Өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчлийн хэргээр АТГ-т шалгагдаж асан АН-ын нэр дэвшигчдийг танилцуулж байна. Тэднээс зарим нь сахилгын шийтгэлтэй мултарсан бол зарим нь прокурорт, тэндээсээ шүүхэд шилжилж ял сонссон, харин заримынх нь хэрэг хэрхэн шийдэгдсэн, эсхүл хаана, хэн дээр гацсан нь тодорхойгүй мартагдсан байх ажээ.
100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН АВЛИГЫН ХЭРЭГ
I тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвөөс өөрийн “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд нүүрс тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж авсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн гэдэг. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг. Гэвч А.Адъяасүрэн 2020 оны зургадугаар сард УИХ-ын гишүүн болж, улмаар 2021 онд авлигын хэрэг нь хаагдсан. АТГ-аас 2022 онд А.Адъяасүрэнгийн энэхүү 100 мянган ам.долларын авлигын хэргийг сэргээж, дахин яллагдагчаар татсан.
Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд “Эрдэнэс тавантолгой”-гоос гаалийн бүрдүүлэлтгүй буюу хулгайгаар хил давуулсан гэх хэрэг бий. Тодруулбал, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сард А.Адъяасүрэнг “нүүрсний хулгай”-н хэргээр шалгагдаж буй 17 “нүүрсчин”-ий нэгээр нийтэд зарласан. Улмаар 2023 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Түр хорооны “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголоор А.Адъяасүрэнг 1.1 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг танилцуулсан байдаг.
МҮЭХ-НЫ ГАЗРЫН НАЙМААНЫ ГЭХ ХЭРЭГ
I тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2013 онд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмч хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байв. Тодруулбал, С.Ганбаатарыг “Үйлдвэрчин хороолол”, “Үйлдвэрчин цамхаг” гэх орон сууц, оффисын төслүүд хэрэгжүүлэх нэрээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны өмчийн газруудыг хувийн компаниудад худалдаж, их хэмжээний ашиг хууль бусаар олсон байж болзошгүй хэмээн шалгаж байв. Улмаар 2013 оны наймдугаар сард АТГ-аас С.Ганбаатарыг хэргийг хаасан гэх мэдээллүүд хэвлэлүүд гарснаар энэ хэрэг мартагдсан. Сонирхуулахад, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшилд байсан Замын цагдаагийн газрын зүүн талын Сэлбэ гол дагуух газрууд “МДТОФ” ХХК-д шилжиж, өдгөө “Union building” гэх орон сууц, оффис хосолсон барилга баригдсан. Ноцтой нь, С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нь “МДТОФ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидтэй нэгдмэл ашиг сонирхолтой, “Union building” барилгад олон тооны оффис эзэмшдэг гэх мэдээллүүд олон гарч байсныг санаж буй биз ээ.
Мөн өнгөрсөн намар УИХ-ын Түр хорооноос Төрийн ордонд зохион байгуулсан “нүүрсний хулгай”-н нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалагийн нэгдмэл ашиг сонирхолтой “Болор-Аграмба” ХХК нь “Тавантолгой” ХК-ийн хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэж, 22.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримтыг ил болгож байв.
ШҮҮХ ХУРЛАА ХҮЛЭЭЖ БУЙ ГАЗРЫН НАЙМААНЫ ХЭРЭГ
I тойрогт нэр дэвшигч Э.Болорчулуун ЧД-ийн Газрын албаны дарга, СХД-ийн Газрын албаны дарга, Нийслэлийн Газрын албаны даргаар тус тус ажиллаж байсан. Тэгвэл АТГ-аас Э.Болорчулууныг Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байхдаа АН-ын дэд дарга асан О.Магнайгийн ээжийн “Баянцамхаг” ХХК-д БЗД-т хууль бусаар 896м2 газар 15 жилийн хугацаатайгаар хууль бусаар олгосон, “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн газраас “Нармон” ХХК болон авга дүү Б.Бямбацогтдоо хууль бусаар олгосон, усны онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн бүсэд хууль зөрчин “Эко констракшн” ХХК-д 1.2 га газар олгосон гэх мэтээр албан тушаалаа урвуулан ашигласныг нь тогтоосон гэдэг. Нийслэлийн прокурорын газраас Э.Болорчулуун нарын 11 хүнд яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Улмаар өнгөрөгч нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Болорчулуун нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд эсэргүүцэж давж заалдсан. Өнгөрөгч тавдугаар сарын 15-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Болорчулуун нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр товлосон байдаг. Өөрөөр бол, нэр дэвшигч Э.Болорчулууны “газрын наймаа”-ны хэрэг шүүх хурлаа хүлээж буй.
ХЯТАД ИРГЭДЭД ОРШИХ СУУХ ВИЗ ОЛГОСОН ГЭХ ХЭРЭГ
II тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2015 онд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа АТГ-ын хаалга татаж байлаа. Тодруулбал, АТГ-аас 2015 оны зургадугаар сарын 9-нд Иргэний харьяалал, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байдаг. Ингэхдээ Б.Пүрэвдоржийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгөнөөс хувьдаа завшсан, Хятад иргэдэд олон тооны оршин суух виз олгож, хариуд нь авлига авсан, өөрийн “Баруун монгол интернэйшнл” ХХК-аараа мах боловсруулах үйлдвэр барих төслөөр Ховд аймгийн “Аймаг хөгжүүлэх сан”-гаас 350 сая төгрөгийн зээл авч, тэр мөнгөөрөө хувьдаа “Ланд-200” авч унасан гэх мэт хэргүүдээр шалгагдаж байгаа гэх мэдээллүүд гарч байв. Улмаар гурав хоногийн дараа буюу 2015 оны зургадугаар сарын 11-нд Б.Пүрэвдорж Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж буйгаа зарласан. Ингээд Б.Пүрэвдорж 2016 онд УИХ-ын гишүүн болсноор хэрэг нь мартагдсан байдаг.
ЦЭВЭР УСНЫ САВАН ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЗУРГИЙГ ХЭВЛЭЖ ТАРААСАН БА “ЛАНД-200” АКТАЛСАН ГЭХ ХЭРЭГ
Сонгуульд нэр дэвшигчид өөрийн нэр, зурагтай, гарын үсэгтэй аяга шаазан, бугуйн цаг, тэр байтугай бидон сав ч тараадаг. Тэгвэл цэвэр усны шошгон дээр өөрийгөө сурталчилсан бичвэр, өөрий зураг, гарын үсгийн бичин хэвлүүлж, сонгогчдод тараасан “давтагдашгүй” сурталчилгаа байдаг нь II тойрогт нэр дэвшигч, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарынх. Тодруулбал, О.Амгаланбаатар 2015 онд Говь-Алтай аймгийн “Эрүүл ус” ОНӨААТҮГ-т үйлдвэрлэсэн цэвэр усны савны шошго дээр “Алтай нутгийн ард түмнийг эрүүл, аюулгүй ундны усаар хангахад сэтгэл зүтгэл гарган ажиллав. Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар” гэсэн бичвэрийг өөрийн цээж зураг, гарын үсгийг хэвлэн байршуулж, аймгийнхаа иргэдэд тараасан. Үүнийг нь АТГ-аас шалгаад, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөрийн болон намынхаа сурталчилгааг хууль бусаар хийсэн гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулах, сануулах арга хэмжээ авах шийтгэл ногдуулсан байдаг. Дараа нь О.Амгаланбаатар Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын өмчийн “Ланд-200” автомашиныг хууль бусаар акталж, хамаарал бүхий этгээддээ 1.0 сая төгрөгөөр өгсөн асуудалд холбогдсон. “Бантсан” О.Амгаланбаатар өөрийгөө АТГ-т шалгуулах хүсэлт гаргаж, АТГ-ын үүдэнд хэвлэлийн хурал хийж байлаа.
188 МЯНГАН ТОНН НҮҮРС “ХУЛГАЙГААР” ХИЛ ДАВУУЛСАН ГЭХ ХЭРЭГ
II тойрогт нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ш.Адьшаа авлига, албан тушаалын хэргээр хууль хяналтынх хаалга анх татсан нь тэртээ 2005 он. Тодруулбал, 2005 онд ГЕГ-ын дарга Х.Баатар, ГЕГ-ын хэлтсийн дарга Ш.Адьшаа нарыг авлига, албан тушаалын хэргээр баривчлан хорьж байлаа. Тухайн үед ГЕГ-ын дарга Х.Баатар нь найман жилийн ял авч, харин Ш.Адьшаа сугарч үлдсэн байдаг. Энэ хэргээс болж Ш.Адьшаа хүсэвч, хусавч арилахгүй алдарт “Гаалийн Адьшаа” хочоо олж авсан түүхтэй.
Гэхдээ энэ хэргээс Ш.Адьшаа сургамж аваагүй, “засраагүй” гэхэд болно. Тодруулбал, өнгөрсөн намар, өвлийг дамнан Төрийн ордонд үргэлжилсэн “нүүрсний хулгай”-н хэргийн нээлттэй сонсголын гол дүр нь Ш.Адьшаа байсан. Тодруулбал, УИХ-ын Түр хорооны шинжээчид УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хамаарал бүхий 11 компани нь 188 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нотлох баримтыг нийтэд дэлгэсэн. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2009 онд “Алтанговь транс” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2010 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн анхны нүүрс тээвэрлэгч, нүүрс ачиж буулгах талбай түрээслэгч болж нүүрсний бизнест анх орсон байдаг. Түүнээс хойш УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, түүний төрсөн дүү Ш.Болдхуяг болон Ш.Адьшаагийн зөвлөх Ш.Мөнхжаргал нарын үүсгэн байгуулсан, хамаарал бүхий 11 компани 188 мянган тонн нүүрсийг хулгайгаар хил давуулсныг ийнхүү тогтоосон байдаг.
ХЭЛГҮЙ, ХӨЛГҮЙ БОЛГОДОГ “ЭМЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ”-ИЙН АВЛИГЫН ХЭРЭГ
III тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бейсеныг АТГ-аас 2021 онд яллагдагчаар татсан. Тодруулбал, АТГ-ын мөрдөгчид УИХ-ын гишүүн Б.Бейсен болон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй 40 гаруй эмч бүлэглэн Баян-Өлгий аймгийн иргэдэд хэлгүй, хөлгүй, дүлий гэх мэтээр хуурамч онош тавьж, олны ярьдгаар группд буюу халамжид хамруулж өгдөг байсныг илрүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэд 500 гаруй иргэнд ийм хуурамч онош тавьж, тус бүрээс нь 500 мянгаас 2.0 сая төгрөгийн авлига авсан нь тогтоогдсон гэдэг. Ноцтой нь, хэлгүй, хөлгүй гэх хуурамч онош тавьж, халамжид хамруулдаг энэхүү “эмч нарын бүлэглэл”-ийн толгойлогч нь Б.Бейсен байсан нь баримтаар илчлэгдсэн гэдэг. УИХ-ын гишүүн Б.Бейсены хувьд 1997-2012 онд Баян-өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч, 2012-2020 онд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, зөвлөхөөр ажилласан байдаг.
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ГЭХ ХЭРЭГ
IV тойрогт нэр дэвшигч, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өнгөрсөн онд АТГ-ын хараанд орж, шалгуулж эхэлсэн. Тодруулбал, АТГ-аас өнгөрөгч 2023 оны гуравдугаар сард Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн хөрөнгө, орлогыг шалгаад Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь заалтыг зөрчсөн буюу өөрийн орлогыг ташаа мэдээлснийг нь тогтоосон. Улмаар Б.Ариун-Эрдэнэд эхний ээлжид гурван сарын цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байв. Сарын дараа буюу 2023 оны дөрөвдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд АТГ-аас Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-эрдэнийг шалгаж, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нь тогтоосон. Иймд Б.Ариун-Эрдэнийг Булган аймгийн Засаг даргаас чөлөөлөхөөр болсон гэж зарлаж байлаа. Гэвч албан тушаалтайгаа байсаар сонгуультай залгаж буй нь энэ.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ 12.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГ
IV тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг 2022 оны аравдугаар сарын 6-нд АТГ-ынханд баривчлагдсан. Улмаар Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйтэй нь хамт хоёр сар цагдан хориод 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд сулласан байдаг. Учир нь, АТГ-аас Ж.Батзанданг туслах Г.Аюулгүйгээрээ дамжуулан Хөгжлийн банкнаас 12.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэж ийнхүү баривчилсан гэх мэдээллүүд гарч байлаа. Тодруулбал, Г.Аюулгүй нь Ж.Батзандангийн туслахаар ажиллаж байгаад түүний “ШИНЭ” намын дэд дарга болсон. Ингэхдээ Г.Аюулгүй нь Хөгжлийн банкны дамжуулан зээлдэгч Капитал банкнаас "Азийн“бамбар” ХХК, “Элит цамхаг” ХХК-аараа 12.6 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг.
ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ, “САХАЛ” Д.ЭРДЭНЭБИЛЭГТ "ҮЙЛЧИЛСЭН" ХЭРЭГ
V тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбатыг 2019 онд АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Ингээд Д.Эрдэнбатыг Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгт үйлчилж, түүний “Кью Эс Си” ХХК-д “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг авч өгөх ажиллагаанд оролцсон гэх баримтуудыг АТГ-ын мөрдөгчид, илрүүлж, шүүхэд шилжүүлсэн. Улмаар Д.Эрдэнэбатад 2020 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс төрд ажиллах эрхийг таван жилээр хасах, 4.6 жил хорих ял оноосон. Харин 2021 оны нэгдүгээр сард Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Д.Эрдэнэбатын 4.6 жилийн хорих ялыг 27 сая төгрөгөөр торгох ял болгон бууруулж, сулласан байдаг.
“НҮҮРС ХӨТӨЛБӨР”-ИЙН ХЭРЭГ
VI тойрогт нэр дэвшигч Э.Төмөрбаатар 2012 оны сонгуулийн дараагаас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Ажлын албанд зөвлөх, “Нүүрс” хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж эхэлсэн байдаг. Улмаар 2014 оны долдугаар сард АТГ-ын мөрдөгчид Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Н.Алтанхуягийн туслах М.Тулга, Н.Алтанхуягийн Ажлын албаны зөвлөх Э.Төмөрбаатар гурвыг баривчилсан. Э.Төмөрбаатарын тухайд зургаан сар хоригдоод суллагдсан байдаг. Гэхдээ Э.Төмөрбаатар энэ хэрэгт 2021 оныг дуустал шалгагдаж, АТГ-т “уяатай” байсан гэдэг.
АТГ-ААС ЗАРЛАСАН “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н ХЭРГИЙН АНХНЫ 17-ГИЙН НЭГ
VII тойрогт нэр дэвшигч, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нас, намтрынхаа талд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах, нөгөө талд нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн өмч болчихсон шахуу “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилласан нэгэн. Тиймдээ ч 2022 оны арванхоёрдугаар сард АТГ-аас “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ, түүний туслах асан, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нарыг “нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж буйгаа зарласан. Улмаар “Ажнай” Д.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Харин Р.Сэддорж “Тавантолгой” ХК-аас 350 сая төгрөгийн урамшуулал авсан гэгдээд “нүүрсний хулгай”-н хэргээс мултарч дөнгөдөг байдаг.
1.0 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АВЛИГЫН ХЭРЭГ
VII тойрогт нэр дэвшигч Р.Эрдэнэбүрэн 2016 оны дөрөвдүгээр сард АТГ-ынханд баривчлагдаж байв. Тодруулбал, түүнийг 2012-2015 онд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Орон сууцны үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ бусдаас их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэргээр ийн баривчилж байв. Үргэлжлүүлэн Р.Эрдэнэбүрэнг яллагдагчаар татаж, бусдаас авлигад авсан 1.0 тэрбум төгрөг төгрөгөөрөө Хан-Уул дүүргийн 11-р хороо, “Ривер гарден” хотхонд зургаан өрөө байр, хоёр автомашины зогсоол худалдаж авсан үндэслэлээр шүүхэд шилжүүлсэн. Гэвч 2018 онд шүүхээс Р.Эрдэнэбүрэн гэм буруугүй гэж үзэж сулласан байдаг.
“НАЧНЫ НАЙРАА”-НЫ ХЭРЭГ
VII тойрогт нэр дэвшигч, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах асан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат “начны найраа”-ны хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Тодруулбал, 2022 оны улсын баяр наадмын дараахан тухайн үеийн Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат, Улсын заан Н.Жаргалбаяр хоёрын утасны ярианы бичлэг сошиалд цацагдсан. Тус бичлэгт Н.Энхбат Н.Жаргалбаярт хандан “Чи тавын даваанд манай Нямааг амлачих. Тэгээд надад хүссэн тоогоо хэл” гэх яриа бичигдсэн байдаг. Үнэхээр ч 2022 оны улсын баяр наадмын тавын даваанд Улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг амлаж авсан. Улмаар Э.Нямаа Н.Жаргалбаярыг давж, Улсын начин цолны болзол хангасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2022 оны улсын баяр наадмаар Н.Жаргалбаяр Н.Энхбатаас мөнгө авч, Э.Нямааг начин болгосон байж болзошгүй нь энэ бичлэгээс илэрхий болсон тул АТГ-аас Н.Энхбат, Н.Жаргалбаяр нарт хавтас хэрэг нээж, шалгасан байдаг.
ЭВДЭРХИЙ ЭЛЕВАТОРЫН ШАХАА БА НДС, ЭМДС-ИЙН 230 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХЭРЭГ
X тойрогт нэр дэвшигч, АН-ын дарга асан С.Эрдэнийн авлига, албан тушаалын хоёр хэргийн нэг нь АТГ-т, нөгөө нь прокурорт бий гэдэг. Тодруулбал, ХХААХҮЯ-нд 12 тэрбум төгрөгөөр эвдэрхий элеватор шахсан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн 230 тэрбум төгрөгийг хууль бусаар Капитал банканд байршуулж, дампууруулсан хэргүүдээр С.Эрдэнийг 2019 онд АТГ-аас шалгаж эхэлсэн. АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн 2023 оны зургадугаар сард С.Эрдэнэд холбогдох Капитал банкны хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорт шилжүүлсэн гэж мэдээлсэн ч одоог хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байгаа.
АТГ-ЫН ХААЛГЫГ ХАМГИЙН ОЛОН ОНГОЛЗУУЛСАН УЛСТӨРЧ
XI тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг магад АТГ-ын хаалгыг хамгийн олон “онголзуулсан” хүн байх. Тэр 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж, 2014-2017 онд туслах, зөвлөх, ах дүү, амраг садантайгаа хамт АТГ-ын хаалга сахисан байдаг. Жишээ нь, 2014 оны дөрөвдүгээр сард АТГ-аас Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн хэргээр шалгаж эхэлсэн. 2014 оны долдугаар сард Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх, Н.Алтанхуягийн туслах М.Тулга, Н.Алтанхуягийн Ажлын албаны зөвлөх Э.Төмөрбаатар гурвыг “Нүүрс хөтөлбөр”-ийн хэргээр баривчилсан. 2016 оны есдүгээр сард Н.Алтанхуягийн зөвлөх, төрсөн дүү Н.Наранцэцэгийнх хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж асан Г.Дэнзэнг баривчилж байлаа. 2016 оны арваннэгдүгээр сард АТГ-аас Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон төрсөн эгч Н.Буянжаргалынх нь бэр Ц.Насанбат нарыг баривчилж, цагдан хорьж байлаа. Дараа нь, 2017 оны хоёрдугаар сард АТГ-аас Н.Алтанхуягийн “Хаан жимс” ХХК, “Мах экспорт” ХХК, “Хуба хаяа” ХХК-иудын оффист нэгжлэг хийж байв.
Сүүлд өнгөрсөн 2022 оны дөрөвдүгээр сард Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны 1.8 их наяд төгрөгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Ингээд болоогүй, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн ч хамгаалж үлдсэн байдаг. Улмаар 2023 оны зургадугаар сард шүүхээс Н.Алтанхуягийг гэм буруугүй гэж үзсэн байдаг.
“КОМИССЫН ХУВЦАС”-НЫ ХЭРЭГ
АН-ын жагсаалтаар нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Одонтуяа мх хэмжээний брэндийн бараа хуурамч гаалийн бүрдүүлэлтээр оруулж ирж, тойрогтоо тараасан байж болзошгүй хэргээр АТГ-т шалгагдаж байсан. Тодруулбал, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Дорноговь аймагт байрлах “Арвижих хоршоо” гэх аж ахуйн нэгжийн нэрээр 10 гаруй чингэлэг буюу 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн байдаг.
Ингэхдээ “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Гэтэл уг хувцас нь “комиссын хувцас” биш, нэр бүхий брэндийн хувцас байсан нь илэрч, их хэмжээний ам.долларын өртөг бүхий брэндийн хувцсыг хуучин хувцас хэмээн татвараас зайлуулсан. Энэ луйврыг тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдах замаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоосон гэдэг. Ноцтой нь, татвараас зугтаалгаж, хуурамч гаалийн бүрдүүлэлтээр оруулж ирсэн брэндийн хувцаснуудаа 2020 оны сонгуулиар тойргийнхоо сонгогдчдод тараасан баримтууд ч илэрсэн гэгдэж байлаа.
АТГ-ЫН ХААЛГА ТАТАЖ АСАН АН-ЫН НЭР ДЭВШИГЧИД |
|