• Өнөөдөр 2024-03-28

ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Гэмтлийн эмнэлгийн босгыг элэгдтэл үйлчлүүлэх өвчтөний цуваа тасарсангүй

2022-03-17,   1730

     “Яаралтай тусламж” гэсэн тод улаан хаяг харанхуйд тод харагдаж, хаалганых нь урд хоёр ч түргэний машин эгнэн зогсох энэ газар  бол  Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн төвийн Хүлээн авах хэсэг. Түргэний машинаар ирсэн өвчтөний ар гэр бүртгэл хийлгэхээр үүдэнд байрлах цонхон дээр хэсэг саатлаа. Хаалгаар орж  ирэхэд зөвхөн эмнэлгээс л үнэртдэг гэмээр ариутгал, спиртийн содон үнэр ханхална. Хамгаалагч бололтой дунд эргэм насны эрэгтэй, эмчтэй хамтран өвчтөийг нэг орноос нөгөө орны хооронд “Нэг, хоёрын, гурваа” гэсээр хамжин зөөнө.

          Түргэний машинаар ирээгүй иргэд бүртгэл хийлгээд хаалганы хажууд байх эмчид үзүүлж, дараагийн зөвлөгөөг авна. Үүдний хэсэгт байрлах рентген болон үзлэгийн өрөөний үүдэнд тавьсан сандлууд бүгд эзэдтэй ажээ. Өвчтөн, асран хамгаалагчид холилдон сууна. Үзлэгийн өрөөнд орсон нэгэндээ санаа зовсон ар гэрийнхэн нь гартаа барьсан өвчтөний гадуур хувцсыг нь тэвэрсээр онгорхой хаалга руу ойр ойрхон шагайна. Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн ихэнх өвчтөн рентген зураг даруулна. Яаралтай тусламжийн хүлээн авах дээр байдаг рентген зураг авах өрөөний үүд бол хамгийн их хүн дугаарладаг хэсгүүдийн нэг ажээ.

"АМИЛАХУЙ" ӨРӨӨНИЙ СУВИЛАГЧ

           Түргэний машины чанга чимээ хангинаж, үүдэнд байрлах яаралтай өвчтөн орж ирэх хаалга онгойж, өмссөн хувцас нь цусанд нэвчсэн эр түрдэг орон дээр ухаангүй түрүүлсээр орж ирлээ. Араас нь эмчтэй хамт хөгшин настай эмэгтэй, залуухан хөвгүүнтэй орж ирсэн нь саяхан орж ирсэн өвчтөний  ээж болон дүү нь байсан юм. Амилахуй хэмээн нэрлэгдсэн өрөөнд яаралтайгаар ирсэн өвчтөнүүд эмчилгээ хийлгэнэ. Энэ газарт тайван зогсох нэг ч хүн алга. Эмч, сувилагч, асрагч нар нь хэдэн тийш гүйж, ар гэрийнхэн нь өөрсдийг нь дуудахыг сандралдан хүлээнэ. Энд олон жил ажилласан гэмээр сувилагч бүсгүй үе үехэн “Амилахуй” өрөөнөөс толгойгоо цухуйлган өвчтөний ар гэрийнхнээс дуудаж, хэрэгтэй зүйлсийг нь хурдан бөгөөд товчоор бүгдэд ойлгомжтой хэлэх нь ажилдаа гаршсаны шинж ажээ. Саяхан яаралтайгаар ирсэн өвчтөний ар гэрийг сувилагч бүсгүй дуудахад нас дээр гарсан ээж гүйхээрээ сувилагч дээр очлоо. Сувилагч бүсгүй “Хүү чинь яаралтай хагалгаанд орохоор болсон. Дэвсдэг, өмсдөг памперс” гэсээр дараалуулсан хэрэгтэй зүйлсийг хэлээд эмийн сан дэлгүүр зэргийн хаягийг шалавхан зааж өглөө.

     Залуус хоорондоо муудаж, нэгнийхээ хөмсгөө сэтэртэл цохижээ. Саарал бие тамирын хувцас өмссөн залуу хөмсгөндөө оёдол тавиулаад рентген зураг даруулахаар хүлээх зуураа найзууддаа “Зүгээр сууж байхад арай ч цохино гэж бодсонгүй” хэмээхэд залуугийн гадуур хувцсыг барьж суусан залуу “Харин ч ард чинь ямар азаар сараалжин төмөр байсан юм. Цементэн хана байсан бол толгойгоо хагалах байлаа” гэсээр халаглан толгой сэгсэрнэ. Энд бяцхан үйлчлүүлэгчид ч цөөнгүй байлаа. Гартаа гипстэй охины уйлах дуу цуурайтаж чихтэй болгон дуу гарсан зүг рүү харна. Хөлөө хугалсан хүү ээждээ үүрүүлэн нааш цааш холхино. Уйлсан хүү, охиноо аргадсан эцэг, эхчүүд нүдэндээ нулимстай хүүхдийнхээ урдаас хошуу дэвсэцгээнэ.

СОГТУУ ӨВЧТӨН, МЭРГЭЖЛИЙН ЭМЧ

           Энд хааяахан эмнэлгийн үнэрийг дарж, архины үнэр үнэртэнэ. Архи уусны балгаар гэмтсэн нэгнээ эмнэлгийн орон дээр хэвтүүлэн түрэх хоёр эр өөрсдөө хөл дээрээ тогтож ядан орж ирлээ. Согтуу эр эмчид үзүүлэхгүй гэж коридороор орилно, эмч нар түүнтэй хэрүүл хийсэнгүй эсвэл орхиж явсангүй. Сувилагчаар гарыг нь бариулан эмчилгээгээ хийх нь тэдэнд энэ үйл явц үргэлж тохиолддог болов уу хэмээн ажиглагдана. Өсвөр насны хүүгээ үзүүлэхээр ирсэн эцэг эх хоёр согтуу иржээ. Нүд нь сүүмийсэн ээж хүүгийнхээ араас алхаж, эмч нартай хурдан орж уулзахыг шавдуулна. Эмчид үзүүлэхээр хүлээх хоорондоо агсамнаж эхэллээ. Хүн хүн рүү шүлсээ үсчүүлэх ээж рүү эргэн тойронд нь зогсох хүмүүс харцгаана. Хэсэг чимээгүй харж суусан хүмүүс дундаас нэг эгч “Үр хүүхэдтэйгээ эмнэлгийн, олон хүнтэй газар ирсэн байж агсам тавиад өөрийгөө боддоггүй юм аа гэхэд дагуулж яваа хүүгээ бодооч. Ичиж байгаа хөөрхий” хэмээн үг хаяхад согтуугийн ухаанаар улам агсамналаа. Үзлэгийн өрөөнөөс гарч ирсэн эмч согтуу ээжид чимээгүй байхыг сануулаад, эмчилгээгээ үргэлжлүүллээ. Гэхдээ ээж чимээгүй болсонгүй улам  авирлаж эхэлсэн тул хүү холдон суулаа.

            Эмчид үзүүлэхээр орсон нэгнээ хүлээх зуур хүмүүс нэгэнтэйгээ танилцаж, эхлээд хаана үзүүлсэн, аль өрөө рүү орж гипс хийлгэх вэ гэх мэтчилэн нэгэндээ мэдсэнээ тайлбарлаж цагийг нь хэмнэнэ. Ирсэн өвчтөнөөс эмчийн асуух хамгийн эхний асуулт өвчтөний нэр байлаа.

            Рентгений цагаан төхөөрөмжийг өрөөнөөс өрөөний хооронд зөөнө. Учир нь, яаралтайгаар ирсэн өвчтөн ийш тийшээ яваад байх боломжгүй учраас рентгений өрөөнөөс” Амилахуй” өрөө рүү зөөж үзэх юм. Заримдаа цагдаа нар энд харагдана. Учир нь, гэмтлийн эмнэлэгт машинд мөргүүлсэн, зодуулсан хүмүүс олон ирдэг тул тэдний хэрэг дээр ажиллаж байгаа цагдаа нар ар гэр болон эмчтэй уулзаж, байдлыг тодруулдаг аж. 

         Шөнийн 01:00 цаг болж байгаа хэдий ч яаралтай тусламжийн тасаг амрах болоогүй. Улам олширсон хүмүүстээ хүрч үйлчлэх гэсэн эмч нар өвчтөн болгонтой ярилцана. Эхний ээлжийн эмчилгээ авсан иргэд эмчийн бичиг барьсаар онгорхой эмийн сан хайхаар гарцгаана. Яаралтай хагалгаанд орсон хүүгээ хүлээх хөгшин ээж, дүү хоёр хажууханд сууж утсаараа ийш тийш залгана. Хэсэг чимээгүй суусан хоёрын дунд чимээгүйхэн болж өнгөрсөн яриа нь “Хагалгааны төлбөр хэр өндөр гарах бол” гэсэн яриа байлаа. Тэр хоёрын дунд дахин чимээгүй байдал үүсэхэд эмч түүний ээжийг дуудаж хагалгааны эрсдэлийг сануулаад, “Бид таны хүүг аврахын тулд бүхнээ хийх болно” гээд цааш явлаа. 

 Хэдий шөнө дунд болсон ч Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай хүлээн авах тасгийн босгыг элэгдтэл ирэх өвчтөний цуваа тасралтгүй үргэлжилж байлаа.

О.Эрдэнэтунгалаг
 


ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Гэмтлийн эмнэлгийн босгыг элэгдтэл үйлчлүүлэх өвчтөний цуваа тасарсангүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-03-17 11:47:58
    Зочин: Эруул мэндийн салбарыг эрс шинэчлэх хэрэгтэй бна шуудээ. Хэдэн монголчууд найдвартай уйлчилгээ авч чадахгуй, олсон хэдийгээ гадагш л урсгаж бн!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188