• Өнөөдөр 2024-05-17

ЖУРАМЛАСАН ТОЛЬ, ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙН ЗУРАГ, ДУУССАН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭР ДҮҮРЭН СЭТГҮҮЛЧДИЙН ШИРЭЭ

                 Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Иргэдийн мэдэх эрхийн төлөө өдөр бүр дуусашгүй хөврөх мэдээлэл дундаас хамгийн сайныг нь, хамгийн чухлыг нь сорчлон хүргэдэг сэтгүүлчдийн уран бүтээлээ туурвидаг ажлын ширээг уншигч та бүхэнд танилцуулах гэж байна.

                Ширээ нь тэдний хувьд хоёр дахь гэр, хамгийн их цагаа өнгөрүүлж, толгойгоо гашилгаж, ажлаа хийх талбар нь болдог аж. Эргэлт.мн мэдээллийн сайт “Ажлын ширээ” буландаа “SBN” телевизийн сэтгүүлч А.Наранчимэг, “DBS” телевизийн редактор, сэтгүүлч Э.Бодьгэрэл, “UB LIFE” сайтын эрхлэгч О.Анхзаяа нарыг урьж, оролцууллаа.

А.НАРАНЧИМЭГ: ТЭДДИ БААВГАЙ,“ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” ЦУВРАЛ, ЖУРАМЛАСАН ТОЛЬ

        Түүнийг Амарсанаагийн Наранчимэг гэдэг. Завхан аймгийн Улиастай сумд төрж, өссөн. “SBN” телевизийн мэдээний албанд сэтгүүлчээр ажилладаг.

                 Тэрбээр “Сэтгүүлчийн ажил цаг ямагт суралцахыг шаарддаг. Бага байхдаа үүнийг мэдэхгүй шүү дээ, зурагтаар гарна, мэдээний гоё нэвтрүүлэгч, сурвалжлагч ах эгч нарыг хараад  ийм л хүн болно гэж бодсон. Сургуулиа төгсөөд, ажилд ороход миний төсөөлсөн шиг хялбар байгаагүй ээ, үнэхээр хэцүү байсан. Одоо ч хэцүү зүйлс олон байдаг. Гэхдээ л мэргэжилдээ хайртай, ажилдаа дуртай.  Ер нь манай хэвлэлийнхэн ажил, мэргэжилдээ дэндүү хайртай хүмүүс байдаг. “SBN” телевизэд анх 2017 онд сургуулиа төгсөөд орсон. Одоог хүртэл ажиллаж байна. Анх дагалдан хийж эхлэхэд мэдээний өрөөнийхөө үүдэнд нэг жижигхэн ширээн дээр суудаг байсан. Харин энэ ширээн дээрээ суугаад хоёр жил болж байна.  Ширээ маань томорсон шүү.  Цэцэг, ном, тэмдэглэлийн дэвтэр, нүүрний будгууд гээд миний ширээ нэлээд олон юмтай. Тэр чинээгээрээ жаахан замбараагүй байх гээд байдаг талтай.  Нэг ёсондоо ажлын ширээ маань миний ажил дээрх гэр юм уу даа. Цэцгүүдээ, бас тэдди бамбаруушаа онцолмоор байна. Парламентын сэтгүүлчдийн шинэ жилээр бид нарт энэ тэддиг бэлэглэсэн юм. Яг одоо ширээн дээр маань Эргэлт.мн сайтын гаргасан “Эргэлтийн номын сан” цуврал байна. Мэдээгээ бичиж дуусгачихаад оройд сурвалжилгаас нь уншдаг. Би ер нь бусад сонин, сайт, телевизийн бүтээлүүдийг харж, сонирхож, суралцаж явахыг хичээдэг.  Өөрийнхөө хийсэн юмыг үзээд л тэрэндээ ханчихаад яваад байвал  хөгжихгүй шүү дээ. Анх ажилд ороход эгч маань нэг ягаан тэмдэглэлийн дэвтэр өгч байсан.  Бичиж, тэмдэглээд дуусгасан ч гэсэн хайрлаад хаяж чаддаггүй. Ер нь тэмдэглэлийн дэвтэр сэтгүүлчдэд хамгийн хэрэгтэй, бас хамгийн их ашиглагддаг зүйл. Анх дэвтрүүдээ хаяхгүй хадгална гэж боддог. Одоо гэхдээ арай л олон болоод байна. Хааяа эргүүлээд харахаар сонин, сонин юм бичиж, тэмдэглэсэн байдаг. Ширээн дээр маань монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь бичиг, тэмдэглэлийн дэвтэр үзэг, утас байнга байдаг. Телевизийн эфирээр алдаатай үг гарах ёсгүй, зөв бичих, онож ярих бол сэтгүүлчийн хамгийн сайн эзэмшсэн байх ёстой чадваруудын нэг” гэв.

         Монгол Улсыг хэвлэлийн эрх чөлөөтэй орон гэж ярьдаг.  Гэтэл саяхан МСНЭ-ээс  мэдээлэл хийхдээ “Эрүүгийн хуулиас гадна 10 гаруй хуульд хэвлэлийнхний эрхийг хязгаарласан зүйл заалт байна” гэсэн.  Сэтгүүлч баримтын дагуу мэдээ нийтлээд цагдаад дуудагдаж, байцаагддаг болсон. Ийм зүйл туулаад яваагаа хэлдэг нэг нь байдаг ч чимээгүй байцаагдаад, дуудагдаад явдаг сэтгүүлчид олон бий. Энэ ганцхан жишээнээс харахад Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө байхгүй.

Э.БОДЬГЭРЭЛ: ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙН ЗУРАГ, ЛАА, ЯГААН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТЭР

       Түүнийг Э.Бодьгэрэл гэдэг, 2014 онд МУИС-ийг сэтгүүлчээр сурч төгссөн. “DBS” телевизийн редактор, сэтгүүлч.

          Тэрбээр “Багаасаа нийгмийн идэвхтэй, бүх л тэмцээн уралдаанд ордог хүүхэд байсан. Сургуулийнхаа бүх арга хэмжээг хөтөлнө. Сэтгүүлчийг нийгэм рүү чиглэсэн мэргэжил гэж бодож, сонгосон. Дархан-Уул аймагт МУИС-ийн сэтгүүлчийн ангийн хоёрхон хуваарь ирсэн ч амжилттай тэнцсэн. Салбартаа ажиллаад долоон жил, энэ ширээн дээрээ суугаад дөрвөн жил болсон байна. Өдөр бүр олон хүнтэй уулздаг учраас миний ширээ тун “завгүй” байдаг. Байнга өөр өөр агуулгатай бичиг цаасаар дүүрдэг дээ. Мэргэжлийн редакцад ажиллаж байгаа учраас ширээн дээр маань ёс зүйн зарчимтай холбоотой материалууд, Монгол Улсад мөрдөгддөг хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хуулийн болон сонгуулийн тухай хуультай холбоотой ном байдаг. Долоон жилийн хугацаанд олон тэмдэглэлийн дэвтэр дуусгасан. Алийг нь ч хаялгүйгээр хадгалдаг. Тэр дундаас хамгийн онцлох нь хамт олны маань өгсөн тод ягаан өнгийн дэвтэр, бал хоёр. Гэхдээ сүүлийн үед гар утасныхаа тэмдэглэл дээр илүү их  юм бичиж байгаа. Хайртай хүмүүстэйгээ авхуулсан гэр бүлийн зураг миний ширээний хамгийн онцлох зүйл. Ажлаа хийж байгаад үе үе харж, эрч хүч авдаг. Мөн гоё үнэртэй лаанууд байгаа. Жаахан тайвширч, төвлөрмөөр санагдсан үедээ гурван лаагаа асаадаг даа” гэлээ.

                 Хэвлэлийн эрх чөлөөг би тухайн улсын хөгжлийн хамгийн чухал зүйл нь гэж боддог. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй бол тухайн улсад өөр ямар ч эрх чөлөө байхгүй. Орон нутгийн телевизэд ажилладаг сэтгүүлчийн хувьд аймаг, сумууд бага хүн амтай байдгийн хэрээр тухайн орон нутаг дахь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хүч нөлөө их байдаг юм шиг санагддаг. Сэтгүүлчээр ажиллаж байх үедээ бэлтгэсэн мэдээллийн үр шим иргэдэд хүрч байгааг олон удаа харсан. Би Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний байдлыг дунджаас доогуур гэж үнэлнэ. Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдэд бус, иргэн бүрд хамаатай асуудал.

О.АНХЗАЯА: “БЯЦХАН ХАНХҮҮ” НОМ, ӨВӨӨТЭЙ АВХУУЛСАН ЗУРАГ, ЦЭЦЭГ

        UB LIFE сайтын эрхлэгч О.Анхзаяа. Тэрбээр сэтгүүлч, редакторын ажлын хажуугаар "Lost in Sound" номоо хэвлүүлэн гаргасан билээ. Тэрбээр  шинэ зохиолууд дээр ажиллахаас  гадна кино орчуулга хийдэг аж.

            О.Анхзаяа ширээнийхээ талаар “Анх англи хэлний багш болох зорилго урдаа тавин бэлдэж, хэлээ л давтдаг байсан ч хажуугаар нь шүлэг, өгүүллэг бичих сонирхлоо огт орхиж чадаагүй. МУИС-д шалгалт өгөх үед бичвэрийн маань оноо өндөр гараад, 70 гаран хүүхдээс зургадугаарт жагссан юм. Гэнэт догдолчихсон. Шууд л сэтгүүл зүйн ангид ороод, багш болох бодлоо өөрчилсөн. Тухайн үед төлбөрийн асуудал хүнд байсан боловч ээж, өвөө хоёр минь яаж ийгээд л намайг сургаад төгсгөсөн дөө. Хоёрдугаар курсийн оюутан байхдаа “UB LIFE” сайтдаа дадлага хийж, үргэлжлүүлэн ажиллах санал хүлээн авсан. Одоо ч энэ шийдвэртээ баярлаж, өөрөөрөө багахан ч гэсэн бахархдаг юм. Сэтгүүлч мэргэжлийг анх би яагаад ч юм их өөрөөр хардаг байсан. Гэхдээ бүх сэтгүүлч бусдын боддог шиг микрофон бариад явахдаа зөвхөн улс төр, нийгмийн байдал асуух албагүй, заримдаа уншигч нартаа хүрэхийн тулд энгийн, нэгэн хэвийн байдлыг эвдэх хэрэгтэй гэж бодох болсон. Тэр үеэс хойш би өөрийгөө уншигчдынхаа найз нь байлгахыг л ихэд зорих болсон доо. Уншигч нартаа зөвхөн мэдээлэл хүргэх бус би өөрөө уншигчдаасаа сурдаг, тэдний үзэл бодлыг сонсож, бусад хүрэх ёстой хүмүүст нь дамжуулдаг, хамтдаа гуниг, жаргалаа хуваалцдаг байхыг эрхэмлэдэг. Миний ажлын ширээ үнэхээр, бүр үнэхээр олон юмтай. Хэн нэгний өгсөн захиа, хэдэн жилийн өмнө авхуулж байсан зураг, өндгөн шоколаднаас гарч ирсэн тоглоомууд, хэдэн арван ном, тэгснээ гэнэт  нэг сэрээ, нүдний дусаалга байдаг. Чүдэнзний хайрцгаас ч жижигхэн библи, дуртай хүүхэлдэйн киноны тоглоом, арван жилийн өмнөх сим карт хүртэл байна. Манай ажлынхан  "Юу ч бай, Анхзаяагаас асууж бай. Энэ дунд нь байж магадгүй" л гэдэг юм. Гэхдээ энэ замбараагүй ч юм шиг байдал дундаа бас эмх цэгцтэй. Ер нь их хөөрхөн, сонирхолтой ширээтэй гэж боддог доо. Энд ажиллах хугацаанд хэд хэдэн удаа ширээгээ сольж байсан. Одоо яг энэ ширээн дээрээ суугаад нэг жил есөн сар болж байна. Тэр хугацаанд арвин их зүйл хуримтлуулж хураалаа даа. Хамгийн сүүлд ажлын эрчүүдээс ширээний цэцэг бэлгэнд ирсэн. Одоо үхүүлчихгүй, энд байгаа гэдгийг нь санаад усалж байх нэг том үүрэгтэй болсон. Бүх ном маань л миний ширээний ном доо. Гэрт багтахгүй болохоор заримыг нь ажил дээр хадгалдаг юм. Гэхдээ энэ дундаас хамгийн удаан байсан нь гэвэл "Бяцхан ханхүү", хамгийн сүүлд шинээр авчирсан ч байнга дэлгэж байгаа гэвэл Нил Геймэний "Norse Mythology", хамгийн ихээр гайхуулж, хүмүүст үзүүлдэг нь гэвэл Чарли Маккизигийн "The Boy, the Mole, the Fox and the Horse" байна даа. Надад ер нь үзэг тэсдэггүй. Нэг бол гээнэ, нэг бол хэт чанга дарсан юм уу бичиж байхад пүрш нь үсрээд явчихна. Ажлынхан надад "Lost in Sound" номоо хэвлүүлж, гаргасанд баяр хүргээд үнэтэй үзэг бэлэглэж байсан юм. Гэхдээ бас л эвдэрчихсэн. Харин тэмдэглэлийн дэвтэр бол сайн ашиглана. Тэр дундаас хамгийн хайртай нь өөрийнхөө хамгийн л нандин зүйлсийг бичдэг байсан, одоо бол гэрт хадгалдаг хуучны дэвтэр байгаа. Хүмүүст ч нэг их үзүүлж харуулсан удаагүй, өөртөө л хадгалдаг даа. Өвөөтэйгөө цуг багадаа авхуулж байсан зураг минь миний ширээн дээр байдаг. Өвөр дээр нь суугаад, хүүхдэд тоглоомоо булаалгасандаа гомдоод эрхэлж, уйлж байгаа тэр зурагтаа үнэхээр хайртай. Хэдийд ч ширээн дээр минь байсаар байх болно. Учир нь тэр зураг намайг яагаад өдөр бүр хичээх ёстойг, амьдралаа илүү хайрлах ёстой шалтгаан болох өвөөг минь санагдуулдаг юм. Одоо харин нэг хөөрхөн зүрхэн жааз авсан. Удахгүй нөхөр, хүү, ээж гээд гэр бүлээрээ авхуулсан зургаа яг тааруулж, угаалгах гэж байгаа” гэсэн юм.

             Хэвлэлийн эрх чөлөө ямар чухал болохыг өдөр бүр мэдэрдэг. Нэг мэдээ хийх гэтэл түүнийг нь хориглоод, нэг юм хийх гэхээр л зөвшөөрөл авдаг болчихвол үнэхээр хар дарсан зүүд шиг шүү дээ.  Манай редакц сэтгүүлч, уран бүтээлчдээ огт хайрцаглаж, ямар нэг зүйлээр барьж, шахдаггүй учир дотроо бол үнэхээр хийе гэснээ л хийдэг. Илүү залуус руу чиглэсэн, чөлөөт, хөгжилтэй, сонирхолтой мэдээллүүд учраас мөн тэр болгон хааж боох нь ч гайгүй. Гол нь бусад редакцуудаа хараад, эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүстэй ойр ажилладаг сэтгүүлч нар маань их эрсдэл дунд байдаг юм бэ гэдгийг мэдэрдэг. Тэд нар маань болохгүй, бүтэхгүй байгааг мэдээлж, ойлгуулах, анхааруулах үүднээс үнэхээр хичээн ажиллаж, тэмцэж байгааг харахаар бахархах үеүд бий. Мөн манай редакцын зүгээс хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эргэх харилцаа холбоо, ёс зүйтэй холбоотой, үүн рүү чиглэсэн олон хөтөлбөр, төсөл, ажлуудад дэмжиж, хамтарч ажиллаж, мөн чадлаараа энэ тал дээр дуугарахыг зорьсоор ирсэн, одоо ч оролцож байгаа. Цаашид ч бидний зүгээс өөрсдийн онцлог байдлаар хэрхэн үүн дээр анхаарч, дэмжлэг өгөх, хамтрах боломжтойг харж, чөлөөт сэтгүүл зүйг дэмжсээр байх болно.

         Үнэний төлөө дуугардаг, иргэдийг соён гэгээрүүлж, эерэг бүхнийг түгээдэг нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхандаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. Үзэг нь хурц, үг нь мэргэн хэвлэн нийтлэх эрх чөлөө нь тэнүүн байг ээ. Сэтгүүлчдийн ажлын ширээгээр хамтдаа “аялсан” уншигч танд баярлалаа.

 


ЖУРАМЛАСАН ТОЛЬ, ХАЙРТАЙ ХҮМҮҮСИЙН ЗУРАГ, ДУУССАН ТЭМДЭГЛЭЛИЙН ДЭВТРЭЭР ДҮҮРЭН СЭТГҮҮЛЧДИЙН ШИРЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-05-03 22:07:59
    Зочин: Журамласан толь нь беен алдаа!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188