ХҮН яахав, хэзээнээс МАН-ын “халаас”-нд байсан. “Халаасных” гэгдэхдээ өөрсдөө ч дургүйлхдэггүй. Дарга Т.Доржханд нь дөрвөн жил “МАН-ын хэвлэлийн төлөөлөгч” гэж хочлуулахдаа харин ч таатай мишээж, улам урамшиж ирсэн. Тиймдээ ХҮН-ыг засагт хамтарна, бүр хоёр сайдын суудал авна гэхэд олон түмэн тоосон ч үгүй. Уг нь ХҮН энэ удаад УИХ-д 2020 онд АН-ын авснаас дутахааргүй буюу найман суудал авсан. Тэгэх мөртөө л бие даасан нам гэж үнэлэгдэхгүй, олон түмэнд тэгж тоогдохгүй байна гэдэг хоржоонтой тохуурхал. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ ХҮН-аас Т.Доржхандыг Шадар сайдаар, “Шинэ Монгол” сургуулийн захирал асан П.Наранбаярыг Боловсролын сайдаар тус тус засагтаа залахаар болсон гэх. Сонирхолтой нь, Шадар сайдын сэнтийд М.Энхболд, У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин, Я.Содбаатар, С.Амарсайхан нарын МАН-ын үе үеийн “акул”-ууд өөрсдөө тухалж ирсэн. Атал энэ удаад Л.Оюун-Эрдэнэ Шадар сайдын гурван сэнтий зэрэгцүүлэн засаж, нэгд нь Т.Доржхандыг суулгахаар болж. Боловсролын сайдын сэнтийд МАН-ынхан өөрсдөө амбицтай мөртөө ХҮН-д өгөхөөр тохирч. Магад, аль алиныг нь АН-д биш, ХҮН-д өгч буй нь “хүний нохой идэхээр өөрийн нохой идэг” гэснийх биз.
Харин АН-ыг МАН, ХҮН хоёрын хөнжилд шургачихна чинээ санасангүй. 200 мянган ардчилагчийг төлөөлдөг, хоёр ч удаа олонх болж асан, муу ч намын хугархай гэдгээ АН-ынхан, тэр тусмаа Лу.Гантөмөр ухамсарласангүй. Найман сайдын суудлын квот түүний тэргүүнийг бөхийлгөж, тахимыг нь бохийлгожээ. Лавтай Лу.Гантөмөр өөрөө Тэргүүн шадар сайдын сэнтийд тухлахаар тохирсон гэх. Түүнээс гадна Өвөрхангайд угсраа өвдөг шороодож байж орж ирсэн, “Женко” шошготой О.Алтангэрэл, Х.Баттулгатай хавсайдаж АН-ын хагарлын үрийг анх тарьсан Ц.Туваан, Х.Баттулгын нутгийн дүү, түүний автортой төмөр замын төслийг гүйцээж, хариуд нь энгэртээ Хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүний хос тэмдэг гялалзуулсан Д.Жаргалсайхан, жагсаалтад биеэ оторлож орж ирсэн Ж.Батсуурь, Э.Бат-Үүлийн нутгийн дүү, Ц.Элбэгдоржийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Баатархүү, анх С.Эрдэнийн өвөр дээр бойжиж, дараа нь Х.Баттулгаар “А” заалгаж, хожим нь Лу.Гантөмөрт хүчээ өргөж, сая тангараг өргөхдөө Л.Оюун-Эрдэнэд бөхийсөн Э.Одбаяр, Баянхонгортоо босоо “бедон” Д.Ганбат нар хамтарсан засаг хэмээх торгон хөнжилд хөл дулаан “өвөлжих”-өөр нэрс нь тодроод байна. Сая сонгуулиар Лу.Гантөмөр 13 тойргоор бүтэн тойрохдоо гагцхүү АН-д итгэл хүлээлгэчихвэл МАН-тай ана мана, ач тач үзэлцэх л юм ярьж явсан. МАН-аас болж улс орон сүйрч, үл тэргүүний зааг алсарч, ерөөс энэ улсад ирээдүй үгүй боллоо, эрх баригчид л буруутай хэмээн гасалж, ганцхан АН-д л гарц гаргалгаа байна хэмээн сэнхрүүлж явсан. Атал ард түмний саналыг нь аваад, саарал ордонд ороод ирмэгцээ өнөөх “өшит” МАН-тайгаа дэр нэгтгэж, нэг хөгжилд орохоор болчихлоо. Ай даа, “мөнхийн дайсан гэж үгүй, харин мөнхий эрх ашиг л гэж байдаг” гэж энэ буюу.
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөртэйгөө нийлээд 23 сайдтай байхаар засгаа зурж, өчигдөр УИХ-д өргөн барьсан. Үүнээсээ дээр дурдсанчлан АН-д наймыг, ХҮН-д хоёрыг өгч, үлдсэн 13 суудлаа өөрсдөө эзэмшихээр зурагласан гэх. Уг нь Л.Оюун-Эрдэнэ МАН-аасаа 22 хүнийг Засгийн газартаа сайдаар залах буюу дангаараа засаглах боломж байсан. Гэтэл АН, ХҮН хоёрыг сайдын сэнтийгээр урхидаад, хамтарсан засаг гэх торгон хөнжилдөө оруулаад ирлээ. Л.Оюун-Эрдэнэ өөрсөд дээр нь тоглолт хийж буйг Т.Доржханд, Лу.Гантөмөр хоёр мэдэж л баймаар. Наанадаж л Л.Оюун-Эрдэнэ сайдын сэнтий өгснөөрөө өглөгч, авснаараа Т.Доржханд, Лу.Гантөмөр хоёр өлөн харагдана. Энэ мэтээс л хамтарсан засаг гээч нь МАН-д, тэр тусмаа Л.Оюун-Эрдэнэд л үлэмж ашигтай, харин Т.Доржханд, Лу.Гантөмөр хоёр яам, ямба хоёроос өөр түй ч ашиггүй нь тодорхой харагдаж буй. Цаашилбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн автортой “Шинэ сэргэлтийн бодлого”-ын харьяаны төслүүд нь зуун задгай байгаа. Үргэлжлүүлэн дангаараа засаглавал эхлүүлсэн бүхэн нь эцсийн цэгтээ хүрэхгүй, саатах эрсдэлтэй. Тиймдээ ч АН, ХҮН хоёрыг замд нь гай битгий болог гэсэндээ сайдын квот өгөөд, хариуд нь кнопыг нь авчихлаа. Өөрөөр бол, тэд МАН-ын өөдөөс өрвөлзөх эрхгүй болцгоочихлоо гэсэн үг л дээ. Мөн хамтарсан засгаас МАН-ын хүртэх бас нэгэн ашиг нь гавьяа байгуулбал өөрсдөө хүртээд, гай таривал АН, ХҮН хоёртой хуваалцаж болно. Өөрөөр бол, АН, ХҮН хоёр одоо байгуулагдах Засгийн газрын буруу шийдвэрүүдийг хожим шүүмжлэх эрхгүй, тийм боломжгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр 126 гишүүнтэй, хамтарсан засагтай нэртэй боловч өнгөрсөн найман жил МАН дангаараа яаж засагласан, ирэх дөрвөн жил ч ялгаагүй яг л тэгж, бүр илүү их хүчээр засаглана гэсэн үг.
Одоо УИХ-д Н.Номтойбаяраар толгойлуулсан Үндэсний эвсэл, Б.Батбаатараар толгойлуулсан ИЗНН-ын нийт найман гишүүн л сөрөг хүчний дүртэй үлдэж байна. Н.Номтойбаярын хувьд МАН-аас хадаг сүүтэй ирсэн ч Үндэсний эвсэл хамтарсан засагт орохгүй гэдгээ эрт мэдэгдсэн. Харин Б.Батбаатарын тухайд ИЗНН-д МАН-аас хамтарсан засагт орох санал ирүүлээгүй, тоогоогүй гэж гоморхсон. Харамсалтай нь, тэд сөрөг хүчин болохыг хүссэн ч хэтэрхий цөөднө, бас хүчгүйднэ. УИХ-ын 118 гишүүний эсрэг, Засгийн газрын 23 сайдын эсрэг шинэ голдуу найман гишүүн хэн байж чадах вэ гэдгийг төвөггүй таамаглаж болно. Н.Номтойбаяр намаасаа хөөгдсөндөө, нартаас нарсанд хилсээр хоригдсондоо хорсож, хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх байх гэх хүлээлт харагдаж л байна. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын өөдөөс, олонх гурван намын хамтарсан засгийн өөдөөс ганц хүн сөрнө гэж хүлээх нь хэтэрхий романтик хүлээлт гэдгийг хэлэх нь зүйтэй. Ямартай ч одоогийн дүр зургаар МАН урьдын адил засаглаж, УИХ 126 гишүүнтэй болсны шинжгүй улс төр унж дорой чигээр үргэлжлэх нь бололтой.
КВОТОД ХӨЛ АЛДАЖ, КНОПОО ХУДАЛДЧИХЛАА, АН, ХҮН ХОЁР |
|