• Өнөөдөр 2025-11-21

С.Нарангэрэл: Би Их эзэн Чингис хааныхаа цаглашгүй их өвийн санд 20 гаруй жил судалгаа хийсэн

        Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ. 
"Чингис хаан" одонт С.Нарангэрэл "Би Монгол Улсын эгэл жирийн иргэн. Эрдэмтэн, багш, судлаач. Монголчууд бид яагаад сэргэж, хөгжил цэцэглэлтийн тууштай замд орохгүй байна, яагаад гундуу байна, засаж залруулах ямар арга зам байна гэж олон жил судалсан. Ингэхдээ Их Эзэн Чингис хааныхаа цаглашгүй их өвийн санд 20 гаруй жил судалгаа хийсэн. Тэр судалгааны үр дүнд Монгол хүний үндэсний бахархлыг бий болгож, Монгол хүн монголоороо үлдэх ёс суртахууных нь онол, шинжлэх ухааны үндэслэл, соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Энэ чиглэлээр олон бүтээлүүд гаргасан. Маш товчхон хэлэхэд, 2010 онд Монголчуудын зан суртахууны гарвал, 2013 онд Чингис хааны сүр хүч, 2014 онд Чингис хааны ёс суртахуун, эрх зүйн шаштир, 2015 онд Монголчуудын ёс суртахууны цагаан толгой, 2016 онд Хуулийн амин сүнс буюу Чингис хаан, монголчууд, 2020 онд Монголчуудын ёс суртахуун, сэргэн мандалт, уналт ялзрал, эргэн сэргээлт гэсэн бүтээлүүдийг гаргасан. Миний бүтээлүүдийн зарим нь дэлхийн олон оронд хэвлэгдсэн. Тухайлбал, Англи, Орос, Герман, Солонгос, Казахстан, Япон гээд улсуудын хүртээл болсон. 
 
       Чингис хааныхаа дээдийн дээд хүндэтгэлийг бий болгохын тулд хоёр том бүтээн байгуулалт хийсэн. Нэг нь, 2019 онд УГЗ Хурцаа, Гэрлээ гуайтай хамтраад Бурхан Халдуны тусгай хамгаалалттай газарт Дээдийн дээд гэсэн цогцолбор байгуулсан. Дараа нь, хотын захад миний номын өргөө гэр байдаг. Тэндээ хуурай хуш модоор дээд өвөг дээдсүүдийнхээ, бараг 30 орчим хүний сийлбэр хөшөөг хийж "Бурхан Халдун-Монголчуудын гал голомт" гэсэн цогцолбор байгуулсан.
 
Чингис хааныхаа гэрээслэлээс нэг л зүйлийг хэлэхийг хүсэж байна. Эцгийн нэрийг үр хүүхэд нь амьдруулж, эцгийн үйлсийг үр хүүхэд нь залгамжилдаг гэж бидэнд сургаж үлдээсэн. Тэгэхээр бид Их эзэн Чингис хааныхаа нэрийг дандаа сайн сайхнаар мөнхөлж, бидэнд үлдээсэн тэр их өвийг цааш залгамжлах хэрэгтэй. Ингэвэл монголчууд бид сэтгэл дүүрэн, аз жаргалтайгаар хөгжил цэцэглэлтийн замд орно" гэлээ.

С.Нарангэрэл: Би Их эзэн Чингис хааныхаа цаглашгүй их өвийн санд 20 гаруй жил судалгаа хийсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188