БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болсныг 2021 оны зургадугаар сард зарлаж байсан. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барихаар төлөвлөж, техник эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийж бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баруун аймгуудыг цахилгаан, эрчим хүчтэй болгох төсөл олон талын хүчин зүйлээс шалтгаалж ажил хойшлох асуудал гардаг байна. Үүний нэг бол нутгийн иргэдийн эсэргүүцэл юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг хойшлуулсан, гацаасан гэгдэж зарим дарга нь ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбоотой хамгийн сүүлийн үеийн жишээ өчигдөр цахим орчноор цацагдлаа. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төсөл, хөтөлбөрийг иргэд эсэргүүцэж байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Нутгийн иргэдийн хувьд усан цахилгаан станц барьснаар бэлчээргүй, байгальгүй болох эрсдэлтэй хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Иймд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил хэрхэн үргэлжилж байгаа талаар эх сурвалжуудаас тодруулж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Саяхан Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын орчин, нөлөөллийн бүсэд байгаа 270 айлд 3-310 сая төгрөг, 270 айлын иргэн бүрд 15.2 сая төгрөгийн нөхөн олговор олгож, хохиролгүй болгох шийдвэр гаргасан. Гэвч нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд хэчнээн төгрөг өгч, юу ч амлаж байсан хамаагүй үе удмаараа олон зуун жил амьдрах унаган байгалиа хэвээр нь авч үлдэхийн тулд тэмцэж байгаа гэнэ. Тэдний нэг бол тэмцэгч Б.Баярмагнай юм. Бид түүнээс Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой маргаан болон тэмцлийнхээ үр дүнг хэрхэн харж байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Төр иргэн хоёрын хооронд зөрчилтэй олон асуудал үүсээд байна. Бидний зүгээс эсэргүүцээд байгаа шалтгаан нь байгалийн ашиг шим ихтэй газар нутгийг сүйтгэж, бэлчээрийг үгүй хийж, малчид, иргэдийн эрх ашгийг зөрчих гээд байгаад юм. Бид үе удмаараа олон зуун жил төрсөн нутагтаа амар амгалан амьдрах ёстой. Тиймээс бид байгаль сүйтгэж байгаа янз бүрийн ажил, төсөл хөтөлбөрүүдийг эсэргүүцэж байгаа юм.. Монгол хүн бүр эх орноо хайрлах, хамгаалах үүрэгтэй. Тийм учраас бид хууль ёсны дагуу тэмцэж байгаа” гэсэн юм. Харин нутгийн зарим иргэн Төрөөс өгсөн олон сая төгрөгийг нь чимээгүй идэж, зааж өгсөн газарт нь өвөлжихөөр төр, засгийн үгэнд орж байгаа.
ӨМНӨГОВЬ СУМЫН ЗАСАГ ДАРГА С.ӨЛЗИЙ: ТЭМЦЛИЙН ҮЕД ХҮНИЙ АМЬ ЭРСДВЭЛ НАДТАЙ ХОЛБООТОЙ ГЭСЭН УЧИР ЗАХИРАМЖАА БУЦАХААР ЯРЬЖ БАЙГАА
Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцтай холбоотой тэмцлийг хэрхэн зогсоох, ямар арга хэмжээ авах талаар Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Өлзийгөөс тодруулахад “Бид Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын өрөмдлөгийн маршрутыг гаргаж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн захирамж гаргасан. Гэвч иргэд тус захирамжийг эсэргүүцэж, цуцлахыг шаардсан. Тус төслийг цуцлахыг шаардаж өчигдөр нутгийн 70 орчим иргэн цугларсан. Иргэд маргаашнаас гэр барьж, жижүүрлэж эсэргүүцлээ илэрхийлнэ гэж байна лээ. Мөн энэ үеэр хэн нэгний амь эрсдэх, эрүүл мэндийн асуудал үүсвэл надтай болон миний гаргасан захирамжтай ярина гэсэн учир би захирамжаа эргэн харж, хуулийн дагуу цуцлах төлөвлөгөөтэй байгаа. Төр засгаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэсэн учир цагдаа нар тэмцлийг зогсоож, цахилгаан станцын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр ажилласан” гэлээ.
Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал нөлөө үзүүлэх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Ховд голын Шижигтийн хавцалд 255 метр урт, 42 метр өндөр бетон нүүртэй шороон боомтыг байгуулахаар төлөвлөсөн. 45 квадрат километр буюу 4500 га талбайд шинээр нуур үүсгэх бөгөөд уулан дундуур 4835 метр урт, 7.5 метрийн диаметртэй ус дамжуулах хоолойг шинээр байгуулж, дөрвөн ширхэг 22.5 МВт-ын турбин генератортой, нийт 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай байхаар тооцсон боловч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа энэ асуудлын талаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нэгжийн захирагч Ч.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих ажлын сүүлийн үеийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг цуцлах, хойшлуулахаар иргэд тэмцсээр байна. Монгол Улсын Засгийн газар хуулийн хүрээнд газраа авсан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд баруун аймгуудыг эрчим хүчээр хангах төсөл хэрэгжиж байгаа. Ингэхээр нөлөөлөлд өртөж буй тухайн газар нутагт оршин суудаг иргэдэд төслийн талаар танилцуулж, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ гаргаж, иргэдийн нийгэм, эдийн засгийн байдлын нөлөөллийг гаргаж, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж ажиллаж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн нөхөн олговрыг 100 хувь олгох шийдвэр гарсан.
-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төсөл хөтөлбөртэй холбоотой өчигдөр Өмнөговь суманд маргаан гарсан. Юунаас болж маргааш гарсан юм бэ?
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгат талаас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын хүрээнд есөн байршилд уул, хадан дээрээс гүний өрөмдлөг хийж, станцын барилгын судалгаа, шинжилгээний ажлыг дуусгасан. Дараагийн шатны ажил нь Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багаар орж, Шижигтийн хавцлын зүүн хойд талаас өрөмдлөгийн тоног төхөөрөмжийг оруулж, далан болон тунель хийх байршлуудад гүний өрөмдлөг хийхээр ажиллаж байгаа. Тус ажлыг арваннэгдүгээр сарын 11-нд дуусахаар төлөвлөчихсөн байна. Харамсалтай нь Увс талаас Шижигтийн хавцал руу ордог замыг иргэд хааж, тэмцэж ажлыг хэд хоногоор саатуулж байна. Бидний хувьд хохиролтой байгаа.
-Иргэн тус бүрд нөхөн олговор олгож, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд газар олгож байгаа энэ үед иргэдийн эсэргүүцлийг ямар өнцгөөр харж байна вэ?
-Нэгдүгээрт, иргэд бэлчээр сүйдэж, үгүй болно, хоёрдугаарт, хоёр, гурван үеэрээ амьдарсан хүмүүс бий, гуравдугаарт, байгаль орчин сүйтгэж байна гэх шалтгаанаар иргэд тус төслийг хэрэгжүүлэхийг эсэргүүцэж байгаа юм. Гэвч энэ төслийн хүрээнд байгаль орчин сэргэж, нуур үүссэнээр агаарын чийгшил нэмэгдэж, хөрсний чанар сайнаар нөлөөлөх дүгнэлт гарсан байдаг. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 74-75 хувь нь цөлжиж байгаа. Үүний шалтгаан нь мал аж ахуй юм. Улсын тусгай хэрэгцээнд авсан 28 мянган га газар хуурайшилттай, хадлан авах боломжтой хэдэн байршил байдаг. Энэ усан цахилгаан станцыг хойшлуулах, цуцлах шалтгаан биш. Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн зэргэлдээх сум, багийн иргэдтэй тохиролцож, тус нутгийн иргэдийг хаваржаа, өвөлжөөтэй болгох газар зааж өгөх асуудлуудыг ярьсан. Үймээн самуун гаргаж буй иргэдийн 10 хувь нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих төслийг унагаах төлөвлөгөөтэй байгаа. Тэмцэж буй иргэд бидэнтэй ойлголцож, учраа олохоос өөр зорилготойгоор бусад сум, багийн иргэдийг татан оролцуулж байгаа.
Таныг ажлаа өгөх цаг нь болсон. Ажлаа өгчихсөн гэх мэт ам дамжсан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр гарсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Намайг ажлаа өгсөн гэх утгатай янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан байна лээ. Одоогийн байдлаар надад талаарх мэдээлэл албан ёсоор ирээгүй байна. Хэрвээ тийм шийдвэр гарвал надад албан тушаал, сандал суудалтай зууралдах шаардлага байхгүй. Уг нь энэ том төслийг эхлүүлж, гар бие оролцож байгаа хүний хувьд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харж, Монгол оронд үнэтэй хувь нэмэр оруулах сэтгэл, зүтгэл хэн бүхэн бий шүү дээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 47 сарын хугацаанд хийж, 2025 оны долдугаар сараас усан санг дүүргэж эхлэхээр төлөвлөсөн. 2026 оны долдугаар сард бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар энэхүү төслийн ажил дуусна гэж Эрчим хүчний сайд асан Тавинбэх танилцуулж байсан юм. Эрдэнэбүрэн-Мянгад 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 70 тэрбум төгрөгийн санхүүжилтыг Улсын төсөв, Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын 230 тэрбум төгрөгийн санхүүжилтын эх үүсвэрийг шийдвэрлүүлэх асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байлаа.
Мөн Засгийн газрын зүгээс тус станцыг ашиглалтад орсноор ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоос хангах боломж бүрдэнэ. Хүлэмжийн хийг бууруулах, цаг уурын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхий нийтээр сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болно гэж үзэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс манай улсын онцлогт хамгийн их тохирсон нь усан цахилгаан станц гэдэг. Өнөөгийн байдлаар манай улсад том чадалтай УЦС байхгүй. Байгаа долоон станц нь бага чадлынх бөгөөд үүргээ хангалттай гүйцэтгэж байгаа. Гэхдээ системийн горимын тохируулга хийж чадахгүй байна. Нар, салхины эх үүсвэрээр тогтвортой үйлдвэрлэл явуулж чадахгүй учраас дэлхий нийтэд хувьсах эх үүсвэр буюу УЦС-ыг илүүд үздэг гэдгийг албаныхан онцолдог. Оргил ачааллын үед одоо байгаа станцууд хэвийн ажиллаж чадахгүй байгаа тул сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглахад Засгийн газар онцгой анхаарна гэдгээ мэдэгдэж, нутгийн иргэдэд нөхөн олговор олгохоор болсон билээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нутгийн иргэд эсэргүүцэж эхэллээ |
|
2025-05-18 16:43:03
2025-05-18 16:09:34
2025-05-18 11:43:13
2025-05-18 11:12:40
2025-05-18 10:31:03
2025-05-18 09:49:58
2025-05-17 15:34:53
2025-05-17 14:35:17
2025-05-17 13:14:30
2025-05-17 11:47:23
2025-05-17 11:34:11
2025-05-17 09:43:40
2025-05-17 09:33:25
2025-05-17 09:17:29
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |