• Өнөөдөр 2026-11-01

"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо

     Африк тивд олимпын наадам анх удаа зохион байгуулагдаж буй түүхэн үйл явдал болох залуучуудын IV зуны олимпын наадам “Дакар-2026” байлаа.  Тус олимпын наадам аравдугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Сенегал Улсын Диамниадио хотын “Abdoulaye Wade” цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр нээлтээ хийв. “Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” уриан дор зохион байгуулагдаж буй тус наадамд дэлхийн 204 Үндэсний олимпын хорооны 2700 орчим залуу тамирчин спортын 25 төрөлд өрсөлдөнө. Нээлтийн ёслолыг Сенегал Улсын Ерөнхийлөгч Бассиру Диомайе Файе албан ёсоор нээж, ОУОХ-ны ерөнхийлөгч Кирсти Ковентри болон “Дакар-2026” наадмын Зохион байгуулах хорооны дарга Мамаду Диагна Ндиайе нар баяр хүргэж, залуу тамирчдад хандан Олимпын үнэт зүйлс, эв нэгдэл, нөхөрлөлийн талаар онцлон тэмдэглэв.

АФРИКИЙН СОЁЛ, ӨВ УЛАМЖЛАЛЫГ ДЭЛХИЙД ТОЛИЛУУЛАВ

    Нээлтийн ёслол Сенегалын үндэсний өв соёл, Африк тивийн олон үндэстний уламжлалт хөгжим, бүжиг, орчин үеийн урлагийг хослуулсан өргөн хэмжээний тоглолтоор үргэлжиллээ. Нийт 11 мянга орчим хүн оролцсон ёслолд 700 орчим уран бүтээлч ая дуу, бүжгээрээ дамжуулан Африк тивийн өнгө төрхийг дэлхийд харуулсан юм.

ОЛИМПЫН БАМБАРЫН БУУХИА ТҮҮХЭН АГШНААР ӨНДӨРЛӨВ

   2026 оны есдүгээр сарын 10-нд Грекийн Афин хотноо бадраасан олимпын бамбар Сенегал улсын 14 бүс нутгаар дамжин 3600 гаруй километр зам туулж, Дакарт хүрчээ. Бамбарын буухианы төгсгөлд Сенегалын туялзуур сэлэмний залуу тамирчид Абду Рахман, Марием Си нар олимпын бамбарыг асаасан нь ирээдүй хойч үе, залуу тамирчдад итгэл хүлээлгэж буй бэлгэдэл боллоо.

АФРИК ТИВИЙН ТАМИРЧДЫН ОРОЛЦОО ОНЦГОЙ БАЙНА

  Энэ удаагийн наадамд Африк тивийн тамирчдын оролцоо онцгой өндөр байна. Нийт тамирчдын квотын ойролцоогоор 28 хувь буюу 740 орчим нь Африк тивээс оролцож байгаа нь Европ тивтэй эн зэрэгцсэн үзүүлэлт юм. Харин Америк тив 20, Ази 19, Далайн орнууд 5 хувийг тус тус эзэлж байна. Мөн “Дакар-2026” нь залуучуудын зуны олимпын наадмын түүхэнд спортын хөтөлбөрийн тамирчдын квотын түвшинд жендэрийн тэгш байдлыг бүрэн хангасан анхны наадам болж байгаагаараа онцлог юм. Аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 13-ны өдрүүдэд Дакар, Диамниадио, Сали хотуудад үргэлжлэх наадам нь дэлхийн залуусыг спорт, соёл, нөхөрлөлөөр нэгтгэхийн зэрэгцээ Африк тивийн олимпын хөдөлгөөний хөгжилд түүхэн шинэ хуудсыг нээж байна.

 


 

 


"ДАКАР 2026” залуучуудын олимпын наадмын нээлт боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188