• Өнөөдөр 2024-05-19

И.МӨНХБАЯР: Хиагт-Алтанбулаг боомтод гацсан жолооч нар хүйтэнд, машиндаа олон хоносноос өвдөж эхэллээ

2020-12-12,   1120

-БОДИТ БАЙДЛЫНХАА ТАЛААР ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭНД ТАВЬСАН ЖОЛООЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ, БИЧЛЭГИЙГ ЦААНААС НЬ УСТГАЖ БАЙНА-

Олон улсын ачаа тээврийн жолооч нар арваннэгдүгээр сарын 16-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтын цаана хил нэвтэрч чадахгүй байгаа талаар ачаа тээврийн жолооч И.Мөнхбаяраас тодрууллаа.
 
-Та хил дээр хэд хоног зогсож байна вэ. Нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юү? 
 
-Би арваннэгдүгээр сарын 27-нд хил дээр ирсэн. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл машиндаа амьдарч байна. Энд Монгол Улсын 20, гаднын орны 50 орчим жолооч хил нэвтэрч чадахгүйн улмаас машиндаа амьдарч байгаа. Хэзээ биднийг татан авах нь тодорхойгүй, нөхцөл байдал хүнд байна. Машин нь байнгын асаалттай байгаа учраас хөдөлгүүрт ачаалал өгч зарим жолоочийн машин эвдэрсэн. Мөн өндөг, жимс ачсан машины жолоочийн хөргөгч нь эвдэрч, захаасаа хөлдөж эхэллээ. Хүнс тээвэрлэлтийн ачааны мөнгөөрөө шатахуун хийгээд дууссан. Одоо бараг ихэнх нь шатахууны мөнгөгүй болж, машин нь хүйтэнд асахгүй байх нөхцөл байдал үүслээ. Зарим жолооч арваннэгдүгээр сарын 16-наас өмнө буюу хил хаахаас өмнө ирсэн ч хилээр нэвтэрч чадаагүй. Арваннэгдүгээр сарын 26-нд 22:00 цаг хүртэл жолооч нарыг хилээр нэвтрүүлсэн ч амжиж орж чадаагүй жолооч бий. Олон улсын ачаа тээврийн үйлчилгээний компанийн удирдлагууд Зам тээвэр, хөгжлийн сайдад бидний асуудлаар албан бичиг хүргүүлсэн гэсэн. Одоогоор ямар ч хариу ирээгүй байна. 
Цаашид энэ байдлаараа удах юм бол эрүүл жолооч үлдэхгүй бололтой. “Өвчин тусчих вий” гэсэн айдастай л өдөр хоногийг өнгөрөөж байна
 
-Жолооч нар коронавирусийн шинжилгээ өгсөн үү. Бие нь өвдсөн хүн бий юү?
 
-Гаднын орны жолооч нартай уулзахгүй байгаа. Коронавирусийн шинжилгээ өгөх боломж байхгүй. Энд цайны газар ажиллахгүй байгаа учраас хоолоо машиндаа хийж идэж байгаа. Зарим нь хоол хүнсний материалгүй болсон. Энд хүйтэн байгаа болохоор хэд хэдэн жолооч ханиад хүрч, даралт нь ихэсч, нэлээд сандаргаж байна. Цаашид энэ байдлаараа удах юм бол эрүүл жолооч үлдэхгүй бололтой. “Өвчин тусчих вий” гэсэн айдастай л өдөр хоногийг өнгөрөөж байна. Зочид буудал ажиллаж байгаа ч “Монгол жолооч нарыг хонуулахгүй. Зөвхөн шинжилгээний бичигтэй хүн оруулна” гэсэн шаардлага тавьж байгаа. Ер нь монгол жолооч нарыг их гадуурхаж байна. 
 
-Арваннэгдүгээр сарын 16-нд хил хаана гэдгийг мэдэж байсан биз дээ. Компаниас чинь мэдээлэл өгөөгүй юм уу?
 
-Хил хаана гэдгийг мэдэж байсан. Компаниас ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Ачаа тээвэрт зохицуулалт хийж оруулна гэж байсан шүү дээ. Би Москвагаас арваннэгдүгээр сарын 26-нд печень ачаад хөдөлсөн. Харин татан авалт 27-ны 22:00 цаг хүртэл байсан учир амжаагүй. Одоо бидний ганц хүсэж байгаа зүйл бол ядаж монгол жолооч нараа оруулаад, тусгаарлах боломж байгаа эсэхийг л тодруулмаар байна. Гэтэл ямар ч мэдээлэл байхгүй өнөөдрийг хүрч байна шүү дээ.
 
-Олон нийтэд мэдээлэл цацсан жолооч нарыг дарамталж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
 
-Удаа дараа манай жолооч нар цахим орчинд лайв хийж мэдээлэл өгч, албаныхнаас хариу хүсэж байгаа. Гэтэл лайв хийсэн жолоочийн бичлэгийг цаанаас нь устгаад байна гэсэн. Зарим хүнийх нь фэйсбүүк хаяг ашиглагдахгүй болж байгаа бололтой. Энд монгол жолооч нар хүнд байдалд байгаа гэдгийг мэдэж байгаа хүн байдаг эсэхийг ч мэдэхгүй. Биднийг “Хил нэвтрүүлээд, шинжилгээ аваад 21 хоног тусгаарлалтын байранд оруулаад өгөөч” л гээд хүсээд байгаа юм. Бид гэртээ харимаар байна шүү дээ. 
 
-Та хэдэн жил олон улсын ачаа тээврийн жолооч хийж байна вэ?
 
-Би 2018 оноос хойш олон улсын ачаа тээвэрт явж байгаа. Ар гэрийн маань нөхцөл байдал хүнд байгаа. Айдас, түгшүүртэй л намайг хүлээж байгаа. Бид сайн дурандаа ачаа тээвэрт яваагүй. Монголчуудын тодорхой хэмжээний хүнс, хэрэгцээт барааг залгуулах гэж яваад хилийн цаана гацчихаад байхад Монгол Улсын төр, захиргааны холбогдох байгууллагууд нь биднийг хүн чинээ бодохгүй, олон хоног хээр хаяж байгааг гайхаж байна. Бид хүн биш юм уу.  Ядаж “Тэдний өдөр та нарыг хилээр нэвтрүүлнэ” гэсэн албан ёсны мэдээлэл ч болтугай сонсохгүй бол энэ байдлаараа бид өлсөж, өвдөж, хөлдөж үхэхийг үгүйсгэхгүй. 
 

И.МӨНХБАЯР: Хиагт-Алтанбулаг боомтод гацсан жолооч нар хүйтэнд, машиндаа олон хоносноос өвдөж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-12 14:35:16
    зочин: ийм байдлыг зохицуулах УОК хаана бна аа,чадлаараа ажилсан гээд ууралсан л хүмүүс байх юм,чадал нь хүрэхгүй бол болиод чаддагт нь өгчимөөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-11 08:20:18
    Hun: Arai yumaa oruulaad tusgaarlaachee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188