• Өнөөдөр 2024-05-11

ДЭЛХИЙД МОНГОЛЧУУДЫГ ГАЙХУУЛСАН "MOON DANCE"-ИЙН СҮҮЛЧИЙН ЭРГЭЛТ

2022-10-17,   1061

    Буйдхан клубийнхээ, давчуухан зайг жижигхэн гэж гололгүй, өргөстэй шалан  дээр өндөр өсгийт, хар ботинк өмсөөд алдах эрхгүй бүжиглэж байсан жаахан охид, хөвгүүд өнөөдөр дэлхийн аваргаас медаль хүртлээ, баяр хүргэе. Монголын бүжгийн спорт дэлхийд ийм түвшинд хүрчихлээ шүү хэмээн гайхуулж, бүжиглэж байхдаа “Moon dance” гэх нэртэй хамт Монгол Улсын нэрийг дуудуулж зогсохдоо чухам юуг эргэцүүлсэн бол тэд. Магадгүй тэд бүжгийн спортод шунан дурласан мөчөө санаж, Монгол гэх нэрийг дуудуулж зогсоодоо итгэж ядан зогсоо болов уу. Бяцхан зүрхэндээ баймгүй хэрсүү мөрөөдөл тээж явсан жаахан охид, хөвгүүд амьдралынхаа асаж дүрэлзсэн найман жилийг үүнд зориулж, өнөөдөр мөрөөдлийнхөө үзүүрээс атгачихсан өөрсдөөрөө бахархаж яваа нь гарцаагүй.

    Герман Улсын Брауншвейг хотод энэ оны  аравдугаар сарын 15-нд болсон бүжгийн спортын латин болон стандарт хамтлаг бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Moon dance” хамтлагийнхан дэд байр хүртлээ. Найман жилийн тууштай зүтгэл, тасралтгүй хөдөлмөрийнхөө үр шимийг тэд ийн хүртэж зогсохыг харах бахархмаар байна.

-БҮЖГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ДЭД БАЙРТ ШАЛГАРСАН ҮЗҮҮЛБЭР-

   Тэдний өнөөдрийн амжилт тайзан дээр харагдсан шигээ гялалзсан байгаагүйг энд сануулах нь зүйтэй биз. Урлагийн амьдралын хатуу хүтүүг мэдэрч, туулж, энэ амжилтад хүрэх гэж мөн ч их хөдөлмөрлөж, ахуй амьдралынхаа олон зүйлийг хойш тавьсан нь гарцаагүй. Яг энэ амжилтад л хүрэх гэж тэд хэчнээн олон сар бэлтгэл хийж, хэчнээн олон хоног нойргүй байсан бол. Цаашдаа ч тэд ийм л замналаар шат өөд өгсөх нь гарцаагүй.

        Бүжигт хамаг залуу нас, амь амьдралаа зориулж, өглөөнөөс орой хүртэл бүжгийнхээ зааланд өнжихдөө тэд дэлхийн аварга болох ийм нэг өдөр ирнэ л гэж итгэсэн. Тийм ээ, итгэл, зүтгэл нь биелж, тэд өнөөдөр чадлаа. Улаан, хар бүжгийн хувцастай тайзны голд зогсож,  гурвалжин дүрс үүсгээд  эрч хүч, авьяас билгээрээ нэгэн цул бие махбод болон нэгдэнэ. Мод мэт салаалж, урган дэлбээлж, найгана. Тэгснээ гэтэн, довтолно. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний энэ удаагийн тэдний үзүүлбэр ийм нэг содон өнгө төрх, дүрслэл, үйл хөдлөлийг харуулна.

 Тэр дундаа үзүүлбэрийнх нь төгсгөлийн эргэлт эрхгүй хэн бүхнийг өндөлзүүлж, дэлхийд монгол бүжгийн хамтлаг ямар чадвар чансаа, авьяас билигтэй байгааг гайхуулсан. “Moon dance” хамтлаг энэхүү үзүүлбэрийнхээ талаар “Дэлхий бол хамгийн биет, бодит махбод юм. Энэ урвуу харсан гурвалжин доошоо дэлхий рүү чиглэсэн пирамидаар дүрслэгдсэн байдаг. Дэлхийн бол эмэгтэй махбод бөгөөд оршин буй бүгдийг тэжээж хамгаалдаг агуу ээж юм. Дэлхийн махбод нь бүх амьд биетийн өлгий нутаг юм” гэж тайлбарлажээ.  

Ийм баялаг утга санааг үзүүлбэртээ агуулж, Монголынхоо нэрийг гаргаж, монголын бүжгийн урлагийг гайхуулсанд, Монголын бүжгийн урлагийн түүхэнд том үйл явдлыг нэмсэнд баярлалаа.

-"MOON DANCE"-ийг үүсгэн байгуулсан О.Оюунбат, О.Саранхүү нарт баяр хүргэе-

    Галыг дүрэлзүүлэхийн тулд түлш нэмдэг шиг "Moon dance" хамтлагийг үүсгэн байгуулж,  хөтөлж яваа бүжгийн ертөнцийн хос дасгалжуулагч О.Оюунбат, О.Саранхүү нар. Үндсэндээ "Moon dance" Монголынхоо бүжгийн урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорьж яваа нэгэн гэр бүлийн үүсгэн байгуулсан клуб. Тэд энэ удаад авьяас билиг, хүсэл мөрөөдөл дүүрэн залуусыг "Moon dance" клубийн нэр дор багтаан амжилттай чиглүүлэн, дасгалжуулж, бүжгийн урлагийг сонирхож, энэ урлагт зүтгэн яваа хэн бүхний урам зоригийг бадраалаа. Цөм л тэднийг харан бахархаж, ийм  болно хэмээн мөрөөдөж суугаа. О.Саранхүү дасгалжуулагчийн ээж нь Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт гоцлол бүжигчнээр ажиллаж байсан н.Нарантуяа гэх хүн байсан.

   Тэрбээр ээжээсээ авьяасыг нь өвлөн авч, бүжгийн урлагт хөл тавьсан байдаг. Багаасаа л ээжийгээ даган бүжгийн урлагт дурлаж, ээжийнхээ дэглэлтээр олон ч уралдаан, тэмцээнд орсон тухайгаа ярьсан. Түүний дүү нь "Moon dance" хамтлагийн бүжигчин О.Эрдэнэ-Очир. О.Оюунбат, О.Саранхүү хоёрын хувьд "Moon dance" хамтлагийг анх 2009 онд студийн буйдхан өрөөнд үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ тухай тэрбээр “Анх 2007 онд  "Star dance" хамтлагаа байгуулсан. Харин "Moon dance" хамтлагийг бол 2009 онд байгуулсан. Шавь нар маань нэрийг нь өгсөн. Хамтлаг маань 2015 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, есдүгээр байрт орсон. Тэгээд л дараа жилээс нь амжилтаа ахиулаад эхэлсэн” гэж ярьсан байдаг. Тэгвэл  "Moon dance" Клубээс төрөн гарсан салаа мөчир шиг хоёр хамтлаг өнөөдөр дэлхийд хоёулаа л хүчтэй өрсөдлөө.

-ҮЕ ҮЕИЙН "MOON DANCE" КЛУБИЙН ТЭДНИЙ АМЖИЛТ ХААНААС ЭХЛЭВ-

     Үе үеийн "Moon dance" клубийн гишүүдийн хөдөлмөр зүтгэлийг мөн мартаж болохгүй. Энэ нэрээр овоглосон бүх л хүний хичээл зүтгэл, хөдөлмөр өнөөдрийн амжилтад хүргэсэн болов уу. Үргэлж л гал мэт дүрэлзсэн, ус мэт урссан бүжгийг дэглэн, ямар нэгэн утга агуулга, бэлгэдлийг шингээнэ. Үзүүлбэрүүд нь намуухан эхэлж байснаа, гэнэт дүрэлзэн бадарч, хурдалж, оргилон ундарч, буцаж намсах тэдний үзүүлбэрийг хэн ч үзсэн сонин сонирхолтой, уйдамгүй байдаг.

    Тэд анх 2015 онд бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож есдүгээр байрт орж, дараа жил нь долдугаар байр эзэлж эхэлсэн. Ингэж жил жилээр амжилтаа ахиулж, өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар байр эзэлсэн. Өнөөдөр харин дэд байр эзэллээ. Олон өдөр хоногийн бэлтгэл сургуулилт, ар гэр, үр хүүхэд цөмийг нь хойш тавьж, зөвхөн бэлтгэлдээ хамаг цагаа зарцуулж, тэмцээндээ бэлдэн өнөөдрийн амжилтад хүрсэн олон залуусын хөдөлмөр зүтгэл энэ  амжилтыг авчирлаа. Нэгэн зэрэг яралзсан хөдөлгөөн, нэг хүн мэт хөдлөх үүрэг хариуцлага гээд хамтлагт байх бүх л шинж чанарыг агуулж, нэг хүсэл зорилго дор нэгдэж чадсан тэдэнд дахин баяр хүргэе. Мөн бүжгийн дэглэлтээ зохиол шиг найруулж, өөрсдийн гаргасан зохиолын дагуу үзүүлбэр үзүүлдэг нь эл хамтлагийн бусдаас ялгарах онцлог болов уу. Одоо монголчууд Moon dance хамтлагийг дэлхийн аварга болохыг л харах үлдлээ.


ДЭЛХИЙД МОНГОЛЧУУДЫГ ГАЙХУУЛСАН "MOON DANCE"-ИЙН СҮҮЛЧИЙН ЭРГЭЛТ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188