Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх энэ сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн эрхийн хугацаа дуусна. Угтаа бол Х.Баттулга дахин төрийн тэргүүнээр ажиллах боломжгүй болно гэсэн үг. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төрийн тэргүүний үүргийг нэр төртэй гүйцэтгэж, өмнөх Ерөнхийлөгч нараас илүү хүндтэй үүрэгт ажлаа хүлээлгэж өгч байгаа хэмээн олон үнэлэх нь бий. Өөрөөр хэлбэл түүнийг улс төрд уртаас урт зам дурайтал хүлээж байгаа юм.
Магад Ерөнхийлөгчийн сонгуульд дахин дэвших боломжгүй болсон нь түүний улс төрийн карьерт илүү тод зам нээж өгсөн байж ч болох юм. Өөрөө ч улс төрийн замаас хазаахгүй, цуцахгүй, цааш зүтгэнэ гэдгээ хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой мэдээлсэн байдаг. Одоо ч тэрбээр Ерөнхийлөгчийн суудлаа хүлээлгэж өгөөд амарч, зүгээр суухгүй нь бололтой.
НӨХӨН СОНГУУЛИАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАЛЫНХАНД МАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өмнө Х.Баттулга, У.Хүрэлсүх нар уулзаж, ярилцсан гэдэг. Энэ үеэр тэд хуучин харилцаагаа сэргээх талаар ярилцаж, У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох үед яагаад нэгэн рүүгээ “дайрах” болсон гэдгээ тайлбарласан байна. Ийн тэд ойлголцолд хүрч, хуучин харилцаагаа сэргээсэн гэх нь бий.
Учир нь Х.Баттугыг ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд хүч үзнэ гэх бор шувуу олны дунд нисээд эхэлсэн байна. Уг нь түүнийг МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй тохиролцож, өөрийн хүндээ дэмжлэг хүссэн гэх таамаг өрнөж байсан ч өөр төлөвлөгөөтэй байжээ.
У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэр гаргасан талаараа тайлбарлаж, тэд тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл бий. Угтаа бол Ерөнхийлөгч ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэгт болох нөхөн сонгуулиар нэр дэвших тохироотой байгаа гэнэ.
Үүнээс гадна Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулсан учир Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах учиртай. Ийн хоёр тойрогт нөхөн сонгууль болох учир МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчтэй уулзахдаа УИХ-д хоёр тойрог өгнө гэх яриа хийж, тэд эв зүйгээ олсон гэх бор шувуу нисэх болжээ.
Өөрөөр хэлбэл, тэд улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж, нэгэндээ нэлээд туньж, гоморхсон ч дахин эв зүйгээ олсон гэдэг. Үүнийгээ ч эрхэм Ерөнхийлөгч өөрийн амаар баталж, “У.Хүрэлсүх бид хоёрт эвлэрэх орон зай үлдсэн” хэмээн мэдэгдэж байв.
Ийн Х.Баттулга төрийн тэргүүнээс бууж, УИХ-д орж ирэх нь. Ингэхдээ тэрбээр Ардчилсан намаа “атгандаа” оруулж, тарж бутраад байгаа намын бодлогоор зангидах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. УИХ-ын нөхөн сонгуульд Х.Баттулга намаасаа нэр дэвшвэл намын дотоод асуудлаа шийдэхгүй бол өнөөдрийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн шиг хувь заяа тэднийг отож буй.
Х.БАТТУЛГА АН-ыг гартаа “атгаж”, УИХ-ын гишүүн болох тохироо хийв үү |
|