Эргэлт.мн мэдээллийн сайт сонгогчдын боловсролд зориулан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг цувралаар танилцуулж буй. Энэ удаа IV тойрогт МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулж байна.
2024 оны зургадугаар сарын 28-ны өдөр орон даяар зохион байгуулагдах УИХ-ын сонгуулиар сонгогчид парламентын 126 гишүүнийг сонгоно. Тэдний 78-ыг нь мажоритар буюу сонгогчдын саналаар, 48-ыг пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгох бөгөөд ээлжит УИХ-ын сонгуулийн нийт 13 тойрогт тойрог, жагсаалтаар нийт 1336 хүн нэр дэвшиж буй. Тэгвэл УИХ-ын сонгуулийн IV тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ц.Анандбазар, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нарыг танилцуулж байна.
МАН-аас IV тойрогт нэр дэвшиж буй Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ОХУ, АНУ, БНСУ-д сурч, боловсрол эзэмшсэн нэгэн бөгөөд улс төрд анх орж ирэхэд нь “М Си Эс”-ийнх гэх тодотгол гарч байв. Өөрөөр хэлбэл, улс төрийн гараанаасаа л Монголын толгой бизнесмэнүүдийн том бүлэглэлд багтаж байсан гэсэн үг. УИХ-ын сонгуульд Хөвсгөл аймгаас гурвантаа сонгогдож, өдгөө УИХ-ын гишүүнээс гадна Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаа тэрбээр дахин УИХ-д нэр дэвшиж буй. Засгийн газрын сайдаар томилогдсон даруйдаа “Боловсролын салбарт шинэчлэл хийнэ” хэмээн мэдэгдэж байсан ч боловсролын салбарт эрх ашгийн зөрчилтэй нэгэн байсан нь илчлэгдэж байлаа.
Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж, улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг. Түүнчлэн цар тахлын хүнд үеийг “далимдуулж” эрүүл мэндийн салбараас хоёр жилийн хугацаанд 9.5 тэрбум төгрөгийн тендер “завшсан” баримт бий. Тодруулбал, Л.Энх-Амгалан сайдын эхнэр М.Сэржмядаг нь “Интергрупп интернейшнл” ХХК-иараа дамжуулан эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортын “Мед импекс интернэшнл” ХХК-ийг удирддаг. “Мед импекс интернэшнл” ХХК нь эрүүл мэндийн салбарын олон тендерт оролцож, шалгарсан байдаг.
Л.Энх-Амгалангийн гэр бүлийн “Мед импекс интернэшнл” ХХК өнгөрсөн хугацаанд 303 тендерт оролцжээ. Ялангуяа халдварт тахалтай тэмцэлдсэн өнгөрөгч хоёр жил “халаас”-аа ахиу түнтийлгэжээ.Тухайлбал, 2020 онд Эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх 3.1 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. 2021 онд зөвхөн АШУҮИС-ийн эмнэлгийн л гэхэд дурангийн тасгийн тоног төхөөрөмж авах 120 сая төгрөгийн тендер, Сэхээний тасгийн хяналтын монитор, ЭКГ, холтер худалдан авах 213 сая төгрөгийн тендер, Чих, хамар, хоолойн оношилгоо, эмчилгээний иж бүрдэл авах 1.2 тэрбум төгрөгийн тендер, Хэт авиан дурангийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмж авах 1.2 тэрбум төгрөгийн тендерт шалгарчээ. Мөн ХУД-ийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн II төв эмнэлэгт төрөх тасгийн ор, үзлэгийн ор, тэргэнцэр авах 662 сая төгрөгийн тендер, Амбулаторийн үзлэгийн тоног төхөөрөмж худалдан авах 160 сая төгрөгийн тендер, Суурин ЭХО нийлүүлэх 810 сая төгрөгийн тендер, Нарийн гэдэсний дуран нийлүүлэх 751 сая төгрөгийн тендерт шалгарчээ. 2022 онд “Монголросцветмет” ТӨҮГ-т Түргэвчилсэн оношлуур нийлүүлэх 156 сая төгрөгийн тендер, Төрийн тусгай алба хаагчдын эмнэлэгт 34.1 сая төгрөгөөр уян дурангийн хэрэгсэл нийлүүлэх тендер, Эрүүл мэндийн яамны явуулын үзлэгийн автомашин, тоног төхөөрөмж авах 330 сая төгрөгийн тендер, Улаанбаатар хотын ЗАА-ны Оношилгооны уян дуран авах 441 сая төгрөгийн тендер, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндсэн тусламж үйлчилгээний эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж худалдаж авах 12 тэрбум төгрөгийн тендерийн 55, 83, 122 дугаар багц зэрэгт тус тус шалгарсан баримт бий. Түүнчлэн Богд ууланд газар авсан томчуудын нэг нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан. Тодруулбал, Л.Энх-Амгалан багын найз Ч.Батсансарыгаа 2014-2019 онд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажилуулахдаа бүх компаниа Тусгай хамгаалалттай газарт газартай болгож амжжээ. Түүнчлэн Туул голын эргээр тансаг хаус хотхон барьж буй баримтуудыг дэлгэж байлаа.
МАН-аас нэр дэвшигч Ц.Даваасүрэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1964 онд төрсөн. Улс төрд “10 хувийн” гэх хочоороо алдаршсан Ц.Даваасүрэн Хөвсгөлд дахин горилж буй. УИХ-ын гишүүн байх хугацаандаа хоёр удаагийн Засгийн газарт “давхар дээл” өмсөж буй тэрбээр нүүрсний компанитай нэр холбогдоно. Тодруулбал, 2020 оны наймдугаар сарын 28-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгойн ордын Цанхийн баруун уурхайн А хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх тендерт “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК шалгарч, улмаар ЭТТ-2020/521 дугаартай 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Тус компани “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалт, олборлолтын тендерт анх удаа оролцоод, 799 тэрбумын тендерийг авсан. Тэгвэл “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК нь УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнгийн “хуурай” дүү нарынх нь компани.
Тодруулбал, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг Дугарсүрэнгийн Отгонлхагва, Гончигбатын Батболд нар эзэмшдэг. Д.Отгонлхагва нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул буюу УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй нэг сумынх. Мөн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. Харин Г.Батболд нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул.
Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2004 оноос Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” морин спорт, уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Харин “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар Ц.Даваасүрэнгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж ирсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Даваасүрэн, Д.Отгонлхагва, Г.Батболд нар “Дэлтэй цэнхэр” МСУХ-г хамт удирдаж ирсэн. Сонирхуулахад, Д.Отгонлхагва нь аймгийн алдарт уяач, Г.Батболд нь манлай уяач цолтой. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоороо 2007 оноос “Хотгойдын хурд” баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Ц.Даваасүрэнгийн зохион байгуулсан “Хотгойдын хурд” уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр Д.Отгонлхагва, Г.Батболд нарын “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК, Г.Батболдын дангаараа эзэмшдэг “Цагаан-Уул магнит” ХХК тус тус ажиллаж ирсэн.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнгөрөгч 2022 оны гуравдугаар сард Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” МСУХ-ныхоо бага хурлыг хуралдуулж, “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Г.Батболдод “Дэлтэй цэнхэр” МСУХ-ны тэргүүний суудлаа шилжүүлж өгсөн. Ц.Даваасүрэн ийнхүү 18 жил удирдсан “Дэлтэй цэнхэр” МСУХ-гоо “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батболдод шилжүүлж өгсөн нь тэд хэр ойр холбоотойг нотлон харуулж байгаа юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 799 тэрбум төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн эзэмшигч Д.Отгонлхагва, Г.Батболд нар нь УИХ-ын гишүүн, БХБ-ын сайд Ц.Даваасүрэнгийн төрсөн дүүгээс нь өөрцгүй үнэнч дүү нар нь гэсэн үг. Тиймдээ ч Ц.Даваасүрэн нүүрс ухаж байсан түүхгүй “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендерт оруулж, улмаар 799 тэрбум төгрөгийн гэрээ байгуулахад нь дэмжиж, нөлөөлсөн байж болзошгүй аж.
УИХ-ын сонгуулийн IV тойрогт МАН-аас нэр дэвшиж буй дараагийн хүн бол Л.Мөнхбаатар. Тэрбээр Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшин, МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд эрх зүйн мэргэжил эзэмшсэн байдаг. Улмаар Отгонтэнгэр их сургуульд хууль зүйн ухаанаар мэргэжил дээшлүүлжээ. Харин ажлын гараагаа 1999 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газрын мэргэжилтнээс эхлүүлж, тус яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч, 2012 онд Ерөнхий сайдын зөвлөх, 2020 оноос УИХ-ын гишүүнээр ажиллаж, УИХ-ын дэд дарга болтлоо дэвшсэн намтартай нэгэн.
IV тойрогт нэр дэвшиж буй Засгийн газрын хоёр дахь гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын уугуул. Тэрбээр ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаад БОАЖ-ын сайдаар томилогдсон нэгэн бөгөөд ээлжит парламентын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид дундаа “балчир”-даа орох аж. Б.Бат-Эрдэнэ нь 2020 оны наймдугаар сарын 19-нд агентлагийн даргаар томилогдохдоо АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. Шинээр томилогдсон сайд 2020 онд 12.5 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 10.3 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр 50 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, 50 сая төгрөгийн үнэ бүхий "Dodge Durango", "Chrysler" маркийн суудлын машин, 100 сая төгрөгийн үнэ бүхий өмчлөх эрхийн 400 ам метр газартай болохоо мэдүүлсэн байна. Мөн 10 сая төгрөгийн хадгаламжтай бол 15 сая төгрөгийн зээлтэй гэжээ. “Монгол Тулгат Финанс", "Монмарт трэйд" гэсэн хоёр компанийг 100 хувь эзэмшдэг болохоо мэдүүлсэн байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хувийн бизнесээ зараад, төрд орж ирсэн гэж “сайрхдаг”. Тэгвэл түүний хамаарал бүхий этгээдүүдийг нь шүүвэл, түүнтэй маш олон компани холбогддог гэнэ. Тэр тусмаа хадмууд нь уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй аж.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн эхнэрийг Дашбаатарын Болортуяа гэдэг. Түүний аав Б.Дашбаатар нь барилгын “Ордгеод” ХХК, уул уурхай, геологи, хайгуулын “Орд гео” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Өдгөө уул уурхай, геологи хайгуулын “Орд гео” ХХК нь салбартаа томд тооцогдох болсон бөгөөд Б.Дашбаатарын дүү Б.Саранхүү, О.Чимгээ нар удирдаж буй. “Орд гео” ХХК нь Сүхбаатар, Төв, Дорноговь, Дундговь аймгуудад ашигт малтмалын геологи хайгуул, өрөмдлөгийн ажил гүйцэтгэж байгаа. Б.Саранхүү нь “Орд гео” ХХК-иас гадна хайрга, дайрга, бетон зуурмагийн “Просолид стандарт” ХХК, хайгуул өрөмдлөгийн “Ордгео вилл дриллинг” ХХК, газрын тосны хайгуулын “Готланд-Ойлфилдс” ХХК-иуд эзэмшдэг ажээ.
Мөн “Орд гео” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Б.Бат-Эрдэнийн хадам аавынх нь дүү О.Чимгээ нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн дүү С.Бат-Очирын эхнэр, Монголбанкны газрын дарга Т.Амарсайхантай хамтран “Ай Ти Холдинг” ХХК-ийг эзэмшдэг. УИХ-ын гишүүн Сү.Батболдынхонтой холбогдсон энэ сэжмээр цааш хөөвөл, уул уурхайн олон компанитай холбогдоно. С.Батболдын “Могол интернэшнл” ХХК нь л гэхэд Ховд, Говь-Алтай аймагт алт, нүүрсний хэд хэдэн ордтой гэгддэг. Цаашлаад, “Могол интернэшнл” ХХК нь Сү.Батболдтой хамт оффшорт нэр нь яригддаг уул уурхайн “Жазлин” ХХК-д хөтөлж очно. Энэ мэтээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ эхнэрийнхээ уул уурхай, геологи хайгуул, өрөмдлөгийн хэд хэдэн компанитай гарцаагүй холбогдож байна. Гэвч түүний энэ асуудлыг хууль хяналтын байгууллага мэдсэн ч мэдээгүй мэт нам гүм байгаа юм.
Олны дунд “сахал” хочоороо танил болсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотод төрсөн гэгддэг ч Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул хэмээн намтартаа дурдах нь бий. Тэрбээр анх “Хөдөөгийн сэргэлт” гэх сэдвээр улс төрд хөл тавьсан нэгэн бөгөөд өнөөг хүртэл уг сэдвээ барьж яваа. Тэрбээр Зам тээвэр, хөгжлийн сайдаар ажиллаж байсан ч үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд багагүй хугацаа өнгөрч буй. УИХ-ын нээлттэй сонсголын Ажлын хэсэгт хоёр удаа багтсан Ж.Бат-Эрдэнэ Автобусны сонсголын даргаар сонгогдсон. Мөн 2019 онд ЖДҮХС-аас зээл авсан 49 гишүүний нэгт “Бүрэн Уул” ХХК-иараа дамжуулан зээл авсан байж болзошгүй хэрэгт холбогдоод байсан юм.
АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГЭЭРЭЭ ТОЙРГУУДАА “ТОЛГОЙЛСОН” IV ТОЙРГИЙН МАН-ЫН НЭР ДЭВШИГЧИД |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |