• Өнөөдөр 2024-05-03

АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР

2023-06-25,   851

        Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, парламентын тогтолцоонд шилжсэнээр хууль тогтоох дээд байгууллага нь УИХ болж, анхны парламент бүрдэж байсан түүхтэй. Зах зээлийн нийгэмд дөнгөж шилжсэн Монгол Улс эдийн засаг амаргүй, дэлгүүрийн лангуун дээр гурил, давснаас өөр зүйлгүй хүндхэн цаг үед тухайн үеийн УИХ -ын гишүүд цаг үедээ нийцсэн оновчтой хууль, тогтоомжууд гаргаж, өнөөдрийн нийгмийг бий болгосон билээ.

        Тэдний төлөөлөл УИХ-ын гишүүн асан Ч.Хурц, Т.Султан нартай анхны парламент бүрдэж байсан түүх болон тухайн үеийн парламентын гишүүд хэрхэн ажиллаж байсан тухай ярилцлаа.

АНХНЫ ПАРЛАМЕНТАД САЛБАР БҮРИЙГ МЭДДЭГ, МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ ХҮМҮҮС БАЙСАН

-Та хоёр 1992-1996 оны анхны УИХ-ын гишүүн. Нэг танхимтай анхны парламент бүрдэж, тухайн үеийн бодлогыг тодорхойлж явсан парламентад сууж, нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа зүтгэсэн нэг үеийн улстөрчид. Анх парламент бүрдэж, нэгнээ мэддэг болсон түүхээс яриагаа эхлүүлье?

        Ч.Х: -1992 оны анхны парламент бүрдэхэд Т.Султан Баян-Өлгий аймгаас би Сүхбаатар аймгаас сонгогдож, Их хурлын гишүүн болсон. Тэр үеийн сонгогчид биднийг парламентад төлөөлөх хүмүүс мөн гэж итгэж, сонгуульд саналаа өгч, өөрийнхөө төлөөлөл болгон сонгож байсан. Тиймээс ёстой л нутаг нутгаас шилж сонгосон хүмүүсээр тэр үеийн парламент бүрдсэн. Тухайн үед Т.Султан намын хорооны дарга, би Геологийн хүрээлэн захирал байв. Ийм албан тушаалтай хоёр 1992 онд УИХ-ын анхны бүрэлдэхүүнд сонгогдож ирж байсан. Т.Султан намын хорооны дарга учраас анх орж ирсэн гишүүдийн хувьд том дарга байлаа. Бидэнтэй бараг тоож харьцахгүй шүү /инээв/.

        Т.С: -Тэр үеийн анхны гишүүд үнэхээр шигшигдсэн хүмүүс байлаа. Тухайн үед боловсон хүчнийг намын төв хороо сонгож шилж, доороос дээш дэвшүүлэн шалгаруулж авдаг байлаа. Ч.Хурц гуай гишүүн болохоосоо өмнө яаманд сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч байв. Би аймгийн намын хорооны дарга, төв хорооны намын гишүүн байсан. Тэгэхээр салбараа мэддэг, мэдлэг туршлага нь жигдэрсэн хүмүүс гишүүн болж байсан гэсэн үг. Сонгуулийн процесс ч маш хариуцлагатай байлаа. Одоогийнх шиг өнгө мөнгөөр өрсөлддөг зарчим бидэнд байгаагүй. Ард түмэн ч “Энэ л төрийн бодлого тодорхойлж чадна” гэсэн хүнээ төрийн түшээдэд сонгож байсан. Салбар бүрийг мэддэг, мэдлэг туршлагатай хүмүүс байсан нь тэр үеийн парламентыг үнэ цэнтэй болгож байсан юм. Тухайлбал, уул уурхай, геологийн салбарыг Ч.Хурц гуай шиг мэддэг хүн тэр үед байсангүй. Орон нутаг, эдийн засгийн асуудлыг намын хорооны дарга нар сайн мэднэ. Мөн дээр нь хуульч гишүүн олон байсан.

-Та хоёр гишүүн болоод нэгнээ мэддэг болсон уу?

        Т.С: -Дотно танилцсан үе нь бол тэр. Түүнээс өмнө нэгнээ зүс мэддэг л байлаа. Ч.Хурц гуайг сайд байхад нь би эчнээ таньдаг байв. Гэхдээ ойртож юм ярьж үзээгүй. Гишүүн болоод нэг танхимд суугаад нэгнээ сайн таньдаг болсон. Хэдий бид гэр орноороо ороод үерхэж нөхөрлөхгүй ч ажил хэргийн хувьд хамтарч, санал бодлоо хуваалцаж явсан үе нэлээд бий. Тухайн үед одоогийнх шиг намчирхдаггүй байлаа. Улс эх орныхоо төлөө, нийгмийн сайн сайхны төлөө бүгд ажилладаг, нэг зорилгод нэгддэг, сөрөг хүчнийхээ үгийг ч хүндэлж сонсдог байв.

        1992 оны парламент бүрдэхэд улс орны эдийн засгийн байдал өөрчлөгдсөн нийгмийн шинэ үе эхэлсэн цаг хугацаа. Үүнийгээ дагаад төрийн бодлого ч өөрчлөгдөж, түүнд нийцсэн хууль тогтоомжууд гаргах шаардлага бий болсон юм. УИХ, Засгийн газрын тухай хуулиас эхлээд төсөв, татвартай холбоотой бүх хуулийг цаг үед нийцүүлэн боловсруулах үүргийг бид хүлээж байсан. Дээр нь улс орны нийгмийн бүх салбарыг цогц болгох ажилд гишүүд ханцуй шамлан орсон. Ч.Хурц гуай тухайн үед Байгаль орчны байнгын хороонд харьяалагдаж, энэ чиглэлээр олон хууль батлуулсан даа. Зах зээлийн нийгэмд шилжсэний дараа хувийн өмч бий болж, хүмүүс байгаль руугаа дайрч эхэлсэн амаргүй үе. Байгаль орчин, хөдөө аж ахуйн талаар эрх зүйн шинэчлэл хийхэд гар бие оролцсон хүн нь яах аргагүй Ч.Хурц гуай юм.

БИДНИЙГ АНХ ГИШҮҮНЭЭР СОНГОГДОЖ БАЙХАД ГИШҮҮДИЙН ЦАЛИНГ ТАВИХ ХӨРӨНГӨ МӨНГӨГҮЙ БАЙЛАА

-Анхны парламентын гишүүд ардчилсан нийгэмд шилжсэн, зах зээлийн үеийн эдийн засгийн амаргүй цаг үед бүрдсэн. Картын бараанд дугаарладаг байсан тэр үеийн нийгмийг өнөөдрийн соёлт нийгэм рүү хөтлөхөд анхны парламентын гишүүдийн үүрэг их байсан гэдэг. Тухайн үед парламент юуг зорьж, хэрхэн ажиллаж байсан талаар сонирхуулахгүй юу?

        Ч.Х: -Анхны Их хурлын бүрэлдэхүүнд яамны сайд байсан гурван хүн, аймгийн намын хороо, гүйцэтгэх захиргааны дарга байсан долоон хүн, яамны орлогч сайд зургаан хүн сонгогдсон байв. Ингээд Их хурлаар хэлэлцэж байгаа гол хуулийн төслүүдэд анхаарч байсан хүмүүс нь тухайн үеийн яамны сайд, орлогч сайд, намын төв хорооны дарга нар, гүйцэтгэх захиргааны дарга нар байсан гэхэд хилсдэхгүй. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Бямбадорж нар залуу байсан даа. Тэд залуу хүүхдүүд болоод ч тэр үү, С.Зоригийн өрөө рүү байсхийгээд л гүйгээд орчихно.

        Бидний хэлэлцдэг гол асуудал улс орны нийгэм, эдийн засгийг хөл дээр нь яаж босгох вэ гэдэг талаарх мэтгэлцээн өрнөнө. Зах зээлийн нийгэм гэж бараг мэдэхгүй шахам улс байлаа. Зарим нь Америк зэрэг өндөр хөгжилтэй улс руу явж туршлага судална. Нөгөө нь Европ явж, Европын холбооны эдийн засгийн харилцааг судална. Ингээд  мэдсэн дуулснаа нутагшуулах ажилд орж, асуудлуудыг нухацтай авч үзэж, хэдэн талаас нь ярьдаг байв.

        Тухайн үедээ манай парламент 154 хууль баталж, 70 орчим хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд Их хурлын бүрэн эрхийн хугацаа дуусаж байлаа. Хэлэлцэх асуудал их. Бид долоо хоногийн таван өдөрт өдөр алгасахгүй хуралддаг байсан даа. Өглөөнөөс эхэлсэн хурал үүрийн 3-4 цаг хүргэх нь наад захын ажил. Амралтын өдөр дуудагдах явдал бишгүй.

        Ингэж л УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг жигдрүүлж байлаа. Ардчилсан холбоо дөнгөж байгуулагдаад удаагүй. Тэд байж байгаад л жагсаал хийнэ. Тэдний жагсаалын учрыг олох гэж бид үйлээ үзнэ. Төрд зүтгэж байсан туршлагатай хүн олон байсан учраас цаг үеийн байдлыг мэдэрч ажиллаж чадсан. Үүнд Т.Султан нарын гишүүд ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн. Миний бие Байгаль орчны талаар зургаан багц хуулийн төсөл боловсруулж, хамгийн түрүүнд хэлэлцэн батлуулж байлаа. Байгаль орчин гэдэг нэр томьёоны талаарх ойлголт тэр үед иргэдийн дунд маш бага байсан. Тэр үед Их хурал маш ажил хэрэгч хуралдаж байсан нь одоогийн хууль, тогтоомжуудаас тодорхой харагдана шүү. Ингэж хуралдсаны  үр дүнд тухайн үед батлан гаргасан хуулиуд одоогийн хэрэгжиж, мөрдөж буй хуулиудын суурь болж байгаа юм шүү дээ. Шөнө дөл болтол чуулганы хуралдаан үргэлжилнэ. Тэр үед их тэвчээртэй байж. Тухайн үеийн Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэн, Ерөнхийлөгчөөр П.Очирбат, УИХ-ын даргаар Н.Багабанди  ажиллаж байлаа.

        Т.С: -150 гаруй хууль баталж, анхны хэлэлцүүлэгт 60 орчим төсөл бэлдэх, 300 гаруй тогтоолын төслийг боловсруулна гэдэг амаргүй ажил байв. Чуулганы хуралдаан завсарласан хойно ч бид бэлэн байдалд ажиллана. Яаралтай горимоор хэлэлцэх асуудлууд орж ирвэл ээлжит бус чуулган зарладаг байв. Хуралдаан үргэлжилж байхад цаг сунган хуралдах явдал олон. Хууль хэлэлцүүлэхийн хажуугаар баталсан хуулиа хөдөө, орон нутгийн иргэдэд ойлгуулах, мэдээлэл өгөх ажилд гарна. Тэр үед төр, засагт эдийн засгийн боломж тун тааруу байлаа.

        Биднийг гишүүнээр анх сонгогдож байхад гишүүдийн цалинг тавих хөрөнгө мөнгөгүй байлаа шүү дээ. Би Баян-Өлгий аймгаас гэрээ нүүлгэж ирэх гэж бишгүй юм болсон. Тэр үед зам харгуй одоогийнх шиг байсангүй. Унаа техник ч ховор. Олон хоног явдаг байсан даа. Ингээд л өөрийнхөө хувийн зардлаар гэрээ нүүлгэж ирсэн дээ. Орон нутагт ажиллахад томилолтын зардал ч татуу. Ихэнх гишүүн хот хоорондын автобусанд суугаад л хуулиа сурталчлахаар явна шүү дээ. Гишүүдэд хувийн, албаны унаа гэж байсангүй. Бүгдийг нь автобусаар зөөдөг байв. Ойрхон нэг нь алхаад хуралдаа ирнэ. Тэр үеийн Их хурлын гишүүд их шударга үнэнч байсан. Нэг ч хүн хувийн эрх ашгаа урьтал болгож байсангүй. Шинэ Үндсэн хуульд нийцүүлсэн эрх зүйн шинэчлэл хийх том даалгавартай. Тиймээс бидэнд залхуурах, алгуурлах эрх байсангүй.

        Ч.Х:- Тэр үед бидэнд бараг тамхи татах ч зав олдохгүй шүү дээ. Санд мэнд гүйж гараад, заалны үүдний дамжин орох өрөөнд орж, бушуухан тамхилаад буцаад л хурал руугаа гүйдэг байлаа шүү дээ.

-Туршлага дутаж, нэг нэгнээсээ асуух юм бишгүй гарна биз?

        Ч.Х: Тухайн үед хуулийн гол ноён нурууг Б.Чимид гуай босгож, бид үзэл санаагаа тусгадаг байсан. Анхны парламентын гишүүд зөвхөн нийгмийнхээ сайн сайхны төлөө зүтгэж байсан гэдгийг л би тэмдэглэмээр байна.

        Т.С:-Тэгэлгүй яах вэ. Авлигын эсрэг хуулийг хэлэлцүүлэх болоод М.Зэнээ гуайгаар ахлуулсан хэсэг хүн энэ хуулийг боловсруулж оруулж ирсэн юм. Анх гаднын нэр томьёотой оруулж ирээд, ямар нэр өгөхөө мэддэггүй. Авлига авах нь битгий хэл нэр томьёог нь мэддэггүй байлаа шүү дээ. Хээл, хахуулийн эсрэг хууль гэвэл яасан юм гэх санал гарлаа. Нэг л “бай”-гаа онодоггүй. Тэгээд Я.Цэвэл гуайн монгол хэлний тайлбар толь дээрээс “Авлига” гэх үгийг харж, Авлигын эсрэг хуулийг баталж байв. Тэр үед тулгамдсан олон асуудал байсан. Айл болгоны амьдрал хүнд. Залуучууд урагшаа хил давж, наймаанд явдаг байв. Хил, гаальтай холбоотой эрх зүйн орчин ч байсангүй. Тэр үед хил, гаальтай холбоотой хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг би ахалж, Монгол Улсын иргэд гадаад зорчих, цагаачлах тухай хууль гэж батлуулж байсан. Ингээд л залуус хилээр нэвтрэх боломж нь бүрдсэн. Энэ мэт олон чухал асуудалд эрх зүйн шинэчлэл хийж байв. Ингэж байж улс төр нийгэм эдийн засгийн амьдрал бүрэн цэгцрэх нөхцөл бүрдсэн.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Ц.НЯМДОРЖ ХОЁРЫГ БАРИЛДУУЛАХ ГЭЖ ӨДӨРЖИН НОЦОЛДОЖ БИЛЭЭ

-Асуудал хэлэлцэж байхад санал зөрөх, маргах явдал гарах ч, амьдрал дээрээ найзалж, нөхөрлөх үе байсан байх. Энэ тухай сонирхуулаач?

        Ч.Х: -Бид хэчнээн их ажиллаж, ядарсан байсан ч, нэгнээ шоглох, шоолох, хөгжилдөхөө мартдаггүй байсан. МАН-ын Ахмадын хорооны даргаар ажиллаж байгаа Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн асан Б.Гомбо биднийг их үймүүлнэ. Гишүүдэд бүгдэд нь хоч өгчихсөн. Б.Гомбо нэг удаа бидэнд даалууны хоч өгөв. Ж.Гомбожав даалуу, Г.Төртогтох үүлүү, Д.Лүндээжанцан бөхөөн, С.Нарангэрэл ёоз боллоо. Хөдөө гадаа хамт томилолтоор явахдаа, нэгнээ шоглох нь ч бий. Нэг удаа онгоцны буудал дээр нэгнээ гаргаж өгөх байгаад Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёрыг барилдуулах гэж өдөржин ноцолдож билээ. Ингэж өөрсдийгөө зугаацуулдаг байв.  Нөгөө хоёр залуу хүүхдүүд байсан юм чинь. 76 хүн нэг ширээн дээр суугаад хуулиа баталж байхад саналын зөрүүтэй асуудал гарсан ч бүрэн ойлголцож чаддаг байсан.

-Та хочтой байв уу?

        Ч.Х: –Үгүй, надад хоч өгөөгүй. Харин Б.Гомбо надад зориулж дуу зохиож өгч байсан. Одоо тэр дуу нь санаанд ордоггүй ээ.

        Т.С: –Таныг алдарт уяач гэдэг байсан байх аа.

        Ч.Х –Миний алдарт уяач гэж юу байх вэ, инээв. Би яах вэ, морь уядаг байсан юм. Хотоос зайдуу амьдарна. Төв аймгийн баруун урд тал Манжийн шанд гэх газар байдаг байлаа. Морь малаа адуулах гэж тэр шүү дээ. Тэгээд л өглөө хуралдаа 5-10 минут хоцорчихно. “Хурлаас байнга хоцорлоо” гэж Их хурлын даргад зэмлүүлнэ. Гэхдээ нэгнээ хүндэлж, ойлгоно. Тэр үед гишүүд биендээ ямар хүндэтгэлтэй ханддаг байсан юм. Хүний сайн чанар бүрэн шингэсэн хүмүүс анхны 76 гишүүн байсан гэхэд хилсдэхгүй.

        Т.С: Бидний тухай онигоо, шог зургууд хүртэл гардаг байсан. Бидний хооронд өрнөсөн нөхөрсөг яриа халуун дулаан уур амьсгалтай байсан гэдгийн нотолгоо юм даа. Нөхөрлөл олон янз. Хүн өсөж, хөгжихийн хэрээр нөхөрлөлийн үе шат өөр, бүтээсэн дурсамж нь ондоо байна. Бага насны, оюутан цагийн, ажил хэргийн гэх мэтээр үргэлжлэх байх. Өнөөдөр бид хоёр нэгнийхээрээ орж гараад, дотно нөхөрлөөгүй ч үйл хэргээрээ нэгдсэн нэг үеийн гишүүд. Нэг жил цэрэгт байгаад насан туршийн найзууд болох явдал бий шүү дээ. Бид 76-уулаа дөрвөн жил нэг үйл хэргийн төлөө зүтгэсэн учраас  тэр үйл хэргээрээ нэгдсэн “нөхөд” болж байгаа юм. Миний урд Д.Мөнхөө Д.Базарсад Ж.Бямбажав нарын гишүүн суудаг байлаа. Нэгнээ шоолоод инээж байтал Н.Багабанди дарга “Султан, чи битгий хурал үймүүлээд бай” гээд л нэг их сүрхий зэмлэж билээ. Энэ мэт хөгжилтэй явдлууд бишгүй их байсан даа.

-Анхны гишүүдийн цалин хэд байсан юм бэ?

        Ч.Х: -Бид анх 8400 төгрөгийн цалин авдаг байлаа. Одоо УИХ-ын  гишүүд дөрвөн туслахтай ажиллаж байна шүү дээ. Бид дөрвөн туслах битгий хэл нэг ч туслахгүй. Өөрсдөө нэг бүрчлэн хуулийн төсөлтэйгөө танилцана. Түүнийгээ хэлэлцүүлнэ. Тэр үед Улсын төсвийн орлого маш бага. Төрийн алба хаагчдын цалин тавих, төр захиргааны байгууллагад төсөв хуваарилна гэдэг чинь маш хэцүү ажил байсан. Одоогийн Их хурлын гишүүд шиг өөрсдөдөө зориулсан хууль батлахгүй шүү дээ. Өнөөдрийн Их хурлын гишүүдийг хараад би заримдаа гайхах юм. Өөрийнхөө эрх ашгийг Үндсэн хуулиас дээгүүр тавихаас наагуур байна. Нэг жишээ дурдахад л Үндсэн хуульд Монгол Улсын иргэн халдашгүй эрхтэй гээд биччихээд байхад л УИХ-ын гишүүн халдашгүй дархан эрхтэй гэчихсэн байх юм. Тэгэхээр өнөөдрийн Их хурал, тэр үеийн Их хурал хоёрын ёс зүй, чин сэтгэл хоорондоо өдөр шөнө шиг зөрүүтэй байгаа биз.

        Т.С: –Би хоёр удаа гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Эхний удаад туслахгүй ажиллалаа. Сүүлдээ улс орны байдал сайжирч, дараагийн удаа сонгогдохдоо нэг туслахтай болсон. Улсын төсөв тэр үед нэг их наядаар яригдаж байсан бол өнөөдөр 10 их наяд болтлоо өссөн байна.

-Тэр үед ар гэрийнхээ асуудлыг хэрхэн зохицуулдаг байв. Гишүүд мэдээлэлд ойрхон гэдгээрээ дамжуулан хүүхдүүдээ үнэтэй сургуульд явуулж, ах дүү хамаатан саднаа тарийн албанд татдаг болсон. Та хоёрыг гишүүн болчихлоо гээд ах дүү, хамаатан саднаас нь ажил бүтээгээд өгөөч гэж гуйж байв уу?

        Ч.Х –Би дөрвөн хүүхэдтэй манай эхнэр эмч хүн. Насаараа л эмч хийсэн. Харин хүүхдүүд минь өөрсдөө мэргэжлээ сонгож, их дээд сургуульд суралцсан. Их хурлын гишүүн байхад гэр орон, ар гэрийн асуудлыг анхаарах сөхөөгүй. Тэр үед ээж аав минь амьд байсан учраас хүүхдүүдийг минь хардаг байлаа.

        Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй. Юун тендер авах, танилаа ашиглах. Тэр байтугай намайг гишүүнээр ажиллаж байхад манай хүү Их сургуулиа төгсөж ирээд “Заамарын орд газрыг би авъя” гээд над дээр ирдэг юм байна. Тэр үед нь би “Заамарын 49 ордын алтны уурхайг миний хүү авдаггүй юм аа” гээд гаргачихлаа. Тэр үед миний хүү надад гомдож ордны хаалгаар уйлаад гарч байсан юм. Би тэр үйлдлээ байх ёстой зүйл байх хэмжээндээ л байжээ гэж боддог.

        Т.С-Тэр үед эхнэр хүүхдээ ажилд оруулахаар хөөцөлдөх эрх ч бидэнд байдаггүй байлаа. Би нэг хүүхэдтэй. Намайг гишүүн болоход оюутан байсан. Өөрөө сурч боловсроод ажил албатайгаа залгасан. Харин эхнэр маань ажил хийж байгаад тэтгэвэртээ гарсан.

БИД ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ ГЭГЧИЙГ НУТАГШУУЛАХААР ЗОРЬЖ, НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ БАЙЛАА

-Та хоёр чинь нэг нь Баян-Өлгий, нөгөө нь Сүхбаатар аймгаас Их хуралд орж ирсэн гэлээ. Одоо парламентын гишүүдийг харахад тойргоороо хуваагдаж, талцах асуудал гарах юм. Та хэдийн үед ямар байв?

        Ч.Х: -1992 онд зах зээлийн эдийн засагт шилжээд удаагүй байсан учраас хангай, говь гэж хуваагдах юм байхгүй. Цалин хөлс нь ч нэгдмэл байлаа. Хэрэв тэр үед аймаг, орон нутгийн сонирхлыг бусдаас илүү тавьдаг байсан бол зах зээлийн эдийн засгийн харилцаа манайд хэрэгжихэд нэлээд төвөгтэй байх байсан биз.

        Т.С: Аймаг, сумаар талцах асуудал байсангүй. Гэхдээ тухайн үед алслагдсан аймгуудад нийгмийн ялгаатай байдал үүсээд байна гэх асуудал сөхөгдөж байв. Тэр үед шийдэж чадаагүй, одоо ч шийдэж чадаагүй нэг асуудал нь энэ. Мөн Улаанбаатар руу чиглэсэн хөдөөгийн иргэдийн урсгал тэр үед ч их байсан, одоо ч ялгаа алга. Өнөөдөр нийслэлд буух газаргүй болтлоо бөөгнөрсөн байна. Бидний  үед үнэхээр хөдөө, орон нутгийн иргэдийг дэмжих эдийн засгийн бололцоо байсангүй. Одоо Засгийн газраас эрх зүйн шинэчлэл хийх өргөн цар хүрээтэй асуудал энэ л байна.

-Тэр үед парламентын гишүүд нэг л зорилгод нэгдэж байсан гэдэг нь та хоёрын ярианаас харагдаж байна. Одоо гишүүдийг улстөржиж байна гэж шүүмжлэх нь их. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?

        Ч.Х: -Тэгэлгүй яах вэ. Бид зах зээлийн эдийн засаг гэгчийг нутагшуулахаар зорьж, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг байлаа. Тэр үед хэн нэг нь өөрийнхөө эрх ашгийн төлөө улстөржих гэдэг ойлголт байсангүй. Ардчилсан залуучуудын холбоо  янз бүрийн шүүмж хэлдэг л байсан. Гэхдээ ажил хэрэгч шаардлага тавьж, түүнд нь эрх баригч намынхан учир зүйг нь зөв тогтоож, хариу өгдөг байсан. Тиймээс л өнөөдрийг хүртэл хэрэгжиж буй бидний тогтоосон хуулиуд хууль хэвээрээ үргэлжилж байгаа гэдгийг би онцолж хэлмээр байна.

        Т.С: –Тэр үед зах зээлийн харилцаанд шилжиж байсан учраас тэр чиглэлд нь бид илүүтэй анхаарч байсан. Одоо дэлхий даяараа хувьсан өөрчлөгдөж, өдөр, цагаар нарийн харилцаанууд урган гарч байна. Тиймээс үүнийгээ дагаад эрх зүйн орчин ч нарийн болох ёстой. Гагцхүү үндсэн зарчим  хэвээр явна.

-Төр тогтвортой байх, залгамж халааг үргэлжлүүлэхийн тулд хэрхэх ёстой юм бэ?

        Ч.Х: -Хэдий чинээ төр нийгмийн төлөө зүтгэсэн байна төдий чинээ туршлагатай байдаг юм. Өнөөдөр АНУ-д сургууль төгсчихөөд би мундаг гэж байгаа бол түүн шиг буруу юм байхгүй. УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмнийхээ дундаас тодорч гарсан хүн байх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

        Т.С: –Нийгмийн амьдрал өөрөө тасралтгүй үргэлжилдэг. Аль ч улсын парламентад төгсөх хугацаа гэж байхгүй.

-Одоо УИХ Үндсэн хуулийг дахин өөрчилье, гишүүдийн тоог нэмье гэдэг асуудлыг ярих боллоо. Та хоёр анхны парламентын гишүүнээр ажиллаж, бодлого тодорхойлж явсан хүмүүсийн хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

        Ч.Х: -Манай энэ хуулийн тогтолцоо буруу байна. Ард түмэн үгээ хэлэх тогтолцоо алга. Хууль тогтоох гэж Их хурлыг бий болгосноос биш хувийн эрх ашгаа өмнөө тавь гэж явуулаагүй. Уг нь их хуралдайтай, хууль боловсруулдаг бага танхимтай баймаар байгаа юм. Нийгэм эдийн засгийн бүх бодлогыг парламент атгадаг байж болохгүй. Монголын парламент хоёр шатлалтай байх нь зөв. 76 хүн тойргийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьж байгаа нь тогтолцооны хувьд алдаа юм.

        Т.С: –Одоогийн Үндсэн хуульд нэг гажуудал байна. Төрийн тогтолцооны гажуудал. Нэг танхимтай парламентад хяналт тавих тогтолцоо алга. Шүүхийн тогтолцоог өөрчлөх шаардлага үүссэн байна. Бүх хэрэг шүүх дээр гацаж байгаа. Үүнийг засах шаардлага бий.

- “Та бүхэн УИХ-ын гишүүний бүрэн эрхээ дуусгасан хойно Энэ зүйлийг хийдэг байжээ” гэж дутуу үлдээсэн зүйл бий юү?

        Ч.Х: -Би гишүүнээр ажиллаж байхдаа хэлэх үгээ хэлж, хийх ажлаа гүйцэтгэсэн. Харин түүнийг хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг нь залуу хойч үеийнхний ажил.

        Т.С: -Ер нь тухайн үед чухал хуулиудаа нэлээд баталчихсан. Би тэр үед Чөлөөт бүс байгуулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлж байсан. Тэр хуулийн төслийг түр хойшлуулсан юм. Ингээд хэлэлцэж амжилгүй явсаар парламент тарчихсан. Хэрвээ Чөлөөт бүс байгуулах тэр төслийг хэлэлцсэн бол манай эдийн засагт эерэг өөрчлөлт авч ирэхээр байлаа.

        Ийн тэд анхны парламентын шанг татаж, зах зээлийн нийгмийн бодлогыг тодорхойлж явахдаа 40 гаруйхан настай хийж бүтээх идэр насныхан байлаа. Тэд дөрвөн жилийн хугацаанд нэг танхимд суухдаа, хийх ажлаа хийж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн анхны гишүүд мөнөөс мөн.  Анхны парламентын гишүүд улс, эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар зүтгэж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан нь тэдний үйл хэрэг, үг ярианаас тодорхой харагдаж буй. Үнэхээр л тэр үеийн гишүүд эх орон, ард түмэн гэдэг хоёрхон зорилго дээр нэгдэж, түүнийхээ төлөө мэддэг, чаддаг бүхнээ зориулсан нь илэрхий байна. “Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрдөө залбирдаг ард түмнийхээ итгэлийг ч тэд хөсөрдүүлээгүй. Ахмадууд нь сургаж, залуус нь суралцсан дөрвөн жилийн хугацаа тэдний хувьд өнөөгийн нийгмийг бүтээх хамгийн том эхлэл байжээ. Магад тэдэнд дөрвөн жилээс илүү хугацаа, эсвэл хамтдаа шинийг бүтээх нэг боломж өгвөл өнөөдөр төрд үүссэн гажуудлыг нэг бүрчлэн засахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх байсан нь дамжиггүй.

 


АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-22 11:09:36
    7896: Султаан гуай бол харин ноён нуруутай ном их уншдаг сайхан хүн байна лээ. Хурц бол худалч ойворгон янзын нөхөр л дөө. Хүүтэйгээ нийлж Сэлэнгэд хэд хэдэн алтны шороон орд сэглэж хаячихаад нөхөн сэргээлт ч хийгээгүй. Манай геологчид мэдэлгүй яахав дээ. Бодитой ажил хийж байсан ахмад геологчид , салбарын эрдэмтэд дийлэнх нь бурханы оронд явчихсан чин энэ хар өвгөн "БИ" ээр өвчлөөд худлаа баахан түүх, дурсамж яриад өөрийхөө тухай 3 боть ном улсын мөнгөөр хэвлүүлж хүчээр ААН, хүмүүсд тараалгаж ч байх шиг... үнэн нэг л байдаг, цаг хугацаа бүхний шалгуур түрүүчээсээ үнэнд гүйцэгдэж л байна лээ. Жонхууг толгойг нь эргүүлж байгаад Хөдөлмөрийн баатар ч авч байх шиг .. өгөр толгой доо наадах чин.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-06-22 10:01:51
    Зочин: Муу улаан комминистууд. Хулгай хийгээд шоронд ороогүй юмуу.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188