• Өнөөдөр 2026-04-15

“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ

       Г.Золзаяа жүжигчнийг “Гэм зэм” жүжгийн Соняг бүтээхэд нь үзээд ЗОЛОО БА СОНЯ гэж бичиж байсан бол энэ удаад түүний дэлгэцийн дүрүүдийг онцолсноо уншигч танд хүргэж байна. Тэрбээр яг одоо “Амьдралд хайртай” киноны Сараагийн дүрээр үзэгчидтэйгээ уулзаж байна.г Сараа хүүхдээ алдаж, түүнээсээ болж сэтгэлээр унаж архинд ордог. Гэхдээ ээж нь байхаас гадна үнэнч итгэлт сайн нөхөртэй. Тиймдээ ч амьдралд алдсан ч онож, бүгдийг ойлгож мөн чаддаг нэгний дүрийг бүтээж. 

  “ШҮРЭН БУГУЙВЧ”-ЫН НАМУУНАА
 
        Үзэгчид мэднэ дээ, “Шүрэн бугуйвч” киноны дурлалт бүсгүй дүрийг нь. Хуримын цагаан даашинзтай зам даган гүйхдээ тэр амьдралд хүнд юу чухлыг мэдэрч, ойлгодог. Үл ойлголцол мэдээж амьдралд тохиолдох зүйл. Гэсэн ч учрыг нь тайлдаг, жинхэнэ мөн чанарыг нь мэдэх нь бүхнээс чухал. Үүнийг эл бүтээл бидэнд хэлж өгдөг. Золоогийн анхны дүрүүдийн нэг, ийм нэг чадварлаг уран бүтээлч буйг найруулагч Д.Амар Намуунаагаар үзэгчдэд танилцуулж, дараагийн олон ч бүтээлийнх нь замд хүргэж өгсөн. 
 
       -ЗҮҮДЭНД Ч ОРОМГҮЙ ЯВДАЛ”, “ХУВЬ ТАВИЛАНГИЙН ЭЭДРЭЭ”-
 
       “Зүүдэнд оромгүй явдал” киноны дурлалт эмэгтэй, “Хувь тавилангийн ээдрээ” киноны Золоо. Тэр хайрыг хүлээж, түүнийгээ ч олж сая нэг амар амгалан, аз жаргалтай амьдрах гэтэл хувь тавилангийн ээдрээ болж, хайрласан хүнтэйгээ төрсөн ах, дүү хоёр гэдгээ мэддэг. Ээжтэйгээ хоёулахнаа өссөн эрх танхи, айлын нандин охин. Эл бүтээл олон ангитай болохоор үзэгчид Золоогийн дүрээр нь түүнийг андахгүй.

    Мэдээж тэр “Хуримын сюрприз”, “Миний хайр”, “Төлөөс”, “Галзуу дурла” гэхчлэн олон киноны дүрд тоглосон бөгөөд цөм даруухан дөлгөөн дүрээс нь тэс ондоо, түүнийг өөрөөр харуулж, тодотгосон дүрүүд. 
 
       “БҮТЭН АМЬДРАЛ”-ЫН УНДРАЛ
 
         Зэвүүн биш, гэхдээ Золоог мөн өөрөөр харуулсан дараагийн дүр бол “Бүтэн амьдрал” киноны Ундрах. Гол дүрийн эмэгтэйн төрсөн дүү болж тоглох тэрбээр эхнэртэй залууд хайртай болж, нууцхан уулзаж, хайрладаг. Тэгээд эцэст нь өнөөх залуу нь эхнэрээ сонгосноор хайр дурлал нь бүтэлгүйтэж, шинэ хайр дурлал түүнийг угтана. Товчхондоо үйл явдал ийн өрнөх боловч хамгийн хэрсүү, мөнхүү дайчин Ундрахыг харуулсан. Ажил хэрэгч, амжилттай яваа олон бүсгүйн төлөөллийг тэр тус дүрээрээ үзүүлэхийн сацуу залуу бүсгүйн жаргал, зовлонг ч илэрхийлсэн. Золоог биеэ даасан хүчирхэг эмэгтэйн дүрээр эндээс харж эхлээд түүнээс хойш “No Rules”, “Эргэх учрал”, “Хавтаст хэрэг” гэхчлэн киноны сонирхолтой дүрээр үргэлжлэн харах болсон. Эдгээрээс “Хавтаст хэрэг” киноны дүрийг онцолж байна.
 
                “ХАВТАСТ ХЭРЭГ”
 
        Сүлжээ гэмт хэргийн хамаг том босс нь тэр. Цагдаа, мөрдөгчдийн багийнхан улсад өрнөөд буй том бүлэг хэргийг мөрдөх ч ард нь чухам ямар хүн байгааг, хэрхэн энэ бүхэн төлөвлөж, удирдаж буйг мэдэхээр тэмцэж, эцэст нь хамаг том дарга, хэргийн гол захиалагч эмэгтэйг барьдаг. Үргэлж дурлалт бүсгүйн дүрд тоглож, инээмсэглэл, дөлгөөн зан чанартай бүсгүйн дүрээр үзэгчидтэй уулзаж байсан Золоод ийм нэг төмөр хатагтайн дүр шинэлэг, үзэгчдэд ч сонирхолтой байв. 
 
       Г.Золзаяа гэж жүжигчний өгөгдлийг өнгөлж, суурийг "Маск" продакшн тавьсан. Продакшны жүжигчин гэдэг ганц тоглолтын номерт гарахгүй. Дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, эмээ, ээж, охин, эрэгтэй хүн, хүүхэд зэрэг бүхий л дүрд оногдож, тайзан дээрээс оногдсон дүрээ шууд гаргана. Хэзээ ч кино шиг эвлүүлж, илүү, дутууг нь хасахгүй. Тэгэхээр хувь уран бүтээлчээс илүү их ур чадвар, авхаалж самбаа, арга техник шаардана. Түүнийг тэр "Маск" продакшн гэх их айлаас сурч, чамгүй чамбай уран бүтээлч болон суралцсныг энд мөн онцлох нь зүйтэй байх. Түүнд амжилт хүсье.

“ШҮРЭН БУГУЙВЧ"-ААС "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮДИЙН ТУХАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188