• Өнөөдөр 2024-05-08

МОНГОЛ ҮНДЭСТЭН УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ, АМЬДРАЛ САЙХАН БОЛЖ БАЙНА

2019-02-05,   685

Маргааш шинийн нэгэн. Урин хавар тал нутагт минь айлчлан ирж, хахир хатуу өвлийг өнтэй давсны баяр тохиож байна. Айл хотол, ахан дүүс, ураг саднаараа цуглаж, амар мэндийн хадагтай золгох хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр. Тийн унжлагат хэмээх шороон нохой жил монголчуудад ээлтэй сайхан жил байлаа. Шарагчин гахай жилийн өнгө ч сайхан, өөдрөг байгаа гэдгийг зурхайч нар өөр өөрсдийн тайллаар олон нийтэд хүргэсээр байна. Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц “Од эрхэсийн хөдөлгөөний нөлөө болон хүмүүсийн хоорондын харьцаанаас шинээр гарах жилийнхээ өнгийг үздэг ёс бидний уламжлалт зурхайд байдаг.
 
Жилийн өнгө ороо бусгаа, идэр залууст ширүүн боловч нялхас болон хөгшдөд ээлтэй шинжтэй. Жилийн дундуур бороо хур ихтэй хэмээн зурхайд буужээ” хэмээн шинжсэн. Харин Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, зурхайч Л.Тэрбиш “Шороон үхэр”-ийн шинжээр зуны сард хур бороо сайтай, жилийн турш өвс ногоо, тариа, төмс сайтай. Хавар цас элбэгтэй, зун намар, өвлийн адаг сард мөндөр цас арвин орох жил болно. Настанд ээлтэй, залууст ширүүвтэр, хүүхдүүдэд ширүүн байхын нигууртай болой. Малд амгалан, ард олон тэмцэл хөдөлгөөнтэй байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн.
 
Улиран одож буй нохой жил сүүлийн жилүүдэд байгаагүй өнтэй сайхан жил байсан гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ. Бороо хуртай, цэцэг навч алаглан дэлгэрч, тариа ногооны арвин их ургац хураан авсан тоон мэдээллийг Үндэсний статикийн хорооноос мэдэгдсэн. Мөн хумигдаад байсан эдийн засаг цар хүрээгээ тэлж, уул уурхайн салбар Монголын эдийн засгийг багагүй тэтгэсэн. Дэлхийн зах зээлд нүүрс, алтаа үнэтэй нийлүүлж, чамлалтгүй ашигтай ажиллаж чадсан. БНХАУ руу л гэхэд 2018 онд 40 орчим сая тонн нүүрс экспортолсон дүн мэдээ бий. Үүнээс “Эрдэнэс-Таван толгой” ХК 12.8 сая тонн нүүрс экспортолж, улсдаа дахин тэргүүлсэн байна.
 
Түүнчлэн шинэ нефтийн үйлдвэрийн шавыг тавьлаа. 2021 он гэхэд манай улс шатахуунаа өөрсдөө үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа.Бүтээн байгуулалтын ажлын явцад 1200-1500 ажлын байр, үйлдвэр ашиглалтад орсноор 600 хүний байнгын ажлын байр шинээр бий болох тооцоог албаныхан хэлж буй. 40 жил толгой өвдөхгүйгээр нефть нэрж шатахуун үйлдвэрлэх нөөц Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгаа.
 
Мөн энэ онд ашиглалтад орох томоохон бүтээн байгуулалтын нэг нь Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа Төв аймгийн Сэргэлэн суманд байх Хөшигтийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал юм. Шинэ нисэх буудал ашиглалтад орвол олон зуун ажлын байр нэмэгдэхээс эхлээд монголчуудад эдийн засгийн ашиг, өгөөжтэй олон зүйл бий болох нь дамжиггүй.
 
Монголбанкныхан эдийн засгийн өсөлт дээр өөдрөг тоо хэлж буй. Өнгөрсөн 2018 онд 6.2 хувиар хэмжигдэх эдийн засгийн өсөлт энэ онд 6.6 хувьд хүрэх гэнэ. Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болон уул уурхай дагасан бүтээн байгуулалт гэдгийг онцолсон. Монголбанкны зүгээс энэ онд уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 7.9 хувиар хэмжигдэнэ гэсэн таамаг гаргаснаа танилцуулав. Уул уурхайн хувьд түүхий эдийн үнэ бага зэрэг буурах ч нүүрс, төмрийн хүдрийн ханш эерэг нөлөө үзүүлэх төсөөлөлтэй байна. Зэсийн баяжмал дахь алтны агууламж өснө гэсэн сайн мэдээг ч дуулгасан. Улс эх орны эдийн засагт ийм гэрэл гэгээ тусахаар байгааг мэргэжлийн судлаач, ажиглагчид онцлон тэмдэглэж байна.
 
Өөр нэг чухал асуудал бий. Тэр нь хувь хүний зан чанар өөрчлөгдөж буй явдал. “Монголчууд амин хувиа бодсон зантай. Сайн яваа нэгнийгээ үзэж чаддаггүй, үргэлж үзэн ядаж муулдаг, бүдүүлэг” хэмээн олон хүн дүгнэдэг. Тэгвэл монголчууд хувьсан өөрчлөгдөж байна. Хамгийн наад захын жишээ гэхэд бие биедээ сэтгэлийн халуун гар сунган тусалдаг болоод цөөнгүй жил болж буй. Цахим ертөнцөд бусдаас тусламж эрж буй олон зуун хүн байх. Тэр болгонд залуус чадах чинээгээрээ тусалж дэмжиж байгаа харагдах юм. Аюулт өвчинд нэрвэгдсэн нэгэндээ эмчилгээнийх нь бүх зардлыг аян өрнүүлээд л олоод өгөх ажээ.
 
Мөн гэр оронгүй ядуу зүдүү, олон хүүхэдтэй айл өрхөд гэр орон, хашаа байшин хүртэл худалдаад аваад өгч байгаа жишээ олон байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө нийслэл хотын гудамжаар алхах залуус царай зүс гундуухан, хувцас хунар тааруухан байдаг байв. Ажилгүй залуус архи ууж, энд тэнд согтуу хөлчүү хэвтдэг байлаа. Гэр оронгүй хүүхдүүд ч халтайчихаад л хотын төвөөр гадаад, дотоодын иргэдээс гуйлга гуйгаад зогсож байдаг байв.Тэгвэл өдгөө тэнэмэл, гэр оронгүй хүүхдүүдийн тоо эрс цөөрч, бараг үзэгдэхээ больжээ. Мөн архи уудаг залуусын тоо хэд дахин буурсан гэх үзүүлэлт гарсан байна лээ. Цагаан сар, шинэ жилээр хавтгай архидалт болж, эрүүлжүүлэх байр багталцахгүй хүнтэй хонодог байсан. Өнгөрсөн жилийн Цагаан сараар нийслэлийн есөн дүүрэгт арав хүрэхгүй хүн эрүүлжүүлэгдсэн байдаг. Жил ирэх тусам архи уудаг залуус цөөрч байна.
 
Хотын гудамжаар алхах залуус өнгөлөг болжээ. Хаа таарсан газраа шүлс цэр, нусаа хаяад байдаг муу зуршлаасаа ч тэд бага багаар салж байгаа нь илтэд мэдрэгдэнэ. Үүний дээр онцлох нэгэн зүйл нь монгол залуус дэлхийн хөгжил, боловсролтой хөл нийлүүлэн алхдаг болсон. Дэлхийн шилдэг сургуулиудад хамгийн өндөр тэтгэлгийн эзэн монгол хүүхдүүд болж суралцаж байна. Мөн эрдэмтэн залуус шинэ шинэ нээлтүүдийг шил дараалан хийсээр байна.
 
Өөрөөр хэлбэл, Шарагчин гахай жилийн босгон дээр монголчууд амин хувиа хичээдэг гэх мэт муу зуршил, зангаа хаяж, сайн сайхан бүхэн рүү тэмүүлдэг болсныг онцлох нь бэлгэ ерөөлөөс гадна биелэлээ олж буй нэгэн сайн зүйл билээ. Үүнтэй зэрэгцээд Монголын эдийн засгийн сэргэн мандалтын үе ирж байна. Улс даяар өрнүүн их бүтээн байгуулалт өдөр шөнөгүй өрнөж байна. Ажлын байр хэдэн мянгаараа нэмэгдэж, монголчууд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн, зарим салбарт тэргүүлэн алхах нь улам бүр нэмэгдэж байна. Энэ нь монгол үндэстэн улам бүр хүчирхэгжиж,амьдрал сайхан болж байгаагийн тод илрэл билээ.
 
Эрхэм уншигч та бүхэн сар шинэдээ сайхан шинэлж, өтгөс буурлууд нь үр хүүхэд, ач гучаа тойруулан суугаад тэнэгэр сэтгэлтэй, тайван сайхан жаргах болтугай.

МОНГОЛ ҮНДЭСТЭН УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ, АМЬДРАЛ САЙХАН БОЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188