• Өнөөдөр 2024-04-25

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Арбидол эмийг “Ковид-19”-ийн эмчилгээнээс хасаж, АНУ-аас 10.5 тэрбум төгрөгийн тусламж авахаар болсон ДОЛОО ХОНОГ

2021-09-18,   464

Эргэлт.мн мэдээллийн сайт улс төр, нийгэм, эдийн засагт болж өнгөрсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын танхимын хичээл эхлэж, арбидол эмийг “Ковид-19” цар тахлын эмчилгээнээс хасаж, АНУ-аас 10.5 тэрбум төгрөгийн тусламж авахаар болсон зэрэг онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Монгол Улсын эдийн засаг 5.3 хувиар агшжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт  болсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн нөхцөл байдлын талаар илтгэл танилцуулсан юм.

          Тэрбээр “Цар тахлын нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй. Дэлхийн улс орнууд эрүүл мэнд, эдийн засгийг хамтад нь анхаарах ёстой гэдэг агуулга руу явж байна. Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн улс орнууд эдийн засгийн сэргэлтийн талаар ярьж эхлээд байна.  Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Үүнээс үүдээд манай гол экспортлогч оронтой хиллэж байгаа хуурай замаар хиллэж буй орнуудын ачаа, тээвэр удааширсан. Дэлхийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн уналттай гарсан. Манай улсын хувьд ч амаргүй нөхцөлд байна. Хөдөлгөөний хязгаарлалтад орж, эдийн засаг агшсан. Тээвэр логистик, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгийн голлох түүхий эдийн үнэ өссөн. Энэ нь манайд давуу болон сул тал үүсгэсэн. Ингэхдээ манай түүхий эдийн гол түүхий эд болох алт, зэс, төмрийн хүдэр зэрэг гол экспортын бүтээгдэхүүний үнэ өсөж, давуу байдал үүсгэсэн. Харин газрын тос болон шатахууны үнэ өссөн нь инфляц үүсгэж, сөрөг нөлөө үзүүлээд байгаа юм.

          Манай эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан. 30 жилийн хугацаан дахь түүхэн сорилтод орж байна. Засгийн газраас хатуу хөл хорио тогтоож, 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн нь эдийн засагт тодорхой хэмжээний сэргэлт авч ирсэн. Гэхдээ энэ нь боломжит түвшнээс доогуур байгаа. Тэгэхээр дахиад эдийн засгийн засгаа сэргээх арга хэмжээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй. 

          5.3-аас  эдийн засаг сэргэж байгаа үзүүлэлт нэгдүгээр улиралд гарсан. Хоёрдугаар улиралд энэ түвшинг хадгалах, үүнээс доогуур байх нөхцөл байдал ч ажиглагдаж байна" хэмээсэн.

 

Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл эхлэв

Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл эхэлсэн. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг. Тэдний хувьд хотод дасан зохицох, зорьсон газраа саадгүй зорчихоос эхлээд багагүй бэрхшээл учирдаг. Тиймээс НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штабаас шинэ оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээг зохион байгуулав. Энэ үеэр оюутнуудад зориулсан гарын авлага тарааж, танилцуулга мэдээлэл хийхийн дээр хотын зарим удирдлага оюутнуудтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон. Гарын авлагад Улаанбаатар хотын иргэний мэдэж байх анхан шатны мэдээллүүдийг багтаасан бөгөөд нийтийн эзэмшлийн эд зүйлс, ногоон байгууламжийг хэрхэн хамгаалах, хотын иргэний соёл, дадлын талаар дурдсан байна. Мөн автобусны чиглэл, цагийн ажил, онцгой байдал, цагдаа, галын дуудлага, түргэн тусламжийн болон номын сангуудын утасны жагсаалтыг ч багтаажээ. Хотын соёл аяны хүрээнд зохион байгуулж буй танилцуулга мэдээлэл өнөөдөр 12:30-14:30 цагт зарим их, дээд сургууль, номын сан, оюутны дотуур байр, соёл мэдээллийн байгууллагуудын ойр орчимд өрнөсөн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлын улмаас амиа алдсан иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон.

          Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цар тахлын улмаас амиа  алдсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Мөн  цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон бусад төрийн албан хаагчид,  хүнд цаг үед бүх боломжоо дайчлан тасралтгүй ажиллаж, ажлын байраа хадгалж буй баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч нарт талархал илэрхийлж, амжилт хүсэж байна.

          Түүнчлэн цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төр засгаас явуулж буй бодлого, үйл ажиллагааг ойлгон дэмжсээр ирсэн нийт ард иргэддээ Монгол төрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, эрүүл энхийг хүсье" хэмээн эмгэнэл илэрхийлсэн юм.

 

Хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрээр олгодог болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болсон билээ.

      Энэ үеэр Ерөнхий сайд  хүүхдийн мөнгөтэй холбоотой ирээдүйд авч хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр  “Хүүхдийн мөнгө, цалинтай ээж, хүнсний талон зэрэг халамжтай холбоотой бодлого нь цар тахлын үед асар дэмжлэг болсон. Ялангуяа хүүхдийн мөнгө. Үүнийг халамж гэж ойлгож болохгүй. Дэлхийн олон орон ирээдүйдээ хөрөнгө оруулсан бодлого хэрэгжүүлдэг. Бид 1.4 их наяд төгрөг бэлнээр олгоод байх уу гэдэг асуудал бий.

      Манайд хөдөлмөр эрхлэх хүн хүч нь 1.2 сая байна. Халамжийн бодлогоос болж, хөдөлмөр эрхлэхгүй гэдэг сэдэл өгөх явдал байгаа. Хүүхдийн мөнгийг бид одоо байгаагаар нь олгохгүй. Өртэй биш өвтэй монголыг бүтээх хэрэгтэй. Үндсэндээ бид хадгаламжтай монголыг бүтээх бодлогын шинэчлэл рүү цаг алдалгүй орох хэрэгтэй. Хүүхэд мөнгөө хуримтлуулж аваад, ирээдүйн өв сангийн данс бодитоор хэрэгждэг болох ёстой. Иргэн болгонд хүртээмжтэй байгалийн баялгийг хүртээж, халамжийн бодлогоос татгалзах шинэчлэл хийх хэрэгтэй" хэмээсэн.

 

Арбидол эмийг “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хассан

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар "Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх чуулга уулзалт Төрийн ордонд болсон_

      Энэ үеэр Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эрүүл мэндийн холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням “Арбидол эмийг өнгөрсөн долоо хоногт эмчилгээний стандартаас хассан. Гэтэл ЭЭХХЗГ, Хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргадаг хамгийн том байгууллагууд мэдээгүй байна. Арбидолын нөөц бий болгох шийдвэрийн дагуу аж ахуйн нэгжүүд нөөц бүрдүүлж, мөн төрийн худалдан авах ажиллагааны газар ерөнхий гэрээндээ оруулсан. Одоо 3.9 тэрбум төгрөгийн эмийн нөөц, долоон тэрбумын гэрээ хийчихсэн байна. Эмчилгээний практикаас хасагдсан учир одоо энэ 10 тэрбум төгрөгийн эм хог болно. Ирээд устгуулах нь” гэв. 

      Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ талаар "ДЭМБ эмчилгээний зөвлөмжөө өөрчилж, “Ковид-19”-ийн өвөрмөц эмчилгээнээс хасах шийдвэр гаргасан. Үүний дагуу манай улс Арбидолыг өвөрмөц эмчилгээнээс хасахаар болсон" хэмээн хариуллаа.

 

“PUBG Mobile” тэргүүтэй найман видео тоглоом Азийн наадмын хөтөлбөрт багтлаа

Азийн олимпын зөвлөлөөс 2022 оны есдүгээр сард БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн наадмын хөтөлбөрт анх удаа багтаад буй электрон спортын төрлүүдийг зарласан. Энэ удаагийн Азийн наадамд “PUBG Mobile”, “Dota II”, “Hearthstone”, “League of Legends”, “FIFA”, “Street Fighter V”, “Arena of Valor”, “Dream of the Three Kingdoms II” гэсэн найман төрлийн и-спорт тус наадмын медалийн төлөө өрсөлдөхөөр болсон байна.

          Энэ талаар Азийн олимпын зөвлөлийн Техникийн албаны захирал Хусейн Аль-Муссаллам “Спортын төрүүүдээ эрт зарласан нь оролцох багуудад бэлтгэлээ базаах хугацаа өгч байгаа” хэмээн мэдэгджээ.

          Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 16-нд Оманы Мускат хотод болсон Азийн олимпын зөвлөлийн ерөнхий ассамблейгаар электрон спорт нь Азийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан билээ.

 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн юм.

          Дээрх мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2021 оны есдүгээр сарын 22-ны өдөр хийхээр товлоод байгаа аж.

 

АНУ-аас Монгол Улсад 10.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэхээр болов

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 14-нд АНУ 3.7 сая ам.доллар буюу 10.5 тэрбум төгрөгийг “Ковид-19”-ийн яаралтай нэмэлт тусламж Монгол Улсад үзүүлэхээр болсноо зарласан байна.

          Уг тусламж нь халдварын эсрэг эм, туршилтын иж бүрдэл, эмнэлгийн яаралтай тоног төхөөрөмж, хангамж, хүчилтөрөгчийн эмчилгээ болон хувийн хамгаалалтын хэрэгсэл (PPE) өгөх юм. Мөн USAID нь эмнэлгийн ослын менежментийг сайжруулах, вирусийн хувилбаруудыг тодорхойлохын тулд хээрийн эмнэлэг болон лабораторийн дарааллыг дэмжих, сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэлзүйн дэмжлэгийг сайжруулах, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан боловсролын телевизийн контент боловсруулах, хүүхэд, гэр бүлд сэтгэц-нийгмийн ба сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, вакцинжуулалтын ач холбогдол болон “Ковид-19”-ийн тархалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сурталчлах ажлууд хийнэ.

          АНУ-ын Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй саяхан ирсэн вакцин болон хиймэл уушиг орлуулагчийг Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүлээлгэн өгөх ёслолын үеэр энэ тухай мэдэгдэв. “Энэ өвчнийг зогсоож чадах цорын ганц арга зам бол бид дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд бүгдээрээ хамтран ажиллах явдал юм. Монгол Улсын стратегийн түнш болон гуравдагч хөршийн хувьд АНУ энэхүү дэлхийн тахал өвчнийг даван туулахад Монголын ард түмэнд туслах үүрэг хүлээсэн хэвээр байна” гэсэн юм.

          Энэхүү мэдэгдэл нь тахал дэгдэлт эхэлснээс хойш АНУ-аас Монгол Улсад үзүүлсэн “Ковид-19” тусламжийн дөрвөн сая гаруй ам.доллар буюу 11.4 тэрбум төгрөгийг нэмэгдүүлжээ. Эдгээр сангууд нь Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжихийн тулд маш их хэрэгцээтэй хангамж нийлүүлэхээс гадна, Монголын эмнэлгийн ажилтнуудад хүнд өвчтэй хүмүүсийг эмчлэх ба өвчний цаашдын тархалтаас урьдчилан сэргийлэх сүүлийн үеийн арга техникт сургахад дэмжлэг үзүүлсээр байна.

 

Автобензины хомсдол үүсэж, үнэ нэмэгдэх нөхцөл гараагүй гэв

Ашигт малтмал, газрын тосны газраас АИ-92 шатахууныг зарим газарт худалдаалахгүй байгаа талаар есдүгээр сарын 14-ний өдөр мэдэгдэл хийсэн.

Мэдэгдлийн үеэр АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "АИ-92 автобензинийг зарим газарт худалдаалахгүй байгаа нь нийлүүлэгч талтай шууд холбоотой. Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний нийт нөөц 28 хоног байна. Тухайлбал АИ-92 шатахуун 21 хоног, дизель түлш 35 хоног, АИ-80 шатахуун 35 хоногийн нөөцтэй байна. Хомсдол огт үүсээгүй. Тодорхой хэмжээний нөөц багассан асуудал бий. Гэхдээ бид холбогдох арга хэмжээг авч, ажиллаж байгаа. Үнэ нэмэгдэх нөхцөл байхгүй” гэсэн юм.

 

2021-2022 оны өвлийн халаалт залгалт эхэллээ

Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газраас 2021-2022 оны өвлийн бэлтгэл ажилд 168 Ус дулаан дамжуулан төв, 360 Бага чадлын ус дулаан дамжуулах төвийн хоёрдугаар хэлхээний 1910 орон сууцны байр, 405 амины орон сууцны 103546 өрх, 65 сургууль, 117 цэцэрлэгийн шугам сүлжээний дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэж байна.

          2021-2022 оны өвлийн халаалт залгалтын ажлыг төлөвлөгөөний дагуу энэ сарын 14-нөөс Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг орчмын хэрэглэгчдийн халаалтыг залгаж, 15-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хэрэглэгчдийн халаалтыг залгажээ.  Орон Сууц Нийтийн Аж Ахуйн Удирдах Газраас өөрийн хөрөнгө оруулалтаар их засварт 5.3 тэрбум, урсгал засварт 2.4 тэрбум төгрөг төлөвлөж, 2020 онд батлуулсан бөгөөд их засварын 28 ажлаас 25, урсгалын засварын 36 ажлаас 31-ийг нь бүрэн хийж дуусаад байгаа юм байна.

          Эрчим хүч хэмнэх зорилгоор 60 ялтсан дулаан солилцуур шинээр суурилуулж, хэрэгцээний халуун усны 24 насос нэмж тоноглон, 127 километр урт ариутгах шугам, 5000 орчим худгийг лайдаж, 298 худгийн тагийг шинэчлэн сольж, халаалтын 490, хэрэглээний халуун усны 483 ялтсан дулаан солилцуурыг угааж, дулаан дамжуулалт сайжруулах шахалт хийж, халаалт залгажээ.

 

ГЗБГЗЗГ-ын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлөв

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. 

          Ц.Ганхүү нь 2015 оноос Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын даргын албыг хашиж байгаа юм.

          Түүнийг газар олголт болон барилга барихад шаардагддаг тусгай зөвшөөрлүүдийг авахад нөлөөлсөн, мөн мөнгө угаасан, албан тушаалын байдлаа ашигласан, хахуульд зуучласан гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа аж.

 

Э.Цэндбаатарт 50 сая төгрөг өгч, байртай болгох аян эхлүүлэв

Монголын Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг боксын шигшээ багаас хасаж, түүний оронд О.Тулгыг сорилго тэмцээнд оруулахаар болсон. Э.Цэндбаатар Дэлхийн аваргад шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлтээ МҮОХ-нд хүргүүрээд байгаа юм.

          Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах хүсэлтэй иргэд гарын үсэг цуглуулж эхэлсэн. Харин үүнтэй холбоотойгоор Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг байр, автомашинтай болгох хандивын аяныг эхлүүлж, 50 сая төгрөг өгөхөө мэдэгддсэн юм.

          Тэгвэл Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах сорилгод оруулахаар болов. Сорилго тэмцээнд ирэх аравдугаар сарын 3-нд Эрдэнэтийн Сэлэнгэ баазад болох бөгөөд залуу тамирчин О.Тулгатай тулалдах юм.

 

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээр дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэв

Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явах нөхөн сонгуульд оролцох найман нам, нэг эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн хоёр нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин гурван нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм.

          Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг ирүүлэх, мөн өдрөөс өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримт бичгээ ирүүлснийг тус Хороо 2021 оны  есдүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас нэр дэвшүүлсэн Д.Баатаржав нарын дахин бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэн үнэмлэх олгохоор болов.

          Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүллээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2021 оны есдүгээр сарын 18-ны өдөр гардуулах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

 

Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар 2020 онд батлагдсан хуулиудын уг эх дээр Төрийн тамга дарав.

          Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Төрийн тамгыг Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус тус дардаг.

          Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.

          Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайрцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаснуудад дарсан юм.

          Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ёслолын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улс төрт ёсны 2200 гаруй жилийн түүхтэй. Манай төр өвөг дээдсийнхээ “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” хэмээсэн үзэл санааг тасралтгүй баримталж ирсэн уламжлалтай. Монгол Улсын Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү ёслол нь Монгол төрийн бодлого шийдвэр болж буй хууль, тогтоомж хэлбэрэлтгүй биелэгдэж байхын баталгаа болдог” гэлээ.

          Монгол Улсын Их Хурал 2020 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд олон томоохон хуулиудыг шинэчлэн найруулж, нэмэлт өөрчлөлт оруулсан. 2020 онд нийт 241 хууль баталснаас анхдагч хууль 34, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 24, хуулийн шинэчилсэн найруулга 8, хуульд өөрчлөлт оруулах тухай 167, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8-ыг баталсан байна. Энэ нь нийт 10 боть, 2732 нэгж хуудас болсон. Хууль, тогтоомжийн уг эх дээр Төрийн тамга дарснаар Улсын Их Хурлаас баталж, Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхсон хууль, тогтоомжийн уг эх монгол төрийн хуулийн санд албан ёсоор хадгалагдана гэж Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлоод, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож буй энэ оноос эхлэн Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Төрийн тамга дарах ёслолыг зохион байгуулах болсонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт талархал илэрхийллээ.

          Монгол Улсын хуулийн уг эх дээр Төрийн тамга дарах ёслолын арга хэмжээг жил бүр Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран зохион байгуулдаг. Энэ жил анх удаагаа Төрийн ёслол хүндэтгэлийн “Морин хуур” танхимд зохион байгуулснаараа онцлогтой гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Шадар сайд ШХАБ-ын уулзалтад оролцож байна

ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна. Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байна.

          Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахлын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.

          Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмдэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.

          БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандуулахаа илэрхийлэв.

          Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээлэв.

 

30 дахь удаагийн Үндэсний номын баяр эхлэв

30 дахь удаагийн Үндэсний номын баяр эхэлсэн. Энэ удаагийн номын баярын үндсэн үйл ажиллагаа Д.Сүхбаатарын талбайд “Өдөр бүр уншъя” уриатайгаар болж байна.

          УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийн баталсан.  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав  дахь долоо хоногийн Бямба, Ням гариг” гэж тусгасны дагуу энэхүү өдрүүд албан ёсны тэмдэглэлт өдөр болсон юм.

          Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Харин энэ жилийн хувьд номын баярын онцлог нь бүх нийтээр тэмдэглэх хуультай болсон гэдгээрээ илүү өргөн цар хүрээг хамарсан аж.

          Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үйл ажиллагаа маань цар тахалтай холбоотойгоор аймгуудад харилцан адилгүй зохион байгуулахаар болсон байна. Зарим аймагт задгай талбай, цахим гэх мэтчилэн байхаар зохицуулалт хийжээ.

 

Ерөнхийлөгчийн зарлигаар улсын аварга Э.Оюунболдын цолыг хураав

Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ, Улсын баяр наадмын 2019 оны түрүү бөх Э.Оюунболд сэргээш хэрэглэснийг тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны арвандүгээр сарын 2-ны өдрийн 398 дугаар тогтоолоор түүний Улсын аварга цолыг хүчингүй болсон. Тэгвэл уг Улсын дээд шүүхийн эцсийн шийдвэр биелж түүний 2019 оны Үндэсний баяр наадамд түрүүлсэн түрүүг хүчингүй болгосон билээ. Бөхийн цол хураах эрх Ерөнхийлөгчид байдаг. У.Хүрэлсүх шүүхийн шийдвэрийн дагуу улсын аварга Э.Оюунболдын цолыг хураалаа.

          Уг шийдвэр биелсээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод есийн даваанд өвдөг шороодсон Увс аймгийн Ховд сумын харьяат, “Химон Констракшн” ХХК, увс нуур бөхийн дэвжээний бөх Монгол Улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж байна. Мөн Э.Оюунболдод наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж “Үлэмж бадрах” чимэг, долоогийн даваанд унасан Д.Анар “Улсын заан”, зургаагийн даваанд унасан Б.Цэдэнсодном “Улсын харцага”, тавын даваанд унасан Н.Мустафа “Улсын начин” цолыг тус бүр хүртжээ. Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч “Улсын гарьд”, Ц.Одбаяр “Улсын заан”, Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар “Улсын харцага”, Б.Суманчулуун, Ц.Сангидорж нарт “Улсын начин” цол хүртэж байгаа юм.

 

 


ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Арбидол эмийг “Ковид-19”-ийн эмчилгээнээс хасаж, АНУ-аас 10.5 тэрбум төгрөгийн тусламж авахаар болсон ДОЛОО ХОНОГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188