• Өнөөдөр 2025-03-31

ТАНИЛЦ: “АЖНАЙ”-ГААР ОВОГЛОЖ, АТГ-ЫН ХААЛГА ТАТАЖ АСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД

2024-10-08,   625

Эргэлт.мн мэдээллийн сайт 2024 оны орон нутгийн сонгуультай холбогдуулан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын дарга, төлөөлөгч нарыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийсэн, тэд амлалтаа хэрхэн биелүүлсэн болохыг эргэн сануулж байгаа билээ. Тэгвэл энэ удаад өнгөрсөн дөрвөн жилийн турш Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан Р.Сэддорж, Ц.Дэнээдорж, ИТХ-ын даргаар ажилласан Б.Бадраа, Н.Энхбат нарыг танилцуулж байна.


“АЖНАЙ” Д.БАТ-ЭРДЭНИЙН ТУСЛАХ, НҮҮРСЧИН Р.СЭДДОРЖ

Өмнөговь аймаг өнгөрсөн дөрвөн жилд хоёр Засаг дарга, хоёр ИТХ-ын даргын нүүр үзсэн. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговийн Засаг даргаар ажилласан эхний хүн бол өдгөө УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Р.Сэддорж. Түүний хувьд Өмнөговь аймгийн уугуул, “Хан-Уул” дээд сургуулийг математикч мэргэжлээр төгссөн нэгэн. Харин Р.Сэддорж их сургуулиа төгсмөгцөө буюу 2002 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Ажнай корпораци”-ийн Маркетингийн албаны даргаар ажилд орсон байдаг. Улмаар 2004 онд “Ажнай”-г УИХ-ын гишүүн болоход туслах нь болон дэвшиж, цүнх барьж гүйсээр 2009 онд “Тавантолгой” ХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал, 2013 онд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан намтартай. Харин “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар долоон жил ажиллаад, 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг.

Р.Сэддоржийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад түүнийг “Анхны 17” нүүрсчдийн нэг гэдгийг Засгийн газраас зарласан. Тухайлбал, 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ, нэгэн цагт туслах, цүнх баригч нь явсан Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг “нүүрсний хулгай”-н хэрэгт шалгаж буйгаа мэдэгдэж байв. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөд туслах Р.Сэддорж нь “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 350 сая төгрөгийн урамшуулал авсан” гэгдээд уснаас хуурай гарна гэдэг шиг хэргээс цэвэрхэн мултарч дөнгөсөн байдаг.

Бизнесийн хувьд, Р.Сэддорж нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат хоёртой “Говь төрх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Харин эхнэр С.Хашцэцэг нь “Галтваань” ХХК-ийг тус тус эзэмшдэг аж. Түүнчлэн Р.Сэддоржийн “Галтваань” нэртэй компани нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Ханбогд суманд 30 га газар эзэмшдэг гэнэ. Ташрамд дурдахад, Р.Сэддорж 2022 онд мэдүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ 44 сая төгрөгийн орлоготой гэж мэдэгдсэн байдаг ч түүний орлого жилийн дотор хэд дахин өсөж, 2023 онд 178 саяын орлоготой болжээ.

“АЖНАЙ”-Н БҮЛЭГЛЭЛИЙН ДАРААГИЙН ЗАЛГАМЖЛАГЧ Ц.ДЭНЭЭДОРЖ

Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Р.Сэддоржийг УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа түүний үүрэг гүйцэтгэгчээр тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Дэнээдоржийг томилсон байдаг. Гэсэн ч Ц.Дэнээдорж нь Р.Сэддоржтойгоо “усны дусал шиг” адилхан нас, намтрынхаа багагүй хугацааг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн дор өнгөрүүлсэн нэгэн гэнэ.

Тодруулбал, өдгөө Өмнөговь аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ц.Дэнээдорж нь 2012-2016 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнийг УИХ-ын гишүүн байхад шадар туслахаар нь ажиллаж байсан бөгөөд “Ажнай”-г дагасны хүчинд аймгийнхаа Байгаль орчин, уул уурхай, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга болж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон нэгэн юм байна. Түүнчлэн Ц.Дэнээдорж нь “Ажнай”-н бүлэглэлийг төлөөлж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллахын зэрэгцээ “Ажнай” Д.Бат-Эрдэнийн эхнэр Г.Ганчимэгтэй хамт “Төв ази поло клуб” нэртэй ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг аж.

Ц.Дэнээдорж ердөө хоёр жилийн өмнө буюу Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, багийн Засаг дарга байхдаа 1.2 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлогогүй, 28 саяын малтай гэж “даруухан” мэдүүлж байв. Харин өнгөрсөн 2023 онд Засаг даргын орлогч болоод мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 39.8 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн орлого нь 49 сая, 67 саяар үнэлэгдэх автомашин, 106 саяын малтай, 63 саяын үнэт эдлэлтэй гэж мэдүүлсэн байна.

“АЖНАЙ”-Н БҮЛЭГЛЭЛИЙН ЭЭЛЖИТ ХҮН, ГАЗРЫН НАЙМААЧИН Б.БАДРАА

Дээр дурдсаны адил өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар хоёр хүн ажиллаж байв. Эхнийх нь мөн л “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүн, ИТХ-ын дарга асан Бадамгаравын Бадраа. Түүний хувьд “Шанх амазон” нэртэй санг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хамт тэргүүлдэг гэнэ. Тухайлбал, “Шанх амазон” сангийн Удирдах зөвлөлийн даргаар “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн ажилладаг.

Б.Бадраа нь ИТХ-ын даргаар ажиллахаасаа өмнө буюу 2012 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдож байхдаа 195 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай гэж мэдүүлж байв. Гэтэл 2020 онд Б.Бадраагийн орон сууцны дүн 2.8 тэрбум төгрөг болсон байдаг. Ердөө найман жилийн дотор 2.8 тэрбумаар үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай болж чамгүй баяжсан түүнийг газрын наймааны хэрэгт холбогдуулан шалгаж эхлэх үеэр Б.Бадраа хилийн чанад руу гарч, “шувуу” болсон. Хэргийг эргэн сануулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Б.Бадраа, түүний хүү Б.Наранболд, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарыг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, түүнийгээ БНХАУ-ын иргэдэд өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэрэгт шалгасан. Үүнтэй холбогдуулан Б.Бадраа, Б.Наранболд, Х.Нэхийт нарыг шалгаж, гэр болон албан өрөөнөөс нь эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний бэлэн мөнгө, үнэт эдлэл хураан авсан байдаг. Тэр дундаа Б.Бадраагийн гэрээс 300 сая төгрөг, юань, үнэт эдлэл, галт зэвсэг, сум зэрэг эд зүйлийг хураан авч, түүнийг Хан-Уул дүүрэгт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууц, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авч, мөрийтэй тоглож, хууль бусаар олсон мөнгийг хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоогоод байсан. Мөн Б.Бадраагийн компанийн үйл ажиллагааг явуулдагтай холбоотойгоор түүний хүү Б.Наранболдыг давхар шалгаж, 461 дүгээр ангид цагдан хориод байв. Харин Б.Бадраагийн хувьд тэр цагаас хойш “шувуу” болсон бөгөөд холбогдох байгууллагууд түүнийг эрэн хайж, “Шувуу” ажиллагаагаар авч ирэхээр ажиллаж байгаа гэлцдэг.

“АЖНАЙ”-Н БҮЛЭГЛЭЛИЙН ЭЭЛЖИТ ХҮН, “НАЧНЫ НАЙРАА”-НЫ ХЭРЭГТЭЙ Н.ЭНХБАТ

Өмнөх ИТХ-ын дарга Б.Бадраа газрын наймааны хэрэгт холбогдсоноор “Өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн” нэрийдлээр огцроход түүний суудлыг мөн л “Ажнай”-гаар овоглодог Н.Энхбат гэгч авсан. Түүний хувьд Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул бөгөөд ХААИС-ийн Бизнесийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн нэгэн гэнэ. Н.Энхбат их сургуулиа төгсмөгцөө 2007 оноос “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах болж, хоёр жил цув, цүнхийг нь барьж гүйсэн намтартай. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн “Хаан банк”-ны захирлаар томилогдож, 2020 он хүртэл ажилласан байдаг. Банкны захирлаар ажиллах үедээ Н.Энхбат 2012, 2016, 2020 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогджээ. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн Уул уурхай, байгаль орчин, дэд бүтэц хариуцсан орлогч болж, 2023 оны тавдугаар сард Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр томилогдсон намтартай.

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах асан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат өмнө нь АТГ-ын хаалга татаж байсан түүхтэй нэгэн. Тодруулбал, 2022 оны улсын баяр наадмын үеэр тухайн үеийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, улсын заан Н.Жаргалбаяр хоёрын утасны ярианы бичлэг цахим сүлжээнд цацагдсан байдаг. Тус дүрс бичлэгт Н.Энхбат Н.Жаргалбаярт хандан “Чи тавын даваанд манай Нямааг амлачих. Тэгээд надад хүссэн тоогоо хэл” гэж яриа бичигдсэн байдаг. Үнэхээр ч тэр жилийн улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Н.Жаргалбаяр заан Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг амлаж аваад, өвдөг шороодон Э.Нямаа улсын начин болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Начны найраа”-ны хэрэгт Н.Энхбат, Н.Жаргалбаяр хоёрыг АТГ-аас хавтаст хэрэг нээж, шалгасан түүхтэй.

Бизнесийн хувьд, Н.Энхбат нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хүү Б.Билгүүн, өдгөө УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Р.Сэддорж хоёртой “Говь төрх” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Түүнчлэн Н.Энхбат нь Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбат, ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ, ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаяр, ИТХ-ын төлөөлөгч асан Ч.Батжаргал нартай “Өм нэгдэл” ХХК-ийг хамтран эзэмшдэг бөгөөд Н.Энхбатын “Өм нэгдэл” компани нь Өмнөговьдоо улс төр, нийгмийн томоохон “лобби бүлэг” болсон гэнэ.

 

 


ТАНИЛЦ: “АЖНАЙ”-ГААР ОВОГЛОЖ, АТГ-ЫН ХААЛГА ТАТАЖ АСАН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН УДИРДЛАГУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188