• Өнөөдөр 2026-06-05

САГСАН БӨМБӨГИЙН 3Х3-ЫН “МОНГОЛ ХАРВААЧ”

2026-06-05,   19

Сагсан бөмбөгийн спорт оргилдоо хүрч хөгжсөн Европ, АНУ-ын тамирчид онигор нүдтэй, навтгар жижиг биетэй Ази хүмүүс хэзээ ч сагсан бөмбөгөөр дэлхийд амжилт гаргахгүй гэж ярьдаг байлаа. Манай гутранг үзэлтэнгүүд хүртэл Монгол хүн сагсан бөмбөг тоглож чадахгүй гэдэг байсан үе аль хэдийнэ ард үлдэж, өнгөрөн оджээ. "ФИБА 3х3” Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос  “Шилдэг шинэ залуу” тоглогчдыг зарласан бөгөөд тус жагсаалтад манай улсын “Улаанбаатар ММС энержи” багийн тоглогч ОУХМ Ариунболдын Ананд багтаж, дэлхийн “Шилдэг сагсчин” болсон юм.

    “Парис-2024” олимпын эрх олгох тэмцээн Унгар Улсын Дебрецен хотод болох үед Монголын баг, тамирчид шилдэг тоглолтыг үзүүлж, Европ тивийн шилдэг багууд болох Франц, Итали, Израилийн багуудыг хэсгийн тоглолтод хожиж ёстой нэг шуугиан дэгдээж, түймэр асааж эхэлсэн юм. Европ, Америкийн багууд Монголын багийн гол тоглогч “Монгол харваач” хэмээх Ариунболдын Анандын холын шидэлтийг ямарч хамаагүй аргаар зогсоохыг хүсэж байлаа. Тэд шүүгчидтэй нийлж хуйвалдаач “Монгол Харваач”-ийн шидэлтийг зогсоож чадахгүй байсан юм.

    Ёстой нэг “Үйлээ үзэж, үсээ зулгаах” нь холгүй байсан Европын багуудын хамгийн бохир сүүлчийн арганд нь А.Ананд маань гэнэдээд орчихсон. Израиль Улсын багтай тоглох үед А.Анандыг хоёр тамирчин  хамгаалж, түүнийг тохойлдох, дэгээ тавих, өмсгөлөөс нь татаж, чангаах зэргээр бохир тоглолт хийж байсан ч шүүгчид Израилийн тамирчдыг торгохгүй л байв. А.Ананд ёстой нэг холын зайн шидэлтийн оноогоор “Бороо” оруулж байлаа. Израилийн багийн тамирчид А.Анандыг аль болохоор уурлуулж, шатаасан сэтгэл зүйн дайралт хийх бохир арга хэрэглэхийг хичээж байлаа.

    Түүнийг хоёр тоглогч шахаж араас нь түлхэж газар унагасан юм. А.Ананд босож ирээд түлхсэн тоглогчийг зөөлөн мөргөх дүр үзүүлэн, эсэргүүцлээ илэрхийлсэн. Яг тэр мөчийг анаад, хүлээж байсан Израилийн тоглогч жүжиглээд үсрээд газар уначихсан.  Хөл бөмбөгийн ДАШТ дээр Италийн тамирчин, Францын Зиданыг өдөж, ээжийг нь доромжилж, сэтгэл зүйн хувьд шатаах бохир тактик хэрэглэсэн шиг зүйл болсон билээ. Шүүгчид А.Анандыг араас нь түлхэж газар унагасан Израилийн тамирчныг биш, А.Анандыг спортын бус алдаа гаргасан гэж дараагийн хоёр тоглолтод оролцох боломжгүйгээр талбайгаас хөөсөн.

    Үүнээс нь болоод гурван гишүүнтэй болсон Монголын баг Парисын олимпын 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээний хагас шигшээд Польш Улсын шигшээ багийн эсрэг тоглож 22:20 гэсэн хоёр онооны зөрүүтэйгээр хожигдсон. Уг тоглолтод хожсон бол Монголын баг “Парис-2024” олимпын эрх авах байв. Энэ бүхний бурууг А.Анандад үүрүүлэн, түүнийг буруутгасан дайралтууд эхэлсэн юм. Харин А.Ананд өөрийн цахим хуудаснаа "Эцсийн мөч хүртэл тэмцсэн баг хамт олноосоо уучлалт хүсье. Хэсэгхэн зуурын уураа барьж чадаагүйдээ маш их харамсаж байна. Надад маш том сургамж боллоо гэж харж байна. Алдаанаасаа сайн суралцахыг хичээж, дахин та бүгдийнхээ итгэл найдварыг алдахгүй байхыг хичээх болно. Маш их харамсаж байна. Дахин та бүхнээсээ уучлалт хүсье" гэж бичиж байлаа.

    Тэр үед олон хүн А.Ананд руу дайрсан. Багийнхаа төлөө тэсээд дэвчээд тоглохгүй арчаагүй “Амьтан” гээд ам, хэлээ билүүдэж, “Дайран дээр давс” нэмсэн. Тухайн үед А.Ананд багийнхаа гурван гишүүн болон Монголын ард түмнээсээ уучлалт гуйсаар л байсан. Залуу тамирчны сэтгэл зүйд тэр таагүй үйл явдал маш хүчтэй нөлөөлсөн. “Парис-2024” олимпын эрхийн тоглолтын дараа олны хэл амнаас залхсан А.Ананд хэсэг хугацаанд сагсан бөмбөгөөсөө хөндийрсөн. Удаан хугацааны дараа тэр сагсан бөмбөгтэй эргэн ирсэн боловч өмнөх “Монгол харваач”-ийн оночтой шидэлт, хурдтай оролт, цагариг дээрээс довтлох шилдэг тоглолтууд үгүй болсон байв.  Түүнд “Израилийн хараал” хүрчихсэн мэт болчихсон.

     Дэлхийн “Шилдэг залуу тоглогч”  А.Ананд 1997 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр мэндэлжээ. Түүний тамирчны замнал “TLJ-13” багаас эхлэлтэй. МУГД Сүхбаатарын Тулга байрныхаа гадаа хүүхэд, залууст зориулан сагсан бөмбөгийн шийд босгосон гэдэг. Тэр шийдэн дээр өдөржин тоглож өнждөг хүүхдүүдийн нэг нь А.Ананд байсан юм билээ. Түүнийг 13 настайдаа “Sprite” лигт тоглож байхад нь МУГД С.Тулга анзаарч, анх олж харсан гэсэн. А.Ананд 2019 онд Япон Улсын “Жобу” их сургуульд сурч байхдаа сургуулийнхаа гарааны таван тоглогчийн нэг нь болж чаджээ. Харин тэрбээр сагсан бөмбөг тоглохын тулд тэр тусмаа  Монгол Улсынхаа “Улаанбаатар ММС энержи” багт тоглохын тулд Япон Улсын “Жобу” их сургуулиа гуравдугаар курсээс нь орхин, МУГД С.Тулгын хүсэлтийг хүлээн авч сэтгэлийн дуудлагадаа хөтлөгдөн эх орондоо ирж байжээ.

    Тэрбээр Монголдоо ирээд сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг болж чадсан юм. “Жазарта-2018” Азийн наадмаар шигшээ багт анх дуудагдсан А.Анандын ур чадвар жилийн дараагаас тогтвортой өссөн юм. Сагсан бөмбөгийн 3х3-ын  “Сансар ММС Energy” багийн ахлагч болж, 3х3 сагсан бөмбөгийн 2022 оны ДАШТ, Азийн аваргын тэмцээнд  амжилттай оролцож,  Ази тивийн шилдэг тоглогчийн нэг гэдгээ батлан харуулж чадсан. 2023 оны 3х3 Азийн аварга шалгаруулах тэмцээний финалд “MR. BUZZER SHOT” хийж  монголынхоо багийг Ази тивийн хошой аварга болгосон билээ. Үндэсний шигшээ Азийн цомын тэмцээнд түрүүлэхэд болон хүрэл медаль хүртэхэд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэсэн, шигшээ багийн гол тоглогч болсон юм.

   “ФИБА 3х3” Олон улсын сагсан бөмбөгийн холбооны сайтад “ Монгол Улсын баг дэлхийн цомын тэмцээнд төдийлөн амжилт үзүүлж чадаагүй ч “Монголын сор” болсон залуу тамирчин А.Ананд биднийг гайхшруулж чадсан. Тэр “U23” насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр  яг л “Араатан” шиг байж, амжилттай тоглосон. Цаашдаа дэлхийн цомд амжилт үзүүлэх нь түүний хувьд цаг хугацааны л асуудал” хэмээн бичиж байлаа.

     ОУХМ А.Ананд  “Manila Masters-2022” тэмцээний үеэр дөрвөн удаагийн тоглолтоор 30 оноо авч өрсөлдөгч нараа буулган авсан амжилтаараа цойлсон. А.Ананд 196 см өндөртэй тамирчин. Тэрбээр холын зайн шидэлтийг үсрэлтэн дундаа агаарт оновчтой хийх онцгой чадвараараа алдаршин, хөгжөөн дэмжигчдийнхээ дунд “Янки Ариунболд” гэдэг нэртэй болсон. Харин түүнийг гадаадын сагсан бөмбөгийн тамирчид “Монгол харваач” хэмээн нэрлэдэг. Олон улсын сагсан бөмбөгийн холбооны хөгжөөн дэмжигчдийн санал хураалтаар сонгогддог 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн 2022 оны “Шилдэг тамирчин”-аар  Монголын “Сансар ММС Energy” багийн ахлагч А.Ананд шалгарсныг 2023 оны хоёрдугаар сарын 14-нд Женевт зарлаж байсан билээ.

    А.Ананд Хятадын "Шанхай Суртай" багийн бүрэлдэхүүнд нэгдэн тоглож байв. Харин 2025 онд үзэгч хөгжөөн дэмжигчдийн зүгээс дахин багагүй шүүмжлэлийг сонсох болсон юм.  2025 оны Азийн аваргад амжилт тааруухан тоглосон. Монголд болсон “FIFA 3x3 Super Quest 2025” тэмцээнд мөн л амжилттай тоглож чадаагүй. Энэ бүхэн түүний бэлтгэлжилт, багийн дасгалжуулагчийн ур чадвараас шалтгаалсан байхыг үгүйсгэх аргагүй. Анхны дасгалжуулагч МУГД С.Тулгатай ажиллах юм бол тэрбээр дэлхийд эргэн гялалзах нь дамжиггүй.

   Харин Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан МУГД С.Тулга "А.Ананд гэдэг залууг маань тайван байлгахыг хүсэж байна. Алдаа гаргасан нь үнэн.  Тэр амжилт, ялалт гаргаж “MGL 3x3” гэдэг том брэнд болсон спортыг олон улс, дэлхийд яригдах хэмжээнд авч ирсэн залуу юм. Мэдээж “MGL 3x3 гэр бүл” Монголын сагсан бөмбөгт хайртай, дуртай хүмүүсийг маш сайн ойлгож байна. Амьдрал баялаг алдаагаа засаад дахиад “MGL 3x3 Family” олон улс, тив, дэлхийд томоор ирэх нь цаг хугацааны асуудал юм. Ялж ялагдахад үргэлж хамтдаа байж, залуус болон шигшээ багийн хамт олонд урам дэм өгөөрэй. Бид нэг баг. Бид нэг монголчууд" хэмээн бичиж байв.


 

 


САГСАН БӨМБӨГИЙН 3Х3-ЫН “МОНГОЛ ХАРВААЧ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188