• Өнөөдөр 2024-05-17

БОГДХАН УУЛЫН ГАЗРЫГ ШИЛЖҮҮЛНЭ

2017-05-04,   245

Туул голын эрэг нь иргэдийн эко орчин бүрдүүлсэн амралт зугаалгын бүс байх ёстой. Дэлхийн бүх хот дундуураа урсдаг томоохон голуудыг ингэж л ашигладаг. Гэтэл Туул голын эрэг дагуух газруудыг аж ахуйн нэгжүүд эзэмшилдээ аваад хашчихсан байдалтай байна. Үүнийг бид судалж үзсэн. Нийслэлийн Засаг даргын орлогч Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байгаа. Ажлын хэсгийн хувьд Туул, Сэлбэ, Улиастайн голын эрэг дагуух газруудаар явж хяналт шалгалт хийсэн. Мөн агаараас зураг авалт хийсэн байгаа. Шалгалтын дүн мэдээ удахгүй нийслэлийн Засаг даргын хурлаар орно. Агаарын зураг авалтаар юу илрэх вэ гэхээр ямар байгууллага аж ахуйн нэгж Туул гол, Сэлбэ гол, Улиастайн голын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байна вэ. Энэ аж ахуйн нэгж хэн гэгч хүний эзэмшил вэ гэдэг нь маш тодорхой болох юм. Үүний дараа эргийн хамгаалалтын 50 метрийн бүсийн асуудал яригдах юм. Эргийн хамгаалалтын 50 метрийн бүс бол бүр хэний ч ашиглаж болохгүй хэсэг. 250 метрийн бүс тодорхой хязгаарлалттайгаар ашиглах ёстой бүс. Эдгээр бүсэд орсон аж ахуйн нэгж иргэдийн тооллогыг гаргаад хүмүүстэй нь нэг бүрчлэн уулзана. Хаанаас ямар хугацаатайгаар зөвшөөрөл авсан юм. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар нарийвчилж тогтооно. Үүний дараа миний бодож байгаа бодол бол хуулийн дагуу газар авсан байвал асуудалгүй. Гэхдээ та 50 метрийн бүсээс гадагш байх. Туул голын эрэг дагуу байрлаж байгаа бол танай байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд чиглэсэн байх ёстой. Тиймээс өөрийн эзэмшил газрын 30 хувийг олон нийтэд зориулж тохижуулах ёстой. Тэнд хэн нэгэн хүн тухайн компанид хөрөнгө мөнгө төлж, компанийн эзэмшил талбайд орж байгаа байдлаар биш нийтийн эзэмшлийн байдлаар тохижуулсан байх ёстой гэсэн шаардлага тавина. Бидний тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол газар олгосон Туул голын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яамтай ярьж байгаад газар эзэмших гэрчилгээг цуцлах хүртэлх арга хэмжээ авна.

-Газар чөлөөлж, нийтийн эзэмшлийнх болгоно гэхээр нам дамжсан улстөрч бүлэглэл, эрх мэдэл, мөнгөтэй компаниудтай нүүр тулна шүү дээ?

- Туул голын газар чөлөөлөх ажлыг хийхэд бидэнд маш их саад бэрхшээл тулгарах байх. Миний эзэмшлийн газарт халдаж байна гэсэн байдалтайгаар иргэд хандаж байна. Тэгэхээр нэг хүний эрх ашгаас илүүтэйгээр нийт 1.3 сая хүний эрх ашиг хамгийн чухал. Тэр хүн нийгмийн хариуцлагын хүрээнд Туул голын эрэг дээр амралт, аялал зугаалгын газар байгуулж байгаа бол 30 хувь нь нийтэд нээлттэй байх ёстой. Тийшээ хүмүүс орохдоо танайхаас зөвшөөрөл авах ёсгүй гэсэн шаардлага тавьж байгаа. Мэдээж эсэргүүцэл тулгарах байх гэхдээ энэ бүгдэд шантрахгүйгээр ажлаа хийгээд явна. Туул голын эрэг дагуу ажиллаж байгаа амралтын газрууд архидалтын газар болсон. Нэг гэрт хоноход 60 мянган төгрөг төлж байна. Хэтэрхий их үнэтэй байна шүү дээ. Архидалт болдог, орчин нь бохирдолтой газар хэн өндөр үнэ төлөөд амрах юм бэ. Иргэдийнхээ бололцоонд тулгуурласан хямд үнэтэй, боловсон бие засах газартай, таатай орчин бүрдүүлсэн байхыг бид шаардаж, зөвлөгөө дэмжлэг өгч, хамтран ажиллана. Нэг нөхөр нийтийн эзэмшлийн газрыг хувийн өмч болгож том хашаагаар хашаалчихаад суугаад байдаг. Гэтэл наана нь олон мянган иргэн Туул гол руу орж чадахгүй байж болохгүй.

-Туул голын бохирдол хэрээс хэтэрсэн гэдгийг холбогдох газруудын дүгнэлтээр тодорхой болсон. Арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос хэзээ гаргах вэ?

-Туул голын бохирдлын асуудал санаа зовоож байгаа. Туул голын бохирдол Налайхын Гордокоос эхэлж байгаа юм. Мөн гол бохирдуулж байгаа зүйл нь Харгиа цэвэрлэх байгууламж буюу арьс, ширний үйлдвэрүүд. Үүний дараа төв цэвэрлэх байгууламжийн асуудал яригдана. Сонгинын гүүрнээс Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Туул голын уснаас хүн мал уух нь битгий хэл ойртохын аргагүй болж, өмхий үнэртэж байна. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд концессын гэрээгээр асуудлыг шийдэж байгаа. Энэ долоо хоногт гэрээ нь зурагдана. Энэ зунаас концессын гэрээний шинэчлэлийн ажил хийгдэнэ. Хуучин цэвэрлэх байгууламжийг үе шаттайгаар цэвэршүүлнэ. Лагийг үнэргүйжүүлэх, боловсруулах асуудал энэ зунаас эхэлнэ. Хөрөнгө оруулагч талаас мэргэжлийн хүмүүс ирээд лаганд шинжилгээ хийгээд цэвэршүүлэх судалгааг хийсэн. Жайкагийн судалгаа хийгдсэн байгаа. Хуучин цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэлийн үе шаттайгаар эхлүүлэх гэж байна. Хоёр дахь том асуудал гэвэл Улаанбаатар хотоос арьс, ширний үйлдвэрүүдийг бүгдийг нь гаргана. Эмээлтийн үйлдвэр технологийн паркт гэсэн төлөвлөлт хийгдсэн байгаа. Бид гадаадын хөрөнгө оруулагчдад санал болгож байгаа. Харгиа цэвэрлэх байгууламжийг бүр хаагаад арьс, ширний үйлдвэрүүдийг хотоос гаргана. Үйлдвэрүүдийг “Эмээлт”-д аваачна гэсэн бодолтой байна. Арьс, ширний үйлдвэрүүд одоо Улаанбаатар хотын хамгийн сайхан хэсэг буюу Туул голын ногоон бүсэд байрлачихсан байгаа. Налайх дүүргээс шугам татаад Улиастайд худаг нь ирчихсэн байна. Үүнийгээ төв шугамтай холбох зүйл яригдаж байна. Энэ асуудал удахгүй шийдэгдэнэ. Ингэснээр Налайхаас Туул гол руу бохир ордог асуудал бүрэн шийдэгдэх юм. Үүнээс гадна Туул голын урсгалыг тогтмолжуулах, хаврын цагт урсац тасраад байгаа байдлыг арилгах технологийн шийдлийг гаргаад гаднын хөрөнгө оруулагчдад санал гаргасан. БНХАУ-ын хөрөнгө оруулагчид үүнийг их сонирхож байна.

-Туул голын эрэг дагуух бүсэд авто зогсоол байгуулна гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх үү?

- Бид Туул голын эрэг дагуу дугуйн зам тавина. Гэхдээ зөвхөн дугуйн зам тавиад зогсохгүй амралтын бүсүүд бий болгоно. Амралтын бүсэд иргэд очоод маш цэвэрхэн орчинд тусгайлан бэлтгэсэн хөргүүрийн байгууламжтай газар хоол ундаа хийдэг, махаа шараад идчихдэг, амарч зугаалах таатай орчин бүрдүүлсэн тохижилтын ажлыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажлын эхлэлийг бид тавьсан. Эхний ээлжинд хотын төсвөөр Туул голын эрэг дагуух газарт иргэдийн амралт зугаалгыг бүс байгуулах ажлыг эхлүүлнэ. Цаашдаа энэ талаар сонирхох юм бол хувийн аж ахуйн нэгж хийх бүрэн боломжтой. Тэд голын эрэг дагуух амралтын газрынхаа тохижилтыг хийх юм. Хариуцаж авсан талбай дээр нь хүн очиход дугуй, машины хангалттай зогсоолтой, хүн амрах сүүдрэвчтэй байх юм. Зун амарч байгаа хүмүүсийг харахаар өрөвдөлтай дүр төрх харагддаг. Зам дээр машинаа тавьчихсан, ямар ч тохижилтгүй газар хүүхдээ тоглуулаад зогсож байдаг. Энэ байдлыг өөрчилнө. Баянзүрхийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх газарт 600 сая төгрөгийн төсөвтэй зураг төсөл хийлгэж байгаа. Сүүлийн үед хараад байхад Богд уулын арын газрыг ухаад газрын унаган төрхийг эвдэж сүйтгэж барилга бариад байх юм. Дархан цаазат газарт газар ухаж болохгүй шүү дээ. Газрынх нь ландшаптад тохируулж байшин барилгаа барих ёстой. Одоо хадны сүг зурагтай хэсгээс зүүн тийш нь тэр чигт нь ухсан байдалтай байна. Энэ талаар би Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шаардлага хүргүүлсэн.

-Богдхан ууланд ч гэсэн жирийн иргэд очиж чадахгүй байдалд хүрчихсэн. Дандаа хувийн компанийн хашаагаар нэвтэрч уул руу авчирч байна?

-Богдхан уул байгалиасаа Улаанбаатар хотод зориулсан сайхан ногоон бүс. Ийм бүс газрыг нийслэл хотынхоо иргэдийн эрх ашигт зориулж зөв зохистой байлгах ёстой. Дархан цаазат газар гэсэн мөртлөө арчилж хамгаалж байгаа юм байхгүй. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүн очоод хашаалаад авчихсан. Ийм байдлыг болиулах хэрэгтэй. Монголын ард түмэн үүнийг харж байна. Тийм учраас энэ хууль бус байдлын төлөө тэмцэнэ. Богд уулын асуудал яригдахаар бас л Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай зөрчилдөх болж байгаа юм. Яагаад гэхээр дархан цаазат газар нутаг дээрх яаманд харьяалагддаг. Газар олголт хийгддэг. Үүнээс болоод Улаанбаатар хоёр хоттой болчихоод байна. Нэг хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хамаарагддаг хот төлөвлөлт огт хийгдээгүй газрууд. Уугуул иргэд нь авч байна гэсээр өөр нэг гэр хороолол Зайсанд бий болж байна. Энэ зохисгүй зүйл. Хэн нэгэн УИХ-ын гишүүн лоббидож байгаад газар өгчихдөг байж болохгүй. Энэ талаар Засгийн газарт юу гэж хэлж байна вэ гэхээр нэгэнт суурьшлын бүс болчихсон энэ газрыг Дархан цаазат газрын бүсээс гаргаад хотын мэдэлд өг. Бид хот төлөвлөлтөө хийж, эмх цэгцтэй болгоё. Нэг бодлогоор явъя гэж хэлсэн. Ерөөсөө Богдхан уулыг цөмийг нь үлдээгээд бусад хэсгийг нь аялал жуулчлалын бүс болгох шаардлага бий болсон. Тэнд явган хүний зам, автозам, дугуйн зам, зочид будал, ресторан байх ёстой гэсэн байр суурин дээрээс хандаж байна. Хамгийн гол нь УИХ дээр хууль гарч байж Богдхан уулын эзэмшил, хамгаалалтын бүсийг тогтооно. Би тэнд газар олгох гэж байгаа зүйл огт биш шүү. Байгаа байдлыг нь эмх замбараатай болгомоор байна. Богдхан уул руу иргэд хамгийн их зөрчдөг хэсэг Зайсан, Баруун ширээт. Хэдийгээр санхүүгийн хямралтай байгаа ч хотын захиргаанаас Зайсангийн замыг засаад Баруун ширээтийн адагт 250 автомашины зогсоол барихаар болсон. Иргэд Богдхан уул руу гарах гарах гэхээр уулын аманд түгжрээ бий болоод байна. Түгжрээг нь арилгаад, зам, зогсоолыг нь эхний ээлжинд шийдээд өгье. Цаашдаа Богдхан уулыг аялал жуулчлалын эко чиглэлийн бүс болгоно гэж л харж байна. Өөрөөр хэлбэл, дугуйн замтай, автомашины зам, зочид буудал, ресторантай, хамгаалалттай, байгаль орчинд ээлтэй бүс болгомоор байгаа юм. Богдхан ууланд хэн нэгэн байшин бариад суучихдаг биш, нийтийг чиглэсэн зүйлс л байх ёстой.

 

БОГДХАН УУЛЫН ГАЗРЫГ ШИЛЖҮҮЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188