• Өнөөдөр 2024-04-26

Балетчин Б.САРУУЛ: 32 насандаа хөдөлмөрөө үнэлүүлж, МУГЖ болсондоо баяртай байна

2021-02-08,   2829

Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч, өнөөдөр МУГЖ цол хүртсэн Б.Саруултай ярилцлаа. Тэрбээр  П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан, хар хун, А.Аданы “Жизель”-ийн Жизель, П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша гүнж, “Нойрсож буй гүнж” балетын Аврора гүнж,А.Адан “Корсар” балетын Па-де-де,  Л.Минкус “Дон Кихот” балетын Китри, Л.Минкус “Пахита” балетын Гоцлол, А.Хачатурян “Спартак” балетын Фригия, Эгина, Р.Щедрин “Кармен-сюит” балетын Кармен, Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Сванильда, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетын Нансалмаа, Э.Чойдогийн “Чойжид дагина” балетын Чойжид дагина зэрэг дэлхийн сонгодог болон үндэсний балетын жүжгүүдэд гол болон туслах дүрүүдийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч юм. 

-Танд МУГЖ хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Шагнал гардан авах мөчид ямар мэдрэмж төрж,  чухам юу бодогдсон бэ?

-Баярлалаа. Шагнал гардан авах мөчид тайзан дээр гарч бүжиглэхээс илүү сандарлаа. Балет ярьдаг биш, биеэрээ хөдөлж үзүүлдэг урлаг. Сэтгүүлчдэд ярилцлага өгөх гэхээр хоолой зангирч, уйлах гээд байлаа. 32 насандаа хөдөлмөрөө үнэлүүлж,  МУГЖ болсонд баяртай байна. Сэтгэл маш өндөр байна. Гэр бүл, аав, ээжийгээ баярлуулж байгаа өөртөө баярлаж байна. Мөн МУУГЗ Н.Энхтуяа, МУГЖ Х.Гэрэлчимэг хоёр багшдаа талархлаа. 

-Та МУГЖ шагнал хүртэх болсноо хэнд хамгийн анх дуулгав. Тэд танд юу захиж, ямар урмын үг айлдсан бэ?

-Би МУГЖ шагнал хүртэх болсноо хоёр хоногийн өмнө мэдсэн. Хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ дуулгасан. Дараа нь хоёр багшдаа утсаар хэлсэн. Олон хүн урмыг үг хэлж, баяр хүргэж байна. Х.Гэрэлчимэг багш маань "Нас чинь залуу байгаа боловч балетын урлагт залуу биш. Тийм учраас хойч үеэ бэлдэж, сурсан мэдсэн бүхнээ өвлүүлж, уламжлах хэрэгтэй шүү" гэж захисан. Багшийнхаа хэлсэн захиасыг биелүүлнэ гэж бодож байна. 

-Таныг МУГЖ болоход гэр бүлийнхэн нь ихэд баярласан байх. Аав, ээж нь баярын сэтгэгдлээ хэрхэн илэрхийлсэн бэ?

-Надаас илүү ээж минь их баярлаж байна. Охиноо балетчин болгох ээжийн минь мөрөөдөл байсан. "Мөрөөдлийг минь биелүүлж өгсөн охиндоо их баярлалаа" гэсэн. Юм ярихаараа уйлчих гээд бүгдээрээ л баяр хөөртэй байна.

-Та сурсан мэдсэн бүхнээ хойч үедээ өвлүүлэн үлдээх үүрэгтэй боллоо. Хэзээнээс хойч үеэ бэлдэж эхлэх вэ?

-Балет залуу насны урлаг. Би одоо тайзан дээрээ ид бүжиглэж байна. Манай багш бүжиглэхийнхээ хажуугаар заах арга барилд суралцаж, ойлгох хэрэгтэй гэсэн. Эхний ээлжинд өөрөө бүжиглэхдээ анхаарна. Одоохондоо багшлах цаг нь болоогүй байна. Цаг нь болохоор багшилна. МУГЖ хэмээх нэр хүндтэй шагналыг  авч явах үүрэг, хариуцлагатай боллоо. Тийм учраас үүргээ сайтар ухамсарлаж, хичээх болно.

-Таныг балетчин болоход, энэ урлагтай амьдралаа холбоход юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Би багадаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Балетчин болно гэж бодож байгаагүй ч бүжигчин мэргэжилтэй болохыг мөрөөдөж байлаа. Ээж маань анх ДБЭТ-т дагуулж очоод “Уран хас” бүжгэн жүжгийг үзүүлж байсан юм. Түүнээс хойш балетын урлагт дурлаж, балетчин болох мөрөөдөлтэй болсон. Тухайн үед хөлийнхөө хуруун дээр зогсож бүжиглэж байгаа бүжигчдийг хараад гайхширч, үүнээс илүү төгс зүйл гэж байх уу гэж бодож байсан.

-Хүн болох хамгийн анхны суурийг аав, ээж нь тавьдаг. Таныг аав, ээж тань хэн болгохыг зорьж, хэрхэн хүмүүжүүлсэн бэ?

-Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Миний аавыг Л.Баясгалан гэдэг, цэргийн нисгэгч мэргэжилтэй. Цэргийн зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажилладаг. Ээж Н.Байгалмаа маань эдийн засагч мэргэжилтэй. Төрийн албанд 35 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Өдий зэрэгтэй яваа минь аав, ээжийн минь ач гавьяа. Гэр бүлийн хүмүүжил бол хамгийн чухал боловсрол. Аав минь цэргийн хүн болохоор хатуу, ширүүн хүн шиг харагддаг. Гэвч дотроо маш зөөлөн хүн. Намайг хатуужилтай болгож өсгөсөн нь балетын урлагт ороход нэмэр болсон. Ээж минь ухаан хайрласан урмын үг их хэлдэг.  Хүний үгийг сонсож сурах, биенээ хүндлэх ухаанд сургасан. Би өөрийгөө гэр бүлийн хүмүүжил сайтай өссөн гэж боддог. Балетын урлагт хөл тавихад аав, ээж минь их дэм болсон. Миний юунд дуртайг мэдэрч, багаас минь мэргэжлээ зөв сонгоход тусалсан.

-Бүтэн өдрийн турш, магадгүй сар, жилийн турш эрч хүчээ хадгалахын тулд ямар дэглэм баримталдаг вэ?

-Балетчид биеийн онцлогоос шалтгаалж янз бүрийн дэглэм барьдаг. Тодорхой ганц дүрэм байхгүй. Балетчин хүний хамгийн чухал зүйл бол дасгал хөдөлгөөн. Дасгалаа тууштай хийх нь биеийнхээ галбираа хадгалахад нөлөөлдөг. Бид мөн өөрсдийн биеийн онцлогтоо тааруулж дэглэм барьдаг. Би дасгал, хөдөлгөөн бага хийхээрээ  их идэх гээд байдаг. Тийм болохоор хоол хүнсэндээ анхаарч, гурил, чихэрлэг бүтээгдэхүүн бага хэрэглэхийг хичээдэг.

Дүр бүрээ хүч, хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээж бүтээдэг

-Та 15 жил театртаа ажиллахдаа чамгүй олон дүр бүтээсэн. Таны хамгийн хайртай, мөн чамлалттай санагддаг дүр аль нь вэ?

-Би тоглосон бүх дүрдээ хайртай. Яагаад гэвэл, дүр бүрээ хүч, хөдөлмөр, сэтгэл зүрхээ шингээж бүтээдэг. Урлагийн хүн хийсэн, бүтээсэндээ сэтгэл ханадаггүй гэж боддог. Хэрвээ сэтгэл ханачих юм бол түүнээс илүү бүтээл туурвиж чадахгүй. Тийм болохоор тоглосон дүр бүрдээ чамлалттай ханддаг. Хамгийн чамлалттай дүр бол “Хунт нуурын” хар, цагаан хун. Өмнө нь олон сайхан хун үзэж байсан болоод ч тэр юм уу, эсвэл гаднын алдартай жүжигчдийг үзэж, харснаас  ч болсон уу, өөрт чамлалттай санагддаг. Үүнээс илүү сайхан дүр бүтээх юм сан гэж хичээж тоглодог. Хэдэн дүрд тоглосноо тоолж үзээгүй. ДБЭТ-т тавьж байгаа бүх балетын гол ба туслах дүрд тоглосон.

-Та балетаас өөр төрлийн бүжгээр хичээллэж байв уу. Балет бусад бүжгийн төрлөөс ямар ялгаатай вэ?

-Багадаа монгол бүжиг, цэнгээнт бүжиг, орчин үеийн бүжгээр хичээллэдэг байлаа. Балетаар хичээллэхээс өмнө Монголын хүүхдийн ордны бүжгийн дугуйланд явдаг байсан. Бүх төрлийн бүжгэнд дуртай. Тэр дундаа монгол бүжигт их хайртай. Балетын бол бүжгийн урлагийн оргил. Бусад төрлийн бүжиг балетын бүжгийн дасгалыг суурь болгож заадаг.

-Хөлийн өлмий дээр удаан хугацаагаар зогсож бүжиглэхэд ямар нэгэн өөрчлөлт гардаг уу?

-Хөлийн хуруун дээр бүжиглэнэ гэдэг хэцүү. Балетаар хичээллээд жил гаруйн дараа хөлийн хуруун дээрээ зогсож бүжиглэхийг заадаг. Биеийнхээ бүх жингээр хөлийнхөө хуруун дээр зогсож бүжиглэхээр их ачаалал мэдрэгддэг. Хөлийн ясанд хүртэл өөрчлөлт ордог. Арьс шалбарах, хумс унах зэрэг бэртэл гардаг. Хурууны үзүүр дээр хоёр, гурван цаг бүжиглэнэ гэдэг маш хэцүү.

-Хамгийн анх тайзан дээр ямар дүрээр гарч байсан бэ. Тухайн үед ямар мэдрэмж төрж, юу бодогдож байв?

-Анх ДБЭТ-ын тайзан дээр “Шелкунчик” балетын Маша гүнжийн  дүрээр гарч байсан. Тухайн үед бага байсан болохоор хүнд хэцүүг нь мэдэхгүй, тайзан дээр бүжиглэх ямар гайхамшигтай юм бэ гэж бодож байсан.

-Балетаар хичээллэхэд шантрах үе их гардаг байх. Тэр бүхнийг хэрхэн давж гарсан бэ. Балетаар хичээллэж буй залууст юу зөвлөх вэ?

-Суралцаж байх хугацаанд болон ДБЭТ-ын тайзан дээр гарахаар бэлдэж байхдаа маш их шантарч байсан. Тухайн үед ээж минь урмын үг хайрлаж, зоригжуулдаг байлаа. Балетын урлаг хүүхэд байхаас минь хатуужилтай, тэсвэр, тэвчээртэй болгож хүмүүжүүлсэн учир шантрах үедээ өөрийгөө ялан дийлж сурдаг. Тэгж байж л аливаа уран бүтээлийн ард гардаг даа.

-Балетын урлаг хүний зан төлөвт нөлөөлдөг байх. Та балетчин болсноор ямар чанарыг өөртөө бий болгосон бэ?

-Тууштай байх чанар хамгийн чухал. Ганц зүйл болохгүй байлаа гээд зогсох бус, түүндээ хүрэхийн тулд тууштайгаар өсөж тэмүүлж байж зорилгодоо хүрдэг. Хамгийн чухал чадвар бол шантарсан ч түүнийг давж гарах хатуужил, сэтгэл зүй. Мөн гоо зүйн мэдрэмж зан төлөвт их нөлөөлдөг. Энэ бүх чадвар хувийн амьдрал дээр хэрэг болдог. Эмэгтэйчүүд харахад уян налархай боловч их хатуужилтай, аливаад нугарч унадаггүй, зоригтой, тэвчээртэй хүмүүс байдаг.

-ДБЭТ-т ороод удаагүй  байхдаа “Хунт нуур”-ын хар, цагаан хунгийн дүрийг бүтээсэн гэсэн. Та тухайн дүрийг ямар өнцгөөр хэрхэн илэрхийлэхийг хичээсэн бэ. Хэцүү зүйл юу байв?

-Сургуулиа төгссөнөөс хойш нэг жил гаруйн дараа “Хунт нуур”-ын хар, цагаан хунгийн дүрд тоглосон. Энэ дүрийг бүтээхэд маш их шантарч байсан. “Хар, цагаан хунгийн дүрийг бүтээж чадах болов уу, больдог ч юм бил үү” гэх бодол төрж байлаа. Балетчид өөрийн онцлогт тохирсон, янз бүрийн хун бүтээдэг. Хэн нэгнийг дуурайсан, яг ижил хун гарна гэж байхгүй. Хар, цагаан хунгийн дүрийг анх бүтээхдээ юуг илүү гаргах ёстой вэ гэдгээ бүрэн ухаараагүй байсан. Зөвхөн дүрийн цаана гарах нь чухал гэж боддог байж. Багшийн хэлсэн бүхнийг хийх гэж хичээдэг байсан. Тэгээд дүрийн судалгаа хийж, тухайн дүрийн онцлог эсрэг, тэсрэг байр суурийг гаргахыг хичээдэг болсон. 

-Балет 17 дугаар зуунаас эхлэн бие даасан урлаг болон хөгжсөн. Та Монголын балетын урлагийг ямар түвшинд байна гэж боддог вэ?

-Дэлхийд балетын урлаг илүү хөгжиж байна. Манай улсын балетын урлаг ч гэсэн хоцрохгүй өсөж байна гэж боддог. Үе үеийн ахмад уран бүтээлчдийнхээ ачаар өдий зэрэгтэй явж байгаадаа баяртай байна.

Үзэгчдэд балетын урлагийн гайхамшгийг үзүүлэх нь чухал болохоос миний сэтгэл зүй чухал биш

-Хүн өөрийн гаргасан амжилт, сайхан дурсамжаа багштайгаа холбож ярьдаг шүү дээ. Та багш нарынхаа  талаар дурсвал?

-Хөгжим бүжгийн сургуульд балетын урлагийг долоон жил зааж, сургасан багш бол МУУГЗ Д.Энхтуяа. Багшаараа үргэлж бахархдаг. Багш маань хүүхдэд хэрхэн үлгэр жишээ болж ажиллахаа мэддэг. Амьдралын бүх зүйлийг багшаасаа сурсан. Харин ДБЭТ-т ороход  МУГЖ Х.Гэрэлчимэг багш надад өөрийн эрдмээ зааж сургасан. ДБЭТ-ын олон жүжгийг зааж сургаж, намайг бэлтгэсэн. Хоёр багшдаа талархаад баршгүй юм даа.

-Урлагийн хүнд бэлтгэлээ сайн хийхээс гадна сэтгэл зүйн бэлтгэл хамгийн чухал байдаг. Та сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ?

-Урлагийн хүн тайзан дээр гарах сэтгэл зүйг сайтар бэлдэх ёстой. Бүх асуудлыг давж гарна гэдэг гоцлол бүжигчний чадвар. ДБЭТ-т долоо хоногоор ээлжилж тоглолт болдог. Тухайн үед дүрдээ орж, сэтгэл зүйгээ бэлддэг. Өөртөө маш их итгэхийг хичээдэг. “Чи чадна” гэх үгийг  өөртөө байнга хэлдэг.

-Сэтгэл зүй таагүй, хүнд, хэцүү үед тайзан дээр гарч байв уу. Хэрвээ тийм бол яаж бүжиглэдэг вэ?

-Сэтгэл зүй таагүй үед бүжиглэж байсан байх. Тэр бүхнийг тайзан дээр гарахдаа мартах ёстой. Яагаад гэвэл, бид үзэгчдийг хүндэлж байж л тайзан дээр гардаг. Өвдөж, зовсон үе олон гарч байсан. Тайзны ард уйлдаг мөртлөө тайзан дээр инээгээд л гардаг. Үзэгчдэд балетын урлагийн гайхамшгийг үзүүлэх нь чухал болохоос миний сэтгэл зүй чухал биш.

-Балетын урлаг хүнээс нэгэн зэрэг олон ур чадвар шаарддаг шүү дээ. Энэ бүхнийг алдаагүй гүйцэтгэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Балетын урлаг тайзан дээр бүжиглэж, жүжиглэх зэрэг олон чадварыг шаарддаг. Бүхнийг алдаагүй гүйцэтгэхийн тулд бэлтгэл чухал. Бэлтгэлийг балетчин хариуцлагатай, хангалттай хэмжээнд хийж байж тайзан дээр гарах хэрэгтэй.

-УДБЭТ-ын  балетын гоцлоочид 2016 онд “Номадик балет” продакшн байгуулсан гэсэн. Ямар зорилго,чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-ДБЭТ-ын уран бүтээлчид 2016 онд “Номадик балет” продакшн байгуулсан. Бүжгийн урлагийг модерн чиглэлээр  түлхүү хөгжүүлэх зорилготой. Залуу уран бүтээлчдэд үлгэр жишээ болж, мөн өөрсдийгөө илүү хөгжүүлэх санаатай. Модерн бүжигчид илүү задарч, сайжирдаг.

-Таны хамгийн том шагнал юу вэ?

-Үзэгчдийн алга ташилт, урмын үгийг би хамгийн том шагнал гэж боддог.

-Та балетын урлагийг хэрхэн тодорхойлж хэлэх вэ?

-Б.Жамъяндагва багш “Балетын урлаг бол тэнгэрлэг ухааны урлаг” гэж хэлсэн. Энэ үг миний сэтгэл зүрх, оюун бодолд шингэсэн. Балетын урлагийг тодорхойлох хамгийн оновчтой хувилбар гэж боддог. Тийм болохоор би ингэж л тодорхойлохыг хүсэж байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг вэ. Хөл хорионы үед өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Чөлөөт цагийг хүүхэдтэйгээ өнгөрүүлж байна. Ажилтай үед чөлөөт цаг бага гардаг. Хөл хорионы үед ДБЭТ-ынхан монгол бичиг сурч байгаа.

-Хөл хорио тогтоохоос өмнө ямар уран бүтээл дээр ажиллаж байв?

-Хөл хорионоос өмнө “Хунт нуурт” тоглохоор бэлдэж байлаа. Арванхоёрдугаар сараас хойших хуваарь гарчихсан байсан.

 

 


Балетчин Б.САРУУЛ: 32 насандаа хөдөлмөрөө үнэлүүлж, МУГЖ болсондоо баяртай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-02-07 04:31:07
    Ama: Odoo gavyatiig ni uguh bolsoon, Sar shineer uguusei bilee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188