• Өнөөдөр 2026-06-16

БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД

2026-06-16,   374

     Намайг хүүхэд байхад  Дархан хот ямар гоё цэвэр цэмцгэр орчинтой байсан юм бэ. Шинэ, Хуучин хорооллын байрууд  баригдаад 10-20 жил болж байсан болов уу. Хотын гудамж, талбай цэвэрхэн, ямар ч хог, шороо харагдахгүй. Хотын иргэд, хүүхэд хөгшидгүй  автобусанд дугаарлан орж суудаг байв. Үйлдвэрийн ажилчин залуус, тэдний үр хүүхдүүд бужигнаж шуугсан их хөл хөдөлгөөнтэй хот байсан санагддаг. Тэр үеийн айлууд олон хүүхэдтэй байсан. Хүүхдүүд байрны гадаах тоглоомын талбайд ёстой нэг буцалдаг байж.  Зуны орой үдэш байруудын гаднах тоглоомын талбайд залуус гадаадын мэргэжилтэн нартаа гар, хөл бөмбөг тоглоно. Өвлийн улиралд Орос клубийн хажуугийн мөсөн гулгуурын гэрэлтүүлэгтэй талбайд оройжин хоккей тоглодогсон.

    Шинэ Дарханы байруудад Унгар, Чех, Румын, Польш, Болгар Улсын мэргэжилтэн нар амьдардаг байлаа. Харин Хуучин Дарханд тэр чигээрээ орос айлууд амьдардаг байв. Оросын хүүхдийн IV болон 20-р сургууль, орос цэцэрэлэг, хоёр давхар дэлгүүр, жижиг бараа, “Орос клуб”, орос цэргийн II болон III батальон, “Оросын хүүхдийн хөгжмийн сургууль”, “СОТ-1” буюу үйлдвэр бааз гээд оросын албан газрууд тоймгүй олон. Одоо бодоход тэр үед 20-30 мянган орос Дарханд амьдарч байсан болов уу.

     Деревн буюу Тосгонд ардын хувьсгал ялахаас өмнө 1905 оны өлсгөлөнгөөс дөрвөн амьдрал хайж Монголд нүүж ирсэн суурин орос, хятад багагүй айл  амьдарч байлаа. Манайх  Нарийн гудамж буюу Цахирын гудамжинд байсан. Гудамжны урд болон хойно борооны уснаас үүссэн том нуур шиг тогтоол ус үүсдэг байв. Гэтэл одоо тэнд айлууд гудамлан буучихсан байна. Манай гэрийн баруун талд  Чи Шү гэх хятад айл, Зүүн талд Александр буюу Алагаа гэх орос айл байдаг байлаа. Чи Шү гэдэг хятад өвөө өглөө бүхэн ногоогоо усалж, хашаагаа шүүрдэж харагдана. Харин орой болохоор орос авгайчууд цэцэгтэй том цагаан алчуураа мөрөн дээрээ тохож, сугадалцан хэлхэлдэж гудамжаар дуулалдан явна. Эрчүүд нь кепик малгай хазгай тавьж, бакал гутлынхаа түрүүг эргүүлж өмсөн баян хуур хөгжмөө хангинуулж гарна. Самогондоо халамцсан оросуудын дуулж, бүжиглэх концерт шахуу тоглолтыг үнэгүй үзнэ.

      Орос айлууд гудамж руу байшингийн цонхоо харуулж барьсан байдаг. Өндөр тогоруун худгаар нь орос айлыг таних хялбар. Байшингийн цонх нь модон хаалттай. Цонхоо тойруулж хайс, хашаа барьж жимсний мод тарьсан байдагсан. Орос айл бүхэн хашааныхаа гадаа модон сандалтай. Ногоо тарьж, галуу, гахай, тахиа , үхэр тэжээнэ. Үүрээр тахиа нь донгодож, өглөө галуу нь Хар-Усны Галуутын тохой руу ганганалдан цувна. Голын эрэг дагуух зарим орос айлууд голоос хашаа хүртлээ модон зам тавьсан завьны зогсоол хийсэн байдаг. Хааяа нэг Хар-Усанд завиар явж харагдана. Яг л кинон дээр гардаг Оросын Деревн тэр чигээрээ байсан.

    Харин хятадууд тэр болгон гудамжаар үзэгдэж харагдах нь тун ховор. Хааяа нэг дугуй унасан хятад настай хүмүүс явж  харагдана.  Ер нь хашаанаасаа бараг л цухуухгүй. Хятадууд Деревний 6-р дэлгүүрийн үүдэнд өвсөн болон дэрсэн шүүр, хогийн хутгуур, халуун ногоо, тогооны угаалтуур, цайны шүүр зэргийг зарж сууж үзэгдэнэ. Монгол хүүхдүүд орос хүүхдүүдтэй ихэвчлэн тоглоно. Хятад аавтай, монгол ээжтэй хүүхдүүдтэй монгол хүүхдүүд огт тоглохгүй. Орос, Хятад улсын харилцаа муудсан үе байсан болохоор монголчууд хятад хүмүүстэй харилцахдаа болгоомжилдог байжээ.

     Тэр үеийн ах, эгч нар өргөн тарпиз өмд, өндөр зузаан ултай гутлаар гангарна. Харин бидний үеийн 1970-1980 оны багачууд  “АББА”, “ВОНЕМ”, “Модерн Токинг”, “Рики Повер”, Рекарда Поле, Сандра Ким, Кетчи, Умберто Тоци, Тото Кутуно, Албено Ромина Повери, Пупо зэрэг хамтлаг дуучдын дууг сонсоно. Хүүхэд, залуус маангаа гэдэг бүжигнээс брек хэмээх бүжиг руу хошуурч байлаа. Миний үеийн хүүхдүүд ихэвчлэн нарийн бариу, өмдөөр гангардаг байснаа, сүүлдээ өргөн дүүжин банана өмд өмсөж, панк маягаар хувцасладаг болсон. Манай үеийнхэн орой болохоор Хараа голын эрэг болон гудамжны үзүүрт бөөгнөрч суугаад гудамжны хэмээх тодотголтой зохиомол дуунуудыг дуулна. Үдшийн бүрий хүртэл гудамж дамжин хэсэж гитарчин, дуучин хүүхдүүдийн дууг сонсож явдаг байв.

     Бидэнд үзэх харах юм хомсхон. Монгол телевиз долоо хоногийн гурван өдөр бичлэгээр гарсан болно. Бусад үед “ОРТ-1“, “РТР” сувгийг шууд хүлээн авч л харна. Монгол телевизээр “Аминаас чухал үйлс”, “Нохой 4 танкчин”, “Дөлгөөн Дон” ,“Хаврын 17-н учрал”, “Баригдашгүй өшөө авагч”, Төмөр ба түүний команд”, “Үхлийн архив”,  “Апачи” зэрэг олон ангитай кино гарна. Тэдгээр киног үзсээр байгаад үйл явдлыг нь бараг л цээжилчихсэн байдаг байв.   Деревний хүүхдүүд зун Хараа голын усанд орно. Намар дугуйгаар Булагтай руу явж мойл түүнэ. Хавцал, Орхон, Хараагийн бэлчирт очиж загасчилна. Өвөл, цана, тэшүүрээр гулгана. Хараа гол дээр хоккей тоглоно. Харин 1980-аад оны сүүлчээр брек бүжиг дэлгэрэх үед хаана л хүн их  байна. Тэнд “1000-ын магнитфон” барьсан хүүхдүүд цугларч брек бүжиг хийж харагддаг байлаа. Ер нь хүүхэд, залуусын орой үдэш хамгийн их цуглах дуртай газар Төмөр замын вокзал байсан. Гитартай охид, хөвгүүд.

Хаяагаар нь Хараа урссан

Ханагархан Дархан нутгаа хө

Ханшгүй хайраа өгсөн

Хайртай ээжийн нутгаа хө

Буг согоо урамдсан

Бурхантын хөндий нутгаа хө

Буцашгүй хайраа өгсөн

Буурал аавын нутгаа хө

Алтан соёмбо нь гялалзсан

Азийн цагаан дагинаа хө

Амьдралын оч нь гялалзсан

Алдрайхан Дархан нутгаа хө ... гээд л дуулна.

     Тэр үеийн Дарханы хүүхдүүд математик, физик, орос хэл, урлаг, спортоор Монголдоо тэргүүлдэг байсан. Орос, Чех, Румын, Болгар, Польш, Унгар зэрэг ах дүү зургаан орны мэргэжилтэн нарын хүүхдүүдийн хүмүүжил, соёл бидэнд чухал нөлөө үзүүлдэг байсан байж магадгүй. Ер нь манай 1970-аад оныхон их аз хүмүүс гэж би боддог. Бид хоёр нийгмийн амьдралыг үзэж харлаа. Социализм, коммунизмын хаалттай дарангуйлалыг ч үзлээ. Ардчилсан нийгмийн чөлөөт, эдийн засгийн алдаа, оноогч биеэр туулж явна. Дархан хотын унаган иргэд бид л энэ хотоо хөгжүүлж, энэ хотынхоо түүхийг бичих ёстой.

 

 


 

 


БИ ДЕРЕВНИЙ ХҮҮХЭД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188