• Өнөөдөр 2024-05-04

МУНХАГ ҮГТЭЙ МАНДАХ ДУРТАЙ САЙД НАР

2022-10-13,   884

     Манай төрийн сайд, дарга нар марзганахдаа тийм сайн юм уу, эсвэл иргэдээ үхэр малтай зүйрлэж яриад сурчихсан юм уу.  Монголчууд үе үеийн дарга нарын этгээд бүдүүлэг, марзан үгийг чихнийхээ гадуур өнгөрөөж, заримыг нь цахим орчинд хошигнол болгоод л мартдаг. Гэхдээ одоо өмнөх шигээ, өмнөх үеийнхэн шигээ УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын басамжлал, доромжлол бүрийг дагаж маазарч, тас тас хийтэл инээлдэж, элдэв янзын хошигнол болгож дэвэргэмээргүй байна. Бид энэ удаад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн сайд С.Бямбацогт, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайд, дарга нарын иргэдээ доромжилсон марзан үг дахиж хэний ч амнаас бүү гараасай гэхдээ тодотгон хүргэж байна. 

Д.САРАНГЭРЭЛ: ҮХЭР ГЭДГИЙГ ЯДУУ АЙЛУУД ГЭЖ ОЙЛГООРОЙ

    Д.Сарангэрэл гишүүний төрд ажилласан хугацаа, түшмэлийн ажилд зүтгэсэн жилийг нь харвал чамгүй урт намтартай. Төрийн суудалд олон жил тухлахдаа хэлэх гээд байгаа санаагаа зөвөөр илэрхийлж сураагүй гэдгийг түүнийг сайдаас буулгасан үг гэрчилдэг. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 26-нд “Улны буюу нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжид ядуурлаас гаргана. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс айлуудаа сонгож, тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхэлнэ. Хэрвээ амжилттай болбол ядуурлыг бууруулах загвартай болно” гэж байв. Харин өчигдөр Байнгын хорооны хуралдааны үеэр "Манай дэд сайд ул гэдэг үгийг бид хэрэглэдэггүй гэж байна. Яамны ажил хариуцсан хүмүүс 2008 оноос хойш энэ үгийг хэрэглэж  байгаа гэсэн. Тэр байтугай судалгаанд ашигласан байна. Үүнийг илчилж, хэлж байгаад “Баярлалаа” гэх хэрэгтэй. Амьжиргааны түвшин доогуур зорилтод бүлэгт хүрч чадахгүй байгаа айлуудаа ингэж нэрлэдэг. Ийм нөхцөлд орчихоод байхад төрийн түвшинд энэ үгийг хүргэхгүй өөрсдөө очихгүй үгээр хөөцөлдөөд байна. Манай монголчууд “Үг хөөхөөр үхэр хөө” гэдэг юм. Үхэр гэдгийг ядуу айлууд гэж ойлгоорой” гэсэн юм.

Х.БОЛОРЧУЛУУН: ХУУРАЙ ХУУЛИАР ГУРИЛЫН ҮНИЙГ БУУЛГАЖ ЧАДАХГҮЙ

     Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун гурилын үнэ буулгаж чадахгүй тухайгаа мэдэгдсэн. "Гурилын үнийг тогтвортой болгон гэх хуультай мөртлөө үнэ нь нэмэгдэж байна. Үүнийг та хэрхэн тайлбарлах вэ" гэх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр “Мах, гурил болон өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд иргэд эмзэг хүлээж авдаг. Улаан буудайны үнэ нэмэгдсэн учир гурилын үнэ өссөн. Яагаад гэвэл, түлш өнгөрсөн жилийнхээс 40 хувь, ургамал хамгааллын бодис 80 хувь, бордоо 100 хувь өссөн. Улаан буудайн зардал 60 хувь өссөн байна лээ. Сүүлийн тав, зургаан жил гурилын үнэ нэмэгдээгүй юм билээ. Тиймээс иргэд гурилын үнэ гэнэт өслөө хэмээн гайхаж байгаа. Гурилын үнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тогтоох боломжгүй. Хуурай хуулиар гурилын үнэ буулгах боломжгүй” гэсэн юм.

БАГШ НАРТАА ШОКОЛАДААР ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРИХЫГ ХҮСДЭГ Л.ЭНХ-АМГАЛАН САЙД

      Улстөр тэр дундаа сайдын суудалд сууж ирээдүйн иргэдийн боловсрол, хүмүүжилд анхаарахаар томилогдсон Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн байхаасаа л цахим хуудсаараа юу дуртайгаа нийтэлдэг болсон. Энэ зуршлаа Боловсролын сайд болоод ч орхисонгүй. Түүнд зөвлөөд, үүнийг нь болиулчих зөвлөх, туслах ч олддоггүй бололтой. Багаасаа шүлэг, яруу найрагт дурлаж, бүр ном хэвлүүлээд амжсан сайд маань цахим хуудсаараа шүлгээ түгээж, сайдын элдэв тушаал, айлдвараа ч давхар хийж буй нь эмгэнэлтэй. Түүний цахим хуудастаа оруулсан нэгэн нийтлэлийг хүргэе. Л.Энх-Амгалан сайд “Өглөөний мэнд хүргэе. Сайд болсноос хойш надад нэг шинэ дадал бий болчихож. Багш, хүүхдийн холбогдолтой, дуу, шүлэг, бичлэг, бичвэр юу байна өөрийн мэдэлгүй ороод үздэг болчихдог юм байна. Өглөө энэхүү клипний зохиомж маш их таалагдлаа. Тэгсэн чинь төгсгөлдөө шоколадны реклам болж таарлаа. Бас дотроо бодлоо. Ер нь бүх багш, ажилчдадаа Merci сюрприз баривал ч гэж мөрөөдөж үзлээ. Рекламын нөлөө ч биз. Ер нь бол бурмаар тэжээхээр урмаар тэжээ гэж эртний сайхан үг бий. Миний энэ пост ямар нэгэн компани, чихрийн реклам биш шүү. Өглөөний мөрөөдөл толгойноос арилаагүй бололтой. Амралтаа дулаан, амгалан сайхан өнгөрүүлээрэй миний, хүүхдүүдийн, тулах түшиг болсон ачлалт багш нар минь...” гэсэн байна. Хүүхдийн боловсролын шинэчлэлийн төлөө тархиа гашилгаж, хэдэн мянган судалгаа, шинжилгээнд дарагдаж суух учиртай сайд юу хийж байгааг уншигч та дээрх багш нарт таалагдах гэсэн муухан аргаас нь дүгнэх биз.

Б.ЖАВХЛАН: ЧАДДАГ ЮМ БОЛ ХУУЛИА ӨӨРЧЛӨӨЧ

       2023 оны төсвийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт танилцуулсан. Ингэхдээ Хэнтий аймагт 271 тэрбумын 92 төсөл, Төв аймагт 163 тэрбумаар 48 төсөл, Архангай аймагт 107 тэрбумаар 49 төсөл, Булган  40 тэрбумын 30 төсөл, Говь-Сүмбэр 11 тэрбум төгрөгөөр есөн төсөл хэрэгжүүлнэ хэмээн улсын төсөвт суулгажээ.  Энэхүү шийдвэрийг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Хувийн мөнгөнөөсөө гаргаж байгаа юм шиг сонин хандлага гаргадгаа боль. Б.Жавхлан сайдаа ямар аймаг нь наймхан тэрбум, ямар нь 20 гараад явчихдаг юм. Өнгө үзэмжээр төсөв хуваарилдгаа боль” гэсэн юм. Үүний хариуд  Сангийн сайд Б.Жавхлан “Үүнд дээр бухимдаад байх зүйлгүй шүү. Одоо бидний баримталж байгаа хууль ийм юм. Үүнээс  биш аймгуудыг үзэмжээр нь ялгасан зүйл байхгүй. байгаа хууль нь энэ. Үнэхээр бухимдаад байгаа бол хуулиа өөрчлөхгүй юу. Танд хууль өөрчлөх эрх нь байгаа шүү дээ. Өөрчлөөч тэгээд” хэмээн ундууцсан.

Б.ЧОЙЖИЛСҮРЭН: ӨВЛИЙГ АРГАЛНА ДАА

      Тэрбээр Эрчим хүчний сайдаар томилогдсон даруйдаа “Өвлийг аргална” хэмээж олны амны бай болсон. Удахгүй өвөл болох гэж байгаа энэ үед иргэд түүнийг өвлийг яаж аргалдаг болохыг нүд завчихгүй харцгааж байна. Түүний хэлсэн дээрх үгийг эргэн сануулбал,  “Эрчим хүчний салбар хүндрэлтэй байгаа. 2019 оноос эхэлсэн цар тахал, Орос, Украины дайнаас үүдэлтэй дэлхий даяар үнийн өсөлт инфляцийн дарамтанд орсон. Бүх банк мөнгөний бодлогоо чангаруулж байна. Үүнээс үүдэлтэй санхүүгийн зах зээлд эх үүсвэрийн дутагдлууд гарч байна. Эрчим хүчний салбар үнэ өсөөгүй учраас энэ салбар хүндрэлд орсон. Энэ асуудлыг шийдэх шаардлага үүснэ. Өргөс авсан юм шиг шийдэж чадахгүй. Үе шаттайгаар хэрэгжүүлээд явна. Миний хувьд автоматч, теле-механикч мэргэжилтэй. Эрчим хүчний салбарт ажиллаж байгаагүй ч их дээд сургуульд таван жил энэ хичээлийг үзсэн. Өвөлжилтийн бэлтгэлийг нэгдүгээрт тавина. Тэгээд аргална даа" гэсэн юм.

С.БЯМБАЦОГТ: НАМАЙГ САЙД БОЛООД 20 ХОНОХОД ДАРХАНЫ ЗАМ 20 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ БОЛСОН

       УИХ-ын гишүүн С.Бямбацогт шинэхэн сайдын суудалд суугаад, “эго”-гоо дарж чадахгүй, сайрхаж эхэлсэн. Гурван сайдын нүүр үзэж, зарим сайд нарыг “Ямар үйлийн үрээр Дарханы замтай учрав” хэмээн уулга алдуулж байсан Дарханы зам С.Бямбацогт сайдыг салбарт нь очиход л 20 хоногийн дотор 20 км нь хатуу хучилттай болж, нэг урсгал, хоёр эгнээгээ нээхээр болсон гэдэг. Энэ талаар С.Бямбацогт сайд мэдээлэл өгөхдөө “Дархан зам олон нийтийн анхааралд байна. Би сайдын ажлаа аваад 20 гаруй хонолоо. Энэ хугацаанд 20 гаруй км зам хатуу хучилттай болж нэмэгдлээ. 204 км замаас 160 орчим нь хатуу хучилттай болсон. Аравдугаар сарын 31-н хүртэл шахуу ажиллах төлөвлөгөө гаргасан. Аравдугаар сар дуустал 40 орчим км замыг хатуу хучилттай болгох төлөвлөгөө бий. Хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал, хоёр эгнээ замыг нээх боломжтой болно. Туслан гүйцэтгэх компани ажлаа шахуу хийж байна” гээд нүүр дүүрэн инээмсэглэлтэй индрээс бууж байв.


МУНХАГ ҮГТЭЙ МАНДАХ ДУРТАЙ САЙД НАР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188