• Өнөөдөр 2024-05-12

ХАРХУЛ ХААНЫ НУТГААР “ЗОЧИЛСОН НЬ”

2022-10-23,   1884

-ХААНЫ ГОЛЫН ХӨВӨӨНД ОРШИХ ГОЁМСОГ БАРИЛГА, ХААЛГА, ӨРГӨН ЧӨЛӨӨ, СҮМ ХИЙД, ХААДЫН ОРДОН БҮХИЙ ЭРТНИЙ ХОТЫН ТУУРИЙГ АРХЕОЛОГИЧИД СУДАЛЖ БАЙНА-

          Галт уулын тэсрэлтээс үүссэн хүрмэн хавцлаар Хануй гол мяралцан мэлтийж толионд нь намрын гүн өнгө тунарна. Хануй голд хэдийнэ намар болжээ. Өвсний толгой шаргалтаад л бүлээн салхинд найган ганхана. Өнгө алагласан цэцэгс хагдарч, салхинд ганц нэгээрээ унах аж. Монгол Улсын төвийн бүс буюу Хангай нуруу, Хануй голын сав нутгаар нүүдэлчдийн олон үеийн түүх, археологийн дурсгалт газрууд байдаг. Үүний нэг бол Хархул хааны балгас буюу эртний томоохон хотын туурь юм. Эл туурь нь  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хануй голын урд эргээс хоёр километр, сумын төвөөс зургаан километрийн зайд оршдог аж. Бид Археологийн хүрээлэнгийн судлаачид Хархул хааны балгасыг хэрхэн судалж байгааг сурвалжилсан юм.

        Малчид, нутгийн иргэдийн хувьд балгас, хиргисүүр тийм содон, сонин зүйл биш. Харин судлаачдын хувьд дахин давтагдашгүй үнэт ховор түүх, түүхийн нээлт болдог. Судлаачид өглөө эрт судалгааныхаа багаж, хэрэгслүүдээ базааж, үүрээд ажилдаа орлоо. Тэд өдөржин явган явж хэмжилт, малтлага, хайгуул хийдэг тул өглөөний цайгаа ууж, аппарат, багаж хэрэгсэл, бэлтгэлээ сайтар базаах ажээ. Ингээд бид Хануй голын ойролцоо Их нуур хэмээх үзэсгэлэнт нуур түүнийг тойрсон  булаг, шандаар хэсэг явлаа. Сүүлийн 20 орчим жилийн хуурайшилтын улмаас Их нуур бараг бүрэн ширгэсэн гэнэ. Харин 2010 онд УИХ-ийн гишүүн асан Д.Тэрбишдагва Хануйн голоос суваг татан сэргээж, шувууд цугласан үзэсгэлэнт нуурыг дахин амилуулжээ. Тэрбээр энэ нутагт төрсөн аж. Энэ орчимд хужир мараатай булаг, шанд, рашаан ус элбэг, өвс ургамал, бэлчээр сайтай хүн, мал идээших таатай нутаг учир айл, амьтан элбэг. Саяхныг хүртэл Шандны нуураас амны давс шүдлэн ургаж, нутгийнхны хэрэгцээг хангадаг байсан гэнэ лээ. Намрын тарга, тэвээргээ авч буй хонь, мал амгалан тайван гэгч нь налайна. Хүн, малын зоо тэнийсэн зуны сарууд дуусаж, найр наадам шингэрэн хадланд гарч, өвлийн бэлтгэлээ базаахаар яарсан залуус ачааны машинтайгаа сүнгэнэтэл давхилдана.

         Бид 12:00 цагийн үед  Хархул хааны балгас дээр ирлээ. 1891 онд Оросын эрдэмтэн Д.А.Клеменц энэхүү балгасыг дайран өнгөрч эрдэм шинжилгээний талаар бичиж, тэмдэглэж байжээ. Харин 1956 онд археологич Ц.Доржсүрэн эндээс холгүй орших Хүннүгийн хаадын булш бүхий “Гол мод” хэмээх газрыг Хүнүй голын саваас илрүүлж, улмаар Хархул хааны балгастай танилцан хотын хэлбэр, хэмжээг тодорхойлсон байдаг. 1980-оноос эхлэн археологич Н.Сэр-Оджав, Д.Баяр, Д.Цэвээндорж, Б.Энхбат нар хэд хэдэн малтлага судалгаа хийсэн байдаг. Тухайн үед нэрт археологич Н.Сэр-Оджав Хархул хааны балгасын талаар судалгаа хийж байхдаа “Хархул хааны балгас нь Хархорумыг бодвол харьцангуй бүтэн хадгалагдсан тул Их Монгол Улсын нийслэл Хархорумын судалгааг гаргахын тулд хамгийн ойр орших томоохон хот болох Хархул хааны балгасыг судлах ёстой” хэмээн үзсэн байдаг. Тэрээр Хархул хааны балгасыг гурваас доошгүй өөр өөр цаг үед бүтээгдсэн дурсгал хэмээн тодорхойлж, малтлагаар илэрсэн олон өнгийн дээврийн ваар, зээбадтай нүүр ваар, товойлгон дүрсэлсэн төрөл бүрийн тамга, тэмдэг бүхий тоосгонууд нь Хархорумын олдвортой ижил тул эдгээрийн нэг нь XIII зууны үеийн Хархорумын зарим барилга байгууламжтай нэг цаг үед холбогдоно хэмээн үзсэн байдаг.

-ХАРХУЛ ХААНЫ БАЛГАСЫГ СУДАЛЖ, ХАЙГУУЛ ХИЙХ ЯВЦАД БАРИЛГЫН МАТЕРИАЛ ҮЙЛДВЭРЛЭХ 40 ОРЧИМ ЗУУХ ИЛРҮҮЛЖЭЭ-

          2017-2019 онд Хархул хааны балгасын судалгааг Монгол-Германы хамтарсан судлаачид гүйцэтгэн Хануй голын савд явган хайгуул хийжээ. Ингэхдээ Хануй голын эргээс барилгын материал үйлдвэрлэх 40 орчим зуухыг шинээр илрүүлж, малтан судалсан байна. Малтлага судалгааны явцад харьцангуй бүтэн хадгалагдсан хөх тоосго шатааж байсан зуух илэрсэн бөгөөд зуухны бүтэц зохион байгуулалт, он цагийн хамаарал нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж, судалгааг цааш үргэлжлүүлэх сэдлийг төрүүлжээ. Барилгын материал үйлдвэрлэх зуух нь Хануй голын эрэгт усанд ойр орших бөгөөд энд орон нутгийн түүхий эд ашиглан барилгын материал үйлдвэрлэх, зуурах, хэвлэх, хатаах, шатаах бүх үе шатууд явагдаж байжээ.

-ОГТЛОЛЦСОН ОЛОН ӨРГӨН ЧӨЛӨӨ, ЦЭГЦТЭЙ БАРИГДСАН ГОЁМСОГ БАРИЛГУУД, ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОЛГОГДСОН ЭЗЭМШИЛ ГАЗРУУД НЬ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ ӨНДӨР ТӨВШИНД БАЙСНЫГ ИЛЭРХИЙЛНЭ-

         Энэ онд ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн экспедиц Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр Хархул хааны балгасыг 25 орчим хүний бүрэлдэхүүнтэй судалсан байна. Судалгааны баг хотын гол огтлолцсон өргөн чөлөөг тогтоож, түүний орчимд малтлага судалгаа гүйцэтгэсэн аж. Малтлагын үр дүн судалгааны шатанд явж байгаа бөгөөд археологичид хээрийн ажлын тайлангаа боловсруулж байгаа. Урьдчилсан байдлаар хот нь 18 метрийн өргөн гудамжтай, гудамж дагаад худалдааны төвүүд бололтой олон тооны гоёмсог барилгын туурь байсныг илрүүлсэн байна. Мөн өргөн чөлөөний уулзварын дөрвөн талд цэгцтэй баригдсан хэрэм хашаа, эзэмшил газрууд, олон тооны барилга байгууламжийн туурь байгаа нь инженерийн нарийн төлөвлөлтийн дагуу баригдсан, олон хүн амтай томоохон хот байсныг илэрхийлэх ажээ. Одоогоор хотын бүсэд 8-10 огтлолцсон өргөн чөлөө, түүнийг дагасан олон тооны барилга байгууламж, сүм хийд, хаад ноёдын ордон, эзэмшил газрууд мэдэгдэхээс гадна тодорхой үйл ажиллагаа явуулж байсан дүүргүүдэд ч хуваагдах боломжтой юм. Тухайлбал хотын зүүн өмнөд хэсгээс төмрийн баас, төмөр бэлдэц түүвэр байдлаар илэрч байгаа нь гар урчуудын дүүрэг байсныг илэрхийлэх аж. Малтлага судалгааны үр дүнд барилга байгууламж, хотын ерөнхий бүтцийг сэргээх боломжтой бөгөөд энэ нь олон жилийн нөр их судалгааг шаарддаг байна. Судалгаа цаашид үргэлжлэх бөгөөд олон жилийн уйгагүй судалгааны үр дүнд түүхийн балархай хуудсыг унших шинэ шинэ үр дүнгүүд гарна гэдэгт археологичид бүрэн илтгэлтэй байна.

-АТАР ГАЗАР ЭЗЭМШИХ ҮЙЛ ЯВЦАД ХОТЫН ИХЭНХ ХЭСЭГ ӨРТЖЭЭ-

        Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1958 онд Мал аж ахуйн машинт станц байгуулагдсан түүхтэй. Ингээд тус суманд атар газрыг хагалж, тариа, ногоо тарьж эхэлсэн бөгөөд эртний хотын ихэнх талбай нь тариалангийн бүсэд орсон байдаг. Мөн Эрдэнэмандал сумыг байгуулахад эртний хотын тууриас чулуу зөөж барилгад ашиглаж байсан тухай нутгийнхан ярьдаг. Энэ талаар тус сумын ахмад тракторч Х.Баасанжав гуай нэгэнтээ “Биднийг балгасны орчим атар газар хагалж байхад тракторын хутгаар том ваарны хагархай, төмрийн хэлтэрхий их гарч ирдэг, томоохныг нь балгас руу дөхүүлээд орхидог байсан. Мөн усжуулах суваг тухайн үед Хануйн голоос татсан одоо бодоход Хархул хааны балгасын хотын дундуур явж байжээ”  хэмээсэн байдаг. Судлаачид атар газар хагалах талбай хотын төв гудамжийг хүртэл хамарсан бөгөөд газрын хөрсөн дээр хадгалагдан үлдсэн олон чулуун байгууламж зөөгдсөн байх боломжтойг онцолсон юм. Эрдэнэмандал сумын анхны дунд сургуулийн үүдэнд хоёр чулуун баганын суурь орших ажээ.

-ХАРХУЛ ХААНЫ БАЛГАС ХЭМЭЭХ ЭРТНИЙ ХОТЫГ ОЛОН ЖИЛ УЙГАГҮЙ СУДЛАХ ШААРДЛАГАТАЙ-

        Хотыг судлаачид Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын дараа орох хамгийн ойр, томоохон хот хэмээн үзэж байгаа. Харин тус хотын талаар цаашид ямар судалгаа хийх талаар ШУА-ын Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Н.Эрдэнэ-Очироос тодрууллаа.

-Хархул хааны балгасыг судалж байхдаа дөрвөн замын уулзвар, барилгын материал үйлдвэрлэх зуух, гоёмсог тууриуд илрүүлжээ. Харин дараагийн судалгаагаа юунаас эхлэх вэ?

       -Хархул хааны балгас хэмээх эртний хот хэзээнээс хэдий хүртэл байсан болохыг тогтоох нь нэн тэргүүний асуудал. Бид дараагийн судалгаагаар дөрвөн замын уулзварын бүсийн малтлагаа үргэлжлүүлэхээс гадна хотын хойд хэсэгт орших томоохон ордны цогцолбор, шороон хэрэмтэй хааны ордны орчимд малтлага судалгаа хийж, бүтэц зохион байгуулалт, нэг цаг үед холбогдож байгаа эсэхийг тодруулах юм.

-Хархул хааны балгас нь хэддүгээр зууны хот байх магадлалтай вэ?

       -Урьдчилсан байдлаар Юань гүрний үед холбогдох боломжтой байна. Гэхдээ нягталж тодруулах олон асуудал бий. Олон талын судалгааны үр дүнд баттай үндэслэл гарах ёстой. Археологийн малтлага бол гол судалгаа, мөн үүний зэрэгцээ байгалийн шинжлэх ухааны олон арга зүйг хамруулах бодолтой байна. Сурвалж судалгаа нэн тэргүүнд тавигдаж байна. Энэ хотын нэр, байршил, байгуулсан тухай мэдээ одоогоор олдоогүй байна. Заавал байх ёстой ийм том хот байгуулах шийдвэрийг хуралдайгаар заавал оруулж төсөв батлах, олон орны урчуудыг төвлөрүүлэх тэдгээртэй холбоотой санхүү, аж ахуйн асуудлыг цогц байдлаар шийдэх шаардлага зүй ёсоор урган гарна. Мөн энэ үед Хархорум нийслэлийг байгуулсан томоохон туршлага байсан. Улс төрийн амаргүй үе, хааны ширээний төлөөх тэмцэлтэй давхцаж болно гэх мэт тодруулах олон асуулт байна. Олон жил явагдах сонирхол татсан судалгаа дөнгөж эхэлж байна.    

       Хануй голын савд Хархул хааны балгасаас гадна Хүннүгийн хаадын булш Гол мод-II, хүрлийн үеийн буган хөшөөт нүсэр цогцолбор Жаргалантын ам, Урт булгийн хиргисүүр, Уйгурын хаадын их ан авын талаарх мэдээлэл бичээс дурсгалт Бичигт хангай, Түрэгийн хаадын суварга, тахилын онгон Шивээт Улаан гэх мэт дэлхийд данстай олон томоохон археологийн дурсгалууд байдаг. Эдгээрийг цогц байдлаар Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, аялал жуулчлалтай зүй зохистой уялдуулах ажлууд мөн хүлээгдэж байна. Хангай нуруу, Хануй, Хүнүй, Тамир, Орхон голын сав нутаг нүүдэлчдийн олон үеийн түүхийг хадгалсан онцгой өвөрмөц нутаг тул дотоод, гадаадын жуулчид, аялагчдын сонирхлыг ихээр татдаг.

        Хангай нуруунд нүүдэлчдийн олон төрт улсын төвүүд байсан. Тухайлбал, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны гэрэлт хөшөөнд “Этүгэнийг эзэлж чадвал дэлхийг хураана” гэж бичсэн байдаг. “Этүгэн” гэдэг нь Түрэгийн ойлголтоор Хангай нуруу гэсэн үг. Үүнийг археологийн дурсгалууд нотолдог. Тухайлбал, хүрлийн үеийн буган хөшөө, хаадын хиргисүүр, Хүннү, Уйгур, Түрэг, Их Монгол Улсын улс төрийн голомт Хангай нуруу түүнээс эх авсан томоохон голуудын савд байсныг түүх, археологийн судалгаа нотлон харуулдаг.

-ХАНУЙ ГОЛЫН ХӨНДИЙД ХАРХУЛ ХААН НУТАГЛАДАГ БАЙВ УУ-

     Монголын түүхэнд хоёр Хархул байжээ. Нэг нь Ойрдын Хархул хаан нутгийнхан үүнтэй холбож домоглодог. Ойрдын Хархул хааны үйл ажиллагаа Дундад Азиар явагдсан байдаг. Харин нөгөөх нь Батмөнх даян хааны удам алтан ургийн Минхай Хархул ноён гэж байжээ. Батмөнх Даян хаан, түүний отгон хүү Урианхайн Жимсгэнэ хатнаас төрсөн Гэрсэнз Жалайр Хунтайж 1513-1549 оны үед  зургаан түмний халх түмэнг захирч байв. Түүний эхнэр Хатангуа долоон хүүдээ долоон омгийг захируулж долоон хошуу үүсжээ. Баруун гарыг ахмад хүү Ашихай Дархан Хунтайж, зүүн гарыг гурав дахь хүү Онохуй Үйзэн ноён захирч байж. Ашихайн хоёр дахь хүү Түмэндара дайчин Хотугур. Түүний нэг дэх хүү Шолой Убаш хунтайж, гурав дахь хүү нь Минхай Хархул юм. Минхай Хархулын ахмад хүүг Аннахай засагт Хархул, отгон хүүг Шарав Илдэч Хархул хэмээнэ гэж түүхэн сурвалжид дурдсан байдаг. Гэрсэнзийн долоон хөвгүүдийн эзэмшилд хуваагдсанаар анх үүссэн Халхын арын долоон отгуудын байршил тархац нь XVII зууны эхэн үед ямар байдалтайгаар оршиж байсныг харуулах сонирхолтой мэдээ бий.

      Хархул хааны балгас хэмээх нэршил нь Чингис хааны алтан ургийн залгамж Минхай Хархул ноёны амьдрал үйл ажиллагаатай холбогдох боломжтой бөгөөд түүний идэр залуу нас, Оросын хааны элч явж өнгөрсөн цаг үе давхцаж буй нь давхар нотолгоо болж байгаа гэнэ.  Мэдээж цаашид нарийвчлан судлах шаардлага зүй ёсоор тавигдаж буй хэдий ч урьдчилсан байдлаар Хархул хааны балгас нь XIII-XV зууны монголчуудын томоохон бүтээн байгуулалт бөгөөд сүрлэг сайхан орд өргөөтэй, олон хүн амтай, цэцэглэн хөгжсөн хот суурин байгаад сүүлчийн эзэн ноёныхоо нэрийг хадгалан, түүхийн гэрч болон үлдсэн байх боломжтой нандин өв дурсгал юм. Энэ мэтээр судлаачидтай хамт өвөг, дээдсийнхээ нутаглаж асан магад тууриудаар яваад л байвал яваад л байхаар ажээ. Бид уг тууриас нэмж юу олдсон, тэр нь хэдий цаг үетэй холбогдон эх сурвалжаар батлагдсаныг цаг тухай бүрд сурвалжлан хүргэх болно.


ХАРХУЛ ХААНЫ НУТГААР “ЗОЧИЛСОН НЬ”
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-13 07:45:33
    Г.Цэрэнбумуу: Сайхан судалгаа хийж байна ажлын өндөр амжилт хүсэе үнэхээр бишрэм сайхан түүхтэй юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-12 19:56:18
    М.Батмөнх: Судалгаа сайн хийж, учир холбогдол, үүх түүхийг тогтооно гэдэгт найдаж байна. Амжилт.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188