Яг сарын өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнх гэгчийн гэрт ЭЦА-наас нэгжлэг хийж, их хэмжээний валют, иргэнд байхааргүй эртний үнэт эдлэл хадгалж байсныг нь илрүүлсэн. Харин Т.Батмөнх тухайн үед “Хөөрөг худалдаж авсан, буруу гарынх байжээ. Мөнгөний тухайд эмчилгээнд явах гээд бэлдэж байсан” агуулгатай, сандарсан биш, харин ч сайрхсан аястай тайлбар хийж харагдсан. Хууль хяналтын хаалга татаад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий инженер Т.Батмөнхийн тухайд, 6.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний зургаан барилгатай. Дээрээс нь 454 сая төгрөгийн “Ланд-200” болон “BMW-X6” автомашинтай, 355 сая төгрөгийн газар, 390 сая төгрөгийн үнэт эдлэл, 417 сая төгрөгийн мал, 334 сая төгрөгийн авлагатай нэгэн ажээ. Нэгэнт хууль хяналтынхан шалгаад эхэлсэн учраас Т.Батмөнхийн хэтэвч нь хэрхэн, яаж ингэж зузаарсныг тун удахгүй тодорхой болгох биз.
Гол нь дээрх Т.Батмөнх гэгч нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн тэрбумтан дарга нарын ердөө нэг л юм байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн газар, хэлтсийн дарга нар бүгд шахуу Т.Батмөнхтэй адил эртний хөөргөнд гар татахгүй хэмжээнд эдийн засгийн эрх чөлөөнд хүрч, хөлжиж, хөрөнгөжжээ. Ерөөс тэд тэрбумын байраар жигдэрч, “Ланд-200”-гаар ижилсдэг юм байна.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх жилдээ 1.0 тэрбум төгрөгийн орлоготой, 2.5 тэрбум төгрөгийн үйлдвэрлэлийн барилгатай, 480 сая төгрөгийн “Ланд-200” автомашинтай.
Том ах “Симба” хочит Ц.Батаа нь М.Энхболдын нэг сургуулийн найз бөгөөд 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн байхдаа Батлан хамгаалах яамны "Ми-8" нисдэг тэргээр үнэг агнаж яваад осолдуулж, үрэн таран хийсэн түүхийн эзэн. Дараах ах Ц.Батсайханд ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн захирал, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирлаар ажиллаж байгаад 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдож байлаа. Улмаар 2019 онд М.Энхболд ММСУХ-ны Ерөнхийлөгчийн суудлаа Ц.Батсайханд өвлүүлэн өгч байв. Харин Ц.Бат-Энх М.Энхболдыг МАН-ын дарга байх үед МАН-ын Нарийн бичгийн даргаар хоёр удаа томилогдон ажиллаж байсан нэгэн. Мөн Ц.Батаа, Ц.Батсайхан, Ц.Бат-Энх гэх ах дүүсийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн ойрын хамаатан гэдгээрээ төрд эрхэлж ирсэн гэцгээдэг.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Баярбат 1.1 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай, нэг зуслангийн хаустай, 194 сая төгрөгийн “Ланд-200” жийптэй.
УИХ-ын дарга асан З.Энхболдыг Төрийн өмчийн хороон дарга байх үед Д.Баярбат Төрийн өмчийн хорооны Том аж ахуйн нэгжийн хувьчлалын албаны дарга байсан. Улмаар З.Энхболд УИХ-ын гишүүн болж, Д.Баярбат 2005 онд “Монгол росцветмет” ТӨХК-ийн Санхүүгийн албаны даргаар томилогдсон байдаг. З.Энхболдыг энд дурдахын учир нь, Д.Баярбатын ахынх нь бүх компани өдгөө З.Энхболдын эхнэрийнх нь төрсөн дүү Т.Батдэлгэрийн нэр дээр байдаг. Тэр цагаас буюу 2005 оноос хойш Д.Баярбат 2022 он хүртэл “Монголросцветмет” ТӨХК-ийг санхүүг хариуцсан. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Г.Ёндонг “Монголросцветмет” ТӨХК-ийн орлогч захирал байх үед Д.Баярбат Ерөнхий нягтлан бодогчоор нь ажиллаж байсан. Улмаар Г.Ёндонг дагаж “Эрдэнэт үйлдвэр”-ийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар ирээд буй нь энэ.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Стратеги, хөгжлийн бодлогын газрын дарга П.Энхбат 1.0 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 720 сая төгрөгийн 750 толгой малтай. “Эрдэнэт үйлдвэр”-т анх ирэхдээ буюу 2018 онд 298 сая төгрөгийн орон сууцтай, 60 сая төгрөгийн 80 толгой малтай байв.
“Алим” хочит Ц.Батбаярыг Хотын дарга байх үед Хуулийн хэлтсийн даргаар нь ажиллаж байсан. Улмаар 2008 онд Ц.Батбаярыг УИХ-ын гишүүн болмогц П.Энхбат нийслэлийн өмчит “Бага хангай” мах боловсруулах үйлдвэрийн захирлаар томилогдож, 2008-2015 онд долоон жил ажилласан байдаг. Гэхдээ энэ завсартаа буюу 2013 онд 230 тонн мах өмхийхүүлж, улсад 1.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байв. Дараа нь, 2016-2017 онд Х.Нямбаатарын зөвлөхөөр ажилласан гэх. Улмаар 2017 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн охин компани “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2019 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Орлогч захирал болж, 2022 оноос Стратеги, хөгжлийн бодлогын газрын даргаар ажиллаж байгаа.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Барилга засварын цехийн дарга М.Төмөртогоо 1.7 тэрбум төгрөгийн гурван орон сууц, үйлчилгээний хоёр барилгатай, 643 сая төгрөгийн “Ланд-200” болон “Лексус-600” жийптэй, 557 сая төгрөгийн 1200 толгой малтай.
М.Төмөртогоо нь Х.Баттулгын ойрын дагалдагчдын нэг бөгөөд түүний Монголын жудо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Дархан-Уул аймгийн жудо бөхийн холбооны тэргүүн, Дархан-Уул аймгийн МоАХ-ны даргаар ажиллаж ирсэн. Одоо Дархан-Уул аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж байгаа.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэл, техникийн бодлогын газрын дарга П.Батболор гурван орон сууц, нэг зуслангийн хаустай, 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Эхнэр Н.Ариунаа нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлсийн Хөдөлмөр, цалин хөлсний албаны даргаар ажилладаг.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий 1.5 тэрбум төгрөгийн хоёр орон сууц, нэг амины хаус, үйлчилгээний хоёр барилгатай, 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт, мониторингийн албаны дарга Т.Ариунсан 1.4 тэрбум төгрөгийн дөрвөн орон сууц, нэг хаус, үйлчилгээний нэг барилгатай, 282 сая төгрөгийн “Ланд-200” болон “Лексус-450” жийптэй, 304 сая төгрөгийн мал, 371 сая төгрөгийн хадгаламжтай.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн Тээвэр, логижтикийн төвийн дарга Х.Олзбаатар 685 сая төгрөгийн зуслангийн нэг зуслангийн хаус, 160 сая төгрөгийн “Ланд-200” жийптэй, 505 сая төгрөгийн 750 толгой мал, 295 сая төгрөгийн газар, 121 сая төгрөгийн үнэт эдлэл, 227 сая төгрөгийн хадгаламж, 230 сая төгрөгийн авлагатай.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хууль зүйн хэлтсийн дарга Х.Болдбаатар 565 сая төгрөгийн хоёр орон сууцтай, 200 сая төгрөгийн “Ланд-200” жийптэй, 349 сая төгрөгийн хадгаламжтай.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд 713 сая төгрөгийн хоёр орон сууц, 215 сая төгрөгийн “Ланд-200” жийптэй.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн “Эрдэнэт” дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ 943 сая төгрөгийн гурван орон сууц, нэг зуслангийн хаустай, 130 сая төгрөгийн “Ланд-200” жийптэй.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон 626 сая төгрөгийн таван орон сууц, нэг зуслангийн хаустай, 1.2 тэрбум төгрөгийн хадгаламжтай.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал Ц.Цэнд-Аюуш 666 сая төгрөгийн дөрвөн орон сууц, үйлдвэрийн нэг барилга, зуслангийн нэг хаустай. Дотоодын банканд 273 сая, гадаадын банканд 482 сая төгрөгийн хадгаламжтай. Эхнэр нь У.Уянсанаа нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн дэргэдэх Ойн генетик нөөцийн төвд судалгаа, инноваци хариуцсан инженерээр ажилладаг.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн дарга З.Бямба-Од 1.1 тэрбум төгрөгийн гурван орон сууцтай.
- “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ган бөөрөнцгийн цехийн дарга А.Отгончулуун 1.1 тэрбум төгрөгийн нэг орон сууц, үйлчилгээний нэг барилгатай. Хүү О.Наранбаатар нь “Ази бридж инвестмент” ХХК-аараа “Эрдэнэт үйлдвэр”-ийн тендерүүдийг түүж буй.
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР |
|