэдэлгүй яах вэ. Бид лав нэг сар гаруй хугацаанд төөрч явсан.
-Хоёулаа Улаанбаатар хотоос гарснаас тань эхлээд ярьвал уншигчдад ойлгомжтой болох байх?
-За тэгье. Ах нь даралт өндөр, жаахан муу ярьж байгаа шүү. Өнгөрсөн гурван сарын эхээр 1900-1950 лавлахаас н.Мөнхсайхан гэдэг хүний дугаарыг авч ярьсан. Жолооч ажилд авна гэсэн зар өгсөн байсан юм. Залгаад “Би 58 настай хүн. Энэ ажилд чинь тэнцэх юм болов уу даа” гэж асуусан. Гэтэл тэр хүн “Өө зүгээр, хоёулаа нас чацуу юм байна. ЗИЛ-131 барьж чадаж л байвал хамаагүй. Би чамд нэг сарын хоёр сая төгрөгийн цалин өгнө. Гурван сар орчмын хугацаатай л явах байх шүү. Зургаан сарын 1-н гэхэд ирчихнэ. За тэгвэл хоёулаа тохирлоо шүү” гэж хэлээд тасалсан. Коронавирусээс болж ажилдаа явж чадахгүй байсан болохоор "Хэдэн төгрөг нь ч гэсэн нэмэр юм даа" гээд явахаар шийдсэн. Хоногийн хоолгүй болчих гээд хөл хорионы үе ч “чанга” байсан. Тэгээд л өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд Улаанбаатараас хөдөлсөн.
-Хотоос гараад шууд уул руугаа гарсан хэрэг үү?
-Үгүй ээ. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа орж хоносон. Тэгээд маргааш өглөө нь самар түүх газар руугаа явсан.
-Зүүнхараагаас гарахдаа л хэцүү замыг туулаад эхэлсэн байна. Хаврын урь орчихсон байсан болохоор жиндэх нь бага байв уу?
-Хаврын урь орох гэдэг чинь эхлээд говь, талд мэдэгддэг эд. Харин хангайд, тэр дундаа сүр бараатай ууланд бол нэлээд хожуу ирнэ. Бид машинаа суух тоолонд гарч шавар ухна. Замгүй газар, бэлхүүсээр татсан цасан дунд явсаар байгаад сүүлдээ өмд тэр чигтээ хөлдөх шиг л болсон. Хотоос хөдлөхөд н.Мөнхсайхан “Зам харгуйд санаа зовох хэрэггүй ээ. Ямар ч саадгүй сайхан яваад очих газартаа хүрчихнэ” гэж байсан боловч үнэндээ тийм байгаагүй.
-Та өмнө нь самарт явж байв уу. Хэдэн отгийн, хэчнээн хүн явсан бэ?
-Эхэндээ хоёр отгийн хорь гаруй хүн байсан. Тийм ч олон хоноогүй байхад зэхэж очсон хоол, хүнс маань дууслаа. Тэгээд н.Болд гуай бид хэд Бугант руу орж хүнс цуглуулаад буцаж ирсэн. н.Болд гэдэг нь намайг ажилд авсан н.Мөнхсайханы ураг төрлийнх нь ах юм шүү. Хэдий дахиад хүнс авч ирсэн ч тэр олон хүнд юу болох вэ дээ. Нэг л мэдэхэд хоолгүй болчихсон байлаа. Биднийг ажиллуулж байгаа болохоор санаа зовдог бололтой н.Болд гуай уралаа унаж, хүнс бэлдэхээр явсан. Тэгээд эргэж ирээгүй. Сүүлд сонсох нь ээ, машин нь Эгийн голд гацчихаад наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон юм байна лээ.
-Хоолгүй хэчнээн сар болсон гэсэн үг вэ?
-Хүнсгүй болоод тийм ч удаагүй ээ. н.Болд гуай нисдэг тэргээр хоол, хүнс авч ирж өгсөн. За байз, зургадугаар сарын 1-н шиг санагдана. Бидний нар гарч, таван шуудай гурил, нэг шуудай будаа, 40 килограмм махтай болсон.
-Хүнсээ онгоцоор зөөж, та нарыг ч онгоцоор хайна гэхээр н.Мөнхсайхан гэдэг хүн багагүй мөнгөтэй хүн байх нь ээ?
-Хэн мэдэх вэ. Тэр онгоц ч яах вэ хүргэнийх нь юм гэсэн. Хүргэн нь нислэг үйлддэг хувийн онгоцтой гэх шиг болсон.
-Амьд мэнд ирсэн болохоор тань “айдгаа авдрандаа хийсэн” байх гэж бодсон юм. Гэтэл та хэн нэгнээс эмээгээд тухайн нөхцөл байдлаа хэлж чадахгүй байх шиг байна?
-Айж, эмээсэн зүйл ч алга л даа. Хүнд гайхуулаад байх эд биш болохоор нь дурамчхан байлаа. Ер нь энэ тухай яриад байх хэрэг байна уу даа, хүү минь.
-Танд үнэхээр хэцүү байвал та ярихгүй байж болно оо?
-Хүнсэнд явснаас нь хойш тавдугаар сарын 7-нд хоол дууссан. Зургадугаар сарын 7-н хүртэл сар орчим хугацаанд хоолгүй байсан. Яг ч хоолгүй гэж хэлж болохгүй ээ. Хөөрхий минь, буян гомдчихно. Будааны шүүсээр амталсан зутан зуурч идэж л голоо зогоосон. Зууханд галлаж, хариугүй нимгэн гамбир хайрсан болоод л иднэ. Үлдсэн жаахан будаа, гурил л аминд орсон. Бидний сар орчим хугацаанд өл залгасан будаа, гурилыг олон хүүхэдтэй айл нэг оройдоо л идчихнэ.
-Уучлаарай нэг л ойлгомжгүй байна. Төөрчихсөн байгаа нь тэр үү, эсвэл отгоороо байгаа хэрэг үү?
-Хоёр отгийн хорь гаруй хүн байгаа хэрэг. Бид хэдий хоол хүнсгүй ч самраа түүж, хураасаар л байлаа. Өнөө Болд гуайтай урал жолоодож явсан н.Дорж гэдэг залуу Эгийн голд машинаа гацаачихаад сэлбэг авна гэж Болд гуайгаас зургаан сая төгрөг, тэр хавийн хүмүүсээс гурван сая төгрөг аваад зугтчихсан байгаа юм. Одоо Улаанбаатарт л яваа сурагтай. Болд гуай аргаа бараад нэг залууд буу үүрүүлээд бид нарт хэл өгөхөөр явуулсан юм билээ. Тэр залуу нь гурван өдөр, гурван шөнө явсаар амьтай голтой юм ирсэн. Ирсэн даруйдаа “За, та хэдийг өөрсдөө буугаад ир гэж байна. Машин таг гацаж, жолооч нь бултсан. Одоо бууцгаая” гэж хэлсэн.
Овлигогүй жолооч нь арав орчим сая төгрөг халааслаад зугтаж, харин хоцорч үлдсэн хэд нь хоолгүй болсон нь энэ аж. Чухам эндээс л тэд цувж, цуглаж явсаар төөрсөн аж. Хаашаа ч харсан хөвч ой, хаа нэг таарах гүн хавцал, хадан хясаа, цөн түрж эхэлсэн мөстэй гол гээд тэдний явах замыг саад бэрхшээлээс өөр юу ч тоссонгүй. “Төөрсөн хүн чинь нэг явсан газартаа буцаад хэд хэдэн удаа очдог юм байна” гэж хэлэхдээ нүдээ анин, алга хавсран залбирах нь “Тэр хар бараан өдрүүдийг зүүдэндээ ч харахгүй юм сан” гэх шиг сэтгэл өвдөм харагдаж байлаа.
-Хоёр отгийн, хорь гаруй хүн тэндээс хөдлөхдөө л нэгнээ гээсээр явж дээ?
-Хүний олонд идэр залуу, бие муу гээд олон янз бий. Жишээ нь, 60 дөхсөн би залуучуудын хөлийг гүйцнэ гэж байхгүй. Миний түрүүнд тав, ард дөрвөн хүн явж байсан. Ард яваа хэд хоцроод л байгаа харагдсан. Би машиныхаа туулж ирсэн замыг бараадаад л алхаад байлаа. Нэг л мэдэхэд хэдэн биенээсээ төөрөөд дөрвүүлээ үлдчихсэн.
-Тантай хамт гурван эмэгтэй үлдсэн байсан. Хаана хоног төрүүлж, хэрхэн амьдарч байв?
-Одоо бодох нь ээ, зургадугаар сарын 7-ноос хойш гэхээр дахиад сар гаруй хугацаанд хоолгүй явсан байгаа юм. Үндсэндээ дөрвүүлээ үлдээд сар гаруй хугацаанд төөрсөн. Явах замдаа нэг хуучин майхан олж, түүндээ л хоног төөрүүлж байлаа. Өмнө нь отоглож байсан самарчдын л эд байх.
-Нөгөө жаахан будаа, гурилаас нь үлдсэн байв уу. Дөрвүүлээ үлдэхдээ яг ямар хүнстэй байсан бэ?
-Юу ч байхгүй. (хэсэг дуугаа хураав). Уулын оройгоос бэл рүү буух тусам самар, жимс харагдах аа ч больдог юм байна лээ. Майхан олдог газраасаа нэг жижигхэн тогоо олсон юм. Тэрэндээ ус буцалгаж, таван салаа, бор толгой буцалгаж идсэн. Хамгийн тансаг, хамгийн өег хоол тэр л байлаа. Бас их гашуун амттай, шүүс ихтэй айраг гэдэг ургамал хандалж иднэ. Өглөө нэг л идчихнэ. Ядарч, тамирдах үед халуун юм уухаар өөр байдаг юм билээ. Тэр хавьд самарчдын “Кука” гэж нэрлэсэн рашаан байдаг юм. Сайхан тунгалаг устай. Амт нь яг л дэлгүүрт зарагддаг кука гэсэн үг. Эргэн дахин буцсанд олон шалтгаан бий. Минжийн гол үерлээд гаргадаггүй. Би нэг удаа хөл алдаад живж, үхэнгээ дөхсөн. Бүгдээрээ усны гутлаас өөр солих юмгүй болохоор бөөр, нуруу ямар байсан нь тодорхой. Тэр үед бидний дээгүүр нэг онгоц ниссэн юм. Байдаг чадлаараа хашхирч, мөн ч их далласан даа. Яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Саарал өнгөтэй онгоц л нисээд өнгөрсөн. Тэгээд хоорондоо “За ямартай ч харсан байх. Одоо буцаад ирнэ дээ” гэж ярилцаж байснаа санаж байна. Итгэл найдвараа алдахгүйн тулд нэгнийгээ тайтгаруулж байсан хэрэг.
Тэр үед бидний дээгүүр нэг онгоц ниссэн юм. Байдаг чадлаараа хашхирч, мөн ч их далласан даа.
-Гэхдээ хүн амьд үлдэхийн төлөө юуг ч хийдэг байх. Та зурам, туулайнаас эхлээд хээрийн амьтан идэж байв уу?
-Хүү минь, хөгшин надад гүйцэгддэг туулай гэж юу байхав. Нөгөөдүүл маань ч дандаа бүсгүйчүүд болохоор ямар амьтан агнах билээ дээ. Гал гаргах ганц толгой шүдэнзтэй явсан тулдаа осгож үхээгүй. Бид байгалийн цэнгэг ус, баян хангайн өвс ургамлаар л амьдарсан.
-Итгэл найдвараа алдахгүйн тулд гэхээр та их цөхөрсөн болов уу. Ар гэрийнхнийгээ бодохоор хэцүү байсан уу?
-Хань бид хоёр ганц охинтой. Охин минь бидэнд хоёр сайхан хүү, нэг охин төрүүлж өгсөн. Гурван хүүхэд минь нүдэнд харагдаад “Өвөө нь заавал очно оо” гэж өөртэйгээ ярьдаг байлаа. бид орой болгон түүдэг гал асааж, бороонд норсон хувцсаа хатааж суухдаа “Үрсийн минь буян заяа түшнэ” гэж ярилцдаг байсан юм. Үнэхээр л түшсэн дээ, түшсэн.
-Минжийн даваа орчим хулгайн анчин ихтэй гэж сураг сонсож байсан. Та нартай нэг ч хүн таараагүй юу?
-Тийм яриа байдаг л юм билээ. Гэхдээ бидэнтэй хэн ч таараагүй. Хүний мөрөөсөл болсон хүмүүс чинь хулгайч нь ч бай, зүгээр нь ч бай баярлана биз дээ. Эзгүй хөвч дунд хөхөөн шувууны дуу хүртэл хань болдог юм шүү дээ. Тэгтлээ их ганцаардаж, мухардана гэдэг хүсээд байхаар эд биш ээ.
Д.ТӨМӨРТОГОО: Сар гаруй хугацаанд таван салаа, бор толгой зэрэг ургамал буцалгаж идсэн. Хамгийн тансаг, хамгийн өег хоол тэр л байлаа |
|
2025-05-12 18:49:11
2025-05-12 15:21:19
2025-05-12 15:00:00
2025-05-12 14:49:56
2025-05-12 14:11:56
2025-05-12 13:54:30
2025-05-12 13:00:00
2025-05-12 12:32:51
2025-05-12 12:01:49
2025-05-12 11:30:00
2025-05-12 10:54:27
2025-05-12 10:12:27
2025-05-12 10:11:12
2025-05-12 10:00:00
2025-05-12 09:59:59
2025-05-12 09:40:06
2025-05-12 09:26:35
2025-05-12 09:26:21
2025-05-12 09:23:40
2025-05-12 09:05:09
2025-05-12 08:06:00
2025-05-12 07:35:33
2025-05-12 07:13:16
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 07:00:00
2025-05-12 06:00:00
2025-05-12 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |