• Өнөөдөр 2024-04-29

ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР

2024-02-29,   616

Сүүлийн үед БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга олны анхаарлыг татаж байна. Энэ санаачилгад хөрш Монгол улс ямар оролцоотой байгаа талаар Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачдын боловсруулсан мэдээллийг хүргэж байна.

          Аюулгүй байдал судлалын хүрээлэн нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх гадаад хүчин зүйлс, дэлхий дахин, бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлтийн талаар эрдэм шинжилгээ, бодлогын судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээ хийх, төр, засгийн байгууллагуудын шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан төрийн өмчит тинк-танк юм.                    

 ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР

 Монгол Улсын “Хөгжлийн зам” хөтөлбөр, БНХАУ-ын “Нэг бүс, нэг зам” санаачилга, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо” хэмээх тус тусын бодлогоо Монгол, Орос, Хятад гурван тал хооронд нь уялдуулан холбож, эдийн засгийн хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр 2016 онд тохиролцсон билээ. Үүний дагуу эдийн засгийн коридор (ЭЗК) байгуулах хөтөлбөр байгуулсан ба тус хөтөлбөрийн гол биежилт нь ЭЗК-ын 32 төсөл билээ. Даяаршил хумигдах хандлагатай өнөөгийн нөхцөл байдалд бүс нутгийн эдийн засгийн үйл ажиллагаа илүү чухал байх хандлагатай. Иймээс манай улсын хоёр хөрштэйгөө хэрэгжүүлж буй ЭЗК-ын төслийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийлээ.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах талуудын эрх бүхий байгууллага:

Монгол Улсын Гадаад харилцааны яам 

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам

БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо

Эдийн засгийн коридорын хэрэгжилтийн явц

Хөтөлбөр ба 32 төслийн тухай: ЭЗК-ын хөтөлбөр үндсэн хэсэг болон хавсралт хэсгээс бүрдэх бөгөөд үндсэн хэсэгт хөтөлбөрийн зорилго, хамтын ажиллагааны чиглэл, зарчим, төслүүдийн санхүүжилт, хэрэгжүүлэх механизм зэргийг тусгасан. Хавсралтад нийт 32 төслийг тусгасан юм. Үүнд:

Зам, тээврийн салбарын төсөл – 13

Аж үйлдвэрийн салбарын төсөл – 2

Хил, гааль, хорио цээрийн чиглэлийн төсөл – 5

Эрчим хүчний салбарын төсөл – 1

Байгаль орчны салбарын төсөл – 3

Шинжлэх ухаан, технологи, боловсролын салбар төсөл – 3

Хүмүүнлэгийн чиглэлийн төсөл – 3

Хөдөө аж ахуйн салбарын төсөл – 1

Эрүүл мэндийн салбарын төсөл – 1 байдаг.

ЭЗК-ын хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршино хэмээн тодорхойлсон.

Төмөр замын коридорын төслүүд ба хэрэгжилтийн явц

ЭЗК-ын хөтөлбөрт тусгагдсан 32 төслөөс 7 нь төмөр замын тээврийн дэд бүтцийн чиглэлийг хамаарч буй.

Төмөр замын төв коридор: Төв коридор хамгийн өндөр эдийн засгийн ашиг өгөх тооцоотой гарсан. Тээврийн дэд бүтцийн ажлууд дотор төмөр замын төв коридорын шинэчлэлийн ажил хөрш хоёр улсын дэмжлэгийг авч байгаа. Коридорын Монголын нутаг дэвсгэр дэх хэсгийг шинэчлэн хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусгасан. Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх нь Монгол, ОХУ, БНХАУ-д тус бүр тус бүрдээ өөр эерэг үр дүнг эдийн засагт авчирна хэмээн тооцоолж байна.

Монгол Улсын хувьд төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх нь дамжин өнгөрөх ачаа тээврээс олох орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тээврийн өндөр өртөг Монголын бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бууруулж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хумиж байна. ОХУ-ын хувьд нэг талаас Сибирийн бүс болон тухайн газар нутаг дахь түүхий эдийг илүү дөт замаар БНХАУ-д нийлүүлэх сонирхолтой. Мөн ОХУ-д БНХАУ-аас гаралтай Европ руу чиглэсэн ачаа барааг дамжуулан тээвэрлэх сонирхол бий.

БНХАУ-ын гол сонирхол бол ОХУ гэхээс илүү Европын Холбооны зах зээл юм. БНХАУ-ын хувьд ЕХ-ны зах зээлд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тээврийн маршрутыг олшруулах, мөн өртгийг бууруулах сонирхолын үүднээс энэ төсөлд зохих хэлбэрээр оролцох боломжийг эрэлхийлж байна.

Төмөр замын Хойд коридор: “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад “Хойд” болон “Зүүн” коридорын төслүүдийг оруулах саналыг Монголын талаас дэвшүүлж ирсэн. Хэрэв хойд коридор ашиглалтад орвол төв коридорын ашиглалт нэмэгдэж, ашигт ажиллагаа сайжирна. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компанийн охин компани болох “Northern Railways”  компани Эрдэнэт-Овоот чиглэлийг төмөр замын төслийг хэрэгжүүлэх 30 жилийн Концессийн гэрээг Үндэсний хөгжлийн газартай 2018 онд байгуулсан. Хойд коридорын ач холбогдол Сибирийн Холбооны Дүүрэг (Сиби́рский федера́льный о́круг)-т хамгийн өндөр байна. Хойд коридор ашиглалтад орсноор Сибирийн бүс дэх хот, мужийн Монгол Улстай харилцах гадаад хамтын ажиллагаа идэвхжинэ.

Төмөр замын Зүүн коридор: Төмөр замын зүүн коридорыг Монгол Улс эдийн засгийн ач холбогдлоороо Төвийн коридорын дараа орно гэж үзэж байгаа. Төмөр замын зүүн коридор одоо буй ОХУ, БНХАУ-ын төмөр замын шугамаас 320 км дөт. Гэхдээ өрсөлдөх чадвартай байхын тулд ачаа бараанд тавьж буй хяналт, хил нэвтрэх хугацаа, нарийн цариг өргөн цариг хоорондын шилжилт, шилжүүлэн ачих дамжлага зэрэг хүчин зүйлсийг шийдэх шаардлагатай. Тиймээс бусад хүчин зүйлсийг сайжруулж байж зүүн коридорын өөрийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.

Төмөр замын Баруун коридор:  Одоогийн байдлаар Баруун коридорын эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийгээгүй байгаа. Уг баруун коридорын эдийн засгийн ач холбогдлын асуудлыг Засгийн газар, УИХ дээр дахин ярилцаж, байр сууриа нэгтгэх шаардлагатай. Бидний зүгээс баруун коридор ашиглалтанд орсноор Монголд ирэх дотоод өгөөж бага гэж үзэж байна. Учир нь баруун коридор дайрч өнгөрөх нутагт хүн амын тоо цөөн, коридор нээгдснээр эдгээр хүн амын нэмүү өртгийн сүлжээг өргөтгөх чадавх буюу “know-how” бага, уг бүсэд одоо байгаа аж үйлдвэрлэл, уул уурхайн суурийг авч үзэхэд нэмүү өртгийн сүлжээг тэлэх хэмжээнд хүрэхээр түвшинд байхгүй гэж үзэж байна. Мөн Баруун коридорын санхүүжилтийг шийдвэрлэхэд илүү хүндрэлтэй байж болох талтай.

Төмөр замын бусад төслүүд: Дээрх төслүүдээс гадна ЭЗК-ын хөтөлбөрт төмөр замын гурван төсөл бий. Нэгд, Төмөр замын тээврийн “Далайн эрэг-1” төсөл. Хоёрт, “Далайн эрэг-2” төсөл. Эдгээр төсөл судалгааны шатанд явж байна. Гуравт, Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлах төсөл бий. Энэхүү төсөл мөн адил судалгааны шатанд явж байгаа болно.

Төслүүдийг урагшлуулах боломжит хувилбарууд, сорилтууд: “УБТЗ” ХНН-ийн 2030 он хүртэлх техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг Оросын “Мосгипротранс” ХНН-ээр хийлгэсэн тул Орос, Монголын тал хүлээн авч болохуйц урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсон гэж үзэж болох талтай. Гагцхүү гурван талаар хамтарч хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа тул энэхүү хөтөлбөрийн агуулгыг Хятадын тал дэмжих эсэх, нийт коридорын Хятадын нутаг дэвсгэр дэх хэсгийн төлөвлөгөө, хөтөлбөртэй хэрхэн уялдуулах зэрэг талууд Хамтарсан ажлын хэсэг байгуулах замаар шийдэх асуудлууд хүлээгдэж байна.

Санхүүжилт: Төслийн хэрэгжилтэд тулгарч буй гол бэрхшээл болох санхүүжилтийн асуудлыг олон улсын банк, санхүүгийн байгууллага, гуравдагч улсын аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор шийдвэрлэх боломж бий ч уг төслийг сонирхох Орос, Хятадын оролцоогүй банк, санхүүгийн байгууллага, гуравдагч орны аж ахуйн нэгж тийм ч олон гарахгүй байх магадлалтай.

Ашиг сонирхлын зөрүү: “Төмөр замын төв коридор”-ын төслийг талууд нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийн эхний төсөл гэдэг дээр санал нэгдсэн хэдий ч төвийн коридорыг шинэчлэх ажил ахиц багатай байгаа нь талуудын ашиг сонирхол өөр өөр байгаатай холбоотой. Монголын тал төслийг аль болох хурдан урагшлуулах сонирхолтой хэдий ч шаардагдах санхүүжилтийг дангаар шийдвэрлэх боломжгүй нь гол хүндрэл юм. Оросын тал “УБТЗ” ХНН-ийн хувь нийлэгчийн хувьд коридорын тээвэрлэлтийн хүчин чадлыг дээшлүүлэх замаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх сонирхолтой хэдий ч шинэчлэн хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг дангаар гаргах сонирхолгүй. Хятадын хувьд төслийн хэрэгжилтэд оролцох эдийн засгийн сонирхол байгаа ч санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой давуу талдаа түшиглэн геоэдийн засгийн ашиг сонирхолоо тодорхой хэмжээнд урагшлуулах боломжийг хайж байх талтай. Тиймээс Орос, Хятадын эдийн засгийн болон геополитикийн сонирхлыг харгалзсан, Оросын талын хүлээн зөвшөөрөхүйц, Хятадын талын сонирхлыг татахуйц санхүүжилтийн болон үйл ажиллагааны хувилбарыг олох, тохиролцох амаргүй зорилт манай улсын өмнө тулгарч байна.

БУСАД ТӨСЛҮҮД

Төмөр замын төв коридорыг шинэчлэх 7 төслөөс бусад 25 төслийн хэрэгжилтийг харахад гурван талт хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжиж байгаа 10 төсөл байгаа, хэрэгжих явц эхлээд буй 4 төсөл байна. Харин хэрэгжилт хоцрогдолтой 11 төсөл бий. Гурван талын механизм бүрдсэн зам тээврийн, аялал жуулчлалын, шинжлэх ухааны салбарын төслүүд амжилттай урагшилж, харин гурван талын уулзалтын механизм хараахан бүрдээгүй аж үйлдвэр, хорио цээрийн чиглэлийн төслүүд зөвхөн хоёр талын харилцаанд тулгуурлан урагшилж байна. Тиймээс нэгэнт тохирсон төслүүд ялангуяа харилцаа холбоо, гааль, мэргэжлийн хяналт, хорио цээрийн стандарт гэх мэт зөөлөн дэд бүтцийн чиглэлээр цаашид гурван тал илүү нягт хамтран ажиллах шаардлагатай.

“БҮС БА ЗАМ" САНААЧИЛГЫН ТАЛААР

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг 2013 оны 9 дүгээр сард Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ, “21 дүгээр зууны далайн торгоны зам” байгуулах санаачилгыг мөн оны 10 дугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ хоёр санаачилгыг нэгтгэн “Бүс ба Зам” санаачилга гэж нэрлэх болсон. Үүнээс хойш “Бүс ба Зам” нь Хятадын гадаад эдийн засгийн стратегийн гол агуулга болж, 2015 оны 3 дугаар сард “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтран байгуулах хэтийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээх баримт бичгийг гаргасан юм.

 Энэхүү санаачилга нь энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санаан дээр тулгуурласан бөгөөд “хамтран хэлэлцэн, хамтран бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх” гэсэн гол зарчмыг тууштай баримтална гэж Хятадын тал онцлон тэмдэглэдэг. “Бүс ба Зам”-ын хүрээний хамтын ажиллагааны гол агуулга бөгөөд тэргүүлэх чиглэлүүд нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоо байна гэж тодорхойлсон байна.

 


ГУРВАН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188