318 тэрбум төгрөгийн үнэтэй “хулхи ногоон”-уудын “но” илэрч, иргэдийн шүүмжлэл хурцдахтай зэрэгцээд Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар хоёр “хөтлөлцөөд” албан тушаалаа өгцгөөлөө. Үерт дөрвөн амь үйж, үй олон гэр, машин урсахад уучлалт ч гуйгаагүй Д.Сумъяабазар, түгжрэлд “0” зогсож буй түмнийхээ өмнө толгой бөхийж ч үзээгүй Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар хоёр “хулхи ногоон”-уудад хариуцлага хүлээж хагас өдрийн зайтай ажлаа өгцгөөнө гэж хэн санах билээ. Гэхдээ анзаарч харвал, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёр хариуцлага хүлээж ажлаа өгсөн гэхээсээ алсын улс төрөө бодож нүүдэл хийсэн гэвэл илүү онохоор аж.
Нэгдүгээрт, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу АТГ, ТЕГ, ЭЦА-ны мөрдөгчдийн хамтарсан баг 318 тэрбумын төсөвтэй 800 автобусны тендерийг буюу “хулхи ногоон”-уудын “но”-г шалгаж эхэлсэн. Тэр төсвийг захиран зарцуулах эрхтэй Ж.Сүхбаатар, тендерийг зохион байгуулсан Д.Сумъяабазар хоёр хүссэн ч, эс хүссэн ч холбогдож, хариуцлага нэхүүлж таарна. Тэгэхээр Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр “хулхи ногоон”-уудын хэрэг хүндрэхээс өмнө МАН-ынхаа удирдлагуудтай албан тушаалаараа наймаалцаж, хэргээс мултрахаар тохиролцов уу гэдэг эхний хардлага байна. Өөрөөр хэлбэл, “автобусны хэрэг”-тээ дүйцүүлж албан тушаалаа өглөө гэсэн үг.
Хоёрдугаарт, сонгууль хүртэл хагас жил гаруйхны хугацаа үлдсэн. Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёрын хэн хэнд нь ирэх сонгуулиар Төрийн түшээгийн сэнтийд дахин тухлах, зай гарвал Засагт багтаж сайдын сэнтийд давхар залрах алсын амбиц бий. Баталгаа нь, Д.Сумъяабазар өчигдөр Хотын даргын албан тушаалаа өгөхдөө Хотын МАН-ыг өөртөө авч үлдэнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэж харвал, сонгууль угтсан улстөржилт ид эхэлж байгаа яг энэ үед Хотын дарга, Түгжрэлийн сайд гэх хараал, хэрүүл ихтэй албан тушаалаас аль болох түргэн салах нь хамгийн зөв сонголт. "Хулхи ногоон" дээрээс нэмээд ирэх өвлийн утаа, түгжрэл дагасан шүүмжлэлд "талхиулбал" Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрт карьер үлдэхгүй ч байж мэднэ. Тэгэхээр яг одоо л "Ёс зүйн хариуцлага хүлээж байна" гэх гоёмсог халхавчаар, сүр дуулиантайгаар албан тушаалаа өгөх нь хамгийн боломжилт хувилбар.
Товчхондоо, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрын хувьд өчигдөр “сохорсон биш завшив” гэгч л боллоо. Албан тушаалаа намдаа “бэлэг” болгоод өгчихсөн юм чинь “автобусны хэрэг”-ээс хөнгөхөн мултарчихна. Мөн иргэдийн хараалд өртөхгүйгээр ирэх сонгуульдаа бэлдэх хангалттай хугацаатай болж авлаа.
Ер нь, Ардын намын албан тушаал асар үнэтэй. Албан тушаалд хүрэх хоёр үндсэн замтай. Нэг бол намынхаа хандивлагч байх ёстой. Нөгөө бол, намынхаа нэг даргын цув, цүнхийг нь барьдаг туслах, зөвлөх, найз нэртэй дагуул нь байх ёстой. Тиймдээ ч Ардын намынхан арай гэж хүрсэн албан тушаалаасаа буух тун дургүй байдаг. Буухдаа хүрвэл заавал барьцаатай, баруун, зүүний тохироотой байх нь нийтлэг. Өөрөөр хэлбэл, Ардын намынхан авлига, албан тушаалаас хэргээс хөнгөхөн мултрахын тулд, эсвэл илүү ашигтай албан тушаалд сэлгэн томилогдохын тулд, үгүй бол сонгуульд эртнээс бэлдэхийн тулд л албан тушаалаасаа сая нэг өндийх тохироо хийдэг. Дээр дурдсан, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёроос гадна олон жишээ бий.
“Нүүрсний хулгай”-н хэрэгт холбогдсон Ж.Мөнхбат “ээжийгээ эмчлүүлнэ” гэх шалтаг “зохиож”, улмаар УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. АТГ-д шалгагдаж байгаа нэртэй ч Архангайнхаа наадам хэссээр зуныг барсан. Одоо намынхаа байраар эргэлдэж намрыг элээж буй. Намын даргынхаа эхлүүлсэн “нүүрсний хулгай” гэх акцад гол дүрүүдийнх нь нэг болж, албан тушаалаа өгч сүр оруулсныхаа хариуд ирэх сонгуулиар хэдэн мандат “цохуулж” авах тохироо гүйлгэж байгаа гэх. Намрын сүүл гэхэд “нүүрсний хулгай”-д нэр холбогдолгүй болчихсон гүйж явахыг үгүйсгэх аргагүй.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг Зам, тээврийн хөгжлийн яамыг толгойлж байх үед буюу 2018 оны наймдугаар сард яамыг нь дайрлага дайрах шиг л болсон. Тодруулбал, тэр үед тус яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Мөн Дорноговьд галт тэрэг осолдож, олон хүн бэртэж гэмтсэн. Улмаар энэ хэргүүдтэй холбоотойгоор Ж.Бат-Эрдэнэ “ёс зүйн хариуцлага хүлээж байна” гэх халхавчаар ЗТХ-ийн сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв. Удирдсан яаманд нь хүний амины хэрэг гарч, галт тэрэг осолдоод байхад тэр ЗТХ-ийн сайдын сэнтийгээ намдаа буцааж өгснөөр өөрөөр ямар ч хариуцлага хүлээгээгүй.

Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байх үед “ЖДҮ”-гийн дуулиан дэгдсэн. Улмаар Б.Батзориг 2018 оны аравдугаар сард өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байв. Ингэхдээ “ёс зүйн хариуцлага хүлээж” хэмээж байлаа. Хоржоонтой нь, намынхандаа буюу УИХ-ын 49 гишүүнд ЖДҮХС-ийн мөнгийг хувь тэнцүүлэн тарааж өгсөн Б.Батзориг шүүхэд жил гаруй ээрэгдсэний эцэст 2020 онд 40 сая төгрөгөөр торгуулаад салж байв. ХХААХҮ-ийн сайдын сэнтийд суух хугацаандаа намынхандаа “хишиг” хүртээснийхээ хариуд 40-хөн сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөн нь энэ. Улмаар Б.Батзориг ЖДҮ-гийн хэргээс ингэж салсныхаа дараахан Төрийн ордны өөдөөс харсан тун тансаг оффисын барилгаа ашиглалтад оруулаад буй.
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн “60 тэрбум”-ын гэх бичлэг цацагдаж, МАН-ын хувь заяаг ганхуулах дөхсөн. Улмаар 2017 оны есдүгээр сард “60 тэрбум”-ын гэх бичлэгийн гол дүр Ц.Сандуй өөрийн хүсэлтээр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалаа өгч байлаа. Албан тушаалаа өгсөн Ц.Сандуйг “төрийн эрхийг хууль бусаар авсан, авахыг завдсан” буюу төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр "арилжих” төлөвлөгөө зохиосон хэргээр шүүгдэж, дөрвөн жилийн ял сонссон. Хоржоонтой нь, тэр 2020 онд батлан даалтаар гарч ирж байв. Хотын МАН-ыг дараагийн фракцад татгалзахгүй шилжүүлж өгснийхөө хариуд ийн хэргээс хөнгөхөн мултарсан гэсэн үг л дээ.
Д.Хаянхярваа төрийн өмчит бүх уурхайнуудыг удирддаг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2.8 тэрбум төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон. Төрийн өмчит компаниуд бол түрийвчээ түнтийлгэх банкнаас өөрцгүй гэдгийг бодитоор харуулсан нэгэн. Гэвч Д.Хаянхярваа “Эрдэнэс Монгол” ХХК-ийн албан тушаалаа шилжүүлж өгөөд, 30 хоног цагдан хоригдоод, хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж 40 сая төгрөгөөр торгуулаад мултарч байв.
Эцэст нь, МАН-ынхны “хариуцлага хүлээж албан тушаалаа өгөх” гэдэг үг үнэн хэрэгтээ ямар утгатайг бодитоор харуулсан нэг сонгодог жишээ бий. Халдварт тахлын хорионы үед халад, тавчигтай хөхүүл эхийг хоёрхон хоногтой нярайтай нь хамт хөхөө өвлөөр эмнэлгээс зөөсөн асуудал дэгдсэн. Эл эх нярайн асуудалд холбогдуулж тухайн үеийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөх” хүсэлт гаргаж байлаа. Гэвч энэ нь МАН-ынхны улс төрийн “тоглолт” байсан. Улмаар У.Хүрэлсүх Засгийн газраа бүхэлд нь огцруулсан. Хоржоонтой нь, “хариуцлага хүлээж” огцорсон гэх У.Хүрэлсүхийн танхимын сайдуудын тал нь Л.Оюун-Эрдэнийн танхимд улирч орж ирсэн. Тэр байтугай, гол хариуцлага үүрэх ёстой байсан Т.Мөнхсайхан өөрийнхөө оронд сайн найз С.Энхболдыгоо Эрүүл мэндийн сайдаар томилуулж байв. Харин Засгаа огцруулсан У.Хүрэлсүх удалгүй Ерөнхийлөгчөөр томилогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх халад, тавчигтай эх, нярайн асуудалд “хариуцлага хүлээнэ” гэж Засгаа огцруулсан нь үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэхийн тулд өөрийгөө чөлөөлөх тактик байсан нь удалгүй илж болж байв. Жишвэл, өчигдрийн Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрын “хариуцлага хүлээнэ” гэх огцролт үнэн хэрэгтээ дээрхтэй яг адил юм.
АЛБАН ТУШААЛААРАА ХЭРГЭЭ “НАЙМААЛЦДАГ” АРДЫН НАМЫНХНЫ ЗАЛЬ ТӨГСРӨХ НЬ |
|