Би сарлагтай нутгийн хүн биш. Гэхдээ өвөөгийнд маань гурван сарлаг байдаг байлаа. Сарлаг нэг онгирч, зүрх нь хөөрвөл тайвширах гэж нэлээд юм болно. Бага байхад саахалтаас сарлагийн бух хагшиж ирэх үеэр манай айлууд бөөн бужигнаан болдог байв. Айлын бухтай мөргөлдөөд эхэлбэл хэдэн цагаар ч хамаагүй хавь орчноо түйвээдэг юм. Шөнө мөргөлдөөд гэр дайрч унагаах шахна. Үхэр, тугал үймж, зэл авахуулах, наанаас нь хүн хашгирч, гууглаж байгаа нь тэдэнд огтхон ч хамаагүй. Өглөө нь энд тэндхийн газар онгилж шороо, тоос болсон сүрдмээр амьтад булгийн эхэнд хэдэн тийшээ хараад хэвтэж байдаг байв. Шартай гэж жигтэйхэн. Өрсөлдөгчөө заавал буулгах гэж улайрна. Үүний тулд их сүрийг бадруулсан саваг түүнд байдаг биз. Ингэж сагсуурч, онгирсны эцэст тэр хол оо явж өгнө. Эзэн нь эргүүлэн туухгүй л бол уулын өндөр, өндрийн оргилыг чиглэн гүйнэ. Гэрээдээ ер яарахгүй. Барагтай л бол торойгоо тоохгүй. Шим сайтай ч сүү багатай энэ малд тэнэж явах нь жаргал мэт ээ. Ингэж явахдаа ч хэнээс ч айхгүй сүрийг үзүүлнэ. Тэнэж, тэнэж ирсэн сарлаг өмнөхөөсөө улам сүрлэг сайхан амьтан болсон байдгийг тод санаж байна. Түүнийг хашиж, тушаад, эрх чөлөөг нь хязгаарлах тусам өнгө зүсээ алдан доройтож, эцэж, ядардаг амьтан. Сарлаг дүүгүүрийн сум шиг чулууны исгэрэх чимээнээс л айна. Энэ чимээ л сарлагийг уулнаас буулгах шидтэй. Хэчнээн ороолгож, шилбүүрдээд ч түүний зөрүүд занг дийлж, зорилгоос нь няцааж чадахгүй. Сарлаг хөөж байгаа хүнээ гүйвэл гүйнэ. Алхвал алхана. Юмаар цохивол мөргөх гэж сэжилнэ. Дүүгүүрдэж мэдэхгүй, чадахгүй нэгнийг дошсон сарлагийн эрэлд явуулвал дэмий л явдлын гарз болж, уур уцаараа барахын нэмэр. Даанч хүний уурлах, хашгирах түүнд хамаагүй.
Намар дуусаж, өвлийн амьсгал орж, уул толгодоор цан хүүрэг цохиж, цас мөсний түрүүч үзэгдээд ирэхийн цагаар сарлагийн бух дошиж эхэлнэ. Доших дошихдоо уул толгодыг дамжин, уул нуруудын хяр, таг, их өвс, ургамалтай сайхан шар дэвсэг газрыг сонгон, салхи сөрөн дошно. Юунаас ч айхгүй, хэнд ч хал балгүй, ганцаар дошиж чимээгүйхэн өгсөж, уруудаж байх нь зун, намрын зургаан сарын явдлыг бодон бодон яваа ч юм шиг.. Дошсон сарлагийн бух зогсож, хэвтэж, идэж, хөрвөөж, сүр бараагаа үзүүлж явсаар хүссэн оргилдоо хүрч тэнгэрийн хязгаарыг харан хаа нэгтээ байгаа зэрлэг ахан дүүсээ үгүйлэх шиг алсыг ширтэнэ.Төвдийн тэр өндөрлөг газраас ямар гээчийн үйлийн үр нь дуудсанаар өмнөд их говийг туулан байж манай оронд сарлаг гээч амьтан ирсэний учрыг ёстой л бурхан тэнгэр мэдэх байх.
Дэлхий дээрх нийт сарлагийн 85 хувь нь урд хөршид нутагладаг бол манайх хоёрдугаарт ордог аж.
Дэлхийд Хятад, Энэтхэг, Балба, Бутан, Орос, Пакистан зэрэг арав хүрэхгүй оронд 10 гаруй сая толгой сарлаг идээшлэн нутагладаг.
Хятадын Хөхнуур мужид таван сая гаруй толгой сарлаг байдаг нь манай бөмбөрцөг дээрх хамгийн олон сарлаг суурьшсан газар аж. Өнгөрсөн оны тооллогоор манай 13 аймгийн 132 суманд 600 мянга гаруй сарлаг байгааг тогтоожээ. Архангай, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн иргэд сарлагийг илүү өсгөж, ахуйдаа ашигладаг. Гэвч сүүлийн жилүүдэд сарлагийн тоо толгой эрс цөөрч байгаад судлаачид зовнидог.
Сарлаг нь 130 гаруй төрлийн өвс иддэг. Иддэг өвс, ихэрлэлтээрээ ямаатай их төстэй амьтан. 1000 сарлаг тутмын гурав нь ихэрлэдэг бөгөөд сарлагийн үнээ 3-6 сард тугална. Сарлагийн тугалыг торой гэнэ. Сарлаг, монгол үхэр хоёрын дундаас гарсан эрлийзийг хайнаг гэдэг. Хайнаг нь сарлагийн эрлийз гэхэд хүч чадлаараа монгол үхрээс хэд дахин илүү. Түүнийг уналга, ачилгад ашиглана. Сарлаг нь биеийн жингээрээ зэргэлдээ нутгийн монгол үхэртэй ойролцоо, намар нас гүйцсэн бух 400-450 , үнээ нь 270-280 кг жинтэй байдаг. Сарлаг гурван төрлийн буюу ноолуур, хялгас /сор үс/, завсрын гэсэн үсэн бүрхүүлтэй. Сарлагийн ноолуур жил бүр гуужиж шинэчлэгддэг бол сор үс нь аажмаар солигддог. Сарлагийн шир харьцангуй зузаан, хөлсний булчирхай багатай байдаг нь өндөр уулын сэрүүн нөхцөлд биеийн дулаанаа бага алдах зохицолдолгоо юм. Сарлаг биеийн дулаанаа арьсаараа зохицуулах чадвар дутмаг учир халууцах, хөөж туух үед хэлээ унжуулан хахирч амьсгаадаж байдаг нь дулаанаа амьсгалаар зохицуулж байгаа нь тэр.
Сарлагийн хамгийн үнэт түүхий эд нь түүний хөөвөр. Хөөвөр нь ямааны ноолуурын нэгэн адил хөнгөн зөөлөн, ширхэгтэй, дулаан хадгалах чадвар сайтай, Сарлагийн хөөврийг 1970 оноос ашиглаж эхэлсэн гэдэг ч манай өвөг дээдэс эрт үеэс ахуйн хэрэгцээндээ хэрэглэж иржээ.
Сарлагийн өвөг одоо ч Төвдийн ууланд амьдардаг аж. Онгон дагшин байгальдаа эрх дураараа омогших зэрлэг сарлагийн сүрэг тэжээвэр сарлагаас хэд дахин сүрлэг, бардам харагддаг гэсэн.
Сарлаг хүнд ачаа ачих чадваргүй ч асар их зориг, тэвчээртэй амьтан гэнэ. Сарлагийн бух чоно, шилүүсээс сүргээ харамлахдаа үнэхээр сүрдмээр гэнэ лээ. Үс ноос ихтэй болохоор сүрэг чоно дайраад ч яаж ч чаддаггүй гэсэн. Сүргээ хамгаалж тулалдсаар эцэж ядарсан сарлагийн бух эцэстээ хаданд бөгсөө наагаад хэвтээд өгдөг гэнэ. Сүрэг чоно ноолж ноолж, 2-3 хоногоор сахидаг гэх. Эцэст нь, тэвчээр алдаад өөр хялбар зууш хайхаар явж оддог гэнэ лээ. Халуун ам бүлээ араатнаас хамгаалсан сарлагийн бух омогшин онгирохдоо цаст өндөр оргилыг зорин сүргээ дагуулж оддог. Сарлагт дулаан өвөлжөө, бууц хэрэггүй. Тэр бол хүйтнийг эрхэмлэгч. Цаг үргэлж сэрүүн, хүйтэн, өндөрт яардаг.
Гэрээдээ ер яарахгүй. Барагтай л бол торойгоо тоохгүй. Шим сайтай ч сүү багатай энэ малд тэнэж явах нь жаргал мэт ээ

| Хүйтнийг хүсэж, оргилд тэмүүлэгч сарлаг |
|
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Говь-Алтай аймагт цэцэрлэгийн хашаанд архидан согтуурч, хоёр хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
2026-09-11 16:18:00
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |