Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, дэлхий дахинд болж өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билэ Өнгөрсөн долоо хоногт хичээлийн шинэ жил эхэлж, улс төрийн намууд нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан зэрэг томоохон үйл явдлууд өнгөрлөө. Тэгвэл эдгээр үйл явдлыг тойлон хүргэж байна.
НӨХӨН СОНГУУЛЬ БА НАМУУДЫН ДУУЛИАН
УИХ-ын 18, 28 дугаар тойрогт ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болохоор товлогдсон. Тэгвэл өнгөрсөн лхагва гарагт намууд сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, хуулийн хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд танилцуулав. Энэ удаагийн нөхөн сонгуульд есөн нам, нэг эвсэл нэр дэвших хүсэлтээ өгөөд буй. Үүнээс УИХ-д суудалтай гурван намаас хэн хэн нэр дэвшиж өрсөлдөх вэ гэдэг нь олны анхаарал татаж байлаа. Тодруулбал, МАН, АН, ХҮН-аас нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн эрхмүүдээс хэн нь “онцгойрч” УИХ-д хүч үзэх бол гэх хүлээлт олны дунд үүсээд байв. Ийн намууд шат шатны хуралдаанаараа нэр дэвшигчдийг тодруулсан юм.
.jpeg)
МАН-аас долоон гишүүн нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн. Ихэвчлэн залуу улстөрчид байсан нь нам доторх өрсөлдөөнийг нэлээд сонирхолтой болгов бололтой. Нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн долоон гишүүнийг намын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, хоёр нэр дэвшигчийг Бага хуралдаанаар батламжлуулсан. Улмаар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг нэр дэвшүүлэхээр болсон бол Хэнтий аймагт Ц.Идэрбатыг өрсөлдүүлэхээр болсон. Харин заалнаас УИХ-ын гишүүн О.Сандаг-Очир Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг нэр дэвшүүлсэн ч өөрөө татгалзсан гэх мэдээлэл байгаа юм. Бага хурлын үеэр намын гишүүд хоёр талцаж, Э.Батшугарыг нэр дэвшүүлэхгүй хэмээн зарим гишүүн эсэргүүцлээ илэрхийлсэн гэх мэдээлэл ч бий. Хэдий хотын дарга Д.Сумъяабазар өөрийн хүн болох Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайг өөрийн тойрогтоо өрсөлдүүлэх сонирхолтой байсан ч намын генсектээ буулт өгч, Н.Энхбаярын хүүг дэвшүүлэхээр болов. Э.Батшугар нь 2020 оны УИХ-ын сонгуулиар тус дүүрэгт нэр дэвшиж, өвдөг шороодсон удаатай.
Харин Хэнтий аймагт нэр дэвшихээр болсон Ц.Идэрбатын тухайд өрсөлдөгчгүй дэмжигдсэн гэх. Аймгийн Засаг даргаар ажиллаж буй түүний тухайд өнгөрсөн хугацаанд нөхөн сонгуульд нэр дэвшихээр тойргоо нэлээд усалсан гэх нь ч бий.
УИХ-д сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн дараагаас хоёр талцаж, өнөөдрийг хүртэл маргаанаа шийдээгүй. О.Цогтгэрэл даргатай Ардчилсан нам Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн ч хүлээж аваагүй учир М.Тулгатын талаас нэр дэвшигчид тодров. Нөхөн сонгуульд тус намын хуучин гишүүдээс хэд хэдэн хүний нэр яригдаж байсан ч олонх нь нэрээ татсан гэх мэдээлэл бий. Иймдээ ч өрсөлдөөн багатай нэр дэвшигчдээ тодруулав бололтой. Сонгинохайрхан дүүрэгт тус намаас хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл нэр дэвших бол Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар өрсөлдөхөөр болжээ. Аль аль нь Их хуралд сонгогдож, сөрөг хүчний гишүүний үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай улстөрчид. Хотын дарга асан Э.Бат-Үүл 2020 оны УИХ-д хүч үзсэн ч өвдөг шороодсон удаатай.
ХҮН-аас ганцхан тойрогт нэр дэвшигчээ өрсөлдүүлж, өөрсдийн шандсыг шалгана гэдгээ илэрхийллээ. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигч нь чамгүй олон санал авч, аман хүзүүдсэн нь тэдэнд ийн итгэл түрүүлсэн бололтой. Тодруулбал, тус намын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалааг Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэхээр болсон байна. Тус намын дарга Т.Доржханд “Ямар хүнийг дэвшүүлэхээ эвслийн удирдлагууд илэн далангүй, нээллтэйгээр ярилцаж, нууц санал хураалтаар тодруулсан. Олон чадвартай, мэдлэгтэй, ажлын туршлага сайтай нэр дэвшигчид өрсөлдсөн. Үүнээс Сонгинохайрханы тойрогт ХҮН-ын удирдах зөвлөлийн дарга Б.Найдалаа нэр дэвших шийдвэр гарсан” хэмээн онцолсон байна.
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Хоёр жил шахам хөл хорио тогтоож, танхимын хичээл орохгүй байсаар өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээл эхлэв. 2021-2022 оны хичээлийн шинэ жил цар тахлын амаргүй цаг үед эхэлж буйгаараа онцлогтой болж буй. Засгийн газраас хичээлийн танхимын хичээлийг эхлүүлэхдээ шат дараатай эхлүүлж, халдвар хамгааллын өндөр дэглэмд ажиллах үүрэг өгөөд буй.
Ингэхдээ шинэ хичээлийн жилд нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулахгүй бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тав хоног танхимаар, тав хоног цахимаар хичээллэх шинэ журам баталсан. Түүнчлэн цэцэрлэгт дөрөв, таван настнуудыг хүлээн авах үүрэг чиглэл өгсөн бол их дээд сургуулийн танхимын хичээлийг энэ сарын 13-наас эхлүүлэхээр болоод буй. Ийн шинэ хичээлийн шинэ жил өмнөх жилүүдээс онцлогтой эхлэлээ. Цаашид хөл хорио тогтоож, танхимын хичээлийг тасалдуулахгүй явуулахын тулд халдвар хамгааллын дэглэмийг чанад мөрдөх нь чухал юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ, ҮГ ХЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэллээ. Тэрбээр “Юуны өмнө Дорнын эдийн засгийн чуулганд намайг урьсан ОХУ-ын Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлэхийг хүсэж байна. 2015 оноос эхлэн зургаан удаа зохион байгуулж буй Дорнын эдийн засгийн олон улсын чуулга уулзалтад Монгол Улс дөрөв дэх удаагаа төрийн тэргүүний түвшинд оролцож байна. Энэ нь Монгол Улс тус чуулганд өндөр ач холбогдол өгч байдгийн нотолгоо төдийгүй цаашид бүс нутгийн орнуудтай үр бүтээлтэй, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн чин эрмэлзлэлийн илэрхийлэл юм.
“Хувьсан өөрчлөгдөж буй ертөнц дахь Алс Дорнодын шинэ боломж” сэдэвт өнөөгийн энэ чуулга уулзалт дэлхий даяараа цар тахлын аюулд нэрвэгдсэн, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах шинэ шийдлүүдийг нийтээр хайж буй энэ цаг үед болж буйгаараа ач холбогдолтой .
Иймд тус чуулган Алс Дорнод, Ази, Номхон далайн бүс нутаг дахь цар тахлын үр дагавар, хямралын эсрэг шинэ боломжуудыг нээх, бүс нутгийн хэмжээнд эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрийг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна.
Цар тахалтай тэмцэх, хумих үйлсэд ард иргэдийн дархлаажуулалт гол үүрэг гүйцэтгэх тул “Ковид-19” халдварын эсрэг вакцин бүтээж, үйлдвэрлэж, түгээж буй орнууд, түүний дотор Монголын ард түмэнд цар тахлын хүнд үед туслалцаа үзүүлж ирсэн улс орнууд, олон улсын байгууллагуудад гүн талархлаа энэ дашрамд илэрхийлье. Өнөөдрийн энэ боломжийг ашиглаад “Ковид-19” цар тахлын хамгийн хүнд үед өөрийн үйлдвэрлэсэн вакциныг манай улсад нийлүүлсэн ОХУ, БНХАУ, БНЭУ, санхүүгийн тусламж үзүүлсэн Япон Улсын Засгийн газарт Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Энэ онд Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Түүхэн баялаг замыг туулсан манай хоёр улсын бүх талын хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн агуулгаар цаашид улам баяжин бэхжиж, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулна гэж үзэж байна. Манай улсын мөнхийн хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл билээ. Ард түмнүүдийн найрамдал, харилцан ойлголцолд суурилсан бидний түншлэл “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдлыг үл харгалзан бүх салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгааг цохон тэмдэглэх нь зүйтэй юм.
Монгол Улс эдийн засгаа сэргээх хүрээнд өнгөрсөн 2020 онд манай улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, аялал жуулчлал, жижиг, дунд үйлдвэрлэл, тээвэр логистик, бүтээлч үйлдвэрлэл, мэдээллийн технологийн салбарыг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, онцгойлон дэмжиж байна. Энэ хүрээнд Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хамтран ажиллахад баяртай байх болно” хэмээв.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Хичээлийн шинэ жилтэй, нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорсон долоо хоног |
|