• Өнөөдөр 2025-02-07

“NONAME” ХАМТЛАГИЙН ДУУЧИН О.БАТСАЙХАН: ОН ЦАГ УЛИРСАН Ч МАРТАГДАХГҮЙ БАЙХ ДУУ ЗОХИОХ Л МИНИЙ ЗОРИЛГО

2024-08-03,   854

           Хип хоп урсгал Монголд эд эрчээ авч байх үед хайрын тухай дуунуудыг олны хүртээл болгож, гаргарсан дуу бүхэн нь хит болж байсан хамтлагийн нэг бол “Noname”. Тэгвэл тус хамтлагийнхан Flash, Outlaw, Munkhiin rap хамтлагтай хамтран  “ALL IN HIT” тоглолтоо хийх гэж байна.  Нэгэн үеийг байлдан дагуулсан тэдний тоглолтыг сонсогчид нь хоног тоолон хүлээж байгаа биз ээ.

       Бид энэ удаагийн “Уран бүтээлчийн цаг” буландаа “Noname” хамтлагийн дуучин О.Батсайхан буюу Баагийг урьж, ярилцлаа. Түүний хувьд хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар өөрийн соло уран бүтээлээ тасралтгүй туурвиж сонсогчдынхоо сонорт хүргэсээр байгаа билээ.

-Сайн байна уу. 2000-д онд сонсогчдыг байлдан дагуулж байсан Noname, Flash, Outlaw, Munkhiin rap хамтлаг “ALL IN HIT” хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын талаар яриагаа эхлүүлэх үү?

                -Сайн байна уу. Нэгэн үеийн хамтлагуудтайгаа хамтран бүрэн хэмжээний тоглолт хийх гэж байгаадаа баяртай байна. Тоглолтын бэлтгэл ажил маш сайхан үргэлжилж байгаа Тоглолт наймдугаар сарын 9-нд “Hit park”-д болно. Үнэнч сонсогчдтойгоо уулзахад цөөхөн хоног үлджээ.  Та бүхэн нэг орой бидэнтэй хамт дурсамжаараа аялаарай.

-Тоглолтын онцлог юу байх вэ. Мэдээж он оны хит дуугаа эгшиглүүлэх байх?

                -Тоглолтод урилгаар хуучин цагийн хамтлагууд мөн одоо цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцох болно. Мэдээж хөгжмийн дуугаралт, тайз засалт мэргэжлийн өндөр түвшинд хийгдэнэ. Бид тоглолтдоо 48 хит дуугаа дуулах болно оо.

БИД ТУХАЙН ҮЕИЙН ХАМТЛАГУУДААС ШҮЛЭГ, СОНСГОЛТОЙ ДУУЛАЛТААРАА ЯЛГАРЧ БАЙСАН ГЭЖ БОДДОГ

-Хайрын тухай дуунуудаараа үзэгчдийн танил болсон танай хамтлагийнхан тэр бүр хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Иймд хамтлаг байгуулагдсан түүхийг  ярих нь зүйтэй биз ээ?

                -Анх 2004 онд Оргил, Ооёо гэх хоёр хүний бүрэлдэхүүнтэй анхны дуугаа цацаж байсан. Үүний дараа Тука, Мөнхөө бид гурав нэмэгдсэн юм. Бид 2005 онд “Найз охиндоо”, “Үдшээр”, “Зам заяа” зэрэг дуунуудаа цацаж, хит болж байлаа. Ооёо бид хоёр хүүхэд байхаасаа рэп бүжгийн хамтлагт хамт бүжиглэдэг  байлаа. Харин Тука, Мөнхөө хоёр багын найзууд байсан юм.  Хүсэл зорилго нэгтэй багын найзууд нэгдэж, “No name” хамтлагийг байгуулж байсан юм даа.

-Хамтлагтаа яагаад “Noname” гэдэг нэр өгсөн юм бэ?

                -Энгийн бас этгээд хүн бүрд амархан цээжлэгдэнэ гэж бодож хамтлагтаа “No name” нэрийг өгч байсан даа.

-Тухайн үед хип хоп төрөл хөгжиж, олон хамтлаг гарч байсан. Эдгээр хамтлаг дуучдаас “Noname” хамтлаг хэрхэн ялгарч гарсан бэ?

                -Манай хамтлаг утга төгөлдөр шүлэг, аялгуут хөгжим, сонсголонт дуулалтаараа ялгарах гэж хичээдэг байлаа. Тэр үеийн хүчтэй олон хамтлагаас ялгарах, товойж гарч ирэн гэдэг амаргүй даваа байсан.

-Хамтлагийн уран бүтээлээсээ онцлон хайрлаж явдаг дуу бий юү?

                -“Найз охиндоо” дуундаа хамгийн их хайртай. 2004 онд нэгдүгээр курсийн оюутан байхдаа гитар дээр энэ дуугаа зохиож байлаа.  Тэр жилийнхээ зун хамтлагтаа орж, нэмэлт засвар хийгээд дуугаа цацсан. Дуу гарсан даруйдаа л хит болсонд маш их баярлаж, хайрлаж явдаг юм.

-Танай хамтлаг өнгөрсөн хугацаанд завсардахгүйгээр арга хэмжээ, тоглолтуудад оролцож байгаа харагдсан.  Өнөөдрийг хүртэл хамтлагийг юу эв нэгдэлтэй байлгаж байна гэж боддог вэ?

                -Хоёр хүн айл гэр болж тогтвортой, элэг бүтэн амьдрах хэцүү байдаг шүү дээ. Хамтлаг оршин тогтоно гэдэг мөн л хэцүү. Нэгнээ ойлгож, давуу болон сул талыг нь хүлээн зөвшөөрөх. Алдаа, оноог нь ойлгож, ярилцах хэрэгтэй.  Мөн дуртай зүйлээ хийж байгаа учир хамтлагийнхан маань дор бүрээ үүнийг ухамсарладаг байх гэж боддог.

-Хамтлагийн гишүүд одоо уран бүтээлээс өөр ажил эрхэлж байна уу?

                -Тийм ээ, бүгд урлагаас өөр ажил эрхэлдэг. Оргил “Мандал” даатгалд, Мөнхөө хувийн компани ажлуулдаг, Ооёо уул уурхайд ажиллаж байна. Харин би усан спортын багшаар ажиллаж байгаа.

МӨРӨӨДЛӨӨРӨӨ АМЬДАРЧ, ДУУЧИН БОЛСОН ДОО ҮРГЭЛЖ ТАЛАРХДАГ 

-Хамтлагийн талаарх яриагаа орхиод О.Батсайхан гэх хүний талаар ярилцах уу. Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

                -Би 1985 онд Дархан хотод хоёр хүүтэй айлын бага хүү болон мэндэлж байлаа. Төрөлх Дархан хотынхоо “Од” цогцолборыг төгссөн.  Хүүхэд байхдаа сагсан бөмбөг тоглож, рэп бүжиг бүжиглэдэг хүүхэд байсан. Ер нь тэмцээн уралдаанд идэвхтэй, амжилттай оролцдог байлаа.  Одоо эхнэр, хоёр хүүгийн хамт амьдарч байна даа.

-Таныг хүүхэд байхад хип хоп хөгжим эд хүчээ авч байсан шүү дээ. Тухайн үед ямар хамтлаг дуучдыг сонсдог байв?

                -Намайг хүүхэд байхад хип хоп хөгжимд Монголд дэлгэрээд тийм ч удаагүй байсан.  Тэр үеийн анхдагчид болох “Дайн ба энх”,  “Ice top”,  “Digital”, “2 хүү”, “Mon ta rap” зэрэг хамтлагуудыг сонсдог байлаа. Харин баруунаас Tupac, Bone thugs n harmony ,Eminem-г сонсох дуртай байлаа.

-Одоо хип хоп хамтлаг шинээр гарч ирэх нь илт багасжээ. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

                -Он цаг өнгөрөхийн хэрээр бүх л хөгжмийн урсгал өөрчлөгдөж, олон төрөл болж байна.  Цаг үеэ дагаад уран бүтээлчид ч өөрчлөгдөх нь зүй ёсны хэрэг байх. Гэхдээ уран сайхан, утга төгөлдөр байдлаа битгий алдаасай, илүү олон сайхан бүтээсэй л гэж хүсэж байна.

-Таны соло дуунууд хүнийг аргадаж, тайвшруулж, хань болж чаддаг гэж би хувьдаа боддог юм. Та дууныхаа үгийг өөрөө бичиж байна уу?

                -Гэрийнхээ студиүдэд 2012 оноос хойш  уран бүтээлээ хийж байна. Өнөөдрийг хүртэл өдөр бүр л дуун дээр ажиллаж ирсэн. Дууныхаа үг, ая, найруулга, дуугаралт гээд бүх зүйлийг өөрөө хийдэг.  Тиймдээ ч өөрийнхөө хүссэн зүйлийг 100 хувь гаргаж, түүгээрээ  өөрийгөө илэрхийлдэг.  Сайн дуу, сайн барилгатай адил урт настай гэж боддог юм. Би тийм л урт настай, чанартай дуу бүтээхийг л хүсдэг.  Он цаг улирсан ч мартагдахгүй байх дуу зохиох л миний зорилго байсаар ирсэн.  Одоогоор миний урын санд 60 гаруй уран бүтээл бий.

-Өөрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийлээч?

                -Өдөр, цаг, хором бүрийг зөв сайхнаар туулахыг хүссэн нэгэн.

-Өнөөдрийг хүртэл урлагт байгаагийнхаа шалтгааныг юу гэж боддог вэ. Та дуучин болоогүй бол өнөөдөр юу хийж байгаа бол?

                -Мөрөөдөл минь дуу хөгжим байсан. Дуртай зүйлээ ажлаа болгож амьдарсандаа маш их талархдаг.  Магадгүй би дуучин болоогүй байсан бол тамирчин болох байсан байх.

-Тэндээс энэ хүртэл дэмжиж байгаа сонсогчдодоо зориулж үг хэлээч?

                -Сонсогчдодоо үнэхээр их хайртай шүү. Та бүхэн байхгүй байсан бол би өнөөдрийн амжилтдаа хүрч чадахгүй. Мөрөөдөл минь ч унтрах байсан. Үргэлж урам зориг өгдөгт баярлалаа гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

                -Баярлалаа. Танай хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.

 

 


“NONAME” ХАМТЛАГИЙН ДУУЧИН О.БАТСАЙХАН: ОН ЦАГ УЛИРСАН Ч МАРТАГДАХГҮЙ БАЙХ ДУУ ЗОХИОХ Л МИНИЙ ЗОРИЛГО
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188