Хөөрхий, М.Энхболдыг өрөвдөх ч шиг. Уг нь, анх МАН-ын даргын тамга, УИХ-ын дарга алх хоёулаа түүнийх байлаа, гэвч алдсан. Он удаан ноёрхсон “Хотын” гэх фракц ч түүнд байлаа. Хотын дарга хэн болохыг, хэр удаан даргалахыг ганцхан тэр шийддэг байв. Гэвч одоо түүнд “Хотын” фракц байтугай, Хангарьд ордны харуулыг ч томилох эрх мэдэл үгүй.
Төв аймгийн тойрог түүнийх байлаа. Төв аймгийнхан түүнийг, түүний “алтан партнер” бас “амьдаа” Н.Энхболдыг, мөн тэр хоёроос хормойдож нэр дэвшсэн өөр хэнийг ч “нүдээ аниад” дугуйлдаг байв. 2012 онд Су.Батболд, 2016 онд А.Сүхбат, 2020 онд Ж.Батжаргалыг гэх мэтээр. Гэтэл Төв аймгийн тойрог нь Дархан, Сэлэнгийн тойрогтой нэгдэж, 10 мандаттай төвийн бүсийн тойрог болж томссон. Уг нь ялгаагүй аймаг болгоноос гурван хүн, арай олон сонгогчтойгоос нь нэмэлтээр нэг хүн, нийт 10 хүн нэр дэвшүүлэх ёстой ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдод Төв аймгаасаа ганцхан Ж.Батжаргалыгаа л нэр дэвшүүлэхийг зөвшөөрсөн гэх. Харин “бонус”-д нь “алтан партнер” Н.Энхболдыг нь Хятадад Элчин сайдаар суулгаж, тэндээс нь тэтгэвэрт гаргах санал тавьжээ. Буруу бяруу тэжээснийх үү, зуумтгай хүнтэй зууралдсаных уу, эсвэл угаас улс төрийн ямбаных нь хугацаа дуусчихсаных уу, мэдэхгүй. Ямартай ч, тамгаа, алхаа, бүлгээ, фракцаа гээд байдгаа алдсан М.Энхболд эцэст нь тойргоо ч алдаж, одоогоор өмчлөх ганц “юм” нь “Өнжүүл”-ийн Ж.Батжаргал нь л үлдэж буй бололтой.
Гэвч Ж.Батжаргал ч мөн саарал ордонд М.Энхболдын орыг залгаж, орон зайг нь нөхөж суух сонирхолгүй болж байгаа бололтой юм. Өөрөөр бол, Ж.Батжаргал М.Энхболдын нэр, нөлөөний “сүүдэр”-т явахаас залгаж, бие даахаар бага багаар бэлтгэж хангаж буй дүр зураг ажиглагдах болов. Ер нь ч Ж.Батжаргал насаар М.Энхболдоос гурав л дүү. Тэгээд ч саарал ордонд дөрвөн жил суугаад, сул гишүүнээр ч болов олонд харагдчихлаа. Тиймдээ “барын сүүл байснаас батганы толгой байх” зарчмаар Төв аймгийнхаа төрийн албанд ахлах мэргэжилтэн, алба хэлтсийн даргаас нь эхлүүлэн өөрийн хүмүүсээ тавьж, нөлөөллөө тогтоогоод эхэлчихжээ. Ингээд жагсаалтыг танилцуулъя.
-
Эхнэр Ц.Ариунаа нь Төв аймаг дахь төрийн өмчит “Хүмүүн” цогцолбор цэцэрлэгийн захирал
-
Охин Б.Нямсүрэн нь Төв аймгийн Аудитын газрын аудитор
-
Хадам эгч Ц.Ариунсайхан нь Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ИТХ-ын төлөөлөгч
-
Ахынх нь хүү М.Ариунболд Төв аймгийн Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгч, Монголын үндэсний морин уралдааны уяачдын холбооны тэргүүн
-
Ахынх нь охин М.Анхчимэг Төв аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Ахлах мэргэжилтэн
-
Эгчийнх нь хүү Б.Насанжаргал Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга
-
Эгчийнх нь бэр Г.Ариун-Уянга нь Төв аймгийн ЗДТГ-ын Нягтлан бодогч
-
Эгчийнх нь хүү Б.Сансар Төв аймгийн ЗДТГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга
-
Эгчийнх нь хүү Г.Түмэнжаргал Төв аймгийн ЗДТГ-ын Аудитор
-
Эгчийнх нь хүү Н.Ууганбаатар Төв аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Нягтлан бодогч
-
Сонгуулийн менежер Ч.Сарангэрэл нь Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Зуунмод хотын захирагч гэх мэтээр төрийн албанд тухалцгаажээ.
Нэмээд, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Төв аймгийн ИТХ-ын дарга асан Ц.Энхбат, Төв аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Ганхуяг нар УИХ-ын гишүүн Ж.Батжаргалтай “Төв аймгийн морин спорт уяачдын холбоо”-г хамтран эзэмшиж, удирддаг, хурдан морины хобби нэгтэй дүү нар нь. Тэгэхээд тэд ч мөн Ж.Батжаргалын жагсаалтад багтана гэсэн үг. М.Энхболд ч мөн урьд нь яг ингэж Монголын морин спорт уяачдын холбоогоор дамжуулан Төв аймагт ноёрхлоо тогтоож байлаа.
Ингэж харвал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Төв аймаг дахь нөлөөллөө тун хурдацтай томруулж буй бололтой юм. Энэ эрчээрээ явбал, одоо аудитор, ахлах мэргэжилтэн, алба, хэлтсийн дарга хийж байгаа дүү нар нь ирэх дөрвөн жилд газар, газрын дарга болцгоох нь тааж цөхөх зүйл биш. Төрийн алба нь бүхэлдээ түүний гарт орчихвол тэр цагт Ж.Батжаргал М.Энхболдын заавар, зөвлөгөөрөөр хөдлөх нь юу л бол. Товчхондоо, “МАНАН”-гийн эзэн гэгдэж төрийн тайзнаас хөөгдсөн М.Энхболдын “хойд дүр” Төв аймгаас дахин тодорно гэсэн үг юм.
М.ЭНХБОЛДЫН ЭЦСИЙН НАЙДВАР БА Ж.БАТЖАРГАЛЫН ДАЛД САНААРХАЛ |
|