• Өнөөдөр 2025-02-05

ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭН, ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ ХОЁР ДАХИН ӨССӨН ЗАСАГТАЙ, ХАГАС ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ИТХ-ЫН ДАРГАТАЙ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

2024-10-07,   566

Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж, шинээр томилогдсон Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж нарыг онцолж байна.

Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Өвөрхангай аймгийн 41 төлөөлөгчийн 35 нь МАН, зургаа нь АН-аас сонгогдсон байдаг. Тус аймгийн ИТХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнахдаа, улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 458.3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн хэмээжээ. Гэвч бодит байдал дээр тус аймаг хөгжих нь байтугай урагшгүй, унхиагүй удирдлагуудын хор уршгийг хүртсээр байна.


ЗАСАГ ДАРГА АСАН, ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭН А.ИШДОРЖ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь хохироосон. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 11-ний 00:16 цагт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Хурд” ШТС-ын ойролцоо зорчиж яваад 57 настай эрэгтэйг дайрчээ. Талийгаач Б Улаанбаатараас Ховд чиглэлийн автобусаар зорчиж явсан бөгөөд зам гарах үедээ дайруулж, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амьсгал хураасан. Тухайн үед А.Ишдорж албаны машин унаж явсан бөгөөд хувийн ажлаар Улаанбаатар хот руу жолоочгүй явжээ. Ингээд буцаж явахдаа хурд хэтрүүлж, хүний амь хөнөөсөн юм.

Дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байдаг. Тус зүйл заалт нь энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Тэгвэл өдгөө тус хэргийг Эрүүгийн хуулийн 6.5 буюу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэх үндэслэлээр шалгаж байгаа аж.

А.Ишдорж осол гарсны дараа болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн, хохирогчийн ар гэрээс уучлал хүсэж, холбогдох хууль журмын дагуу шалгуулахаа мэдэгдэж, Засаг даргын ажлаа хүлээлгэн өгсөн боловч ИТХ-ын төлөөлөгчөө үргэлжлүүлэн хийсээр байгаа юм. Хууль хүн бүхэнд адил үйлчлэх ёстой. Хууль зөрчсөн, хүний аминд хүрсэн л бол Монгол Улсын иргэн хэнбугай ч хариуцлага хүлээх учиртай юм. Харин Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид хууль үйлчилдэггүй бололтой.

Түүний АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдээллийг харвал, 2019 онд өөрийн орлого нь 39 сая төгрөг байсан бол 2023 онд 139 сая болж, дөрвөн жилийн хугацаанд 100 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн гэр бүлийн орлого нь 12 сая төгрөгөөс 32 сая төгрөг болон өсөж, 70 сая төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууцных нь үнэлгээ 151 сая төгрөг болсон байна. Тээврийн хэрэгсэлгүй байсан тэрбээр13 сая төгрөгөөр үнэлэх тээврийн хэрэгсэлтэй болж, 15.5 сая төгрөгийн мал нь 94.5 сая төгрөг болон өсжээ. Түүнчлэн хадгаламждаа 2.9 сая төгрөгтэй байсан бол 2023 онд 25 сая төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд түүний хөрөнгө, орлого нь  153 сая төгрөг байсан бол 2023 онд 464 сая төгрөг болж, гурав дахин нэмэгджээ.

ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ ХОЁР ДАХИН ӨССӨН ШИНЭХЭН ЗАСАГ И.ДОРЖСҮРЭН

Хүн амины хэрэгтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга А.Ишдорж ажлаа хүлээлгэн өгч, түүний орыг орлогч И.Доржсүрэн нь авсан байдаг. Тэрбээр эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй. 2008-2012 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2016-2023 оны есдүгээр сар хүртэл аймгийн Засаг даргын орлогчоор долоон жил ажиллаж, 2023 оны есдүгээр сараас Засаг даргаар ажиллаж эхэлсэн.

И.Доржсүрэн Засаг дарга болоод “Бүрэн эрхийн хугацаа дуусахад нэг жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Гэхдээ богино хугацаа гэж тооцолгүйгээр аймаг, орон нутгийн эдийн засгийг тэтгэх бүтээн байгуулалтын, дэд бүтцийн томоохон бодлогуудад төвлөрч, багийн ажиллагааг чухалчилж ажиллана. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх л байгууллагад шаардлага тавьж, төр засгийн ажлыг эмх журамтай явуулахад түлхүү анхаарна” хэмээн мэдэгдэж байлаа.

Тэрбээр АТГ-т 2019 онд өөрийн орлогыг 23 сая төгрөг хэмээн мэдүүлсэн бол 2023 онд 49 сая төгрөг болон нэмэгджээ. Харин гэр бүлийн орлого нь 29 сая төгрөгөөс 18 сая болж буурсан байна. Мөн амины нэг, нийтийн нэг орон сууц, нэг гараашаа 184 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд 421 сая төгрөг болжээ. Түүнчлэн гурван сая төгрөгийн газартай байсан бол дөрвөн жилийн хугацаанд газрынхаа хэмжээг нэмж, 60 сая төгрөгөөр үнэлэх хоёр газартай болсон байна. Таван сая төгрөгийн үнэт эдлэл нь тав дахин нэмэгдэж, 25 сая төгрөг болжээ. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, зуучлал, барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Тэк ньюс” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. 2019 онд түүний хөрөнгө, орлого 284 сая төгрөг байсан бол 2023 онд 609 сая төгрөг болж, хоёр дахин нэмэгджээ.

ХАГАС ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ИТХ-ЫН ДАРГА О.ПҮРЭВДОРЖ

Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж нь авто инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Аймгийн мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, аймгийн Тээвэр, авто замын газрын дарга, МАН-ын хорооны дэд дарга, Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчаар тус тус ажиллаж байсан. 2020 оноос аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад саяхан аймгийн МАН-ын даргаар томилогдон, энэ сонгуульд багаа ахалж буй юм. Мөн 2005-2008 онд БНСУ-д ажиллаж амьдарч байжээ.

АТГ-т мэдүүлснээр 2019 онд түүний орлого 19.6 сая төгрөг байсан бол 2023 онд 39.6 төгрөг болж, 20 сая төгрөгөөр нэмэгджээ. Мөн гэр бүлийн орлого нь 44 сая төгрөгөөс 52 сая төгрөг болж нэмэгдсэн. Нийтийн нэг орон сууц, нэг хашаа байшин, хоёр гараашаа 312 сая төгрөгөөр үнэлж байсан бол 2023 онд 363 сая төгрөгөөр үнэлжээ. Түүнчлэн 15 сая төгрөгийн автомашинаа 31 сая төгрөгийнх болгон сольж, 30 сая төгрөгийн газар, хоёр сая төгрөгийн үнэт эдлэл нь хэвээр байна. Хадгаламждаа 2.5 сая төгрөгтэй байсан тэрбээр 13.7 сая төгрөг болгон нэмж, 161 сая төгрөгийн зээлтэй хэмээжээ. 2019 онд түүний хөрөнгө, орлого 425 сая төгрөг байсан бөгөөд 2023 онд 531 сая төгрөг буюу хагас тэрбум болон нэмэгдсэн байна.

 


ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭН, ХӨРӨНГӨ, ОРЛОГО НЬ ХОЁР ДАХИН ӨССӨН ЗАСАГТАЙ, ХАГАС ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ИТХ-ЫН ДАРГАТАЙ ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-07 14:39:05
    Maniin tejeever: МАН-н бусад нь юу бсан яахав писдаа Бөгс бөөсөгөөрөө холбогдсон янханууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-10-07 08:14:50
    S: ANUSDI80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188