• Өнөөдөр 2026-04-15

Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА

2026-04-15,   87

           Орос Улс  Монголын орчин цагийн театрын урлаг, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд хамгийн том үүрэг гүйцэтгэсэн "уурхай" гэхэд хилсдэхгүй. Монголын театрын урлагийн томчууд Орост боловсрол эзэмшсэн байдаг. Тухайлбал Москвагийн ГИТИС (одоогийн Оросын театрын урлагийн академи) болон Санкт-Петербургийн ЛГИТМИК-т суралцаж боловсрол эзэмшсэн байдаг. Ахмад уран бүтээлчдийн залгамж халаа болох залуу уран бүтээлч, найруулагч Э.Билгүүн Оросын алдарт зохиолч Булгаковын "Мастер, Маргарита хоёр" зохиолыг тайзан амилуулах гэж байгаа юм. Тиймээс эргэлт.мн мэдээллийн сайт “Залуус” булангаараа Э.Билгүүнтэй ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Оросын алдарт зохиолч Булгаковын "Мастер, Маргарита хоёр" романыг яагаад жүжиг болгохоор шийдсэн бэ?

         -Орост сурч байхдаа монголынхоо үзэгчдэд шинэлэг бүтээл үзүүлж, харуулахсан гэсэн чин хүсэл тээж байлаа. "Мастер ба Маргарита" бол хүн бүрийн сайн мэддэг, маш том хэмжээний роман юм. Энэхүү романыг жүжгийн хэлбэрт оруулах нь маш сонирхолтой бөгөөд чансаа шалгасан ажил байв. Зохиол дахь жаргал зовлон, хүний амьдралын ээдрээг тайзан дээр амилуулахын тулд найруулгын хурц шийдлүүдийг ашиглаж байна. Энэхүү жүжиг нь олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл бөгөөд үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. "Мастер, Маргарита хоёр" романыг яагаад сонгосон бэ гэдгийг үзэгчид жүжгээ үзээд ойлгох байх.

-Энэхүү жүжгийг тавьж буй жанр нь сонирхолтой санагдаж байна. Дуулалт жүжигтэй төстэй гэж ойлгож болох уу?

             -Миний сурч мэдсэн гол зүйл бол "Саунд драма" (Sound Drama) хэмээх театрын шинэлэг чиглэл юм. Саунд драма гэдэг нь хөгжим болон драмын жүжгийн хоорондын тэнцвэрийг маш нарийн хангадаг онцлогтой. Энд хөгжим нь зөвхөн ая төдий биш, харин жүжигт нэгэн бие даасан дүр болж орж ирдэг. Ийм л өвөрмөц шийдлээр "Мастер ба Маргарита" жүжгийн хөгжмүүдийг амьдлуулж, тайзнаа амилуулж байна.

         Би зөвхөн гадны системийг хуулахыг хүсдэггүй, харин Монголынхоо хөрсөнд буулгаж, манай үзэгчдэд юу хэрэгтэй байгааг мэдэрч, тэдэнд мартагдашгүй амьд мэдрэмж төрүүлэхийг зорьж байна. Театр бол хүмүүсийг нэгтгэдэг, тэдэнд ухаарал хайрладаг ариун сүм юм.

-"Мастер, Маргарита хоёр" романы мөн чанар онцлог нь юу вэ?

             -"Мастер, Маргарита хоёр" бол зөвхөн жүжиг биш, энэ бол хүний сэтгэл зүй, нийгэм, хайр дурлал, эрх чөлөөний тухай гүн гүнзгий философи юм.

Хөгжим бол зүгээр нэг чимэглэл биш, харин тухайн жүжгийн амин сүнс, дүрүүдийн зан чанарыг илэрхийлэх гол хэрэгсэл юм

-Найруулагч бүр л өөрийн гэсэн арга барилтай байдаг шүү дээ. Таны арга барилын онцлог юу вэ?

         -Найруулагч хүний хувьд миний бусдаас ялгарах онцлог бол хөгжимтэй маш ойр ажилладагт оршдог. Би аливаа бүтээлийг эхлэхдээ хамгийн түрүүнд хөгжмөө бодож, хөгжмийнхөө шийдлээр дамжуулан жүжгийнхээ ерөнхий уур амьсгал, хэмнэл, өнгө төрхийг тодорхойлдог. Хөгжим бол зүгээр нэг чимэглэл биш, харин тухайн жүжгийн амин сүнс, дүрүүдийн зан чанарыг илэрхийлэх гол хэрэгсэл юм.

Жишээлбэл, жүжгийн дүр бүр өөрийн гэсэн хөгжмийн зэмсэгтэй, өөрийн гэсэн характертай байхаар шийдсэн. Саксофон тоглож байгаа дүр нэг өөр мэдрэмж төрүүлэх бол, контрабас хөгжмөөр илэрхийлэгдэх дүр илүү гүн гүнзгий, магадгүй арай хүнд өгүүлэмжтэй байх жишээтэй.

-Та уран бүтээлээрээ дамжуулан нийгэмд юу хүргэхийг зорьдог вэ?

           -Би аливаа бүтээлийг хийхдээ хүмүүсийн сэтгэлд хүрсэн, дулаахан мэдрэмж төрүүлэхүйц байлгахыг л хамгийн түрүүнд боддог. Тайзан дээрх үйл явдал бүр, дүр бүрийн хэлж буй үг үзэгчдэд ямар нэгэн зүйлийг тунгаан бодох боломж олгоосой гэж хүсдэг. Хүмүүс маань үзвэр үзээд гарахад нь тэдэнд ямар нэгэн гэрэл гэгээ, эсвэл гүн бодрол үлдээх нь найруулагч хүний гол зорилго юм болов уу.

-Орос болон Монголын урлагийн ялгааг уншигчид ярьж өгч болох уу?

       -Миний хувьд багаасаа циркийн орчинд өссөн минь урлагт хандах хандлагад маань их нөлөөлсөн. Гэр бүлийнхэн маань урлагийн хүмүүс байсан тул багаасаа л тайзны ард, бэлтгэл сургуулилалт дунд хүн болсон. Дараа нь театрын сургуульд суралцаж, Орост мэргэжил дээшлүүлсэн нь надад дэлхийн хэмжээний театрын систем, зохион байгуулалтыг ойлгох боломж олгосон юм.

      Оросын театрын сургуулиуд маш хатуу чанга дэг журамтай, өглөөнөөс үдэш хүртэл тасралтгүй бэлтгэл хийдэг, уран бүтээлчээс асар их тэвчээр хатуужил шаарддаг системтэй байдаг.

        Монгол ба Оросын театрын ялгаа Монголд ирээд ажиллахад ажиглагдсан нэг зүйл бол харилцаа болон хандлагын ялгаа байв. Орост театрын систем өөрөө маш  сайн тогтсон, мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг бол монголд одоо л тэрхүү шинэчлэл, шинэлэг эрэл хайлтуудыг хийж байна. Манай жүжигчид маш авьяаслаг боловч театрын өөрийнх нь мөн чанар, тэрхүү амьд мэдрэмжийг хадгалж үлдэх, үзэгчидтэйгээ харилцах тал дээр анхаарах зүйлс бий. Театр бол киноноос ялгаатай нь "энд, одоо" өрнөж буй амьд үйл явц юм.

-Тэгэхээр багаасаа л урлагт дуртай байжээ?

            -Нэг үгээр бол тийм. Зургаан настайгаасаа тайзны макет хийх сонирхолтой байсан. Хичээлээсээ ирээд шууд л макетаа хийгээд сууна. Гэхдээ тухайн үед өөрийгөө яг юу хийдэг болох юм бол. Тайзны зураач, гэрэлтүүлэгч, жүжигчин аль нь юм бол гэж боддог. Энэ бүхнийг зангидсан хүн нь найруулагч гэж үзээд суралцсан. Арваннэгдүгээр ангидаа сургуулийнхаа найрал дуучидтай Москваг зорьж, уур амьсгалыг нь мэдэрч, ОХУ-д сурна гэдэг зорилго өөртөө тавьж, бүтэн жил бэлдсэний дараа шалгалтаа өгч, сургуульдаа тэнцсэн дээ. Ерөнхийдөө бол театрын эх орон, эх булгаас нь дээжийг нь хүртэхийг хүссэн.

-Таныг эх орондоо ирээд Соёл Урлагийн Их Сургуульд багшилж байгаа гэж сонссон. Шавь нартаа юу сурагдаг багш байхыг хүсэж байна?

                -Театрын бид бүгд л ярьдаг. Бид хүн байхыг нь зөвлөдөг. Бас илүү тайлбарлаж ярилцаж, практикаар ойлгуулахыг зорьж ажиллаж байна. Мэдээж багш болоод илүүг судлах, илүү туршлага хуримтлуулах шаардлага тулгарсан.  ГИТИС-д насаараа урлагт ажиллаж хүмүүс ихэвчлэн багшилж, шууд практек дээр тулгуурлан заадаг. Миний багшлах туршлага болоогүй. Гэхдээ одоо байгаа мэдлэгээ залуустаа зааж, онол биш туршлагаа ярьж, зааж байгаа.

-Тэгвэл та хэр амбицтай найруулагч вэ?

        -Хувь хүний үүднээс амбиц багатай. Гэхдээ уран бүтээлч хүн амбицтай байх ёстой байх. ГИТИС-д сурсан,тэнд ажилласан нь өөрөө том амбиц байх. Олон мянган хүүхэд орон орноос шалгалт өгч 20-30 нь тэнцдэг. Ганц алдаа гаргах, залхуурах төдийд шууд хөөдөг хатуу сургууль шүү дээ. Тийм сургуульд тэтгэлэгтэй суралцаж, улаан дипломтой төгссөн. Бас УДЭТ-д ажиллаж, Орос руу харилцаа холбоотой, хамтын ажиллагаатай байгаа. Магадгүй тэндээс багш нар урих, өөрсдөө очиж жүжгээ толилуулах гээд их ажил өрнөх байх.

-Цаашдаа эх хэлнийхээ зохиолуудаас жүжиг болгон тавих уу?

          -Их зохиолч Д.Нацагдоржийн зохиолоор ирэх сард саунд драм жүжиг тоглоно. Би өөрөө эх орондоо хайртай, эх оронч үзэлтэй. Тиймээс би гадны оронд төгссөн гээд тэр төрлийн зохиолоор дандаа бүтээл хийнэ гэж байхгүй. Дээр үеийн киноноос сонгож, өөрөө жүжгийн зохиол болгон тайзнаа амилуулах ч хүсэл бий.


Э.БИЛГҮҮН: ДЭЛХИЙН ТЕАТРЫН ХАМГИЙН ТОМ СУРГУУЛЬ БОЛОХ ГИТИС-Д ЮУ СУРСНАА “МАСТЕР, МАРГАРИТА ХОЁР” ЖҮЖГЭЭР ТАЙЛАГНАНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188