• Өнөөдөр 2024-04-19

"Хаан" У.Хүрэлсүх "хурган" дарга нартайгаа Сутай хайрханд сүр дуулиантай очиж, тахив

2021-08-09,   2561

     “Хаан” У.Хүрэлсүх “хэрэгцээгүй” албатуудаа дагуулан Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд сүр дуулиантай очиж, алд бие, албан тушаалаа “даатгаад” иржээ. Өөрөө агаараар алжаалгүй морилж, албатууд нь газраар аварга жийпнүүд хөлөглөн очицгоожээ. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш ард түмний өмнө ер гарч ирээгүй, ерөөс хамраа ч цухуйлгаагүй шинэ Ерөнхийлөгчийнхөө гэгээн дүрийг Говь-алтай, Ховдын иргэд ийнхүү анхлан харсан байна. Тэнд цугласан ардууд тэнгэр тайх ёслолд оролцохын сацуу тэнгэрээр морилсон шинэ Ерөнхийлөгчийгөө, тойрогтоо ер үзэгддэггүй гишүүд, сайдууд, дарга дагахаас бусдаар дангаар ер очдоггүй нутгийн удирдлагуудаа биечлэн харснаа ихэд "бэлгэшээсэн" гэнэ. 

Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисдэг тэргээр заларчээ

 
      Өнгөрсөн бямба гарагт Говь-Алтай аймгийн Тонхил суманд болсон Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан, Ш.Адьшаа, Сангийн сайд Б.Жавхлан, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй төрийн төлөөллүүд болон Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Наро Банчэн гэгээн, “Макс групп”-ын ерөнхийлөгч Д.Ганбаатар “Алтай констракшн”-ны захирал Х.Бат-Эрдэнэ тэргүүтэй зочид морилжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нисдэг тэргээр, агаараар алжаалгүй морилж хүрсэн байна.
 
       Говь-Алтай аймгийн удирдлагууд Сутай хайрханы Их овооны энгэрт улаан халзтай олон тооны гэр барьж, хонины хорхог, тарваганы боодог, айраг цагаа бүхий хүндэтгэлийн ширээ засаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд, сайд, дарга нарыг элбэг хангалуун, ихэд тансгаар угтан авчээ. Тахилга болохоос гурав хоногийн өмнө Говь-Алтай аймгийн удирдлагууд, сумдын удирдлагууд Сутай хайрхан уулын Их овооны бэлд цуглаж, Улаанбаатар хотоос очих хүндэт зочдыг хүлээж авах бэлтгэлийг хангаж амжжээ.
       Хамаг монголын “хаан” хэмээн сэтгэж яваа У.Хүрэлсүх хөлөглөж очсон нисдэг тэргээ хүндэтгэлийн гэрүүдээс хэдхэн метрийн зайд “сойж” эрх ямбаа гайхуулжээ. Түүний хувьд болж  л өгвөл тугалын бэлчээрийн зайд ч хамаагүй нисдэг тэрэг хөлөглөчих гээд байдаг талтай. Тэрбээр, 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд аймгаас аймаг хооронд нисдэг тэрэг хөлөглөж, сурталчилгаа хийсэн. Ялангуяа зам гэж там болсон Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нисдэг тэргээр очиж сурталчилгаа хийсэн нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.
 
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө ч “нисээд” л байсан. 

“Хаан” У.Хүрэлсүхэд харагдах гэсэн “хурган” дарга нарын урт цуваа Сутай хайрхан уулын бэлд “түгжирчээ”

 
        Ерөнхийлөгч У.Хүрэлсүх агаараар хүрч очсон бол газраар 40 гаруй жийп бүхий “хурган” дарга нарын урт цуваа Улаанбаатар, Говь-Алтай, Ховд аймгаас очсон байна. УИХ, орон нутгийн сонгуульд угсраа ялалт байгуулж, шат шатанд ноёрхлоо тогтоож чадсан эрх баригч намын дарга асан У.Хүрэлсүхэд бараагаа харуулж, болж өгвөл гарыг нь атгаад авах хүсэлтэй, алс хэтдээ албан тушаал ахих санаатай дарга нар ийн хэдэн арваараа дагалдан очжээ.
      Уг нь У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болохоосоо өмнө “хурган” дарга нарыг дагуулж явах дургүй имижтэй байв. Тухайлбал, 2020 оны есдүгээр сарын 8-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний яаманд ажиллаж, салбарын ажил, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах үеэрээ IV цахилгаан станц руу автобусаар явсан. Ийн явах үеэрээ камерын өмнө гэнэт эргэж харж, дагаж явсан дарга нар, Эрчим хүчний яамны зарим төлөөллийг “Та нарыг хэн яв гэсэн юм. Ямар ч хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд байх юм. Сэтгүүлчдийг суулга. Хэрэгцээгүй хүмүүсийг битгий авч явж бай. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр бөөнөөрөө дагаж, салбаганадгаа боль. Ажлаа хийцгээ” хэмээн зад загнаж байлаа. 
 
Гэтэл мань эр ийн сүрийг үзүүлж, камерын өмнө хурган дарга нараа загнаснаасаа хоёр хоногийн дараа УИХ-ын найман гишүүн, Засгийн газрын дөрвөн сайд, бас бус “хэрэгцээгүй” дарга нарыг дагуулан Архангай аймгийн Цэнхэрийн халуун рашаанд очсон байдаг. Тэгвэл энэ удаад ч мөн олон тооны “хэрэгцээгүй” дарга нарыг дагуулан Сутай хайрхан уулын тахилгад очжээ. 
Ард түмэн аюулт цар тахлын өмнө сөхөрч, амьдрал нь тартагтаа тулчихаад байхад Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүд, сайд, дарга нараа дагуулан уулын тахилгад оролцож яваа нь нийтэд нэг л таалагдсангүй. Камерын өмнө хариуцлагын сэлэм ярьж, “хурган” дарга нарыг том дарга дагаж “намирахгүй” байхыг шаарддаг У.Хүрэлсүх камерын ард бол өөрт нь хөл алддаг “хурган” дарга нарт тийм ч хатуу биш бололтой. Албан тушаалаас амиа өгөхөөс буцахгүй болтлоо цайрсан “арми”-ийг Ерөнхийлөгч нь хүртэл ингэж эрхлүүлээд байхаар яах ч билээ. 
 

Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүндэтгэл үзүүлж, морь уралдуулж, бөх барилдуулжээ

 
        Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрхан уулын тахилгад оролцох үеэрээ өчил өргөж, цугласан ардуудад хандан үг хэлсэн байна. Мөн Сутай хайрханы тахилгад зориулан бор азарга сэтэрлэжээ. Сутай хайрхан уулын тэнгэр тайх ёслолын дараа хурдан морь уралдуулж, хүчит 64 бөх барилдуулж, Ерөнхийлөгч, гишүүд, сайд дарга нарт хүндэтгэл үзүүлжээ. Сутай хайрхан уулын тахилга наадмын хүчит 64 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Тонхил сумын харьяат Улсын начин Б.Суманчулуун үзүүрлэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг баясгажээ. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сутай хайрхан уулын тахилгад оролцохоос өмнө Хөвсгөл далайн эрэгт амарчээ

 
         Ерөнхийлөгч болсноосоо хойш ард түмний өмнө гарч ирээгүй, ажил ярьж толгой “гашилгаагүй” У.Хүрэлсүх ёстой амрах шиг, аялах шиг болж байна. Тухайлбал, тэрбээр өнгөрсөн наадмын ес хоногийн амралт шувтрах үеэр Хөвсгөл далайн эрэгт очиж амарчээ. Түүнийг дагалдан мөн л олон “хэрэгцээгүй” дарга хамт явсан гэх. Амралтын газрынх нь өмнүүр онцгой байдлын болон хамгаалалтын хоёр завь өөд уруугүй эргүүл хийж, амрагчдын завийг “Энүүгээр ойрхон битгий яв” гэж хорьж, цагдсан тухай завьчид ярьж байна билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, хүссэндээ хүрэхийн төлөө өвөлжин, хаваржин толгой гашилгасан тэрбээр энэ зун, намрыг амарсан шиг амраад өнгөрөөе гэж нэг мөр шийдсэн бололтой юм. Гагцхүү амарч, зугаалж, уул тахиж явах зуур нь ард түмний амьдрал улам л хэцүүдээд байгааг мэдэж л явдаг байгаа даа. 
 

Сутай хайрхан уул “баяжуулдаг” гэх ШУУМ

 
         Сутай хайрхан уулын тухай нутгийнхны ярилцдаг нэгэн домог бий. Сутай нутагт унааны ганц морьтой ирсэн харь хошууны нэгэн ард нутгийн олноос цөөн тооны хонь худалдан авч өсгөөд хот дүүрэн хоньтой болж, ихэд баяжжээ. Энэ явдлаас үүдэн Сутай хайрхан уулыг ерөөхдөө “халзан цагаан хонин сүргийн өлзий хишиг дүүрэн Сүмбэр цагаан Алтай юм аа” гэж хэлдэг болжээ. Сутай уулын мөнх цагаан оргилыг нутгийнхан бум буман хонин сүргийн хишиг даллагатай уул хэмээн хүндэтгэн дээдэлж иржээ. Энэ нь яваандаа шүтэж мөргөсөн хүнийг баяжуулдаг гэх ойлголт болон нийтэд тархсан аж. 
 
Сүүтэй уул буюу Сутай хайрхан уулыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын  2007 оны долдугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Төрийн тахилгат уул болгосон түүхтэй. Улмаар 2008, 2012, 2016 онуудад тахисан юм.  Тэр бүрд энд тэндхийн дарга сэтэртнүүд, шинэ баячууд Сутай хайрхан зүг шуурах болсон. Магадгүй, “баяжуулдаг” гэх шуум тэднийг тийш хөтөлдөг ч байж болох. 
         Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их ёслол 2016 оны долдугаар сарын 25-нд болж байв. Тус ёслолд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж биечлэн оролцож байлаа. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, ЕТГ-ын дарга П.Цагаан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, болон сумдын Засаг дарга нар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба Л.Амгалан нар оролцож байв. Тухайн үед уг тахилгад 1000 гаруй хүн оролцсон гэдэг.
 
Сонирхуулахад, анх 1995 оны тавдугаар сард Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг төрийн тахилгат уул болгох зарлиг гаргаж байсан бол хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди Дарьгангийн Дарь овоо, Алтанхөхийг, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Суварга хайрхан, Ханхөхий, Сутай хайрхан уулыг төрийн тахилгат уул болгох зарлиг гаргаж байв. Харин дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг 2012 онд батлуулж, таван жил тутамд зохион байгуулж байхаар болсон байдаг. 
 

"Хаан" У.Хүрэлсүх "хурган" дарга нартайгаа Сутай хайрханд сүр дуулиантай очиж, тахив
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 11
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 15:52:54
    С: Атаархаж үхэх гэсэн шошилд хэлээ билүүдсэн лагаанууд бнаа. Хэсэгхээн хүн бичдэг. Цаанаасаа даалгавартай ууж идэж байсныг нь таслан зогсоосон болохоор муухай харагдуулах гэж бичдэг амьсгалууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 10:20:34
    Шогч: Агуу их хаантан мянга түм түм наслах болтугай.алдар суу нь дэлгэрч монголын их гүрнийг байгуулах үйлс нь дэлгэрэг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-10 08:45:13
    Бямба: Иим өвчин зовлонтой Төсвиин алдагдалтай үед ард түмнии төлөө чөмөгөө дундартал зүтгэнэ гэсэн хүн Юу хиисэндээ амарч зугаалж баяр хииж олон хүн цуглуулж онцгой байдлын хууль зөрчин явж байгаа юм болдоо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 20:44:09
    Зочин: Их л дэмжсэн юмсан,одоо гараад ирсэн юм чинь зөвлөх туслахаараа сэтгэлтэй хүмүүсийг ажиллуулаачдээ,өвчнөөр,юмны үнэ өсөөд ард түмэн чинь сөхөрч байгаан бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 20:04:26
    Зочин: Наро-ванчин гэгээн гэх залууг дагалдан 120 машин дагаж наад говьалтай аймгаар даган овоо тахих гэж явсан гэсэн шүү ? 40 өөд машин бол бага биш юм уу ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 13:13:45
    иргэн: бүгд хог шаарууд...сонгосон сонголт нь ...новш гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 12:17:31
    эрдэнэ: эргүү малнуудын сонголт
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 11:23:49
    хамаг: Төрийн хамгаалагч нарыг загнаад намайг ард түмэн хамгаална гээд л загнаад байдаг сүр данзан шшү шоуг утгаар нь хийндээ мундаг юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 10:55:51
    Туяасайхан: Ажил хийж мэдэхгүй, дүр эсгэсэн, зугаа цэнгэл хөөсөн ийм жүжигчин улс эх оронд минь, ард түмний төлөө юм хийх үү? Чадахгүй гэдгээ ч байнга батлан харуулчих юм даа, хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 10:55:50
    Туяасайхан: Ажил хийж мэдэхгүй, дүр эсгэсэн, зугаа цэнгэл хөөсөн ийм жүжигчин улс эх оронд минь, ард түмний төлөө юм хийх үү? Чадахгүй гэдгээ ч байнга батлан харуулчих юм даа, хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-09 09:17:29
    Иргэн: Хаантан мянга түм наслах болтугай хурай хурай
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188