Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр манай улсын төр, нийгэм, эдийн засаг, соёл урлагийн салбарт болон дэлхий дахинд болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрөгч долоо хоногт өрнөсөн үйл явдлуудаас С.Баярцогтод оноосон 4.8 жилийн хорих ялыг хүчингүй болгож, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр хилийн чанадыг зорьж, хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн олимпын наадам эхэлсэн зэргийг онцолж байна.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан энэ сарын 19-нд болсон. Тус хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн юм. Шүүхээс С.Баярцогтод оноосон 4.8 жилийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт нарыг батлан даалтад гаргаж, хэргийг дахин шалгаж эхэлнэ гэсэн үг.
Хэргийг эргэн сануулбал, Анхан шатны шүүхээс С.Баярцогтод нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, 10 жил хорих ял оноон, үл хөдлөх эд хөрөнгүүд, оффшор бүсээс Швейцарын банкаар дамжуулан угаасан 1.3 сая ам.долларыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байдаг. Мөн Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, дөрвөн жил, Б.Ариунсан, Б.Бадрал нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил зургаан сар хорих ял оноосон юм.

“Токио-2020” зуны олимпын наадамд оролцохоор Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг долдугаар сарын 19-нд дасгалжуулагч С.Тулга, Б.Солонго, Д.Ганзул, О.Хулан, Э.Чимэддолгор, М.Цэрэнлхам, Б.Болор-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй хөдөлсөн. Тэгвэл олимпын хотхонд очсоныхоо дараа шигшээ багийн дасгалжуулагчдын баг хуралдаж, олимпод оролцох багаас ОУХМ Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нарыг хассан. Энэ талаар дасгалжуулагч С.Тулга “Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар бэртлийн улмаас ээлжит зуны олимпын наадамд оролцох боломжгүй боллоо” гэсэн юм.

Улсын Дээд шүүх долдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн. УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг Анхан шатны шүүх 2.5 хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жилийн хугацаанд хассан. Харин Давж заалдах шатны шүүхээс түүнийг 40 сая төгрөгөөр торгож, нийтийн албан томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийдвэрийг гаргаад байсан билээ. Тэгвэл Улсын Дээд шүүх энэ хэргийг хэлэлцсэнээр Анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон байна. Ингэснээр гишүүн асан Б.Ундармаа хоёр жил зургаан сар буюу 2.5 жилийн хорих ялаар шийтгүүлж, нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилээр хязгаарлуулах юм.
.jpg)
2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд авахаар болсон. Энэ талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цар тахалтай холбоотойгоор тусгаарлалтад байгаа сурагчдыг есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд дахин элсэлтийн ерөнхий шалгалтад хамруулахаар төлөвлөж байна” гэж мэдээлсэн билээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-ний 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхлэх юм.

Файзер вакцины I тунд 12-15 насны хүүхдүүдийг энэ сарын 20-ны өдрөөс хамруулж эхэлсэн. Тодруулбал, манай улс өнгөрсөн зургадугаар сарын 28-наас дээрх насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэлсэн бөгөөд вакцины татан авалт, нөөцийн асуудлын улмаас түр завсарлаад байсан юм. Тэгвэл 12-15 насны хүүхдүүдийг АНУ-ын Файзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти” буюу файзер вакцины I тунд хамруулж эхэлсэн. Дархлаажуулалтад хамрагдвал зохих 12-15 насны нийт 229869 хүүхэд байгаа юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад айлчлал хийж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гадаад улс оронд хийж буй анхны айлчлал бөгөөд манай улсын гуравдагч хөрш, Стратегийн түнш Япон Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг нотолж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход ач холбогдолтой болж байгаа юм. Тэрбээр уг айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцсон юм.

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдлийн үеэр Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Өнөөдрийн байдлаар манай улсад долоон хүн дельта вирусийн халдвар авсан. Тэдний хавьтлын судалгааг хийж байгаа” гэсэн мэдээлэл өгсөн. Мөн нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа анхааруулсан юм..
.jpg)
ШӨХТГ-аас шатахууны компаниудад 234 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тухайлбал, ШӨХТГ-аас явуулсан шалгалтаар 28 аж ахуй нэгж, 19 агуулах, 10 вагоноос дээж авахад 76 хувьд нь зөрчил илэрсэн байгаа юм. Мөн 2018-2021 оны шалгалтуудад зөрчил давтагдсан ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх тухай ШӨХТГ-аас мэдээлсэн.

Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайд Д.Билэгдорж энэ сарын 19-ний өдөр Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Минь Вутай уулзалт хийжээ. Талууд Монгол-Вьетнамын хоорондын харилцааны түвшинг ахиулах, хоёр улсын хооронд зорчигч болон ачаа тээврийн шууд нислэгтэй болох, Вьетнамын зах зээлд Монголын хөлдөөсөн мах, коксжсон болон эрчим хүчний нүүрс нийлүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, дээрх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар тохирсон байна. Түүнчлэн Вьетнамын тал боломж гарсан даруй өндөр түвшний харилцан айлчлалыг сэргээх саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерманы Монгол Улсад хийх айлчлал өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор эхэлсэн. Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, зарим яамдын удирдлагуудтай уулзах аж. Тодруулбал, Гадаад хэргийн яам, Соёлын яам, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагатай тус тус уулзахаар төлөвлөжээ. Үүний дараагаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерманыг ГХЯ-нд хүлээн авч уулзана. Тус уулзалт ярианы үеэр АНУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, стратегийн түнш улс болохыг нотолж, Монгол, Америкийн стратегийн түншлэлийн харилцааг бататгах, хоёр улсын хооронд тогтсон харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцох аж. Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын орлогч У.Шерман тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Афганистанд алба хаасан Монголын цэргүүд болон хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй уулзана.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг долдугаар сарын 22-ны 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна. Улмаар 17:20 цагт Минжийн давааны самарчдын отгоос сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа талаар эх сурвалж мэдээлсэн билээ.

Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2100 гаруй километр замыг амжилттай туулсан Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц гүйхдээ авч, явсан Монгол Улсын Төрийн далбаа болон цэргийн дүрэмт хувцсаа Монгол цэргийн музейд хадгалуулсан. Ахлах ахлагч Э.Даваажамц Ардын хувьсгалын 100 жил, Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жил, ирэх 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ зургадугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхлэн 46 хоногт 2127 км замыг туулсан бөгөөд энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.

Хүн төрөлхтний эв найрамдлыг бэлгэ тэмдэг болсон 32 дахь удаагийн “Токио-2020” олимпын наадам Монголын цагаар өчигдөр буюу долдугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагт эхэлсэн. Ээлжит зуны олимпын наадмын 10 төрөлд Монголын шигшээ баг 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм. 32 дахь удаагийн зуны олимпын наадмыг энэ сарын 23-наас наймдугаар сарын 8-ныг хүртэл, паралимпын наадмыг наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд байгуулах юм.

| ЭРГЭЛТИЙН ТОЙМ: С.Баярцогтын ялыг хүчингүй болгож, Б.Ундармаагийн ялыг хэвээр үлдээж, Ерөнхий сайд хилийн чанадыг зорьж, олимп эхэлсэн ДОЛОО ХОНОГ |
|
С.АМАРСАЙХАН: Орон сууцны залиланд өртсөн хохирогчдийн тоо нэмэгдсээр байна
2026-08-21 17:03:55
Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалах чухал шийдэл
2026-08-21 16:48:59
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |