• Өнөөдөр 2026-06-01

З.АМИНХАЙР: Хүссэнээр болдог бол хурдхан олимп, тив, дэлхийн аварга болж, эх орныхоо далбааг мандуулмаар байна

2026-06-01,   108

Өсвөр үеийн боксын 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан Улсын Ташкент хотод тавдугаар сарын 3-15-ны хооронд болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Lakva Boxing Promotions" клубийн тамирчин, 130-р сургуулийн сурагч  Зоригтсайханы Аминхайртай ярилцлаа. Тэрбээр өсвөр үеийн  Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. 2025 оны залуучуудыг УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өсвөр үеийн 2026 оны УАШТ-ий мөнгө, Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Өсвөр үе, бага насны 2025 оны “Олимпын гараа” тэмцээний мөнгө, Дархан хотод болсон УАШТ-ээс  хүрэл медаль хүртэж байсан.

-“Ташкент-2026” боксын өсвөр үеийн Азийн аваргаас хүрэл медаль хүртсэнд баяр хүргэе.

      -Танд маш их баярлалаа.

-Азийн аваргад хэдэн тулаан хийж хүрэл медаль хүртэв?

   -Азийн аварга эхлэхээс өмнө манай боксчид Узбекистан Улсын Ташкент хотод долоо хоногийн бэлтгэлийг хийсэн. 2026 оны тавдугаар сарын 3-15-ны хооронд болсон өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээний охидын “U17” ангиллын 50 кг-ын жинд тулалдсан.

   Миний эхний өрсөлдөгч Тайванийн боксчин Yan-Bao Chao байсан. Түүнтэй гурван раунд тулаан хийх байсан юм. Тус тулаанд би 4:1-ийн харьцаатайгаар ялалтыг авсан байгаа. Тайванийн боксчин охиыг тулааны хоёрдугаар үед хүнд цохилтод оруулж, тоолуулж, илт давуу байдлаар хугацаанаас нь өмнө ялж, Азийн аваргын хүрэл медалийн болзолыг хангасан.

   Улмаар хүрэл медалийн төлөөх тулаанд Саудын Араб Улсын боксчин Danah Alanazi-ийг ялсан. Харин мөнгөн медалийн төлөөх тулаанд Азийн аваргыг зохион байгуулагч Узбекистан Улсын охинтой таарч гурван үе тулалдаж, шүүгчдийн саналаар 3:2-ын харьцаатай оноогоор харамсалтай ялагдал хүлээсэн.

-Медалийн өнгөө хувиргах боломж байсан уу?

    -Медалийн өнгөө хувиргах боломж мэдээж байсан. Миний бэлтгэл үнэхээр сайн байсан. Сэтгэл зүйн бэлтгэл жаахан дутаглаа гэж дүгнэж байгаа.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч ямар улсын тамирчин байсан бэ?

   -Би бэлтгэл сайтай байсан. Тийм болохоор манай жинд тийм айхтар хүчтэй тамирчин байгаагүй юм шиг санагдсан.  Азийн аваргын мөнгөн медалийн төлөө дэвжээний эзэн орны боксчинтой тулалдаж байгаагаа мэдэрч, сэтгэл зүйгээ сайн хянаж чадаагүй дээ харамсаж байгаа.

-Тэмцээний шүүлт хэр шударга байсан байв?

      -Азийн аваргын тэмцээний шүүлт миний хувьд шударга байсан гэж бодож байгаа.

-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?

     -Намайг Зоригтсайханы Аминхайр гэдэг. Би одоо 14 настай. Бэлтгэл ангиасаа наймдугаар анги хүртэл Монгол-Оросын хамтарсан 3-р сургуульд сурч байсан. Тэгээд боксын бэлтгэл сургуулилалтандаа илүү анхаарал тавихын тулд есдүгээр ангид орох жилээ нийслэлийн 130-р сургуулийн 9-ийн “Г” анги руу шилжин суралцаж  байгаа. Сургууль маань манай гэр болон бэлтгэлийн заалтай ойрхон байдаг юм.

–Яагаад тулааны спорт, боксыг сонгон хичээллэх болов?

      -Манай өвөө боксын спортод дуртай, тулааны спортод сонирхолтой хүн байсан.  Мөн аав маань бас бага наснаасаа боксоор хичээллэж чамгүй амжилт гаргаж явсан байдаг юм. Миний дүү долоон настайдаа боксын секцэнд явж эхэлсэн. Би хааяа дүүгээ боксын секцэнд нь хүргэж өгч, авдаг байлаа. Боксын бэлтгэлийг харсаар байгаад тус спортод татагдаж, сонирхол төрөөд 11 настай байхдаа боксын секцэнд явж эхэлсэн.

-Анх боксоор хичээллэх үед нь ээж тань хэр дуртай хүлээж авсан бэ?

    -Ээж маань эсэргүүцэж байгаагүй. Харин ч хамгийн их дэмждэг хүн байгаа юм. Намайг “Алдартай тамирчин болох нь яах вэ. Гэнэтийн дайралт, халдлагаас биеэ хамгаалж сурах нь чухал шүү” гэдэг юм.

 –Боксын спортоор хичээллээд удаж байгаа юу?

       -Боксын спортоор хичээллээд гурван жилийн хугацаа өнгөрсөн байна.

–Боксын анхны багш хэн бэ?

    -Анхны багш гэвэл би аавыгаа гэж хэлэх байна. Аав анх дүү, бид хоёрт гарын зөв техник, хамгаалалт, цохилтыг зааж өгсөн. Биднийг гэртээ бэлтгэл хийлгэдэг байлаа. Аав “Та хоёр яг боксын секцэнд явж чадах юм уу. Ямарч байсан гэртээ 1-2 сар бэлтгэл хийгээд үзье” гээд бэлтгэл хийж эхэлсэн. Тэгээд долоо хоногийн гурван өдөр гэртээ бэлтгэл хийлгэдэг байсан.

-Одоо ямар клуб дээр, хэн багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байна вэ?

    -Анх албан ёсоор мэргэжлийн боксын дэлхийн аварга Д.Лхагва багшийн “Lakva Boxing Promotions" клубийн секцэнд орсон. Одоо хүртэл МУГТ Д.Лхагва, ОУХМ Н.Баяраа багш нарын удирдлага дор бэлтгэл, сургуулилалтаа хийж байгаа. Н.Баяраа багш залуудаа манай аавын дасгалжуулагч нь байсан юм билээ. Дүү, бид хоёрыг бэлтгэл хийж эхэлсэн үеэс хэдэн сарын дараа аав маань манай клубийн багш, дасгалжуулагч болсон байгаа.

 -Чиний тулааны бусдаас ялгарах онцлог юу байдаг вэ?

   -Надад бусдаас айхтар ялгараад байх тулааны цохилт, техник байхгүй. Би үеийн охидоосоо бага зэрэг өндөр. Мөн солгой өрөлттэй. Энэ л миний ялгагдах онцлог юм болов уу.

-Голчлон ямар тактикаар, гарын ямар цохилтуудыг хийж тулалддаг вэ?

   -Багш тухайн тулааны үед өрсөлдөгч тамирчинд тааруулан, зориулж техник, тактикийг боловсруулан хэлж, зааж, зөвлөгөө өгдөг.

-Боксоор өөрийнхөө гаргасан томоохон амжилтуудыг сонирхуулахгүй юу?

    -Томоохон амжилт гэвэл өсвөр үеийн 2026 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай. Мөн 2025 оны залуучуудыг УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өсвөр үеийн 2026 оны УАШТ-ий мөнгө, Сүхбаатар дүүргийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальтай. Өсвөр үе, бага насны 2025 оны “Олимпын гараа” тэмцээний мөнгө, Дархан хотод болсон УАШТ-ээс  хүрэл медаль хүртэж байсан.

-Боксоос гадна бусад тулааны урлагийн төрлөөр хичээллэж байв уу?

    -Өөр тулааны спортоор хичээллэж байгаагүй. Харин боксын секцэнд явахаасаа өмнө төгөлдөр хуур сонирхож, тоглодог байсан. Одоо харин хөгжмөө хойш нь тавиад боксын спортод илүү анхаарч байна.

-Сэтгэлд тань хоногшин үлдсэн, дурсамжтай ямар тэмцээн байдаг вэ?

   -Хамгийн гоё дурсамж үлдээсэн тэмцээн Азийн аварга шалгаруулах тэмцээн байлаа. Азийн аваргад өрсөлдөж, эх орондоо хүрэл медаль авчирсандаа их баяртай байгаа.

  -Ямар шилдэг боксчдоос үлгэр, дуурайл авдаг вэ?

     -Сонирхогчдын боксын олимп, дэлхийн аварга, мэргэжлийн боксын дэлхийн аварга Украины тамирчин В.Ломаченкогийн тулааны бичлэгийг үзэх их дуртай. Тэр тамирчин над шиг солгой өрөлттэй болохоор сонирхож хардаг. Түүний хөлийн ажиллагаа, мэдрэмж, харааны хурд, цохилтын хүч их сайн.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

   -Надад бэлтгэл сургуулилалт хичээл, сургууль гээд чөлөөт цаг бараг л гардаггүй. Чөлөөт цагаараа хичээлдээ явна, даалгавараа хийнэ. Боломж гарвал найзуудтайгаа уулзах дуртай.

-Одоо дараагийн оролцох ямар тэмцээнүүд байгаа вэ?

    -Одоо зургадугаар сарын сүүлээр болох “Алдар” спорт хорооны 80 жилийн ойд зориулсан өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байгаа.

 -Ирээдүйн зорилго, зорилт юу байна вэ?

   -Хүссэнээр болдог бол хурдхан олимп, тив, дэлхийн аварга болж, эх орныхоо далбааг мандуулмаар байна. Энэ л миний мөрөөдөл, ирээдүйн зорилго болж байгаа.

 


 

 


З.АМИНХАЙР: Хүссэнээр болдог бол хурдхан олимп, тив, дэлхийн аварга болж, эх орныхоо далбааг мандуулмаар байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188