Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаа VI тойрогт нэр дэвшигчдийг нам тус бүрээр нь ангилан танилцуулж байна.
2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр сонгогчид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тэдний 78-ыг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулийн 13 тойрогт тойрог, жагсаалтаар нийт 1336 хүн нэр дэвшиж буй. Тэгвэл УИХ-ын сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Л.Оюун-Эрдэнэ, М.Бадамсүрэн, Ц.Идэрбат, У.Отгонбаяр, П.Анужин, М.Ганхүлэг, АН-аас нэр дэвшиж буй Ш.Бямбасүрэн, Э.Төмөрбаатар, Д.Балдан, Т.Пүрэвхатан, Ш.Батдэлгэр нарыг танилцуулъя.
МОНГОЛ АРДЫН НАМ
УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт МАН-аас нэр дэвшигчдийг тус намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлж байна. Тэрбээр Улаанбаатар хотод төрж, Хэнтий аймгийн Бэрх тосгонд өссөн гэдэг. Л.Оюун-Эрдэнэ 2001 онд Бэрс дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2005 онд Австралийн Мельбурнийн их сургуульд олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч, 2008 онд МУСИ-ийн Нийгмийн ухааны сургуульд боловсрол судлалын магистр, 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургуульд улс төр судлаач, 2015 онд АНУ, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байдаг. Харин ажлын гараагаа 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаар эхэлж, 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч, 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын бүсийн захирал, 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж буй.
МАН-аас нэр дэвшиж буй дараагийн хүн бол Дорнод аймгийн Засаг дарга М.Бадарсүрэн. Тэрбээр Дорнод аймгийн Халхгол сумын уугуул. Мэргэжил, боловсролын хувьд 2000 онд Техникийн их сургуулийг нефтийн инженер мэргэжлээр төгссөн түүхтэй. Харин ажлын гараагаа 2001 оноос “НИК”-ийн Дорнод аймаг дахь салбар колонкийн түгээгчээр эхлүүлж, удалгүй “Магнай трейд” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар колонкийн эрхлэгчээр ажилласан гэдэг. Улмаар М.Бадамсүрэн 2008 онд Дорнод аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2009 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга болсноор улс төрд хөл тавьсан намтартай. Тэрбээр 2012 оны намар ИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдож, Н.Номтойбаяр түүнийг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг М.Бадамсүрэнг Засаг даргаар батламжлаагүй, буцаасан байдаг. Харин Н.Алтанхуяг огцорсны дараа дахин зүтгүүлэхэд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг батламжилж, М.Бадамсүрэн 37 насандаа Дорнод аймгийн Засаг дарга болжээ. Харин түүнээс хойш тус албандаа гурван удаа сонгогдож, ес дэх жилдээ ажиллаж байгаа нэгэн аж.
Хаанаас ч хайгаад олддоггүй, хаана ч байдаггүй “Гадаад хэлний дээд сургууль” төгссөн гэж намтартаа бичих дуртай Ц.Идэрбат мөн сонгуулийн VI тойрогт МАН-аас нэр дэвшиж буй. Тэрбээр Хэнтий аймгийн Баянмөнх суманд төрж, Өндөрхаанд өссөн нэгэн. Харин мэргэжил, боловсролынхоо намтарт 1999-2003 онд “Гадаад хэлний дээд сургууль”-д суралцан англи хэлний багш мэргэжил эзэмшсэн гэдэг. Гэвч тус сургуулийг хаанаас ч хайсан олддоггүй гэнэ. Ц.Идэрбат дээд боловсрол эзэмшсэнийхээ дараа буюу 2003 онд Хэнтий аймагтаа очиж, аймгийнхаа МАН-ын хороонд улс төрийн ажилтанд болж таван жил ажилласан түүхтэй. Улмаар 2008 онд 27 насандаа Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2016 онд Хэрлэн сумын Засаг дарга, 2020 онд Хэнтий аймгийн Засаг дарга болсон байдаг. Харин 2021 оны есдүгээр сард болсон нөхөн сонгуулиар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оронд УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Төгссөн сургууль тодорхойгүй, төрд ажилласан туршлага нь Засаг даргаас “хэтрээгүй” Ц.Идэрбат “Хэнтий телевиз”-ийн 50 хувийг эзэмшдэг бөгөөд эхнэр нь “Тэргүүн их наяд” ХХК-ийг эзэмшиж, удирддаг аж.
Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн хийдэг ч тэргүүн гэхээсээ илүүтэй төрийн тэргүүний дүү гэдгээ олонд танигдаад буй У.Отгонбаяр УИХ-ын сонгуулийн VI тойрог нэр дэвшиж байна. Тэрбээр Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүн хийхээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Зүүн бүс хариуцсан зөвлөхөөр ажилладаг нэгэн. Тэрбээр өмнө нь Үйлдвэр, худалдааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яаманд хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан түүхтэй бөгөөд Барилга, хот байгуулалтын яаманд Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байв. Харин У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараагаар газрын даргын ажлаа хүлээлгэн өгсөн байдаг.
Дээлийн өнгийг хуульчлах санаачилга гаргаж, “Мацагтан Монгол” гэж цоллуулаад буй “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин VI тойрогт нэр дэвшиж байна. Тэрбээр Улаанбаатарын хотын уугуул. Ерөнхий боловсролоо нийслэлийн 12 дугаар дунд сургуульд эзэмшиж, 2000 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуульд дипломатч мэргэжлээр төгсөж, 2004 онд Япон Улсын Сока их сургуулийн олон улсын эрх зүйгээр боловсролын зэргээ дээшлүүлсэн. Харин ажлын гараагаа Японы “Сефти технологи” компани эрх зүйчээр эхлүүлж, 2010 онд “Монгол тулгатны 100 эрхэм” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр Монголд буцаж ирсэн бөгөөд 2011 онд “100 чухал сэдэв” ТВ контент санаачлан хэрэгжүүлэгч, 2016 онд “МонГал товчоон” төслийг санаачлан хэрэгжүүлэгч, 2019 онд “70/76” ТВ контент хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаад 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон намтартай. Түүнчлэн 2022 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга болсон.
Гэхдээ П.Анужин төрийн түшээ болсноосоо хойш албан тушаалын хэрэгт ч нэр холбогдож байсан нэгэн. Үүнтэй холбоотойгоор түүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын хэргээр шалгаж байв. Тодруулбал, П.Анужин УИХ-ын гишүүн асан Р.Будын хүүтэй хамтарч, нийтийн эзэмшлийг газрыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүчээр булаан авч эзэмшсэн гэх хэрэгт холбогдсон. Ингэхдээ Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Доржийн гудамжны нийтийн эзэмшлийн газар дээр “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, билльяард, авто угаалгын газар, ил зогсоол ажиллуулсан байж болзошгүй нөхцөл байдал ч тогтоогдсон гэдэг. Гэсэн ч эл хэргийн явц өдгөө ямар шатандаа явж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа.
УИХ-ын сонгуулийн VI тойрог МАН-аас нэр дэвшиж буй сүүлийн хүн бол ХААИС-ийг дөнгөж төгсөөд, яагаа ч үгүй “оюутан шахуу” байхдаа дэд сайдын сэнтийд “заларсан” ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг. Тэрбээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуульд сурч, маркетингийн удирдлагын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд ажлын гараагаа “Ард контент групп”-ийн гүйцэтгэх захирлаар эхлүүлсэн байдаг. Харин улс төрийн гараагаа эхлэхдээ л тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга байсан Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх болж байв. Улмаар 2020 онд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга, 2022 онд НАМОХ-ны Ерөнхийлөгч, 2022 оноос Ерөнхий сайдын Ажлын албаны гишүүн, зөвлөх, Хэнтийн аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж буй.
Гэхдээ М.Ганхүлэг нь ЗГХЭГ-ын даргын олон нийтийн харилцаа хариуцсан зөвлөх болохоосоо ч өмнө одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбогдсон түүхтэй. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэ 2002 онд “Дэлхийн зөн”-гийн Хэнтий дэх салбарын захирлаар ажиллаж байхдаа “Хүслэн” нэртэй хүүхдийн бүлгэм нээхдээ анхны гишүүнээрээ 10 гаруйхан настай М.Ганхүлэгийг элсүүлж байсан гэдэг. Түүнээс хойш М.Ганхүлэг ЗГХЭГ-т ч, МАН-д ч, Засгийн газарт ч Л.Оюун-Эрдэнийг даган хамт ажиллаж байгаа нэгэн юм.
АРДЧИЛСАН НАМ
Харин УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшигчдийг Дорнод аймгийн АН-ын дэд дарга Ш.Бямбасүрэн тэргүүлж байна. Ш.Бямбасүрэн Дорнод аймгийн уугуул. Түүний аав Ц.Шинэбаяр агсан нь Дорнод аймгийн ИТХ-ын дарга, МАХН-ын дэд дарга, 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, “Хамуг монголын хөдөлмөрийн нам”-ыг байгуулан удирдаж байсан түүхтэй. Харин Ш.Бямбасүрэнгийн хувьд улс төрийн гараагаа АН-аас эхлүүлж буй бөгөөд 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон, нэг сонгуулийн нүүр үзсэн нэгэн.
Ш.Бямбасүрэн аавынхаа араас улс төр рүү ороод зогсохгүй түүний бүх бизнесийг өвлөж авсан гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр Дорнодыг нүүрсээр хангадаг “Адуун чулуун” ХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин өдгөө Ш.Бямбасүрэн “Адуун чулуун” ХК-ийн хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг аж. Мөн Ш.Бямбасүрэн “Адуун чулуун”-ы нүүрсний уурхайн олборлолт, тээвэрлэлтийг дангаараа хариуцдаг “Найнги” ХХК-ийн эцсийн өмчлөгч, Ерөнхий захирлаар ажилладаг. Цаашилбал, Ш.Бямбасүрэн “Гранд восток монголиа” ХХК-ийг эзэмшиж, удирддаг. Тус компани Дорнод аймгийг шатахуунаар хангадаг бөгөөд “Стандарт ойл” нэртэй шатахуун түгээх станцуудыг ажиллуулдаг. Өөрөөр бол, Ш.Бямбасүрэн Дорнод аймагтаа шатахууны магнат нь. Мөн Ш.Бямбасүрэнгийн мэдэлд Дорнод аймгийнхаа хамгийн том “Ган хэрлэн” зочид буудал, Зүүн бүсийн худалдааны төв буюу Дорнодын төв зах байдаг гэнэ.
Ааваараа Дорнод, ээжээрээ Сүхбаатар аймгаар “овоглодог” Дорнод аймгийн АН-ын дэд дарга Э.Төмөрбаатар мөн нэр дэвшсэн. Тэрбээр 2000 онд Дорнодоос хотод орж ирэн 2007 оноос хувийн бизнесээ эхлүүлсэн гэдэг. Улмаар 2012 онд АН-д элсэж, 2012 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүргийн АН-ын штабт ажилласан намтартай. Харин 2012 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн байдаг. 2014 оны долдугаар сард Н.Алтанхуягийн "цэрэг"-үүд бүгдээрээ “Нүүрс” хөтөлбөрийн 13.6 тэрбум төгрөгийн хэргээр АТГ-ынханд баривчлагдаж, 461-т хоригдсон. Тухайн үед Э.Төмөрбаатар ч мөн Н.Алтанхуягийн торгон цэрэг гэгдэж баривчлагдсан бөгөөд зургаан сар хоригдоод суллагдсан. Гэвч үргэлжлүүлэн зургаан жил байцаагдаж, 2021 онд хэрэг нь хэрэгсэхгүй болсон байдаг. Өөрөөр, сонгуулийн VI тойрог АН-аас нэр дэвшиж буй Э.Төмөрбаатар Н.Алтанхуягтай хамт зургаан жил байцаагдсан. Гэхдээ “засрах” нь байтугай төрсөн дүү Э.Төмөрхуяг, Э.Хуягбаатар нартайгаа хамт эзэмшиж, удирддаг “Хэт трик групп” ХХК-аараа нүүрс, төмрийн хүдэр авто болон төмөр замаар БНХАУ руу зөөдөг болсон. Түүнчлэн Э.Төмөрбаатарын төрсөн дүү Э.Төмөрхуягийн 2017 онд үүсгэн байгуулсан “Нэмэх тээвэр” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг Цагаан хад-Ганц мод боомтоор тээвэрлэж ирсэн. Ингэхдээ “Нэмэх тээвэр” ХХК нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас 4158 тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлтгүй буюу хулгайгаар хил давуулсан гэж “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголд дуудагдсан байдаг.
Сонгуулийн VI тойрог АН-аас УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Балдан нэр дэвшиж буй. Тэрбээр Хэнтий аймгийн Мөрөн сумын уугуул. Нутаг усандаа улстөрч гэхээсээ илүү Соёлын тэргүүний ажилтан, дуучин гэдгээ танигдсан нэгэн. Д.Балдан 2012, 2014 онд Бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийж байсан түүхтэй дуучин бөгөөд тоглолтдоо Хэнтийн гаралтай улстөрчид, урлаг соёлынхныг цуглуулж байв. Харин өдгөө УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх болон Хэнтий аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг.
Д.Балдан наанаа дуучин гэх “халхавч”-тай ч цаанаа малын вакцины “мафи”-ийн төлөөлөл. Тухайлбал, Д.Балдан малын эм хангах нийлүүлэх “Дээд эрхэт” ХХК-ийн Ерөнхий захирлаар, аав Д.Дэмбэрэлваанчиг нь мөн малын эм ханган нийлүүлэх “Зон дэм” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажилладаг. Харин Д.Балдангийн төрсөн дүү Д.Пүрэвцэрэн нь Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан Х.Золжаргалын туслах байсан бөгөөд дараа нь ХХААХҮЯ-ны харьяа Мал хамгаалах сангийн захирлаар томилогдон ажиллаж байжээ. Энэ холбоосоор Д.Балдангийн “Дээд эрхэт” ХХК, аав Д.Дэмбэрэлваанчигийнх нь “Зон дэм” ХХК ХХААХҮЯ-ны малын гоц халдварт өвчний вакцины тендерүүд болон гоц халдварт өвчний халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн тендерүүдийг “түүж” ирсэн аж. Жишээ нь, Д.Балдангийн “Дээд эрхэт” ХХК нь 2022 онд “Бог малын гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин нийлүүлэх”354 сая төгрөгийн тендер, 2023 онд “Гоц халдварт өвчний халдвар хамгааллын нэг удаагийн хувцас нийлүүлэх” 310 сая төгрөгийн тендерт шалгарсан нь нээлттэй мэдээллийн санд байдаг. Харин аав Д.Дэмбэрэлваанчигийнх нь “Зон дэм” ХХК нь 2019 онд “Гоц халдварт өвчний ариутгал халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх” 673 сая төгрөгийн тендер, 2021 онд “Гоц халдварт өвчний ариутгал халдваргүйтгэлийн бодис нийлүүлэх” 773 сая төгрөгийн тендерт оролцож, шалгарч байсан юм байна.
АН-ын 15 дэд даргын нэг Т.Пүрэвхатан мөн УИХ-ын сонгуулийн VI тойрогт нэр дэвшиж буй. Төрмөнхийн Пүрэвхатан нь Хэнтий аймгийн Өндөрхаанд төрж, өссөн. Тэрбээр 2002 оноос хойш Баянгол дүүргийн ЗДТГ-т мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн Газрын албанд мэргэжилтэн, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт мэргэжилтэн, Ашигт малтмалын газарт мэргэжилтэн, Эрчим хүчний зохицуулах хороонд Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан намтартай. Харин 2017 онд төрийн албанаас гарч, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Э.Бат-Үүл, Ш.Батдэлгэр хоёртой ханьсаж нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Харин өнгөрсөн онд Х.Баттулгын дэмжлэгээр АН-ын дэд даргаар томилогдсон. Улмаар Т.Пүрэвхатан Х.Баттулгатай хамт МоАХ-ын “Хөх туг” аянаар 21 аймгийг тойрсон. Ингэхдээ Х.Баттулга зүүн бүсийн гурван аймгийн сонгогчдод Т.Пүрэвхатанг онцгойлон танилцуулж, түүнийг дэмжихийг аминчлан захиж байв.
Гэвч АН-ын дэд дарга гэж нийтээс нэлээдгүй дэмжлэг хүлээгээд буй Т.Пүрэвхатан газрын наймааны хоёр ч хэрэгт холбогдсон түүхтэй нэгэн. Тухайлбал, Т.Пүрэвхатангийн хуучин дарга нар буюу Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх, Баянгол дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан С.Бямбадорж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга асан Б.Амаржаргал нар хуйвалдан, 2015 онд Баянзүрх дүүргийн XX хороо, Улиастайн Их цуурайтын аманд хууль бусаар 103 хүний нэр дээр газар олгож, хариуд нь БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс их хэмжээний авлига авсныг АТГ-аас илрүүлж, улмаар тэд шүүхээс 1-3 жилийн ял сонссон байдаг. Түүнчлэн Н.Батсүх нь Т.Пүрэвхатангаар зуучлуулан БНХАУ-ын иргэн Лин Суй Лин гэгчээс авлига авснаа хүлээж, анхан шатны шүүхээс гурван жилийн ял сонсож, давж заалдаад нэг жилийн хорих ял болгуулсан. Харин авлига зуучилсан Т.Пүрэвхатан ялгүй мултарсан байдаг. Мөн Т.Пүрэвхатангийн нөхөр Б.Ууганбаяр гэгч нь 2019 онд Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Харин Б.Ууганбаяр эрх мэдлээ ашиглан хүүхдийн “Найрамдал” зуслангийн газраас эхнэр Т.Пүрэвхатангийнхаа “Шинэ хужирт” ХХК-д газар олгуулсан хэрэгт холбогдож, ажлаа өгсөн. Өдгөө Б.Ууганбаяр, Т.Пүрэвхатан хоёрын “Шинэ хужирт” ХХК нь хүүхдийн “Найрамдал” зуслангийн хажууд, хууль бусаар авсан гэх газар дээрээ “Натур мед” нэртэй хувийн эмнэлэг барьчихаад байгаа аж.
УИХ-ын сонгуулийн VI тойрог буюу Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшиж буй сүүлийн хүн бол Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Батдэлгэр. Тэрбээр УИХ-ын дарга асан З.Энхболдтой дотно найзууд. Тиймдээ ч З.Энхболд тушаал дэвших бүрд Ш.Батдэлгэр дагаад дээшилж байсан учир тэдний намтрыг хамт танилцуулах “шаардлагатай” болдог. Тухайлбал, З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны дарга байхад Ш.Батдэлгэр Төрийн өмчийн хорооны Байр ашиглалтын захиргааны даргаар ажиллаж байв. Харин З.Энхболдыг УИХ-ын гишүүн болсны дараа буюу 2007 оны үед Ш.Батдэлгэр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон. Тухайн үедээ авлига авсан, мөнгө завшсан хэргээр хууль хяналтынханд ээрэгдэж байсан намтартай. Улмаар З.Энхболдыг УИХ-ын дарга болмогц Ш.Батдэлгэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн Хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Гэсэн ч “Эрдэнэт үйлдвэр”-ээс мөн л асар их хэмжээний урамшуулал авсан хэрэгт холбогдож байсан. Сүүлд Ш.Батдэлгэр 2016 онд Хэнтий аймгийн Ардчилсан намын даргаар томилогдож, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Х.Баттулгын сонгуулийн штабыг З.Энхболдтой удирдсан байдаг.
Ш.Батдэлгэр, З.Энхболд хоёр дотнын найзаар зогсохгүй халаас нэгтэй хамтрагчид аж. Жишээ татахад, АТГ-аас өнгөрсөн 2023 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан, УИХ-ын дарга асан З.Энхболд хоёрыг “нүүрсний хулгай”-н хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёрын шүүх хурал болж, хоёуланд нь 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах ял оноосон. Тэгвэл Б.Энх-Амгалан, З.Энхболд хоёрын “нүүрсний хулгай”-н хэргийн гол хамтрагч нь өдгөө зүүн бүсийн тойрогт горилж буй Ш.Батдэлгэр. Гэхдээ Ш.Батдэлгэр тун цэвэрхэн мултарсан гэнэ. Хэргийг эргэн сануулбал, З.Энхболдын алдарт “Страто” ХХК 2019 онд Говьсүмбэр аймгийн Чойрт жилд 1.5 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай “Нүүрс угаах үйлдвэр” барьсан. Тэд “Эрдэнэс тавантолгой” ХК-иас хямд үнээр нүүрс худалдан авч, угааж баяжуулаад, улмаар урагш нь гаргаж өндөр үнээр борлуулах зорилгоор уг “Нүүрс угаах үйлдвэр”-ийг барьсан. Улмаар “Страто” ХХК-ийнханд нүүрс тээврийн компани хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, “Страто” ХХК-ийн “Эрдэнэс тавантолгой” ХК-аас худалдаж авсан нүүрсийг Цогтцэцийгээс Чойр хүртэл зөөх компани болсон гэсэн үг. Ингээд З.Энхболд “Страто”-гийнхоо нүүрсний тээврийг эртний хамтрагч Ш.Батдэлгэртэй даалгахаар болсон. Ш.Батдэлгэр 2019 оны хоёрдугаар сард З.Энхболдын эхнэр Т.Бат-Өлгийгийн төрсөн дүү Т.Бат-Эрдэнэ, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын эхнэр В.Алтантуяагийн төрсөн дүү В.Ганцолмон болон З.Хишигтогтохын дотнын найз Т.Батчулуун нартай “Их дэлгэмэл ингүүн” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар З.Энхболд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай хуйвалдаж, Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг Ш.Батдэлгэрийн “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлсэн. Ингээд Ш.Батдэлгэрийн “Их дэлгэмэл ингүүн” ХХК нь Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замаар “Эрдэнэс тавантолгой” ХК-аас “Страто” ХХК-ийн үйлдвэр хүртэл нүүрс зөөж эхэлсэн байдаг. Улмаар Ш.Батдэлгэрийн “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг өгсөн Б.Энх-Амгалан, өгүүлсэн З.Энхболд хоёр ял сонссон. Харин Ш.Батдэлгэр уснаас “хуурай” гарч, өдгөө УИХ-ын сонгууль хүч үзэж буй юм.
VI ТОЙРОГ: ЕРӨНХИЙ САЙД, АЙМГУУДЫН ЗАСАГ НОЁНООР “ТОЛГОЙЛУУЛСАН” МАН-ЫНХАН БА НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ТЕНДЕР ТҮҮДГЭЭРЭЭ “АЛДАРШСАН” АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |